info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-09

Дугаар 246

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, Ерөнхий шүүгч Б.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдох сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг, шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Л.Д Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Нэг. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.28 дугаар заалтыг зөрчсөн тухайд: 1.1. Ерөнхий шүүгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554 дугаартай шийтгэврээр зөрчил үйлдсэн гэж дүгнэн 20.000 нэгж буюу түүнтэй тэнцэх 20.000.000 /хорин сая төгрөгөөр/ торгож байсан шийтгэвэр зөрчлийн хэрэгт авагдсан байдаг. Л.Д би өмнө нь зөрчлийн хэргийг нэг удаа шийдэж шийтгэвэр гаргасан шүүгч дахин зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ урьд шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлтээ өөрчилнө гэдэгт итгэлгүй, дахин шийтгэвэр ногдуулах үндэслэлтэй байх тул энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан өөрөө шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэх нөхцөл байдал тогтоогдсон учир Б.Г шүүгчээс миний өөрийн сонгож авсан өмгөөлөгч Г.Г болон миний бие өөрөө татгалзсан боловч татгалзлыг хүлээн авч шийдвэрлээгүй. Ингэснээр иргэн миний шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчиж байна. 1.2. ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г нь 2022 оны 03 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь "...энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна..." гэж шүүгчид хандаж хэлэхэд тэрээр Ерөнхий шүүгч Б.Г нь "энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй" гэж хохирогч гэх А-гийн өмгөөлөгч Б.Э-ын асуултад хариулт өгч өөрийн гаргах хууль зүйн дүгнэлтээ урьдчилан хэлж, улмаар өмгөөлөгч Б.Э-д хуулийн зөвлөгөө өгсөн. Энэ нь тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдох бөгөөд уг дуу-дүрсний бичлэгээс шүүгчийн урьдчилсан дүгнэлт гаргасан эсэх, өмгөөлөгч Б.Э-д хуулийн зөвлөгөө өгсөн эсэх, энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарч хянаж өгнө үү.

Хоёр. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дугаар заалтыг зөрчсөн тухайд: 2.1. Л.Д намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т заасан зөрчил үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлтийг шүүгч Б.М нь тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЗШ/153 дугаартай шийтгэврээр, Ерөнхий шүүгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 2022/ЗШ/217 дугаартай Шийтгэл оногдуулах тухай шийтгэврийг тус тус гаргасан. Тус шийтгэврүүдийг гаргахдаа тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалахдаа шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж гаргалгүйгээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тусгаж өгсөн байдаг бөгөөд 17.1.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах.", 17.3-т "Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана."гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эс үйлдэхүй гаргаж Л.Д миний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан "...шударга шүүхээр шүүлгэх..." эрхийг зөрчиж ...Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Г нь улайран надад холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 2.2.Миний өөрийн сонгож авсан өмгөөлөгч Г.Г болон Л.Д би 2022 оны 05 сарын 06-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Г-ээс татгалзсан ба 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 16 дугаартай "Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт шийдвэрлэх тухай" Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан. Тус зөвлөгөөний тогтоолыг гаргахдаа Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2.8 ,...хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: гэсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд байхгүй заалтыг удирдлага болгож хуульд заагдсан тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаж шийдвэрлэсэн шударга шүүхээр шүүлгэх итгэл үнэмшил минь алдагдаж байна. 2.3. Л.Д надад холбогдох зөрчлийн хэргийн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т заасан зөрчил үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлтийг шүүгч Б.М нь тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЗШ/153 дугаартай шийтгэврээр, Ерөнхий шүүгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554 дугаартай шийтгэврээр тус тус шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Миний бие тус шүүхийн Ерөнхий шүүгчээс татгалзсан ба уг татгалзсаныг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхдээ Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар оролцсон байх ба уг зөвлөгөөнд Б.М шүүгч дангаараа шийдвэрлэсэн болохоо зөвлөгөөний тогтоолдоо мөн заасан байна. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г нь Монгол улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой удаа дараа зөрчсөн үйлдлийг, шүүгч Б.М нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөнийг тус тус шалгаж хуульд заасан зохих хариуцлагыг хүлээлгэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Ерөнхий шүүгч Б.Г 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд холбогдогч Л.Д, хохирогчийн өмгөөлөгч Ж.Э нар цахимаар оролцсон. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Э-ын зүгээс холбогдогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасан, шүүгчээс асуулт асуусан, шүүгч хууль тайлбарлаж, хариулт өгсөн зүйл байхгүй болно. Тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгийг холбогдогчийн хүсэлтээр хэрэгт хавсаргасан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн зүгээс шүүгчээс асуулт асуух тухай ойлголт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй тул шүүх хуралдаан дээр ийм зүйл гарах үндэслэлгүй юм. Хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэд хэдэн удаагийн шүүх хуралдаан хойшлогдоход “Холбогдогчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна” гэсэн утгатай тайлбарыг гаргаж байсныг санаж байна. Миний бие уг тайлбарыг асуулт гэж ойлгож, хариулт өгч байсан зүйл байхгүй, шүүгч төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна гэдгийг ойлгож, хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно.

    1. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд анхан шатны шүүх Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 2.3, тус Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дугаартай тогтоолоор батлагдсан “Хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авах, хуваарилах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3.1, 3.2-т заасан журмаар зөрчлийн хэргийг тус шүүх хүлээн авч Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд сугалаагаар үүсгэсэн шүүгчдийн нэрсийн дарааллаар гараар хуваарилдаг. Зөрчлийн хэргийн хувьд Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд шүүгчийг санамсаргүйгээр сонгох тохиргоо улс даяар хийгдээгүй тул энэ зарчмаар эсхүл Зөвлөгөөнөөс тогтоосон шүүгч нь шийдвэрлэдэг. Мөн Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд зөрчлийн хэргийн хувьд даргалагч томилох тохиргоо байхгүй тул даргалагч томилох тухай ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдах боломжгүй учраас ийм захирамж гаргадаггүй, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” болон шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмаар хэргийг хүлээн авсан шүүгч шийдвэрлэдэг жишиг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн практикт хэрэглэгдэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхүүдээс буруутгадаггүй тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Хэн нэгэнд тэр тусмаа Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг заавал шийдвэрлэхээр хууль зөрчиж, шүүн таслах ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, өөрт хуваарилагдсан хэргийг хуульд заасан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
    2. Холбогдогчийн өмгөөлөгч Г.Г-ын “Шүүгч Б.Г нь хохирогчийн өмгөөлөгч Т.Уянгатай садан, төрлийн холбоотой” гэх, холбогдогч Л.Д-ын “шүүгч Б.Г нь миний өмгөөлөгч М.Г-той МУИС-д нэг ангид сурч байсан” гэх үндэслэлүүдээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтүүдийг Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ удирдлага болгох заалтдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “19.8" гэхийг “19.2.8” гэж техникийн шинжтэй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ алдаа нь холбогдогчийн хуульд заасан үндсэн эрхийг зөрчсөн зүйл гэж ойлгохгүй байна. Харин шүүх шийдвэр гаргахдаа алдаа гаргасан гэж харагдуулсандаа харамсаж байна. ...шүүхийн шүүгч А.М Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дугаар тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж, 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагаа явуулж байсан тул холбогдогчийн өмгөөлөгч Г.Г, холбогдогч Л.Д нарын “Ерөнхий шүүгч Б.Г-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтүүдийг Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж, мөн зүйлийн 7-д “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж заасны дагуу миний бие санал өгөх эрхгүйгээр оролцсон болно. Энэ талаар зөвлөгөөний тогтоолд дурдахгүй бол миний бие дээрх заалтуудыг зөрчсөн гэж ойлгогдохоор байсан. Холбогдогчийн зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэж заасан тул уг хугацааг хүртэл хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхгүй байх зорилготойгоор эхний ээлжид өмгөөлөгч авах, өмгөөлөгч нэмж авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр өмгөөлөгч авах зэргээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан бол сүүлдээ шүүгчээс татгалзах, нийт шүүгчээс татгалзах зэргээр шүүн таслах ажиллагааг удаашруулах бүхий л аргыг хэрэглэсэн. Энэ байдлаар хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 17 удаа хойшлогдсон байна. Иймд Л.Д-ын гомдолтой шүүгч Б.М бид хоёрт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Б.М 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Холбогдогчийн өмгөөлөгч Г.Г “шүүгч Б.Г нь хохирогчийн өмгөөлөгч Т.Уянгатай садан, төрлийн холбоотой” гэх, холбогдогч Л.Д шүүгч Б.Г нь миний өмгөөлөгч М.Г-той Монгол Улсын их сургуульд нэг ангид сурч байсан” гэх үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ удирдлага болгосон буюу журамласан заалтдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 гэхийг 19.2.8 гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох зүйлийг тодорхойлсон ба тус зүйлийн 50.1,23-т шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа зөрчсөн тохиолдолд түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болдог. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд тодорхойлсон хэм хэмжээ нь журамласан буюу шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргах эрх зүйн баримт бичгийн хэлбэрийг тодорхойлсон заалт юм. Тодруулбал тухайн татгалзлыг шийдвэрлэх үндэслэл болдог заалт биш тул оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн үр дагавар бий болгохгүй. Өөрөөр хэлбэл хуулийн тодорхой заалтыг зөрчсөнөөр оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, тухайн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болгосон зэрэг үр дагавар үүсгэсэн тохиолдолд ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаартай тогтоолоор миний бие Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2 жилийн хугацаагаар сэлгэн ажиллаж байгаа болно” гэжээ.

Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд: Нэг: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2022/ШЗТ/16 дугаартай “Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт шийдвэрлэх тухай” тогтоол  гаргажээ. ...Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗТ/17 дугаартай тогтоолоор мөн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.8... дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгосноос үзэхэд  2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоолд “19.2.8” гэх заалтыг удирдлага болгосон нь техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хоёр: “......эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоолоор Л.Дд холбогдох зөрчлийн 2035000500 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай холбогдогч Л.Д болон түүний өмгөөлөгч Г.Г нарын хүсэлтийг шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 7-д “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж заасанчлан Ерөнхий шүүгч Б. Гнь зөвлөгөөнд татгалзан гарах хүсэлттэй холбоотой тайлбар гаргаж, санал өгөх эрхгүйгээр оролцсон байна. Энэ нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаартай тогтоол, тэмдэглэлээр тогтоогдож байх тул дээрх зөвлөгөөнд  Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар оролцсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй.

Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулсан. Өмгөөлөгч М.Г нь Л.Д-д холбогдох зөрчлийн 2035000500 дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас Ерөнхий шүүгч Б.Г болон шүүгч Б.М нарыг татгалзан гаргах хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  гаргасныг ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗТ/17 дугаартай тогтоолоор хангахаас татгалзжээ. Мөн Л.Д-ын өмгөөлөгч Г.Г 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай бичгээр хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар “энэ асуудлыг шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗТ/17 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн тул хүлээн авах боломжгүй” гэж үзэж хүлээн аваагүй байна. Иймд, Хэргийн оролцогчоос “шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчил болохгүй.

Дөрөв:...Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250 дугаартай албан бичгээр Л.Д-д холбогдох зөрчлийн 2035000500 дугаартай хэргийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн. Тус шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд, хуралдаанд холбогдогч Л.Д “шинээр сонгож авсан өмгөөлөгч М.Гийг хэргийн материалтай танилцах боломж олгож өгнө үү”  гэх хүсэлт гаргасан байх бөгөөд шүүгч хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж буй үйл явдал бичигджээ. Мөн хуралдаанд холбогдогч Л.Д, хохирогчийн өмгөөлөгч Ж.Э нар цахимаар оролцсон нь бичигдсэн байх бөгөөд өмгөөлөгч Ж.Э нь шүүгчид ханданнэг зөрчлийн хэргээс болж хэдэн удаа хурал хойшлох юм бэ, холбогдогч нь зүүмээр орчихоод хуралд өмгөөлөгч авж байна, өмгөөлөгч хайж байна , өмгөөлөгч авах, хайх боломжийг шүүх өглөө шүү дээ, хурлаа зарлачихаад наад хүнээ заалнаас нь оролцуулж болдоггүй юм уу, холбогдогч бол хуралдааны заалнаас оролцох ёстой шүү дээ гэж хэлэхэд,

Шүүх хуралдаан даргалагч холбогдогч Л.Д шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох ёстой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд өмгөөлөгч авах, нэмж авах, шинээр сонгох, солих шалтгаанаар 2-оос дээш удаа хуралдаан хойшлуулахыг хориглоно гэсэн заалттайгэж хэлсэн нь бичигдсэн байна. Харин өргөдөлд дурдсанчлан “шүүх хуралдааны үеэр хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь "...энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна..." гэж шүүгчид хандаж хэлэхэд тэрээр Ерөнхий шүүгч Б.Г нь "энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй" гэж  хэлсэн” гэх үйл явдал бичигдээгүй, шүүгч болон хохирогчийн өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны талаар харилцан яриа бичигдээгүй байх тул шүүгч хууль зүйн дүгнэлтээ урьдчилан хэлсэн, хууль зүйн зөвлөгөө өгсөн буюу сахилгын зөрчил гаргасан үзэхээргүй байна.

Тав: “......давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр магадлалд анхан шатны шүүх хэрэг хуваарилах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэснээс үзэхэд Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахаар байна. Түүнчлэн, ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авах, хуваарилах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын  4.1-т “Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан хэргийн хуралдааныг даргалах шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгч ...захирамж гаргаж албажуулсугай гэж, тус тогтоолын хавсралтын 3.1-т мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зөрчлийн хэргийг ирсэн минутын дарааллаар хүлээн авсан тэмдэглэгээ хийж, сугалаагаар үүсгэсэн тойргийн дарааллаар шүүгчид хуваарилна “ гэж зохицуулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т Ерөнхий шүүгч нь “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан хэргийн хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилохдоо Ерөнхий шүүгч захирамж гаргахаар, харин зөрчлийн хэргийг тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар зохицуулсан байх тул зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т, 17.3-т заасан зохицуулалтыг зөрчсөнд тооцогдохгүй гэж үзлээ.

Харин нэг зөрчлийн хэрэг өмнө шийдвэрлэсэн шүүгчид дахин хуваарилагдсан тухайд,

Л.Д-д холбогдох зөрчлийн хэрэг нь 2019 онд ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирснийг шүүгч А.М, шүүгч Б.М, Ерөнхий шүүгч Б.Г нар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу тус тус хянан шийдвэрлэсэн байна. Ерөнхий шүүгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554 дугаартай шийтгэврээр холбогдогч Л.Д-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсгийн 16.2-т зааснаар 20.000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж  шийдвэрлэснийг ...давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай магадлалаар шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхэд тус зөрчлийн хэрэг нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэд дахин хуваарилагджээ.

Үүнээс үзэхэд Ерөнхий шүүгч Б.Г нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дүгээр тогтоолын хавсралт “Шүүхэд хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын  хавсралтын 3.1-т мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зөрчлийн хэргийг ирсэн минутын дарааллаар хүлээн авсан тэмдэглэгээ хийж, сугалаагаар үүсгэсэн тойргийн дарааллаар шүүгчид хуваарилна “ гэж заасныг зөрчсөн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.22 “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.Б нь дээрх зөрчлийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.А-д хүлээлгэн өгсөн байна. Анхан шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийт 2 эрүүгийн хэрэг болон Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгчийн туслах Н.У-д хүлээлгэн өгч Давж заалдах шатны шүүхээр хянагдсан эрүүгийн хэргийн бүртгэлд гарын үсэг зуруулсан байна.  Ерөнхий шүүгчийн туслах Н.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт хүлээлгэн өгснөөр хэргийг Ерөнхий шүүгч Б.Г-д хуваарилжээ.

 Анхан шатны шүүхэд хөтлөгддөг прокуророос шилжүүлсэн зөрчлийн хэрэг, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт хүлээн авсан бүртгэл №20-д 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 5 зөрчлийн хэргийг шүүгч нарт хуваарилсан байх бөгөөд 6 хоногийн /Ажлын 4 хоног/ хугацаанд Монгол Улсын шүүхийн 19.2.2, 19.2.5-д заасан нөхцөлөөр хуваарилахаас санаатай зайлсхийж өөрийн туслах Н.У-аар дамжуулан зөрчлийн хэргийг өөрийн бүртгэлийн хуваарьт таарсан өдөр, цаг, минутад тааруулан мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хэргийг хүлээлгэн өгсөн санаатай үйлдэл гэж үзэв.

Тодруулбал, Ерөнхий шүүгчийн туслах Н.У-ын “Ерөнхий шүүгчид давж заалдах шатны шүүхээр хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухай бүх хэргийг танилцуулдаг  гэх мэдүүлэг болон Давж заалдах шатны шүүхэд хянагдсан зөрчлийн хэргийн бүртгэл №24-т Танилцсан шүүгчийн овог, нэр, гарын үсэг хэсэгт бүх хэрэгт Ерөнхий шүүгч Б.Г гарын үсэг зурсан, мөн Давж заалдах шатны шүүхэд хянагдсан хэргийн бүртгэл №4-т Танилцсан шүүгч, ...Ерөнхий шүүгчийн овог, нэр, гарын үсэг хэсэгт Ерөнхий шүүгч Б.Г гарын үсэг зурсан байдал зэргээс үзэхэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь давж заалдах шатны шүүхэд хянагдсан эрүүгийн болон зөрчлийн бүх хэргүүдтэй танилцдаг болох нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэргүүдтэй Ерөнхий шүүгч танилцахдаа шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу зөрчлийн хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авсан тэмдэглэгээ хийж, сугалаагаар үүсгэсэн тойргийн дарааллаар шүүгчид хуваарилахад хяналт тавих бүрэн боломжтой байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 14 цагт туслах Н.У нь хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгч, шүүгч өөртөө хуваарилуулсан нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд, Шүүгч Б.М-д холбогдох өргөдөлд дурдсан асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй, сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгч Б.М-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Ерөнхий шүүгч Б.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.22 “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1132 дугаар захирамжаар иргэн Л.Д-ын өргөдлөөр ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

            1.  Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Л.Д би өмнө нь зөрчлийн хэргийг нэг удаа шийдэж шийтгэвэр гаргасан шүүгч дахин зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ урьд шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлтээ өөрчилнө гэдэгт итгэлгүй, дахин шийтгэвэр ногдуулах үндэслэлтэй байх тул энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан өөрөө шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэх нөхцөл байдал тогтоогдсон учир Б.Г шүүгчээс миний өөрийн сонгож авсан өмгөөлөгч Г.Г болон миний бие өөрөө татгалзсан боловч татгалзлыг хүлээн авч шийдвэрлээгүй” гэж дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-т “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол”, 1.2-т “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол”, 1.3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол”, 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж заасан үндэслэл байгаа бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж заажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зөрчилд холбогдогч Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч А.М 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичиж ...давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг зөрчлийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Л.Д-д холбогдох зөрчлийн хэрэг нь анхан шатны шүүхэд буцан ирж шүүгч Б.М-д хуваарилагдсан. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЗШ/153 дугаар шүүхийн шийтгэврээр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэврийг Л.Д эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу ...давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЗШ/153 дугаар шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Үүний дараа Ерөнхий шүүгч Б.Г-д Л.Д-д холбогдох зөрчлийн хэрэг хуваарилагдсан. Шүүгч Б.Г нь  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554 дугаар шүүхийн шийтгэврээр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Тус шүүхийн шийтгэврийг эс зөвшөөрч холбогдогч Л.Д-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ...давж заалдах шатны шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалаар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/554 дугаар шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны буцаасан байна.

 Тус зөрчлийн хэрэг нь дахин Ерөнхий шүүгч Б.Г-д хуваарилагдан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЗШ/217 дугаартай шүүхийн шийтгэврээр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэжээ.

...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М, А.М нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд шүүгч А.М нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр сэлгэн ажиллахаар болсон.

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, гомдол, өргөдөл хүлээн авах, хуваарилах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3.2-т “Давж заалдах шатны шүүхээр хянагдаж хүчингүй болж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шүүгчээс бусад шүүгчид хуваарилна. Өөр шүүгч /шүүх бүрэлдэхүүн/ байхгүй тохиолдолд энэ журам хамаарахгүй” гэж заажээ.

...давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан Л.Д-д холбогдох зөрчлийн хэрэг нь Ерөнхий шүүгч Б.Г-д дахин хуваарилагдсан байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан шүүгч хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэхгүй.

            Тодруулбал, Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М, А.М нар нь Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг бүгд хянан шийдвэрлэсэн бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийтгэврүүд нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон тул шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй улмаас өмнө шийдвэрлэсэн шүүгчид дахин хуваарилагдаж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй.

            2. Өргөдөл гаргагч “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь "...энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна..." гэж шүүгчид хандаж хэлэхэд тэрээр Ерөнхий шүүгч Б.Г нь "энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй" гэж хохирогч гэх А-гийн өмгөөлөгч Б.Э-ын асуултад хариулт өгч өөрийн гаргах хууль зүйн дүгнэлтээ урьдчилан хэлж, улмаар өмгөөлөгч Б.Эд хуулийн зөвлөгөө өгсөн” гэжээ.

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Д д холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгч Б.Г даргалж, прокурор Х.Т, хохирогч Т.А, хохирогчийн өмгөөлөгч Т.Уянга, Б.Э, холбогдогч Л.Д /цахимаар/ нарыг оролцуулан зөрчлийн хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.

Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгээс үзвэл хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь өргөдөлд дурдсанчлан "...энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байна..." гэж шүүгчид хандаж хэлэхэд тэрээр Ерөнхий шүүгч Б.Гнь "энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй" гэж зөвлөгөө өгсөн гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна.    

            3. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “Тус шийтгэврүүдийг гаргахдаа тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалахдаа шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж гаргалгүйгээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн” гэжээ.

             Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М, А.М нар тус тус хянан шийдвэрлэсэн бөгөөд тус зөрчлийн хэрэгт шүүх хуралдаан даргалагч  шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүй байна.

            Ерөнхий шүүгч Б.Г“...Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд зөрчлийн хэргийн хувьд даргалагч томилох тохиргоо байхгүй тул даргалагч томилох тухай ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдах боломжгүй учраас ийм захирамж гаргадаггүй, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” болон шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмаар хэргийг хүлээн авсан шүүгч шийдвэрлэдэг жишиг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн практикт хэрэглэгдэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхүүдээс буруутгадаггүй тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна” гэх тайлбарыг ирүүлсэн.

            ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дүгээр “Хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авах, хуваарилах, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам батлах тухай” тогтоолын 4.1-т “Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан хэргийн хуралдааныг даргалах шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгч ...захирамж гаргаж албажуулсугай” гэж, тус тогтоолын хавсралтын 3.1-т “мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зөрчлийн хэргийг ирсэн минутын дарааллаар хүлээн авсан тэмдэглэгээ хийж, сугалаагаар үүсгэсэн тойргийн дарааллаар шүүгчид хуваарилна” гэж зохицуулжээ.

Түүнчлэн ...давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаар магадлалаар Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЗШ/217 дугаартай шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, тус магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан байх бөгөөд тус магадлалд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийг албажуулаагүйг хууль зөрчсөн гэж дүгнээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Илтгэгч гишүүний “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т Ерөнхий шүүгч нь “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсан хэргийн хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилохдоо Ерөнхий шүүгч захирамж гаргахаар, харин зөрчлийн хэргийг тухайн хэрэг хуваарилагдсан шүүгч даргалахаар зохицуулсан байх тул зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж гаргаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т, 17.3-т заасан зохицуулалтыг зөрчсөнд тооцогдохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нарыг “хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалахдаа шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж гаргалгүйгээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн” гэх өргөдлийн үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

4. Өргөдөл гаргагч “..Миний өөрийн сонгож авсан өмгөөлөгч Г.Г болон Л.Д би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Г-ээс татгалзсан ба 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай "Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт шийдвэрлэх тухай" Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан. Тус зөвлөгөөний тогтоолыг гаргахдаа Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.8 ,...хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: гэсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд байхгүй заалтыг удирдлага болгож хуульд заагдсан тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэжээ.

...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаар зөвлөгөөний тогтоолоор, Ерөнхий шүүгч Б.Г-ийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэж, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгосон. Тус шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 гэхийг 19.2.8 гэсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул шүүгч нар нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчөөгүй байна.

5. Өргөдөл гаргагч “Миний бие тус шүүхийн Ерөнхий шүүгчээс татгалзсан ба уг татгалзсаныг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхдээ Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Б.М нар оролцсон байх ба уг зөвлөгөөнд Б.М шүүгч дангаараа шийдвэрлэсэн болохоо зөвлөгөөний тогтоолдоо мөн заасан байна. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна” гэжээ. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зөрчилд холбогдогч Л.Д болон өмгөөлөгч Г.Г нар Ерөнхий шүүгч Б.Г-ээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗТ/16 дугаар зөвлөгөөний тогтоолоор дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч Б.Г нь тайлбар гаргах эрхтэйгээр оролцон, тайлбараа гаргасан байна.

             Монгол улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана”, 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 10.4 дүгээр зүйл 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ”,  4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ”, 7 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Ерөнхий шүүгчээс татгалзсан тохиолдолд уг татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хянан шийдвэрлэх бөгөөд тус шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч саналын эрхгүйгээр тайлбар гаргах боломжтойгоор оролцдог тул Ерөнхий шүүгч Б.Г 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд тайлбар гаргах эрхтэйгээр оролцон тайлбараа гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

6. Илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлтэд, “Ерөнхий шүүгч Б.Г нь ...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗТ/01 дүгээр тогтоолын хавсралт “Шүүхэд хэрэг, гомдол, хүсэлт, өргөдөл хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын  хавсралтын 3.1-т “мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зөрчлийн хэргийг ирсэн минутын дарааллаар хүлээн авсан тэмдэглэгээ хийж, сугалаагаар үүсгэсэн тойргийн дарааллаар шүүгчид хуваарилна” гэж заасныг зөрчсөн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл  ...давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ц.Б нь дээрх зөрчлийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ад хүлээлгэн өгсөн байна.

Анхан шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.А нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийт 2 эрүүгийн хэрэг болон Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгчийн туслах Н.Уд хүлээлгэн өгч Давж заалдах шатны шүүхээр хянагдсан эрүүгийн хэргийн бүртгэлд гарын үсэг зуруулсан байна.

  Ерөнхий шүүгчийн туслах Н.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт хүлээлгэн өгснөөр хэргийг Ерөнхий шүүгч Б.Гэд хуваарилжээ.

Шүүгчийн туслах Н.У гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Давж заалдах шатны шүүхээс оройтож олон хавтастай хэрэг ирсэн. Эртний юм болохоор сайн санахгүй байна. Миний хариуцлагагүй үйлдэл байх, ...Энэ хэргийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад эрүүгийн хэргүүд хүлээн авч гэж бодоод хугацаа тоолно гэж ойлгосон. Ингээд бүртгэл дээрээ бүртгэхэд Л.Д-ын хэрэг дунд нь байсан. Мэдсэн даруйд Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд өгсөн санагдаж байна” гэжээ.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Ж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Д-ын зөрчлийн хэрэг ирж Б.Г шүүгчид хуваарилсан. Зөвлөгөөний тогтоолын дарааллаар хуваарилсан. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирж, Б.Г шүүгчид хуваарилсан. Өмнө нь Т.О-д холбогдох зөрчлийн хэрэг А.М шүүгчид хуваарилагдсан учир дарааллын дагуу Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг Б.Г шүүгчид хуваарилсан. ...Тухайн хэрэг нь гурван шүүгч гурвуулаа энэ хэргийг шийдвэрлэсэн тул бүртгэлийн дэвтрээс харахад хамгийн сүүлд А.М шүүгчид зөрчлийн хэрэг хуваарилагдсан тул нэрсийн дарааллаар Б.Г шүүгчид хуваарилагдсан байна” гэжээ.

Дээрхээс үзвэл Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ерөнхий шүүгчийн туслах Н.У нь хүлээн авч, өөр дээрээ 6 хоног байлгасны дараагаар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус зөрчлийн хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд өгч хуваарилалтад оруулж байгаа нь тогтоогдож байх тул Ерөнхий шүүгч Б.Гийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т  “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчсөн гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй байна.

Түүнчлэн Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/51 дугаар тушаалаар “...эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Н.У нь ...давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг ирсэн даруйд Ерөнхий шүүгч Б.Г-д танилцуулаагүй, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгч, дахин шүүгчид хуваарилуулахгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 6 хоног сейфтээ хадгалж, хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тул түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан” байгааг дурдах нь зүйтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдуулан гаргасан нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.1.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.АРИУНТУЯА

 ГИШҮҮН                                      Ц.ДАВХАРБАЯР

 Б.СУГАР