info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-07-06

Дугаар 224

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, өргөдөл гаргагч С.Д /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч А.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.Д нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...шүүхийн шүүгч А.С нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 000/ШШ2022/01516 тоот шийдвэр гаргахдаа шүүгч албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан, өөрийн үйл ажиллагаагаар шүүхийн нэр хүндийг хадгалж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

А.С нь шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж, шийдвэр алиныг нь гардаг болох талаар анхны мэдэгдэхүүнгүй байна. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 000/ШШ2022/01516 тоот захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр гаргах эрхийн актад захирамж гаргасан байгаа нь ёс зүйн дүрмийн 4.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад бүх ажлаас ямагт илүү чухал байна. Шүүгч албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан, өөрийн үйл ажиллагаагаар шүүхийн нэр хүндийг хадгалж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй гэснийг зөрчсөн болно.

... Шүүгч А.С нь хэргийн материалтайгаа ч бүрэн гүйцэд танилцаагүй, бодит байдалтай огтхон ч нийцээгүй захирамжийг гаргасан байх бөгөөд тус хэрэгт байгаа хөрөнгүүд ямар учиртай талаар ойлголт байхгүй, бидний дээдсээс ирсэн хөрөнгийг миний талийгаач дүүтэй эр, эмийн холбоотой байсан этгээдэд өгөхөөр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Хэн нь үнэн хэлж, хэн нь худал яриад байгааг ялгаж салгах оюуны мэдлэггүй, тэр бүү хэл хэрэг шийдвэрлэхээр захирамж гардаггүй, шийдвэр гардаг гэдгийг өдийг хүртэл мэдэхгүй ийм шүүгч, шүүхэд иргэн итгэх нэр төрийг алдагдуулж байна.

А.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэх бөгөөд Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1-д зааснаар холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн түүнчлэн тэдгээр хэм хэмжээг дагаж мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэсэн байгаа тул ...шүүхийн шүүгч А.С-г ёс зүйн дээд зэргийн бүдүүлэг алдаа гаргасан гэж үзэж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

 ...шүүхийн шүүгч А.С тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн П.Т-ын С.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 000/ШШ2022/01516 дугаар шийдвэрийг гаргасан.

            Шүүхийн шийдвэрийн агуулгыг зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар танилцуулснаар шийдвэр хүчинтэй болсон. Харин уг шийдвэрийг албажуулан бичгээр гаргахдаа шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудас дээр хэвлэн гаргаж техникийн алдаа гаргасан байна. Энэ нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:...1/ Өргөдөлд “.. шийдвэр гаргах эрхийн актад захирамж гаргасан ... бодит байдалтай огтхон ч нийцээгүй захирамжийг гаргасан ... хэрэг шийдвэрлэхээр захирамж гардаггүй, шийдвэр гардаг гэдгийг өдийг хүртэл мэдэхгүй ийм шүүгч, шүүхэд иргэн итгэх нэр төрийг алдагдуулж байна ...” гэжээ. Энэ нь сахилгын хэргийг шалгасан хэд хэдэн баримтаар үгүйсгэгдэж байна.

a) Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад, хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагын нэгээс татгалзаж, бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжжээ.

Иймээс шүүх хэргийг шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, 119.2-д “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж заасны дагуу зөвлөлдөөд, даргалагч “шүүх хуралдаанаас шийдвэр гарлаа” гэж уншиж, шийдвэрийн тогтоох хэсгийн танилцуулсан” болох нь шүүх хуралдааны тэмдэглэл  болон дуу дүрсний бичлэгийг тулган шалгахад тогтоогдсон.  Иймд, шүүх хуралдаанаас шийдвэр гарсан байх ба уг шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасанд нийцсэн байна.

Гэхдээ шийдвэрийг, шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудсанд хэвлэж гаргасан нь уншин сонсгосон шүүхийн шийдвэрийн агуулгад хамааралгүй техникийн шинжтэй алдаа байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэдэг нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн, үүний улмаас үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн байхыг ойлгох тул техникийн шинжтэй алдаа нь шүүгчид хориглосон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчилд  хамаарахгүй юм.

б) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүйгээр нэхэмжлэгч нь хэд хэдэн шаардлагын хэсгээс, эсхүл бүхэлд нь татгалзах, мөн үлдсэн шаардлагаа дэмжих эрхтэй ба нэхэмжлэгчийн уг хүсэл зоригийг баталгаажуулах үүргийг шүүх хэрэгжүүлэхдээ хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл, эсхүл шүүх хуралдаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хэзээ илэрхийлснээс хамааран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг ялгамжтай хэрэглэж шийдвэрлэдэг.

Дээрх тохиолдолд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаасаа татгалзжээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага бүрийг хангасан, хэрэгсэхгүй болгосон эсэхийг заахын зэрэгцээ шүүх хуралдааны явцад татгалзсан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон шийдвэрлэнэ. 

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын заримаас татгалзсаныг, шийдвэрлэж байгаа бусад нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх нь мөн хуулийн 118.5-д заасанд нийцнэ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу шийдвэрлэхэд, татгалзсанаас үүсэх дахин шүүхэд маргахгүй байх үр дагаврыг тус хуулийн 74.4-т зааснаар зохицуулах тул шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг дурдаж, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тусгасан нь шүүгчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй юм.  

            3/ Өргөдөлд дурдсан “хэргийн материалтайгаа ч бүрэн гүйцэд танилцаагүй,... тус хэрэгт байгаа хөрөнгүүд ямар учиртай талаар ойлголт байхгүй ... хэн нь үнэн хэлж, хэн нь худал яриад байгааг ялгаж салгах оюуны мэдлэггүй ...” гэх тухайд:

Хэргийн оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, тухай шүүхийн шийдвэрийг хянуулах эрхтэй. Тодруулбал, дараагийн шатны шүүх-давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хурал хийсэн эсэх гэх зэрэг материаллаг хууль төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэглээний алдаа гаргасан эсэх зэргээр хэргийг бүхэлд хянаж, шийдвэрлэдэг.  

Харин, Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой үйл баримт нь хуулиар шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд өргөдөлд дурдсан иргэний хэрэг, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрх хуульчлагдаагүй.

Иймд өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

                       ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1015 дугаартай захирамжаар С.Д-гийн өргөдлөөр ...шүүхийн шүүгч А.С-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...шүүгч шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгчийн захирамж, шийдвэр алиныг нь гардаг болох талаар анхны мэдэгдэхүүнгүй байна.” гэх үндэслэлийг өргөдөлдөө дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ”, 115.2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 115.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох”, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж заасан.

Шүүгч А.С нь иргэн П.Т-ын нэхэмжлэлтэй С.Д-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШШ2022/01516 дугаартай шүүхийн шийдвэрээр “Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч С.Дд холбогдуулан 110.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн С.Х-ээс С.Д, Т.М нарт 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000001 дугаартай, 818 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 122 дугаар байрны 1208 тоот дахь улсын бүртгэлийн Ү-000000001 дугаартай, 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4 дүгээр хороо, Г хотхоны 301 дүгээр байрны 50 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-000000001 дугаартай 44 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Т.М, Т.Б нарыг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 96 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000001 дугаартай 818 м.кв  талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 122 дугаар байрны 1208 тоот дахь улсын бүртгэлийн Ү-000000001 дугаартай, 60,27 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч С.Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрээр шийдвэрлэжээ.

Харин 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШШ2022/01516 дугаартай шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудас дээр хэвлэн зохигчдод гардуулсан байна.

Шүүгч А.С “...Шүүхийн шийдвэрийн агуулгыг зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар танилцуулснаар шийдвэр хүчинтэй болсон. Харин уг шийдвэрийг албажуулан бичгээр гаргахдаа шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудас дээр хэвлэн гаргаж техникийн алдаа гаргасан байна” гэх тайлбарыг ирүүлжээ.

Дээрхээс үзвэл шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжийн бланк буюу хэвлэмэл хуудас дээр албажуулан гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “...хэргийн материалтайгаа ч бүрэн гүйцэд танилцаагүй, бодит байдалтай огтхон ч нийцээгүй захирамжийг гаргасан байх бөгөөд тус хэрэгт байгаа хөрөнгүүд ямар учиртай талаар ойлголт байхгүй ...хэн нь үнэн хэлж, хэн нь худал яриад байгааг ялгаж салгах оюуны мэдлэггүй...” өргөдөлдөө дурджээ.

Илтгэгч гишүүн саналдаа “...Хэргийн оролцогч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хурал хийсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэглээний алдаа гаргасан эсэхийг бүхэлд нь хянаж, шийдвэрлэдэг. Харин, Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой үйл баримт нь хуулиар шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд өргөдөлд дурдсан иргэний хэрэг, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрх хуульчлагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд өргөдөл гаргагчийн дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч А.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

 ГИШҮҮН                                     Г.ЦАГААНЦООЖ

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН