info@judiscom.mn 976 - 51 - 263314 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-20

Дугаар 153

Улаанбаатар хот

2022           04              20                                         153

 

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.Ч нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Иргэн Б.Ч ийн ... шүүхийн шүүгч Г.А д холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу түүнд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн Х.Хашбаатар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч Б.Ч  нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Б д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах” тухай нэхэмжлэлийг ... шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсныг шүүх хүлээн авч, ...шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өргөдөлд дурдсан үйл баримтыг дараах 5 гомдлын хүрээнд дүгнэвэл:

Нэг. “Би нэхэмжлэлээ өвөл өгсөн, хурал нэлээн хойшлоод намар 9 дүгээр сарын үед хурал болоход н.Билгүүн гэдэг хүн өөрөө гараар бичсэн (нотариатаар баталгаажуулсан) тайлбарыг би шүүх хуралдаан дээр шүүгч Г.А д өгсөн. Миний материалыг шүүгч хүлээн аваад хэрэгт хавсаргасан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх ёстой” гэх тухайд:

...шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, ...шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, ...шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн Б.Ч ын хүсэлт, хавсаргасан баримтын жагсаалт, ...шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...  дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, ...шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, ...шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, ...шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийхэд Б.Ч  нь н.Б гэх хүний гараар бичиж нотариатаар баталгаажуулсан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн талаар тэмдэглэгдээгүй, мөн Б.Ч  нь н.Б гэх хүнийг гэрчээр асуулгах болон хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл н.Б гэх хүний тайлбарыг шүүх хуралдаан болон нотлох баримтын шаардлага хангуулж, шүүгч, шүүхийн туслахад өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг нотлох баримт алга болгосон, хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр: “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн н.Х эмчийн “манай хүүхдүүдийг бөөстсөн байна” гэсэн магадалгаа, нэг нь манай хүүхэд Ч.А ын нүд өвдсөн талаар магадалгаа, мөн өөр нэг магадалгаа, түүнийг нь санахгүй байна нийтдээ 3 магадалгаа алга болсон” гэх тухайд:

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн Х эмчийн “манай хүүхдүүдийг бөөстсөн байна” гэсэн магадалгаа, нэг нь манай хүүхэд Ч.А ын нүд өвдсөн талаар магадалгаа, мөн өөр нэг магадалгаа алга болсон гэх асуудлын хүрээнд хэргийн материалаас үзэхэд 2 дугаар хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас, Ч.А ийн эрүүл мэндийн дэвтэр байна, дэвтэрт хүү Ч.А ийн “толгой бөөстсөн” гэж тэмдэглэсэн н.Х эмчийн тэмдэглэл байна. 

Мөн 2 дугаар хавтаст хэргийн 96-98 дугаар хуудаст Ч.А ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт байх бөгөөд 97 дугаар хуудсанд н.Х  эмчийн Ч.А  “толгой бөөстсөн” гэсэн үзлэгийн тэмдэглэл, харин Ч.А ын нүд өвдсөн биш охин Ч.Х ийн “нүд өвдсөн” талаар Х  Эмчийн тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд тэмдэглэгдсэнээс гадна хэрэгт Б.Ч  хүү А г 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр асарсан гэх эмнэлгийн магадалгаа, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт Ч.Х  болон Ч.А  нар хэвтэн эмчлүүлж байгаа гэх тодорхойлолт, хүү Ч.А гийн биеийн байдлын талаар өрхийн эмнэлгийн эмч Б.Х ы тодорхойлсон тодорхойлолт, хүү Ч.А аг Б.Ч  асарсан гэх эмнэлгийн магадалгаа, Б.Ч  нь өөрийн охиныг эмчилгээнд хамруулсан талаарх Арьсны эмч н.А ийн тодорхойлсон тодорхойлолт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадалгаа –Б.Ч ын, 05 дугаар сарын 24, Ч.А  гэсэн бүртгэлтэй эмнэлгийн жор, Ч.А ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд хэрэгт авагдсанаас үзэхэд магадалгаа алга болсон гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Гурав: “Манай ээжийг гэрчээр дуудах хүсэлтийг би удаа дараа өгөхөд миний хүсэлтийг татгалзсан хариу өгдөг, манай өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авдаггүй, намайг хэрэгтэй танилцуулдаггүй” гэх тухайд:

Нэхэмжлэгч Б.Ч  нэхэмжлэлтэй Э.Б д холбогдох иргэний хэрэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийг холбогдох шүүгч нь хүлээн авч, тухайн бүрд нь шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч Б.Ч ын нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ...шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2019/00063 дугаар захирамжаар хангаж хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч талууд шүүх хуралдаанд биечлэн оролцохын зэрэгцээ өмгөөлөгчтэй оролцож хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн. Харин холбогдох шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасны дагуу шүүх хуралдааныг даргалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангаж байсан нь тогтоогдож байна.

Мөн гэрчээр ээж н.Ж ыг дуудах, хуралдаанд оролцуулах хүсэлтийг Б.Ч  болон түүний өмгөөлөгчөөс 2 удаа гаргасныг хаяг, гэрчээр оролцуулах хүсэлт тодорхойгүй, өөрөөр хэлбэл гэрчээр юу гэрчлүүлэх нь тодорхой бус мөн хаяг, холбогдох утасны дугаар байхгүй гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаардаг болно.

Түүнчлэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн оролцогчдод 1 хавтас 248 хуудас бүхий хэргийг танилцуулсан баримт, тус баримтад нэхэмжлэгч Б.Ч  нь гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд “намайг хэрэгтэй танилцуулдаггүй” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Дөрөв. “А шүүгч 8 настай Х гийн хэнтэйгээ амьдрах тухай яриаг өөрчилсөн, шүүхийн танхимд биш ямар ч камергүй, бичлэггүй өөрийнхөө өрөөнд чихэр өгөөд яриаг нь өөрчилсөн” гэх тухайд,

Нэхэмжлэгч Б.Ч ын өмгөөлөгч Х.Д  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 8 настай Ч.Х  болон 6 настай Ч.А  нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар шүүх насанд хүрээгүй гэрч Ч.Х гээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг авчээ.

Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 109 дүгээр зүйлийн 109.4-т заасны дагуу гэрчээс мэдүүлгийг хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан урьдчилан авсан байх бөгөөд гэрчээс мэдүүлэг авахдаа шүүхийн танхимд болон камер, бичлэг хийх талаар хуульд тусгайлан заагаагүй байна.

Тав: Шүүгч Г.А нь надад маш ширүүн ханддаг, загнаж, хашхирч сануулга өгч дараагийн удаа шийтгэх гэж байсан гэх тухайд,

... шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан ирүүлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн бичлэгийн HDD диск гэмтэлтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааны бичлэгийг ирүүлээгүй.

Нотлох баримтаар ирүүлсэн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд шүүгч Г.А нь нэхэмжлэгч Б.Ч тай ширүүн хандаж, загнаж, зандарч ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн Б.Ч аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө хавсаргаж ирүүлсэн нотлох баримт болох дискэд үзлэг хийхэд охин Ч.Х гийн гар утсаараа бичсэн бичлэгүүд байх бөгөөд бичлэг нь нэг талын хүсэл сонирхлоо илэрхийлсэн нөхцөлд хийгдсэн, нөгөө талаар тус Сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж дискэнд бичигдсэн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар захирамжаар ...шүүхийн шүүгч Г.А д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Г.А 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тайлбартаа: “Б.Ч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад, шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... дугаартай захирамжаар "Нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн.

Шүүгч би гомдолд бичсэн үйлдлийг гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нар биечлэн оролцохын зэрэгцээ, талууд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байсан болно.

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ч  нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Э.Б  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай холбогдуулан сөрөг нэхэмжлэлээ татан авч, зохигчид өмгөөлөгч нараасаа татгалзаж, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлснийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан. Иймээс шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын зөрчлийг гаргаагүй болно гэжээ.

Шүүгч Г.А 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Б.Ч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад, шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Ч  үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Э.Б  сөрөг нэхэмжлэлээ татан авч, зохигчид өмгөөлөгч нараасаа татгалзаж, хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх авч дээрх хүсэлтүүдийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд биечлэн болон өмгөөлөгч нартайгаа хамт оролцсон бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх боломжоор бүрэн хангаж оролцуулсан. Тодруулбал, зохигчдоос шүүхэд гаргасан хүсэлтийг шүүгч тухай бүрд нь шийдвэрлэж, хэргийн материалтай танилцуулан гарын үсэг зуруулж, хэрэгт нотлох баримтаар өгсөн баримтуудыг хавсаргаж үдэн, дугаарласан бөгөөд хэрэгт өгсөн нотлох баримт алга болсон талаар хэргийн оролцогчид, өмгөөлөгч нар ямар нэгэн гомдол, хүсэлтийг гаргаж байгаагүй болно.

Мөн хуульд заасны дагуу 8 настай Ч.Х гээс эх, эцгийнхээ хэнтэй нь хамт амьдрах саналыг авахдаа хөндлөнгийн гэрч, өмгөөлөгч, тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах нарыг байлцуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хийсэн үйлдэл байхгүй. Иймд шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийг шийдвэрлэсэн учраас сахилгын зөрчлийг гаргаагүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

...шүүхийн шүүгч Г.А нь Б.Ч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, эх байх эрхийг хасуулах үндсэн нэхэмжлэлтэй, Э.Б ын Б.Ч т холбогдох хүүхдүүдээ асрамждаа авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон Б.Ч  нь Шүүхийн сахилгын хороонд “...шүүхэд өгсөн нотлох баримтуудыг алга болгосон, ээжийг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй, намайг хэрэгтэй танилцуулдагггүй, 8 настай Ч.Х гийн яриаг өөрчилсөн, шүүгч надад маш ширүүн ханддаг, зандарч, хашхирч байсан” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан байна.

1. “Шүүх хуралдаанд н.Б гэдэг хүний гараар бичсэн, нотариатаар баталгаажуулсан тайлбарыг өгч, шүүгч хүлээн аваад хэрэгт хавсаргасан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх ёстой” гэх тухайд:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний тухайн иргэний хэрэгт хийсэн үзлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээр н.Билгүүн гэх хүний гараар бичиж, нотариатаар гэрчлүүлсэн тайлбар, түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гэсэн ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Б.Ч  нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу тухайн үед иргэний хэргийн материалтай болон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцан, засвар оруулах тухай хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан бөгөөд энэ талаар шүүгчид хандаагүй байна.

2. “Эмнэлгийн магадалгаа алга болсон” гэх тухайд:

Гишүүн хавтаст хэрэгт үзлэг хийхэд 2 дугаар хавтаст хэргийн 96-98 дугаар хуудсанд Ч.А ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 97 дугаар хуудсанд н.Х  эмчийн Ч.А  “толгой бөөстсөн” гэх тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд Ч.Х гийн “нүд өвдсөн” талаар тэмдэглэл, Б.Ч  нь Ч.А г асарсан гэх эмнэлгийн магадалгаа, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт Ч.Х  болон Ч.А  нар хэвтэн эмчлүүлж байгаа гэх тодорхойлолт, хүү Ч.А гийн биеийн байдлын талаар өрхийн эмнэлгийн эмч Б.Х ы тодорхойлолт, Б.Ч  нь өөрийн охиныг эмчилгээнд хамруулсан талаарх арьсны эмч н.Аззаяагийн тодорхойлолт, Ч.А  гэсэн бүртгэлтэй эмнэлгийн жор, Ч.А ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд хэрэгт авагдсан байжээ. Дээрхээс үзвэл эмнэлгийн магадалгаа алга болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. “Манай ээжийг гэрчээр дуудах хүсэлтийг удаа дараа гаргахад, татгалзсан хариу өгдөг, манай өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авдаггүй, намайг хэрэгтэй танилцуулдаггүй” гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй” гэж заажээ.

Тухайн иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтээс гадна гэрчээр өргөдөл гаргарч Б.Ч ын ээж И.Жавзанхандыг асуулгах тухай хүсэлт гаргахад “гэрчээр юу гэрчлүүлэх нь тодорхой бус, хаяг, холбогдох утасны дугаар байхгүй” гэх үндэслэлээр шүүгчийн мөн өдрийн ... дугаар захирамжаар уг хүсэлтийг татгалзан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Д гийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрчээр И.Ж нарыг асуулгах тухай хүсэлтийг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжаар “хүсэлт тодорхойгүй, гэрч нарын оршин суугаа хаяг, овог нэр хуульд заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н гаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр И.Ж ыг асуулгах хүсэлт дахин гаргаж, И.Ж ын тайлбарыг хавсарган өгчээ. Шүүгчийн мөн өдрийн ... дугаар захирамжаар “И.Ж ыг асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хүсэлт хангахаас татгалзсан байна.

Б.Ч  нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцаж, шүүхийн баримтад гарын үсэг зурсан байх ба шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шийдвэрлэж байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэх хуульд заасан эрхийг нь Б.Ч т шүүх эдлүүлсэн байна.

4. “Хүүхдийн санал асуусан тухай тэмдэглэлийг өөрчилсөн буюу шүүхийн танхимд биш, камергүй, бичлэггүй, өөрийнхөө өрөөнд чихэр өгөөд 8 настай Ч.Х гийн яриаг өөрчилсөн” гэх тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 настай Ч.Х гээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналыг нь асуужээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2-т “хүүхдээс саналыг авахад өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, иргэдийн төлөөлөгчдийн аль нэгийг байлцуулах нь зүйтэй” гэжээ.

Шүүх Ч.Х гээс санал асуухад хэргийн оролцогчдын бус, хөндлөнгийн өмгөөлөгч С.Энхбат байлцсан байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд шүүгч Г.А г Ч.Х гийн яриа болон санал асуусан тэмдэглэлийг өөрчилсөн гэх үйл баримт сахилгын хэргийн шалгах ажилллагааны явцад тогтоогдоогүй гэж үзсэн болно.

5. “Шүүгч Г.А нь надад маш ширүүн ханддаг, загнаж, хашхирч сануулга өгч дараагийн удаа шийтгэх гэж байсан” гэх тухайд:

Гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримт бүрдүүлэхэд ... шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан ирүүлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн бичлэгийн HDD диск гэмтэлтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааны бичлэгийг ирүүлээгүй байна.

Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт гишүүн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн байх ба тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд шүүгч Г.А нь нэхэмжлэгч Б.Ч т ширүүн хандсан, хашхирч, зандарсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Г.А д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч Г.А д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

    

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                            Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                О.НОМУУЛИН