info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-08

Дугаар 240

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, шүүгч Ц.А- /цахим/, өргөдөл гаргагч А.Т-, Ш.Д- нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Б.Н-, А.Т-, Н.Ж-, Н.М-, Ж.У-, Б.Э-, Ш.Д-, Э.З-, Б.Т- нарын өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Ц.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“... “Н Р” ХХК-д холбогдуулан Б.Т- нарын нэр бүхий иргэд нэхэмжлэл гаргасныг ... шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар анх иргэний хэрэг үүсгэжээ./1хх19/ Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар дээрх иргэний хэргийг ...  шүүхэд шилжүүлж, шүүхийн харьяаллын талаар маргаан үүссэн тул Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 269 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар уг иргэний хэргийг ...  шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон байна./1хх20,25/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг хүлээн авсантай холбоотойгоор, ...  шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар зөвлөгөөний тогтоолоор тус иргэний хэргийг ... шүүхэд шилжүүлжээ./1хх 52/ ... шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэргийн харьяалал тогтоолгож, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолоор ... шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон байна. /1хх 60-62/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч Ц.А- нь тус шүүхэд сэлгэн ажиллахаар томилогдож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар зөвлөгөөний тогтоолоор дээрх хэргийг түүнд шилжүүлжээ. /1хх 63,64/

Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаар шүүгчийн захирамжаар Б.Т- нарын 38 иргэний нэхэмжлэлтэй, “Н Р” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч тус бүрд хамаарах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрээр тусгаарласан байна./1хх 65-68/

Нэг. Өргөдөлд дурдсан Б.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өөр хэргийн оролцогчид тов мэдэгдсэн баримтыг уг хэрэгт хавсаргасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Б.Н-ийн нэхэмжлэлтэй “Н Р” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 211 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Ц.А-ыг шүүх хуралдаан даргалагчаар томилж, мөн өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товложээ. /1хх69,70/

Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шийдвэрлэж байгаа хэргээс өөр хэргийн буюу Б.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зурвасаар тов мэдэгдсэн баримтыг андуурч хийсэн болох нь гэрч Г.У-ын тус хороонд өгсөн мэдүүлэг, холбогдох шүүгчийн тайлбар, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /1хх136,137,149/

Шүүгч Ц.А- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ...  дугаар захирамжаар Б.Н-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлож, захирамжийн 2 дахь заалтаар шүүх хуралдааны товыг зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, хурлын бэлтгэл хангахыг шүүгчийн туслахад даалгасан байхад шүүгчийн туслах нэхэмжлэгч талд тов мэдэгдээгүй, өөр хэргийн баримтыг тус хэрэгт андуурч хавсаргасан байна. Үүнд шүүгчийг шууд буруутгах боломжгүй бөгөөд сахилгын зөрчил тооцох үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр цаашид хэн оролцох эсэхийг тодруулахаар тус өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /1хх 93,94/

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, З.Э-д 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. /1хх95/ Нэхэмжлэгч Б.Н-ээс Б.Б-ад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл, З.Э-д 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгожээ./1хх44,49/ Иймд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн хуралдааны товыг шүүхээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдэд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байна.

 Дээрх хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2022/00372 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 208/МА2022/00032 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ./1хх107-117/

Дээрх магадлалд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн  хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасанчлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс хянаж, хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж заасан үндэслэл биш байх тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслахын ажил үүрэгтэй холбоотойгоор буюу шүүх хуралдааны товыг хэргийг оролцогчид мэдэгдээгүйгээс шалтгаалж шүүхийн шийдвэр хүчингүй болсонд шүүгч хууль зөрчсөн гэж шууд үзэх боломжгүй.

Хоёр. 9 өрхийн нэхэмжлэлтэй иргэний хэргүүдийг нэг дор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Б.Н-ийн нэхэмжлэлтэй “Н Р” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гаас “...тус хэргийг адил нэхэмжлэлийн шаардлагатай 8 иргэний хэрэгтэй нэгтгэх” хүсэлт гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар “...шүүгчийн захирамжаар 38 нэхэмжлэгчтэй хэргийг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарласан. 8 нэхэмжлэгч нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй оролцож байгаа үндэслэлээр хэргийг дахин нэгтгэх шаардлагагүй гэж үзэж” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /1хх 75,93,94/ Иймд шүүгч хүсэлт шийдвэрлээгүй гэх дээрх өргөдлийн агуулга үндэслэлгүй бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу шүүгчийн гаргасан эрх зүйн акт байна.

Дээр дурдсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаар шүүгчийн захирамжаар тусгаарлагдсан 38 иргэний хэргийн шийдвэрлэгдсэн байдлыг шүүгч тайлбартаа 24 хэрэг шийдвэрлэснээс 21 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж тайлбарласан бөгөөд сахилгын хэрэгт цугласан баримтаар 18 хэргийг хялбаршуулсан журмаар, шүүгчийн захирамжаар 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 хэргийг шүүхийн шийдвэрээр тус тус шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх тусгаарлагдсан иргэний хэргүүдийн дийлэнх хувь нь хянан шийдвэрлэгджээ. Ийнхүү шийдвэрлэгдсэн иргэний хэргүүдэд энэхүү өргөдлийг гаргасан Б.Н-, А.Т-, Н.Ж-, Н.М-, Ж.У-, Б.Э-, Ш.Д-, Э.З-, Б.Т- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- төлөөлж /өмгөөлөгчөөр/ оролцоогүй байна. Мөн нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага нь тусдаа байгаа тохиолдолд нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа нь хэргийг нэгтгэх буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй гэх агуулгаар шүүгч хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Гурав. Б.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос нэг өдрийн өмнө мэдэгдсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Б.Т-ын нэхэмжлэлтэй “Н Р” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 207 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Ц.А-ыг шүүх хуралдаан даргалагчаар томилж, мөн өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товложээ. /1хх69,70/

Тус өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн ... дугаар луу зурвас бичиж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудангаар түүний ажлын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр түүнтэй ... дугаараар холбогдон мэдэгдсэн болох нь хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Г.У-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна./1хх 69,71,72,76/ Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. Иймд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдээгүй гэх дээрх өргөдөл үндэслэлгүй.

Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 148/ШЗ2022/01082 дугаар шүүгчийн захирамжаар Б.Т-ын нэхэмжлэлтэй, “Н Р” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар буцааж, нэхэмжлэгч болон хариуцагч талаас мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тус захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна. Улмаар тус хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцүүлэхээр товложээ. /1хх79-85,86/

Дөрөв. Сахилгын хэргийг тухайн шүүх дээр очиж шалгах ажиллагааны явцад, “Н Р” ХХК-д холбогдох өргөдөл гаргагч Н.Ж-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад, өргөдөл гаргагч А.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад, өргөдөл гаргагч Ш.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 12 цаг 00 минутад, өргөдөл гаргагч Э.З-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад, өргөдөл гаргагч Н.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутад, өргөдөл гаргагч Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад, өргөдөл гаргагч Ж.У-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар мөн сарын 22-ны өдрийн 17 цаг 00 минутад тус тус товлосон байсан. Мөн Н.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гаас “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд шүүх хуралдаан товлохгүй байхыг хүссэн” хүсэлт ирүүлсэн байв. /1хх 87, 88, 120-133/

Шүүгч Ц.А- тайлбартаа хавсарган ирүүлсэн баримтад, “Н Р” ХХК-д холбогдох Г.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар, Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Ц.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар О.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, З.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, П.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, О.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, А.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Ч.Л-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Б.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, О.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, С.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар, А.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...  дугаар шүүгчийн захирамжаар, Б.Л-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Ч.У-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Ө.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар, Ж.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар, Д.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар тус тус зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, В.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаар хэрэг тусгаарлах шүүгчийн захирамжаар тусгаарлагдсан зарим хэргүүд дээрх байдлаар шийдвэрлэгджээ./1хх152-250, 2хх1-29/

Дээрх баримт, хуулийн зохицуулалтаас үзвэл, өргөдөл дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасанд хамаарахгүй байх тул шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав” гэжээ.

Шүүгч Ц.А- нь Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд сэлгэн ажиллахаар ирэхэд тус хэрэг хуваарилагдсан ... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 19 удаа хойшилсон, шүүхэд хэрэг хянагдаад 3 жил 11 сар болсон, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрх зөрчигдөж байгаа үндэслэлээр хэргийг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлахаар шийдвэрлэсэн. Дээрх 38 хэргээс 24 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд үүний 21 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Зарим нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 06-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас хурал зарлахгүй байх хүсэлт ирүүлсэн тул энэ хугацаанд шүүх хуралдааныг зарлаагүй. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн.                                                                            

Миний бие ... шүүхэд ирэхэд 50 хуучин хэрэг нэг дор хүлээн авсан тул боломжтой шүүх хуралдааныг цаг алдалгүй зарлаж, хэргээ шийдвэрлэж эхэлсэн боловч оны эхэнд тамгын газрын баталсан хуваарийн дагуу шүүгчийн туслах У-а 03 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч туслахгүй 4 дүгээр сар хүртэл ажилласан болно. Энэ хэрэг анх тусгаарлахад 9 хавтас хэрэг байсныг дээрх аргын дагуу тусгаарлахад нэг нэхэмжлэгчийн хэрэг 300 орчим хуудас буюу 1 хавтас гаран хэрэг болсон. Хэргийг тусгаарлах ажиллагаа бүрэн дууссаны дараа шүүгч миний бие ... шүүхийн гомдлын шүүх хуралд бүрэлдэхүүнд очихдоо туслах н.У-ын хамт бүх хэргээ авч яваад туслах У-а нь нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулсан. Хэргийн материал танилцуулахаас өмнө нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нарт очих гэж байгаа талаар мэдэгдсэн байсан.  Иймд гомдол гаргагч нарын бид 36 өрхийн нэхэмжлэлийн шаардлага нэг байхад хэргийг тусгаарлах захирамж гаргасан энэ ажиллагаа дээр олон хүнийг цаг зав хөдөлмөр орсон бөгөөд үргүй зардал маш их гарсан гэх гомдол үндэслэлгүй юм.

Харин шүүхээс 19 удаа шүүх хуралдааныг хойшлуулахад нэхэмжлэгч, хариуцагч нарыг шүүх хуралдаанд дуудахын тулд шуудангийн зардал, утасны зардал, цаасны зардал маш их гарсан, хэргийг хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүгч, шүүгчийн туслах, шуух хуралдааны нарийн бичгийн даргын ажлын ачаалал энэ хэмжээгээр нэмэгдсэн харагдаж байна. Хэргийг тусгаарлах явцад бэлэн болсон хэргүүдэд эхнээс нь шүүх хуралдааныг зарлаж, нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэргийн материалтай танилцах, тусгаарлах явцад дутуу баримт үлдээсэн бол үндсэн хэргээс хуулбарлан хийх боломжийг олгож дуудсан боловч нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч нарын хэрэгт өгсөн утасны дугаар холбогдохгүй байх тохиолдол их байсан. Хэргийг тусгаарлаж бэлэн болсон хэргүүдийг эхнээс нь шүүх хуралдаан зарлаж байсан.

9 иргэний хэрэг тус бүр нэг өмгөөлөгчтэй учраас 1 шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргасан боловч шийдвэрлээгүй гэх гомдлын тухайд, Б.Т- нарын 38 нэхэмжлэгчтэй иргэний хэргийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тус бүрээр тусгаарласан захирамж хүчин төгөлдөр байхаас гадна. хэргийг нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэх боловч Б.Н- нь Б.Б-а, З.Э- нарт, Н.Ж- нь Р.Ж-, З.Э- нарт гэх мэтээр 3.Э-гаас гадна өөр хүмүүст итгэмжлэл олгосон байдаг тул нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж Б.Н-ийн хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14/ШЗ2022/01097 дугаарын захирамжаар шийдвэрлэсэн тул үндэслэлгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б.Н-, А.Т-, Н.Ж-, Н.М-, Ж.У-, Б.Э-, Ш.Д-, Э.З-, Б.Т- нараас шүүгч Ц.А-д холбогдуулан “Шүүх хуралдаан болохоос нэг өдрийн өмнө нэхэмжлэгч Б.Т-д хурлын тов мэдэгдсэн, уг баримтыг Б.Н-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хийж, нэхэмжлэгчид хурлын тов мэдэгдээгүй, өмгөөлөгч З.Э-д хурлын тов мэдэгдээгүй, 36 өрхийн нэхэмжлэлийн шаардлага нэг байхад хэргийг айл бүрээр хэргийг тусгаарласан, бид есийн нэхэмжлэлийн шаардлага нэг, нэг өмгөөлөгчтэй учир нэг дор хурал хийх хүсэлтэд хариу өгөөгүй” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл  ирүүлжээ.

Сахилгын хэргийг хянаж үзвэл:

1. “Н Х” ХХК-аас ... аймгийн ... сумын 16 дугаар багт байрлах 9 давхар 36 айлын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Н Р” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг, уг орон сууцны оршин суугч нэр бүхий 7 иргэнээс ... хаягт байрлах “Н Р” ХХК-д холбогдуулан ... шүүхэд гаргасныг, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1454 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.  “Н Р” ХХК-д холбогдуулж, дээрхтэй ижил нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 иргэн, 2018 оны 08 дугаар сарын 06-31-ний өдрийг хүртэл 9 иргэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4 иргэн, мөн 3 иргэн нэмж нэхэмжлэл гаргаснаар, нийт 38 оршин суугчийн нэхэмжлэл бүхий хэргийг шүүх хянасан байна.

Уг хэргийг, Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар ...  шүүхэд шийдвэрлүүлэхээр, улмаар Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолоор ... шүүхэд шийдвэрлүүлэхээр тус тус шүүхийн харьяаллыг тогтоожээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор шүүгч Ц.А- нь ... шүүхэд сэлгэн ажиллахаар томилогдож, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар тогтоолоор дээрх хэрэг тус шүүгчид хуваарилагдсан байна.

2. Шүүгч Ц.А- нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 548 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хоорондоо төстэй, нэг хариуцагчтай боловч тэдний нэхэмжлэлүүд нь өөр хоорондоо хамааралгүй, шүүх хуралдаан хойшлогдох бүрд хүсэлт гаргаагүй бусад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэргээ хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж байна” гэх үндэслэлээр тухайн нэр бүхий 38 иргэний нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч тус бүрд хамаарах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тусгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-д “Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх хүрээнд хийсэн ажиллагаа байх тул шүүгчийг буруутгах  үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- “нэхэмжлэлийн шаардлага адилхан, бүгд ... аймагт оршин суудаг тул З.Э- миний итгэмжлэлээр төлөөлж байгаа найман нэхэмжлэгчийн /Б.Т-, Б.Н-, Н.Ж-, Ж.У-, Ш.Д-, А.Т-, Э.З-, С.Э-/ хэргийг нэг шүүх хуралдаанаар нэгтгэн хэлэлцэж өгөхийг хүссэн” агуулгыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд цахимаар ирүүлсэн хүсэлтдээ дурдсан, шүүгч нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ...  дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг нэгтгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тухайн хүсэлтэд хариу өгөөгүй гэж өргөдөлд бичсэн нь үгүйсгэгдэнэ.

3. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, дээрх тусгаарласан 38 иргэний хэргээс холбогдох шүүгч нь 18 хэргийг зохигчид эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 хэргийг шүүхийн шийдвэрээр тус тус шийдвэрлэсэн байх ба үлдсэн 18 хэрэг /өргөдөл гаргагч 9 иргэний хэрэг үүнд хамаарагдаж байна/ хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Холбогдох шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ...  дугаар захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагт товлогдсон Б.Т-ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.Т-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- нар нь мэдсэн, үүний дагуу З.Э- нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хүсэлт, баримтаа шүүхэд ирүүлсэн, шүүхээс хүсэлт баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан,

- нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Э-д 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9-д 17.50 цагт утсаа аваагүй, хурлын товыг мэдэгдэж зурвас илгээв гэж тэмдэглэсэн, 18.46 цагт тов мэдэгдсэн зурвас,

- шүүхийн мэдэгдэх хуудас баримт №2-д 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн монгол шуудангийн дардастай, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20.36 цагт хурал зарласан гээд үйлчлүүлэгч маань хэллээ, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 18.00 цагт залгахад “гараа хугалсан эмнэлгээр явж байна, шүүхийн и-мэйл хаяг руу хүсэлт явуулсан, эх хувиар нь машинаар явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байна, хуралд цахимаар оролцож хүсэлтээ хэлмээр байна” гэж бичсэн,

-З.Э-гийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлгийн магадалгаа, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “шүүх хуралдааны тов 05 сарын 04-ний өдөр зарлагдсан талаар нэхэмжлэгч Б.Т-ас өчигдөр сонслоо” гэх хүсэлт,

- холбогдох шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 148/ШЗ2022/01082 дугаар “нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Үүнээс үзвэл, хэргийн оролцогчоос шүүх хуралдааныг хойшлуулах талаарх ирүүлсэн хүсэлтдээ хавсаргасан баримтыг шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтад хуулиар тавигдах шаардлага болон өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэсэн нь  шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй юм.

4. Харин холбогдох шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагт товлогдсон Б.Н-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааны тухайд, “нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-ад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9-д 17.50 цагт утсаа аваагүй, хурлын товыг мэдэгдэж зурвас илгээв” гэж тэмдэглэсэн, З.Э-д “ажлын хаягаар шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэв” гэж бичсэн боловч эдгээр нь Б.Т-, Б.Б-а нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тов мэдэгдсэн ажиллагааг андуурсан болох нь шүүгчийн туслах Г.У-ын гэрчийн мэдүүлэг болон утсаар ярьсан тэмдэглэлд “нэхэмжлэгч Б.Б-ад, 12.00 цагт товлогдсон хуралд оролцох боломжгүй, Ц.М өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна” гэсэн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.  

Тодруулбал, иргэн Б.Б-а дээрх 38 иргэний нэг, түүний нэхэмжлэл бүхий хэргийг шүүх хянаж байгаа, мөн Б.Н-ийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд өөрийн нэхэмжлэл бүхий хэрэгт гаргасан “... иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б-а залгасан, ... хуралдаа Монгол өмгөөлөгчийн хамт оролцмоор байна ...” гэх хүсэлт, холбогдох баримтыг Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт мэтээр тус хэрэгт авагджээ. 

Ингэснээр шүүгч, 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хуралдан, ... дугаар бүхий захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-ийн хүсэлт, нэхэмжлэгч Б.Б-ын хүсэлтийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр цаашид хэн оролцох эсэхийг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү хурлын тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийг хольж, өөр хэргийн баримтыг Б.Н-ийн хэрэгт хийсэн үйлдэлд зөвхөн шүүгчийн туслахыг буруутай гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.1, 89.3.2, 89.3.3, 89.3.7 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах нь шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх, шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүгчийн хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхэд 16.1.2-д “шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох”, 16.1.3-д “шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах”, тус хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна: 76.1.2.хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, 89 дүгээр зүйлийн 89.2-д “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж зааснаар хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх нөхцөлийг хангаагүйг шүүгчид хамааралгүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүгч нь өөрийн хянан шийдвэрлэж байгаа нэг хэргийн баримтыг өөр хэрэгт байгааг буюу “нэхэмжлэгч” ба “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэх хэргийн оролцогчийг ялгаж анзаарахгүйгээр “хүсэлт”-ийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь дээрх чиг үүрэгтээ хайхрамжгүй хандаж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх үйлдэлд бусдын эрх ашиг ноцтой хохирч хор уршиг учраагүй байх тул “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй,  мөн “удаа дараа” үйлдсэн үйлдэл тогтоогдоогүй тул энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн зөрчилд хамаарахгүй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, /урьд ажиллаж байсан/ ... шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         Д.АРИУНТУЯА

Б.СУГАР