info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-07-07

Дугаар 226

Улаанбаатар хот

2022.07.07                                        226

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн О.Номуулин сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1912 дугаар захирамжаар “Д д с” ТӨХК-ийн “Д О” ХХК-д холбогдуулан гаргасан дулааны төлбөр 5,844,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд хариуцагчийн холбоо барих утас гэж бичигдсэн ... дугаарын утсаар 2021 оны 5 дугаар сарын 31-ий өдөр залгаж С.Б- тай холбогдон нэхэмжлэл ирсэн талаар танилцуулахад тэрээр “Тиймээ, “Д д с” ТӨХК-нд төлбөр тооцооны асуудал байгаа. Би шүүхэд хугацаандаа очих боломжгүй байна” гэж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дахин утсаар нь хариуцагчийг дуудахад “би очиж чадахгүй, ковид өвчин ихсээд зам хаачихсан байгаа, чи Улсын онцгой комиссын тогтоол, Аймгийн онцгой комиссын тогтоол, Засаг даргын захирамжаа дагаж мөрд, очихгүй” гэж хэлээд утсаа тасалсан, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зурвасаар 07 дугаар сарын 02-ны өдөр ирэхийг мэдэгдэхэд 6 дугаар сарын 30-ны өдөр “Улсын онцгой комиссын шийдвэр шүүхэд хамаарахгүй гэх заалтыг надад өгнө үү, нэхэмжлэлийг шуудангаар болохгүй гэсэн хуулийн заалтыг өгнө үү” гэж хариу ирүүлсэн, улмаар ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны 2480 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9, 77.10 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Б- г албадан ирүүлэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт болон ... аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Б ийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудсыг үндэслэн ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2900 дугаар захирамжаар “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Б- г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. Дээрх хариуцагчийг албадан ирүүлэх болон эрэн сурвалжлах захирамж гаргасан шүүгч Д.А- д холбогдуулан иргэн С.Б-  гомдол гаргаж, үндэслэлээ “...намайг “Д О” ХХК-ийн ажилтан мөн бишийг шалгалгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж таамгаар дүгнэн, бусадтай үгсэн тохирч баривчлах захирамж гаргасан, хууль бус баривчлах захирамж гаргаснаас болж иргэн надад болон гэр бүл үр хүүхдүүдэд маань эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан” гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч “Д д с” ТӨХК-ийн нэхэмжлэлдээ бичиж ирүүлсэн ...дугаарын утсаар “Д О” ХХК-ийн захирал гэх С.Б- тай холбогдоход тэрээр уг компанитай огт хамааралгүй гэж хэлээгүй, харин дулааны төлбөр тооцоо байгаа талаар хэлсэн, өргөдөл гаргагч С.Б-  нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул “...итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж таамгаар дүгнэн, бусадтай үгсэн тохирч баривчлах захирамж гаргасан” гэх гомдол үгүйсгэгдэнэ. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон хариуцагчийг тодруулахаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч “Д д с” ТӨХК нь хариуцагч “Д О” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээр С.Б- г тодорхойлж ирүүлснээр түүнийг шүүх дуудах нь хуульд нийцэх бөгөөд удаа дараа шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргасан нь дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтуудыг зөрчөөгүй байна. Түүнчлэн, ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2900 дугаар захирамжийн дагуу цагдаагийн байгууллагын 5411.036.21.0000153 дугаарт 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр АСАП санд эрэн сурвалжлалт зарлагдсан байх ба С.Б- г 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... аймгийн төмөр замын цагдаагийн хэсэг дээр цагдаагийн дэд ахлагч А.Ч-  саатуулан, түүнээс хэсгийн байцаагч цагдаагийн ахмад С.Ц-  хүлээн авч Дархан сумын 8 дугаар багийн цагдаа олон нийтийн төвд авчран оршин суух хаягийг тодруулах гэхэд элдэв үгээр дайрч доромжлон, дахин хаягийг асуухад “Д О” эмнэлгийн 147 тоот өрөөнд амьдарч байгаа гэж хэлээд гарч явсан нь ... аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байх бөгөөд ийнхүү шүүгчийн захирамжийн дагуу баривчлах ажиллагаа хийгдээгүй, гагцхүү оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа хийгдсэн тул иргэн С.Б- д болон гэр бүлийнхэнд нь эд хөрөнгийн, сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.А-  нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.” гэжээ.

Шүүгч Д.А- гийн сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “... “Д д с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Д О” ХХК-д холбогдох дулааны төлбөр 5,844,286 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуваарилагдан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Мөн өдрөө шүүгчийн туслах А.Б-  нэхэмжлэлд дурдсан ...дугаарт залгаж С.Б-  гэдэг хүнтэй холбогдож нэхэмжлэлийг гардаж авах талаар мэдэгдэхэд ... “тиймээ “Д д с” ТӨХК-д төлбөр тооцооны асуудал байгаа. Би шүүхэд ойрын хугацаанд очих боломжгүй байна” гэсэн тайлбарыг, 2021 оны 6 дугаар сарын 21-нд утсаар залгахад ... “би очиж чадахгүй ковид өвчин ихсээд, зам хаачхаад байгаа. Чи наад Улсын онцгой комиссын тогтоол, Аймгийн онцгой комиссын тогтоол, ... аймгийн Засаг даргын захирамжаа дагаж мөрд очихгүй” гээд утсаа тасалсан, 2021 оны 6 дугаар сарын 29-нд ...дугаарт шүүгчийн туслахаас шүүхэд хүрэлцэх ирэхийг мэдэгдэж мессеж бичихэд хариу болгож 2021 оны 6 дугаар сарын 30-нд “Монгол Улсын Онцгой комиссын хууль, шийдвэр нь шүүхэд хамаарахгүй гэсэн заалтыг надад өгнө үү, мөн нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалтыг өгнө үү” гэсэн хариуг өгсөн байна. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2480 дугаартай “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй үндэслэлээр, мөн хуулийн 77.10-д зааснаар “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Б- г 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор албадан ирүүлэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна. ... аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Б оос “...захирамжид дурдсан “Д О” ХХК-ны байранд очиход ковид туссан иргэдийн тусгаарлах байр болж иргэдийг тусгаарласан байлаа. Хариуцагч С.Б- тай захирамжид дурдсан ...утсаар холбогдоход “би Дарханд амьдардаггүй, Улаанбаатар хотод амьдардаг” гэж хэлээд утсаа тасалсан. Мөн захирамжид дурдсан ... дугаараар холбогдоход ... аймгийн “Д О” ХХК-ны захирал нь байсан, манайх тусгаарлах байр болсон учир ажиллахгүй байгаа. Хэнтий аймагт амарч байна” гээд тасалсан болно. ... аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн албадан ирүүлэх захирамжийг өөрчилж эрэн сурвалжлах болгож өгнө үү” гэсэн илтгэх хуудас ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс 30 хоногоор сунгасан. Нэхэмжлэгч “Д д с” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Д.Г- ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Д О” ХХК нь хаана байрлаж байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2900 дугаартай шүүгчийн захирамжаар “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Б- г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож, түүнийг шүүхэд ирүүлэх ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны дотор гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, захирамжийг хүргүүлсэн байна. Дээрх захирамжид заасан хугацаа дууссан үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг сэргээж, сэргээсэн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг нэхэмжлэгчид утсаар тайлбарлахад гомдол гаргахгүй гэсэн тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3129 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “Д д с” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Д О” ХХК-д холбогдох дулааны төлбөр 5,844,286 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байна. С.Б-  нь тус шүүхэд дулааны төлбөртэй холбоотой нэхэмжлэл “Д О “ХХК-д холбогдуулан “Д д с” ТӨХК гаргасанд иргэний хэрэг үүсгэсэн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус шүүхийн шүүгчийн туслахаас мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаар мэдээлэл өгөөгүй, өөрөө уг компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш болохыг тайлбарлаагүйгээс гадна түүний удаа дараа утсаар ярьсан тайлбараар ковидтой холбоотой нөхцөл байдлын улмаас очих боломжгүй байгаа, дулааны төлбөртэй байгаа талаар гаргасан тайлбар зэргээр уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг мэдэж байгаагаа илэрхийлж байсан боловч ирээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулсан байдлын улмаас уг хэргийг 97 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй, хуульд зааснаар албадан ирүүлэх, хаяг байршлаа хэлээгүйн улмаас эрэн сурвалжлах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр авч захирамжид заасан хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. Мөн С.Б-  нь утсаар хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд Улсын онцгой комиссын тогтоол, Аймгийн онцгой комиссын тогтоол, ... аймгийн Засаг даргын захирамжаа дагаж мөрд очихгүй гэж мэдэгдсэн боловч тухайн цаг хугацаанд буюу ... аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Зарим төрлийн үйл ажиллагааг нээх тухай захирамжаар бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хэвийн горимд шилжүүлсэн ба шүүх нь хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэргийн материал танилцуулах ажиллагааг цахим хэлбэрээр болон өөрийн биеэр хүрэлцэн ирэх тохиолдолд гардуулах, танилцуулах ажиллагааг хийж байсан. С.Б-  нь өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд өөрийн цахим хаягаа шүүгчийн туслахад мэдэгдэж нэхэмжлэлийн хувийг хүлээн авах боломжтой байсан боловч мэйл хаягаа өгөөгүй байна. Иргэн С.Б- гийн сахилгын хороонд гаргасан шүүгч бусадтай үгсэн тохирч баривчлах захирамж гаргасан нь тогтоогдсон, төрөөс олгосон эрх мэдлийг урвуулан ашиглаж, Дархан дулааны шугам сүлжээний хуульч гэх этгээдтэй үгсэн хуйвалдаж, бүлэглэн хууль бус захирамж гаргасан гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан байр сууринаас хандаж, хэргийг хуульд нийцүүлэн, шударгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд иргэн С.Б- гийн Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдлыг холбогдох хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч С.Б-аас “...намайг “Д О” ХХК-ийн ажилтан мөн эсэхийг шалгалгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж таамгаар дүгнэн, хууль бус захирамж гарган баривчилж хохирол учруулсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ. /хх2/

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, “Д д с” ТӨХК-аас “Д О” ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 5,844,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, ...  шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1912 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх10,11/

Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 550 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Д.А- г томилсон байна. /хх59/

Шүүгчийн туслахаас нэхэмжлэлд бичигдсэн хариуцагчтай холбоо барих ...дугаарын утсаар 2021 оны 5 дугаар сарын 31-ий өдөр холбогдоход, С.Б-  нь  “...“Д д с” ТӨХК-д төлбөр тооцооны асуудал байгаа. Би шүүхэд хугацаандаа очих боломжгүй байна” гэж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дахин тухайн дугаарын утсаар дуудахад “би очиж чадахгүй, ковид өвчин ихсээд зам хаачихсан байгаа, чи Улсын онцгой комиссын тогтоол, Аймгийн онцгой комиссын тогтоол, Засаг даргын захирамжаа дагаж мөрд, очихгүй” гэж хэлээд утсаа тасалсан гэж, мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирэхийг түүнд 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэхэд “Улсын онцгой комиссын шийдвэр шүүхэд хамаарахгүй гэх заалтыг надад өгнө үү, нэхэмжлэлийг шуудангаар болохгүй гэсэн хуулийн заалтыг өгнө үү” гэж хариу ирүүлсэн болох нь 2021 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн гарын үсэг бүхий шүүхийн мэдэгдэх хуудас, баримт №3-аар тэмдэглэгджээ. /1хх12,13/

Дээрхээс үзвэл, С.Б-  нь “Д О” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болохоо үгүйсгээгүй бөгөөд дулааны төлбөр тооцооны асуудал байгаа талаар хэлсэн байна. Сахилгын хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд, С.Б-  нь 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

Иймд ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2480 дугаар захирамжаар С.Б- г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-т “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасанд нийцсэн байна.

Дээрх захирамжийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагаа явуулсан боловч С.Б- гийн оршин суугаа хаяг тогтоогдоогүй тул ... аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Б оос 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудсаар уг захирамжийг өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн тайлбар, нэхэмжлэгч “Д д с” ТӨХК-аас 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүсэж, бичгээр хүсэлтийг тус тус гаргажээ. Дээрх тайлбар, хүсэлтийг үндэслэн ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2900 дугаар захирамжаар “Д О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Б- г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож, түүнийг шүүхэд ирүүлэх ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор гүйцэтгэхийг ... аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно”, 14.5-д “Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд уг захирамж нь хуульд нийцсэн гэж үзнэ.

            Дээрх шүүгчийн захирамжид заасан хугацаа дууссан тул тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3127 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 3129 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Шүүхээс өргөдөл гаргагч С.Б- г баривчлах эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргаагүй байх ба С.Б-  нь “Д О” ХХК-тай хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Иймд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдсонгүй.

            Харин хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, ... аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Ц- ийн бичсэн илтгэх хуудсанд “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төмөр зам дахь Цагдаагийн газрын Дархан хэсгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Б таны эрэн сурвалжилж байгаа Самбуугийн Б-  гэх хүнийг төмөр замын Цагдаагийн хэсэг дээр манай цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ч-  саатуулсан байна гэсний дагуу тус өдрийн 20:12 цагт төмөр замын цагдаагийн хэлтсийн өрөөнөөс С.Б- г дэд ахлагч А.Ч- ээс хүлээн авч Дархан сумын 8 дугаар багийн цагдаа олон нийтийн төв дээр авчран оршин суух хаягийг тодруулах гэхэд өөдөөс элдэв үгээр дайрч доромжлон ажилгүй болгоно гэх мэт үг хэллэг хэлэн оршин суух хаягийг тодруулж асуух үед “Д О” эмнэлгийн 147 тоот өрөөнд амьдарч байгаа гээд өрөөнөөс гараад явсан болно” гэж тэмдэглэсэн байна.

            Ийнхүү Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан С.Б- гийн оршин суугаа хаягийг тодруулах ажиллагаа явуулсныг шүүгчийн захирамжаар түүнийг баривчилсан, саатуулсан гэж үзэх боломжгүй.

            Шүүгч Д.А-  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...  шүүхийн шүүгч Д.А- д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Х.ХАШБААТАР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН