info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-27

Дугаар 168

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, холбогдох шүүгч ... шүүхийн шүүгч Э.Э нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Э.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

            “... 1. Шүүгч хуульчийн чадварын талаар тодорхойлсон гэх тухайд:

            Өргөдөл гаргагч, хуульч М.Ж нь тус иргэний хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Э.Э нь :

  • ... та хуульч уу?
  • Та хуульч шиг ажиллахгүй байна
  • Та хуульч шиг бай
  • Таныг хуульчийн үйл ажиллагаагаа хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзэж байна
  • Хуралдаа бэлдэж ирсэн байдал чинь хангалтгүй байна.
  • Ийм байдлаар хүнийг төлөөлөх ёсгүй гэх зэрэг үгс хэлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д “шүүгч ... хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан эсэх талаар шалгах ажиллагааны хүрээнд гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 775 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар ... анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тухайн шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 246 дугаар албан бичгээр авлаа.

            Уг шүүх хуралдааны дуу-дүрсний нийт 23 минут 7 секундийн бичлэгийг шинжлэн судлахад:

  • Дуу-дүрсний бичлэгийн 09 цаг 23 минут 05 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж гэрч асуулгах тухай хүсэлт хэлж байх ба уг хүсэлтээ бичгээр авч ирээгүй байсан тул шүүгч “хуралдаанд бэлдэж ирнэ ш дээ. Шүүх хуралдааны бэлтгэл хангаж ирнэ” гэж хэлээд хүсэлтийг гараар бичүүлж авч байгаа нь харагдаж байна.
  • Бичлэгийн 09 цаг 24 минут 53 секундээс шүүгч “М.Ж хэргийн материалтай хэзээ танилцсан бэ?” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өнгөрсөн хурлаар” гэв.
  • Бичлэгийн 09 цаг 25 минут 12 секундээс шүүгч “...Өмнөх шүүх хуралдаанаас (2021 оны 12 дугаар сарын 21-ээс) хойш хэргийн материалтай танилцсан бол хүсэлтээ хурлаас өмнө яагаад гаргаагүй юм бэ? Өнөөдөр гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ? ...хүсэлттэй юм бол яагаад бэлдэж ирэхгүй байгаа юм бэ?...” гээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариултыг сонсоод (М.Ж-ийн хариу яриа бичлэгээс тодорхой сонсогдохгүй байна), шүүгч “...одоо 14 хоног өнгөрсөн байна. Хэрэв 3 хоногийн хугацаа ярьж байгаа бол миний буруу...” гэж хэлэв.
  • Бичлэгийн 09 цаг 33 минут 11 секундэд шүүгч “гэрчийг дагуулаад ирэхгүй яасан юм бэ? Гэрчээр асуулгая гэж байгаа юм бол” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...өчигдөр орой ярилцаад...” гэхэд шүүгч “өчигдөр орой ярилцаад, өнөөдөр дагуулаад ирж болно ш дээ. ...ирсэн бол асуудал байхгүй ш дээ...” гэж хэлэв.
  • Бичлэгийн 09 цаг 38 минут 17 секундээс шүүгч “М.Ж та эрх зүйч үү? Хуульчийн эрхээ авсан уу? Өмгөөлөгчийн эрхээ авсан уу?” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хуульч, өмгөөлөгчдийн холбоонд бүртгүүлээгүй байгаа” гэхэд шүүгч “тэгээд яагаад хуульч биш хүн шиг ажиллаад байна. 12 дугаар сарын 21-нд та зөвхөн хэргийн материалтай танилцъя гээд хурал хойшилсон. 14 хоногийн хугацаанд энэ хүсэлтийггэснээ гараар бичсэн хүсэлтийг нь өргөж үзүүлээд “ хэрэгтээ ч бэлдээгүй, ямар ч бэлтгэл байхгүй. Дээрээс нь би танаас асуулаа ш дээ, шинээр нотлох баримт гаргах уу гэхээр ямар нотлох баримт гаргахаа ч мэдэхгүй, ийм байж болохгүй ш дээ. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тоглоомын газар биш, хүний хувь заяаг шийддэг газар” гэж хэлж байна.
  • Бичлэгийн 09 цаг 39 минут 17 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Шүүгчийн ёс зүйг тодорхой хэмжээнд заасан байгаа. Бусдын ажил мэргэжилд дүгнэлт гаргах боломжгүй гэж байгаа” гэхэд, шүүгч “Хэрвээ тийм боломжгүй бол та хүнийг төлөөлөх ёсгүй байхгүй юу. Одоо юу гэх юм бэ, хариуцагчийн эрхийг хамгаалаад оролцож байгаа бол хамгаалсан шиг хамгаалах ёстой. Чадахгүй бол чадахгүй нь ээ гээд үнэнээ хэлэх ёстой. Энд бичлэг явж байгаа, энийг эс зөвшөөрч байгаа бол та Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд хандаж болно. Тийм учраас та хуульч хүн бол хуульч шиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хуульд заасан аргаар хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаална. Тийм учраас хуулийн бус аргаар биш, хуульч байж, хуульч биш байдлаар ажиллаж ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрэм гэж байгаа. Хуульд заасан аргын хүрээнд шуурхай, идэвхтэй, зохисгүй үйлдлийг гаргахгүй ажиллах ёстой. Хамгийн наад зах нь ерөөсөө ийм, хамгийн наад захын стандарт энэ” гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гараараа бичсэн хүсэлтийг нь шүүгч гартаа өргөн үзүүлж байна.

... шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүгчийн тайлбар зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч дуудаж мэдүүлэг авах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өргөдөл гаргагч М.Ж нь шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаандаа бэлтгэн шүүхэд гаргах хүсэлт, нотлох баримт зэрэг холбогдох бичиг  баримтаа авч ирэх үүрэгтэй  гэж ойлгогдож байна.

            Өргөдөл гаргагч, хуульч М.Ж нь гэрч оролцуулах тухай хүсэлтээ шүүх хуралдааны явцад гараар бичиж өгч байгаа шүүх хуралдааны бичлэг болон түүний “өчигдөр орой ярилцаад” гэх, мөн шүүгчийн “Өмнөх шүүх хуралдаанаас (2021 оны 12 дугаар сарын 21-ээс) хойш хэргийн материалтай танилцсан бол хүсэлтээ хурлаас өмнө яагаад гаргаагүй юм бэ? Өнөөдөр гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ?” гэх шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн шүүгчийн яриа зэргээр шүүх хуралдаанд бэлтгээгүй ирсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгч нь “М.Ж та эрх зүйч үү? Хуульчийн эрхээ авсан уу? Өмгөөлөгчийн эрхээ авсан уу?” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хуульч, өмгөөлөгчдийн холбоонд бүртгүүлээгүй байгаа” гэхэд шүүгч “тэгээд яагаад хуульч биш хүн шиг ажиллаад байна...”, “Хэрвээ тийм боломжгүй бол та хүнийг төлөөлөх ёсгүй байхгүй юу...” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт бичигдэн үлджээ.

Харин шүүгч нь өргөдөлд дурдагдсан “Таныг хуульчийн үйл ажиллагаагаа хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзэж байна. Хуралдаа бэлдэж ирсэн байдал чинь хангалтгүй байна” гэх үгсийг хэлээгүй болох нь хуралдааны бичлэгээр нотлогдож байгааг тэмдэглэе.

Шүүгч Э.Э нь “Одоо юу гэх юм бэ...” гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан шүүх хуралдаанд бэлтгэлтэй ирэх үүрэгтэйг тайлбарлаж байгааг хуульч М.Ж-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, мэргэжлийн ур чадварыг нь тодорхойлсон гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр шүүгч Э.Э нь хуульчийн ажил мэргэжлийн ур чадварыг тодорхойлж хэлээгүй боловч хэргийн оролцогчидтой харилцахдаа ийнхүү буруу ойлгогдох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллавал зохино.

Хуульч М.Ж-ийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.4-т “шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх”, 25.2.5-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “...шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж тус тус заасныг хэрэгжүүлж, шүүх хуралдаанд холбогдох бичиг баримтаа бэлтгэн ирэх үүргээ биелүүлэхийг цаашид анхаарах нь зүйтэй.

2. Шүүгч “өөрийн хууль зөрчсөн үйлдлээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгахаас татгалзсан” гэх тухайд:

Өргөдөл гаргагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч М.Ж нь ... шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргажээ.

Хуульч М.Ж хүсэлтдээ “...шүүгч Э.Э нь миний хэлсэн ярьсан асуудал шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд бүрэн тусгагдана гэж хэлсэн боловч шүүгчийн ярьсан, хэлсэн зүйлс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна” гэж дурдсан бөгөөд шүүгч ийнхүү хэлээгүй болох нь шүүх хуралдааны бичлэгээс харагдана.

Харин “энд бичлэг явж байгаа, энийг эс зөвшөөрч байгаа бол та Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд хандаж болно” гэж хэлсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.

Шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжид үнэлэлт, дүгнэлт өгөх, өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй болно.

Түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн тайлбарыг тусгахдаа үг бүрчлэн бичих боломжгүй бол агуулгыг алдагдуулахгүйгээр, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шаардлагыг ханган бичсэнийг шүүгч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

              Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д  “шүүгч ...хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасныг шүүгч Э.Э зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч хуульч М.Ж-аас шүүгч Э.Э-д холбогдуулан миний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж байгаа нь хууль зөрчсөн тул сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Л.М-ын нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгч Э.Э нь М.Ж-ийн /гомдол/-д дурдагдсан ...“Таныг хуульчийн үйл ажиллагаагаа хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзэж байна. Хуралдаа бэлдэж ирсэн байдал чинь хангалтгүй байна” гэх үгсийг хэлээгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичлэгээр нотлогдож байх бөгөөд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан шүүх хуралдаанд бэлтгэлтэй ирэх үүрэгтэйг тайлбарлаж байгааг хуульч М.Ж-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, мэргэжлийн ур чадварыг нь тодорхойлсон гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иймд илтгэгч гишүүний шүүгч Э.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүгч Э.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                 Б.СУГАР

            ГИШҮҮН                                                        Д.АРИУНТУЯА

                                                                                   Ц.ДАВХАРБАЯР