info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-08

Дугаар 259

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, өргөдөл гаргагч Ж.О /ажиглагч/, холбогдох шүүгч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ж.О Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ... сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэгч Д.Б “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил 7 сар 18 хоногийн дараа болно. Хүсэлтийн үндэслэлээ “...Давж заалдах гомдол хүлээн аваагүй шүүгчийн үйлдлийг шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот магадлал, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн шүүгчийн үйлдлийг зөрчил гаргасанд тооцож 6 сарын хугацаанд шүүгчийн цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.Тус шүүхийн шүүгч Д.Б-ын гомдол гаргах хугацааг буруу тоолсон үйлдлээс шалтгаалан давж заалдах гомдлоо гаргаж чадаагүй эрх бүхий байгууллагаас тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ... сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэж өгнө үү” гэж тодорхойлжээ. Улмаар ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №000/Ш32021/00433 дугаар “Гомдол гаргах хугацааг сэргээх тухай” шүүгчийн захирамж гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3-т заасныг буруу хэрэглэж хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтдээ 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол тухайн хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан түүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй, нотолгоо баримтгүй хүсэлтийг шүүх хангах үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан нь давж заалдах гомдлын хугацааг буруу тооцож шийдвэр гаргасан шүүгчийн захирамж, тухайн үйлдэлд нь холбогдуулан гаргасан гомдол, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот магадлал, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 тоот Улсын дээд шүүхийн тогтоол бөгөөд магадлал, тогтоолыг хүсэлтэд нотлох баримтаар хавсарган өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан нь тухайн шүүгчийн ёс зүйн талаар гаргасан гомдол түүнийг шийдвэрлэсэн шийдвэрүүд юм, цаг хугацааны хувьд шүүгчийн буруутай үйлдлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тухайн тогтоолыг авсан даруй гомдлын хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гарган, шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн бол хариуцагчийн зүгээс маргах зүйлгүй, гэтэл тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хоёр жилийн дараа гомдлын хугацаа сэргээх хүсэлт гаргаж түүнийг шүүгч ханган шийдвэрлэж байгаа нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 23-аас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй хүндэтгэн үзэх учир шалтгаанаа мөн нотлох үүрэгтэй, шүүгч захирамж гаргахдаа тухайн асуудалд дүгнэлт хийх учиртай байтал ямар нэгэн нотолгоо баримтгүй хоёр жилийн хугацаанд дүгнэлт хийлгүй захирамж гарган шийдвэрлэсэн. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр хэтрүүлсэн этгээд эхний 2 жилийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн хэдий ч үлдэх 2 жилийн хугацааг ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснээ огт тайлбарлахгүй, нотлох баримт хавсаргаагүй байхад түүнийг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа нь эрх зүйн замбараагүй байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн зохигч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын хүсэлтээр нотлох баримтгүйгээр хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэвэл нэг хэргийг хэдэн арван жилээр шийдвэрлэдэг болно, үүний цаана зохигч талуудад эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол учрах бөгөөд үүнээс үүдэн гарах эдийн засгийн сөрөг үр дагавар маш өндөр юм. Тухайн захирамж гарснаар дууссан хэрэг эргэн сэргэж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нь тухайн захирамжийн шууд үр дагавар тул шүүгч өөрийн гаргах шийдвэрийн үндэслэл болох баримт сэлт түүнээс үүсэн бий болох хууль зүйн үр дагаврыг нягтлах ёстой атал бүхэл бүтэн 2 жилийн хугацааг ямар ч нотлох баримтгүйгээр гомдлын хугацаа сэргээж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотлох нотлох баримтгүй хүсэлтийг хангах үндэслэлгүй байхад шүүгч Г.Б нь хүсэлтийг хангаж Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн. Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч зөвхөн хуульд захирагдах бөгөөд зөрчсөн бол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг тус тус үндэслэн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчиж 2 жилийн хугацааг нотолсон нотлох баримт хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх шийдвэр гаргасан ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б-д сахилгын хэрэг үүсгэн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгч Г.Б-д сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “..Нэхэмжлэгч Д.Б нь ... сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 568 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. ... сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч ...Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байна. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... сум дахь сум дундын шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар хүсэлтийг хүлээж авахаас татгалзах тухай ерөнхий шүүгчийн захирамж гарсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас шүүгч Д.Б-д хандан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэлтийг гаргасан боловч ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас Д.Б шүүгчид хандан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай захирамж нь илт үндэслэл муутай байх тул өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэлтийг гаргасан боловч шүүгч Д.Б 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 000/Ш32018/00195 дугаар захирамжаар өмгөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ... сум дахь Сум дундын шүүхэд давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан ба ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000/Ш32021/00433 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацааг дараах үндэслэлээр сэргээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.Б-аас шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Д.Б-д холбогдуулан гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр Магадлалаар шүүгч Д.Б-д 6 сар 30 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0000 дүгээр магадлалаар: Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0000 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон, шүүгч нь хуульд зааснаар хэргийн оролцогчийн үндсэн эрх болох давж заалдах эрхийг нь хязгаарлах, тэднээс гаргасан гомдолд хайхрамжгүй хандах эрхгүй юм гэж дүгнэсэн байна. Шүүгч Г.Б миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон, шүүгч нь хуульд зааснаар хэргийн оролцогчийн үндсэн эрх болох давж заалдах эрхийг нь хязгаарласан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн болно” гэжээ.

Шүүгч Г.Б Сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан, мөн Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон, нэн ялангуяа Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн бүс нутаг болох ...нутаг дэвсгэрийн хэмжээнд /ногоон бүс гэж зарлан хатуу хөл хорио тогтоосон/ Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, ...Засаг даргын удаа дараагийн шийдвэрүүд гарч хатуу хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан үзэж шүүгч Г.Б би хэрэгт авагдсан баримт болон бодит нөхцөл байдалд нийцүүлэн өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлаж хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхтэй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.4-т “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” зэрэг шүүхийн эрхэм зорилгод тус тус нийцсэн гэж үзэж байна. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ. Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон энэ үед ... сум дахь сум дундын шүүхийн ажилтан, албан хаагчдаас Коронавирусын халдвар илэрч тодорхой хугацаанд шүүхэд хөл хорио тогтоосон, мөн шүүхийн ажлын цагийг богиносгосон зэрэг арга хэмжээг авч шийдвэрлэж байсан болно. Шүүгч Г.Б миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй болно” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “..Нэхэмжлэгч Д.Б нь дээр дурдсан Шүүхийн ёс зүйн хорооны магадлал болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хавсарган  2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан байх ба ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 433 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн шүүгчийн үйлдлийг ёс зүйн зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолоор нотлогдож байна...” гэж дүгнээд ... сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн, энэ захирамжийг гаргасан шүүгч Г.Б-д холбогдуулан хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч гомдол гаргаж, үндэслэлээ “...хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр хэтрүүлсэн этгээд эхний 2 жилийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн хэдий ч үлдэх 2 жилийн хугацааг ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлснээ огт тайлбарлахгүй, нотлох баримт хавсаргаагүй байхад түүнийг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа нь эрх зүйн замбараагүй байдлыг бий болгож байна” гэж тодорхойлсон.

Илтгэгч гишүүний 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 124 дүгээр саналд “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа энэ тохиолдолд иргэн Д.Б-ийн эрхийг хангаж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.4 “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”  гэж заасан шүүхийн эрхэм зорилгод нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй...” гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 152 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаахдаа “...Улсын дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч гардан авснаас хойш гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах хүртэл хугацаанд ... сум дахь Сум дундын шүүх гомдол хүлээн авах, нэхэмжлэгч нь тус шүүхэд гомдол гаргах боломжтой байсан эсэх, үүнд эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоосон шийдвэр хэрхэн нөлөөлсөн, уг нөхцөл байдлыг шүүгч хүсэлт шийдвэрлэхдээ харгалзан үзсэн эсэхийг тодруулснаар шүүгч зөрчил гаргасан эсэхийг дүгнэх боломжтой...” гэжээ. Иймд шалгах ажиллагааг дахин явуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг тогтооход чиглүүлэв.

Нэхэмжлэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Э.Х нар нь Коронавируст халдвар (КОВИД-19), цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон байсан тул шүүхэд хүсэлтээ гаргах боломжгүй байсан талаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолоор шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахыг, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөтөлбөрийн агуулгаар сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах арга хэмжээ авахыг, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан болон тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино, үзвэрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгажээ.

Ингээд Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж улсын хэмжээнд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн байх ба 2020 оны

-02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор 03 дугаар сарын 30,

-3 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор 04 дүгээр сарын 30,

-4 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар тогтоолоор 05 дугаар сарын 31,

-5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор 06 дугаар сарын 30,

-6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор 07 дугаар сарын 15,

-7 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 07 дугаар сарын 31,                      

-7 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор 08 дугаар сарын 31,

-8 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тогтоолоор 09 дүгээр сарын 15,

-9 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоолоор 10 дугаар сарын 31,

-10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор 12 дугаар сарын 31,

-12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,

2021 оны

           -3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор 04 дүгээр сарын 30,

-5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор 06 дугаар сарын 30,

-6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор 08 дугаар сарын 31,

-8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тус тус улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан,

-2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194, 12 дугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор  улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл,

-2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл, 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл,

-2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл, 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус тус шилжүүлж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарах тул нотлох шаардлагагүй.

Дээрх хугацаанд иргэд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтын дагуу 06:00-22:00 цагийн хооронд оролцох, шаардлагатай тохиолдолд асуумж өгч хот хооронд зорчих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа бол, товчооны гадна ажиллаж, амьдардаг хүн байнга оршин суугаа газрын баг, хорооны тодорхойлолтын дагуу, хязгаарлалтад хамаарахгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн холбогдох бичиг баримттай авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхээр, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчих хөдөлгөөн болон үйлчилгээ авахдаа өрхийн нэг гишүүн зөвшөөрсөн үйлчилгээг гэрийн хамгийн ойр цэгээс авах, QR код уншуулах, оршуулгын үйл ажиллагаанд зөвхөн гэр бүл, хамаатан садны хүмүүс оролцохоор, эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай тохиолдолд автомашинаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүн а13, б13 маягттай бол хот хоорондын нийтийн тээврээр зорчихоор, эдгээрээс бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглож байсан.

 Түүнчлэн, орон нутгийн хэмжээнд ...Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/191 дүгээр захирамжаар 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг хүртэл, 02 дугаар сарын 26-ны өдрийн А/192 дугаар захирамжаар 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг хүртэл, 3 дугаар сарын 10-ны өдрийн А/228 дугаар захирамжаар 3 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл, 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1361 дүгээр захирамжаар 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цаг хүртэл, 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1366 дугаар захирамжаар 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагаас 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/369 дүгээр захирамжаар 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 цаг хүртэл, 06 дугаар сарын 11-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар 06 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагаас 6 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг хүртэл тус тус хот хоорондын болон аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлээр зорчих иргэд, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан нь шүүгч Г.Б-ийн ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, 120.3-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ “...шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон, шүүгч нь хуульд зааснаар хэргийн оролцогчийн үндсэн эрх болох давж заалдах эрхийг нь хязгаарлах, тэднээс гаргасан гомдолд хайхрамжгүй хандах эрхгүй...” гэж дүгнэсэн.

Дээрхийг нэгтгэвэл, гомдолд дурдагдсан 2019-2021 оны хооронд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байсан цаг хугацааг хамаарч байгаа бөгөөд ийнхүү иргэд чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байсан цаг хугацааг болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох давж заалдах эрхийг хязгаарласан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож  давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.4 “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”  гэж заасан шүүхийн эрхэм зорилгод нийцжээ. Иймд шүүгч Г.Б нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэн, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ж.О-оос ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Д.Б-аас “Х” ХХК-д холбогдуулан гаргасан “шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шүүгч Д.Б хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Б-аас давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүгч Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжаар, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар захирамжаар, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр захирамжаар, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШЗ2018/00195 дугаар шүүгчийн захирамжуудаар тус тус давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь шүүгч Д.Б-д холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан байх бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлалаар шүүгч Д.Б-д 6 сар 30 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг шүүгч Д.Б эс зөвшөөрч гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0000 дүгээр магадлалаар Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг хүчингүй болгож, ...сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Уг магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Б хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолоор “...шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.6-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг удаа дараа хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон, шүүгч нь хуульд зааснаар хэргийн оролцогчийн үндсэн эрх болон давж заалдах эрхийг хязгаарлах, тэднээс гаргасан гомдолд хайхрамжгүй хандах эрхгүй” гэж дүгнэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/ЁМ2019/0000 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б-аас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасны дагуу ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШЗ2021/00433 дугаар захирамжаар “..нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн шүүгчийн үйлдлийг ёс зүйн зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор нотлогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэжээ.

            Өргөдөл гаргагч Ж.О “...хүндэтгэн үзэх шалтгаан нь тухайн шүүгчийн ёс зүйн талаар гаргасан гомдол түүнийг шийдвэрлэсэн шийдвэрүүд юм, цаг хугацааны хувьд шүүгчийн буруутай үйлдлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч тухайн тогтоолыг авсан даруйд гомдлын хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гарган шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн бол хариуцагчийн зүгээс маргах зүйлгүй болно. Гэтэл тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хоёр жилийн дараа гомдлын хугацаа сэргээх хүсэлт гаргаж түүнийг шүүгч хангаж шийдвэрлэж байгаа нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна” гэж өргөдөлдөө дурджээ.

Шүүгч Г.Б “...Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон, нэн ялангуяа Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн бүс нутаг болох ...нутаг дэвсгэрийн хэмжээнд /ногоон бүс гэж зарлан хатуу хөл хорио тогтоосон/ Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, ...Засаг даргын удаа дараагийн шийдвэрүүд гарч хатуу хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримтыг харгалзан үзэж шүүгч Г.Б би хэрэгт авагдсан баримт болон бодит нөхцөл байдалд нийцүүлэн өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлаж хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Д.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг ирүүлсэн.

Монгол улс хийгээд Дэлхийн улс орон бүрт 2019 оноос Ковид-19 цар тахал гарч эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнээс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл бүх нийтийн болон хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан. Мөн хугацаанд ...Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Цар тахалтай холбоотойгоор хөл хорио хийгээд холбогдох арга хэмжээ авч байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Э.Х нар нь Коронавируст халдвар (КОВИД-19), цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон байсан тул шүүхэд хүсэлтээ гаргах боломжгүй байсан талаар сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ дурджээ.

 Түүнчлэн илтгэгч гишүүн “...гомдолд дурдагдсан 2019-2021 оны хооронд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байсан цаг хугацааг хамаарч байгаа бөгөөд ийнхүү иргэд чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байсан цаг хугацааг болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох давж заалдах эрхийг хязгаарласан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.4 “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”  гэж заасан шүүхийн эрхэм зорилгод нийцжээ” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхийг хуульчилж өгсөн байх тул шүүгч Г.Б-ийг  “хоёр жилийн дараа гомдлын хугацаа сэргээх хүсэлт гаргаж түүнийг шүүгч хангаж шийдвэрлэж байгаа нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

             Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Д.АРИУНТУЯА

 ГИШҮҮН                                                 Г.ЦАГААНЦООЖ

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН