info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-23

Дугаар 249

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

“НС” ХХК, “Б” ХХК нараас ... шүүхийн шүүгч Б.Т, Д.О, Н.Х нарт холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1..7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан ба өргөдөл гаргагч нар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанаар 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцээд, 1..5 дугаар тогтоолоор гишүүний сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1..0 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагчаас “... давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас 78 хоногийн дараа шийдвэрлэсэн, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчтой үгсэн тохиролцож, илтэд зохион байгуулалттайгаар томилогдож, хууль бус шийдвэр гаргасан, шүүгч Д.О-ийн шүүх хуралдааны явцад асууж байгаа асуулт, гаргасан хандлага нь гуравдагч талд ашигтай байдлаар хөтөлсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /хэргийн 2-4 дүгээр тал/

            Нэг. Хууль бус бүрэлдэхүүн томилогдсон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, “НС” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй НИТХТ-чид, НИТХ, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн өмч хувьчлалын комисст холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1../ШШ2021/0..1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 116-132 дугаар тал/

            Уг шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0..3 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалгаагаар томилох” журмын дагуу шүүгч Д.О-д хуваарилагджээ.

            2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4..0 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Д.О нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Д-г томилсон шийдвэрийг шүүгч Б.Т албажуулжээ. /хэргийн 67, 68 дугаар тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ.” гэж заасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/2..5 дугаар албан бичигт “...тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувийн бүрдүүлбэрээс харахад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл нийт 46 ерөнхий шүүгчийн захирамжийг тухайн шүүхийн шүүгч, одоогийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Б.Т албажуулсан” талаар дурджээ. /хэргийн 177 дугаар тал/ Холбогдох шүүгч нарын сахилгын хороонд гаргасан тайлбар болон дээрх албан бичгээс үзвэл 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б түр эзгүй байсан байна.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/..3 дугаар тушаал, түүний хавсралтаас үзэхэд тус шүүхийн хамгийн олон жил шүүгчээр ажилласан шүүгч Б.Т болох нь тогтоогдож байна. /хэргийн 173,174 дүгээр тал/ Иймд Б.Т нь Ерөнхий шүүгчийн түр эзгүйд хуульд заасны дагуу түүнийг орлож тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0..3 дугаар Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу дээрх хэрэгт бүрэлдэхүүн томилжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч Б.Т нь хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1127 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байгаатай холбогдуулан түүний түр эзгүйд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг шүүгч Б.Т-аар орлон гүйцэтгүүлж байжээ. /хэргийн 167 дугаар тал/

Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1..6 дугаар зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүснэгтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтооход баримтлах журам, шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн томилох хүснэгт ашиглах заавар”-ыг баталж, шүүх хуралдааны даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс хуваарилсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т зааснаар захирамж гарган албажуулахыг Ерөнхий шүүгчид даалгаж, дээрх журам, зааврыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин шинэчлэн батлах хүртэл дагаж мөрдөхөөр тогтжээ. /хэргийн 49,50 дугаар тал/

Дээрх зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтооход баримтлах хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5..2 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, шүүгч Д.О /илтгэгч гишүүн/ нарыг шүүх хуралдаан даргалагчаас Б.Т-ыг томилжээ. /хэргийн 96 дугаар тал/ Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5, 19.3, 20 дугаар зүйлийн 20.2.4 гэж заасан нийцсэн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас 78 хоногийн дараа шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1..2 дугаар зөвлөгөөний тогтоолоор дээрх хэргийн хугацааг 10 хоногоор сунгасан байна. /хэргийн 63 дугаар тал/ Улмаар, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 2, гуравдагч этгээдээс 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг тус тус хангасантай холбоотойгоор нийт 4 удаа хойшилж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарчээ.

Тодруулбал, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н-аас өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг хангаж мөн өдрийн 4..7 дугаар шүүгчийн захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө-аас өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг хангаж мөн өдрийн 501 дүгээр шүүгчийн захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Х нараас хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж мөн өдрийн 623 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хойшлуулжээ. /хэргийн 71-83 дугаар тал/

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө-ын өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж, мөн өдрийн 2..5 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хэргийн 94,95 дугаар тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 22 дугаар зүйлийн 22.3-т “...хэргийн оролцогч, гуравдагч этгээд шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж, 96 дугаар зүйлийн 96.1-д “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж, 96.2-т “...шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасан. Ийнхүү холбогдох шүүгч нар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн, хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан нь өргөдөлд дурдсанчлан, хэргийн оролцогчийн нэг талтай үгсэн хуйвалдсан, нууц тохироотой байсан гэх үндэслэл болохгүй. Нөгөө талаар, шүүх хуралдааныг хойшлуулсанд шүүх бүрэлдэхүүн буруутай гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гурав. Өргөдөлд “...шүүгч Д.О шүүх хуралдааны явцад асууж байгаа асуулт, гаргасан хандлага нь гуравдагч этгээдэд ашигтай байдлаар хөтөлж явуулсан” гэж, гишүүний захирамжид гаргасан гомдолдоо “...шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар хэлэх боломжийг хязгаарласан, дундаас нь тасалж, загнаж, мэтгэлцэх, тайлбар хийх эрхийг ноцтой зөрчсөн” гэжээ.

Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлээс үзвэл тус өдрийн шүүх хуралдаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.” гэж заасны дагуу явагдсан байна.

Тодруулбал, Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн СД-ний шүүх хуралдаан фолдерт “mainfeed_dual_768-2” нэртэй бичлэгийн 0:08:03-0:32:04 минутад илтгэгч шүүгч Д.О-аас давж заалдах гомдолтой холбогдуулж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэргийн үйл баримтыг тодруулсан агуулгатай асуултуудыг асууж, хариултыг авсан байх ба гуравдагч этгээдийн тайлбарыг зөвтөгсөн, дэмжсэн үг хэллэг хэрэглээгүй буюу хоолойны өнгө, хөдөлгөөний байдал зэрэг нь шүүх хуралдааны оролцогч нартай тэгш бус хандсан гэх байдлыг илэрхийлээгүй байна.

Шүүх Үндсэн хуулийн,,,,, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн,,,,, гэж тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хуулиар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоосноор хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл бүрддэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”гэж зааснаар  захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай. Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хуулийн дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогчийн аль ч талаас болсон үйл баримтын талаар асууж, тайлбар авах эрхтэй ба энэ нь нэг талд давуу байдал олгож, нөгөө талын эрхийг хязгаарласанд тооцогдохгүй.

Дөрөв: Өргөдөлд "...хууль бус шийдвэр гаргуулж, бидний эрх ашигт халдсан ...” гэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 133-151 дүгээр тал/.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. Уг эрхээ эдэлж нэхэмжлэгч “НС” ХХК-ийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4..5 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хэргийн 151-158 дугаар тал/ Дээрх тогтоолоос үзвэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгосон байна. Харин хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, талуудын мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгоогүй байна. Ийнхүү дээд шатны шүүхээс магадлалыг хянаж хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь давж заалдах журмаар хэргийг хянасан шүүх бүрэлдэхүүн бусдын нөлөөнд орж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Ийнхүү захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүх бүрэлдэхүүн даргалагчийг томилж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос /нэхэмжлэгч болон гуравдагч этгээд/ удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар  2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэхдээ өргөдөлд дурдсан сахилгын хэрэгт тооцогдох зөрчлийг шүүх бүрэлдэхүүн гаргасан гэх үйл баримт цугласан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Шүүгч Б.Т, Н.Х, Д.О нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэнд хамаарахгүй тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Т, Д.О, Н.Х нар гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүх бүрэлдэхүүн томилогдсон тухайд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3..7 дугаар захирамжаар “НС” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Д.О нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Д-г томилсон шийдвэрийг Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаар Ерөнхий шүүгч Д.Б-ын эзгүйд Б.Т шүүгч тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б-ын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5..2 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, илтгэгч шүүгчээр Д.О, даргалагч шүүгчээр Б.Т-ыг тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1..6 дугаар тогтоолыг үндэслэн шинэчлэн томилсон байна. Энэ нь тус шүүх нь Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасны дагуу Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүх хуралдааны даргалагч болон шүүх бүрэлдэхүүний дарааллыг улирал тутам санамсаргүй буюу сугалааны журмаар шинэчлэн өөрчилж баталдагтай холбоотой бөгөөд 1 дүгээр улирлын багц шүүгч нар 2 дугаар улиралд өөрчлөгддөг журамтай. Уг өөрчлөгдсөн дарааллын дагуу даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч мөн адил өөрчлөн томилогдог нь Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5, 19.3-д заасанд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-д энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчсөн үйлдэл биш юм.                             

Хоёр. Шүүх хуралдаан хойшилсон тухайд: Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4..0 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар товлосон боловч “НС” ХХК-ийн захирал Т.Н-ийн “өмгөөлөгч өвчтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, “УР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч Д.Э нь цаашид өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй болсон, өмгөөлөгч Б.Ц-ийн аав нас барсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлтээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, "Б” ХХК-ийн захирал А.Д шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Б-ийг авсан хэргийн материалтай танилцах боломжоор хангах, “УР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгч шинээр авсан шүүх хуралдаан давхацсан, хэргийн материалтай танилцах” хүсэлтүүдийг тус тус гаргасан тул 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, “УР” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч У.Х-ээс татгалзсан, шинэ өмгөөлөгч авах хүсэлттэй гэсэн үндэслэлээр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Шүүгчийн захирамжаар тус тус хойшлуулсан байна. Ийнхүү шүүх хуралдааныг хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч удаа дараа хойшлуулсан нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах, тэднийг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр хангах, мэтгэлцэх боломжийг олгох зорилгыг хангах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан зарчим, журмын хүрээнд явагдсан, хууль, журам зөрчөөгүй, шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн энэхүү тайлбарын нэг дэх хэсэгт дурдагдсан шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болсон боловч шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь мөнхүү тайлбарт дурдагдсан хууль, журмын хүрээнд явагдсан тул шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, шүүгч бид хэргийн аль нэг талын оролцогчтой үгсэн тохирч шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн ёс зүйн зөрчил гаргаагүй.

Гурав. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бидний гомдолд хариу тайлбар хийх боломжийг хязгаарласан, үндэслэл тайлбарыг бүрэн гүйцэд сонсоогүй, дундаас нь тасалж, тэр чинь тийм, энэ чинь тийм, тэгээд тэрийг битгий ярь гэх мэтээр загнаж, бидний шүүхэд мэтгэлцэх, тайлбар хийх зэрэг эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх гомдлын тухайд:

Тухайн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ өдөр нийт 18 шүүх хуралдаан зарлагдсан. Хуралдаан өдрийн 13 цаг 09 минутад эхлээд 15 цаг 32 минутад дууссан ба 10.30 минутад зарласан хурлын 9 дэх хурал байсан. Дараа нь 13.30-д зарласан 4 хурал, 15.30-д зарласан 5 хурал, нийт 9 хурал үргэлжлэн хуралдах байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болно. Давж заалдах шатны шүүх хуралдаан нь ойролцоогоор 30 минутаас 1 цаг гаран үргэлжилдэг, энэхүү хурал нь 2 цаг 31 минут үргэлжилсэн ба шүүх бүрэлдэхүүн аль болох хэргийн оролцогчдыг дэгийн дарааллын дагуу тайлбар хэлүүлэх асуулт асууж, хариулт авах боломжоор хангаж хуралдсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “НС” ХХК-ийн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгч “НС” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч НИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комиссын өмгөөлөгч А.Н, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын НӨАУГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Ө нарыг оролцуулсан олон оролцогчидтой хуралдаан байсан бөгөөд Хуралдаан даргалагч, болон шүүх бүрэлдэхүүний зүгээс ашиг сонирхол нэгтэй оролцогчид нь хэлсэн зүйлээ давхардуулж хэлэх, дахин давтах зэрэг асуудлыг зогсоох арга хэмжээ авч байсан болохоос биш тайлбар хэлэх, асуултад хариулах, нэмэлт тайлбар хэлэх боломжийг зүй бусаар хязгаарлаагүй, бүрэн хангаж байсан болно. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан хэрэг огт биш бөгөөд харин хуралдааны дэг сахиулах хүрээнд ... шаардлага тавих үүргээ биелүүлсэн” явдал юм.

Уг хэрэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ирж, шүүгч Д.О-д программаар системээс хуваарилагдаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1..2 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж, шүүх хуралдааныг хуулийн хугацаанд зарлан хуралдуулсан. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийн материал болон талуудын тайлбар, мэдүүлгийг үндэслэн өөрсдийн дотоод итгэлийн үндсэн дээр хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогчид хардах эрхийн хүрээнд уг гомдлыг бичсэн гэж ойлгож байна. Харин шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчид уг объектын хувьчлалын талаар 17 жил шүүхээр маргасныг үгүйсгээгүй бөгөөд өмнө шийдвэрлэгдсэн анхан болон давж заалдах шатны, мөн Улсын дээд шүүхийн тогтоолуудын зарим үндэслэлд тусгагдсан нэхэмжлэгчийн маргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болохоос биш гомдолд дурдсан шиг хэргийн оролцогчдыг ялгаварлан үзэх, хэргийн оролцогч нартай хууль бусаар үгсэн тохиролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль бусаар нөлөөлөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу хэрэгт авагдсан баримтад шүүхийн зүгээс өөрийн дотоод итгэлээр үнэлэлт дүгнэлт өгч хамтын зарчмаар шүүн хэлэлцэж, хэргийг шийдвэрлэсэн, хэргийн нэг талд үйлчлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үг, үйлдэл гаргаж, ёс зүйн зөрчил гаргаагүй.

Мөн гомдол гаргагчийн "... хууль бус шийдвэр гаргуулсан ...” гэх гомдолд дурдсан үндэслэл нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах үндэслэлгүй. Учир нь, хэргийн оролцогч нь “шүүхийн шийдвэр, хуульд нийцээгүй” гэж үзэж байгаа тохиолдолд дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй, давж заалдах шатны шүүх тус шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлээд гаргасан шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн тал нь Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тодорхой тайлбарласан, хэргийн оролцогчдын энэ талаарх эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгч талаас ч энэ талаар гомдлоо гаргаж, эрхээ эдэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явагддаг, энэхүү хэргийн шүүх хуралдаан ч мөн адил хуульд заасны дагуу хэргийн оролцогчид тайлбараа гаргасны дараа шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн зүйлийг асууж тодруулах хэлбэрээр явагдсан.

Шүүгч нарын зүгээс тодруулах ёстой гэж үзсэн асуултаа асуух эрхтэй бөгөөд асуусан асуулттай нь холбогдуулж, нэг талд үйлчилсэн, яриаг тасалсан, бүрэн сонсоогүй, хуульд заасан шүүх хуралдаан явуулах дэг журам, дарааллыг санаатай зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаагаа дахин бичих нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч нь “...давж заалдах шатны шүүх хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй 78 хоногийн дараа шийдвэрлэсэн; шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчтой үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар томилогдон, хууль бус шийдвэр гаргасан; илтгэгч шүүгч Д.О-ийн шүүх хуралдааны явцад асууж байгаа асуулт, шүүгчийн гаргаж байгаа хандлага нь гуравдагч этгээдийн талд илэрхий ашигтай байдал үүсгэхээр хөтлөн явуулсан” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй 78 хоногийн дараа шийдвэрлэсэн гэх тухайд:

Өргөдөл гаргагч “НС” ХХК-ийн захирал Т.Н, “Б” ХХК-ийн захирал А.Д нар нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...давж заалдах шатны шүүх хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй, хэргийг хүлээн авснаас хойш 78 хоногийн  дараа шийдвэрлэсэн, үүгээр зогсохгүй энэ хугацаанд чухам яагаад шүүх хуралдаан товлохгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг зайлшгүй сунгах үндэслэл, баримт байсан эсэх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулсан” гэж дурджээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “НС” ХХК, “Б” ХХК нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НИТХТ-чид, НИТХ,  Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Өмч хувьчлах комисс нарт холбогдуулан НИТХТ-чидийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр “БСҮ төвийн “Ж” блокийн 1220 м.кв талбай бүхий байрыг хувьчлах тухай” тогтоол, мөн комиссын 2020 онц 7 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар тогтоол, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “УР” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” болон Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “УР” ХХК-д олгосон Өмчийн эрхийн 0../2020 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай үндсэн шаардлагатай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “УР” ХХК-ийн НИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/..1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1, 2, 3 дах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Жагсаалтын агуулгыг зөвтгөж гаргахгүй байгаа нь НИТХ-ын эс үйлдэхүй болохыг тогтоолгох, уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг НИТХ-д даалгуулах тухай шаардлага гаргасныг тус анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаараа хэлэлцээд, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1../ШШ2021/0..1 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч нийслэлийн Өмчийн хувьчлах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, түүний өмгөөлөгч А.Н, НИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд “УР” ХХК-ийн төлөөлөгч У.Б нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Т, илтгэгч шүүгч Д.О, шүүгч Н.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нэхэмжлэгч ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “хариуцагч энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрхтэй”, 22 дугаар зүйлийн 22.3-т “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 96 дугаар зүйлийн 96.1-д “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ”, 96.2-т “...шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1..2 дугаар тогтоолоор дээрх захиргааны хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 10 хоногоор сунгасан байх ба шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

  • Нэхэмжлэгч “НС” ХХК-ийн захирал Т.Н “тухайн захиргааны хэрэгт өмгөөлөгч Ш.Э-ийг оролцуулах хүсэлттэй байх тул шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4..7 дугаар захирамжаар хангаж,
  • Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө “өмгөөлөгчтэйгөө оролцох тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5..1 дүгээр захирамжаар хангаж,
  • Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б “шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Х “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 3  дугаар сарын 16-ны өдрийн 6..3 дугаар захирамжаар хангаж,
  • Гуравдагч этгээд “өмгөөлөгч У.Х-ээс татгалзаж байгаа тул шинэ өмгөөлөгч авч, өмгөөлүүлэх эрхээ хангуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж, шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2..5 дугаар тогтоол тус тус гаргаж байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас 2 удаа, гуравдагч этгээдээс 3 удаа “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг тус тус хангаж, нийт 4 удаа хойшилуулж байсан байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэргийн оролцогчийн холбогдох баримтуудыг үндэслэн хуулиар олгогдсон эрхийнх нь хүрээнд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж байсныг өргөдөлд дурдсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай  удаашруулсан” гэж үзэхгүй.

2. Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчтой үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар томилогдон, хууль бус шийдвэр гаргасан гэх тухайд:

      Өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө: “...давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг урьдаас хэргийн оролцогчтой үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар шүүх бүрэлдэхүүнийг тохируулж, өөрсдөд хурал хийх ашигтай нөхцөлийг зориуд бий болгож, хууль бусаар хэргийг шийдвэрлэсэн” гэж дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0..3 дугаар “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалгаагаар томилох журам батлах тухай” тогтоолын дагуу хэргийг анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.О-д хуваарилсан байна.  

            Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4..0 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлаж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, Д.О нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Д-г томилсон шийдвэрийг шүүгч Б.Т албажуулжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүгч нарын хариу тайлбараас үзэхэд шүүгч Б.Т тус шүүхийн  хамгийн олон жил ажилласан шүүгч болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ө-ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/..3 дугаар тушаалаар тогтоогдож байх ба 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б-ын түр эзгүйд шүүгч Б.Т түүний албан үүргийг орлон гүйцэтгэж байсан байна.

Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/2..5 дугаар албан бичигт “...тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувийн бүрдүүлбэрээс харахад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл ерөнхий шүүгчийн нийт 46 захирамжийг тухайн шүүхийн шүүгч, одоогийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Б.Т албажуулсан” гэснээр тус тус тогтоогдож байна.

Мөн Ерөнхий шүүгч Д.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1..7 дугаар захирамжаар Ерөнхий шүүгчийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байгаатай холбогдуулан түүний түр эзгүйд Ерөнхий шүүгчийн үүргийг шүүгч Б.Т-аар орлон гүйцэтгүүлж байсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгч Б.Т нь Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг  орлож, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0..3 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу дээрх захиргааны хэрэгт бүрэлдэхүүн томилж, хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн тул “зохион байгуулалттайгаар шүүх бүрэлдэхүүнийг тохируулсан” гэж үзэхгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Ерөнхий шүүгч хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй” гэж заасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох журам”-ыг баталж, уг журам, зааврыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин шинэчлэн батлах хүртэл дагаж мөрдөхөөр тогтжээ.

Дээрх зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалал тогтооход баримтлах хэсгийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 562 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Х, шүүгч Д.О /илтгэгч шүүгч/ нарыг шүүх хуралдаан даргалагчаас Б.Т-ыг томилсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5, 19.3, 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасантай нийцсэн байна.

Иймд Ерөнхий шүүгч Б.Т, шүүгч Д.О, Н.Х нарыг “өөрсдөд хурал хийх ашигтай нөхцөлийг зориуд бий болгосон” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчдийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7-д “төлөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй”, 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт “магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар магадлалыг нэхэмжлэгч “НС” ХХК-ийн төлөөлөгч эс зөвшөөрч, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 4..5 дугаар тогтоол гарч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, “НС” ХХК, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн сахилгын хороонд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 Иймд өргөдөл дурдсанчлан “шүүх бүрэлдэхүүнийг хууль бусаар томилон, хэргийг шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Илтгэгч шүүгч Д.О-ийн шүүх хуралдааны явцад асууж байгаа асуулт, шүүгчийн гаргаж байгаа хандлага нь гуравдагч этгээдийн талд илэрхий ашигтай байдал үүсгэхээр хөтлөн явуулсан гэх тухайд:

     Өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө “...илтгэгч шүүгч Ц.О-ийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдоос асууж байгаа асуулт, гаргаж байгаа хандлага зэрэг нь гуравдагч этгээд “УР” ХХК-ийн талд илэрхий ашигтай байдал үүсгэхээр хөтлөн явуулсан...” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “mainfeed_dual_768-2” нэртэй бичлэгийн 0:02:27-0:38:02 минутад илтгэгч шүүгч Д.О хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэргийн үйл баримтыг тодруулсан агуулгатай асуултуудыг асууж, хариултыг авчээ.

Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүгч Д.О гуравдагч этгээдэд ашигтай байдал үүсгэхээр үг хэллэг хэрэглэсэн, тайлбарыг зөвтгөсөн, дэмжсэн үг хэллэг хэрэглээгүй буюу хоолойн өнгө, биеийн хэлэмж зэрэг нь шүүх хуралдааны оролцогчидтой тэгш бус хандсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7 дахь хэсэгт “илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2..5 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, гишүүний шалгах ажиллагааны хүрээнд шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл тухайн өдрийн шүүх хуралдааныг хуульд заасны дагуу явагдсан гэж үзнэ. 

Шүүх холбогдох хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоосноор, шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргадаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан.

Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хуулийн дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогчийн аль ч талаас болсон үйл баримтын талаар асууж, тайлбар авах эрхтэй тул шүүгч Д.О-г “нэг талд давуу байдал олгож, нөгөө талын эрхийг хязгаарлан, илэрхий ашигтай байдал үүсгэхээр шүүх хуралдаанд хөтлөн асуусан” гэж үзэхгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагч “НС” ХХК-ийн захирал Т.Н, “Б” ХХК-ийн захирал А.Д нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөсөө 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татгалзжээ.

Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт “энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасан тул сахилгын хэргийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

     Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Т, Д.О, Н.Х нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж  бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1..0 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.Т, Д.О, Н.Х нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                      Х.ХАШБААТАР

Г.ЦАГААНЦООЖ