info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-22

Дугаар 266

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр Д.Мягмарцэрэн, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал, ажиглагчаар өргөдөл гаргагч “ДН” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд 2022 оны 12 дугаар сарын 22 өдрийн 10 цаг 05 минутаас нээлттэй явуулав. 

“ДН” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-д холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн хүлээн авч хянаад, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1..3 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1..8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“...Өргөдөл гаргагчийн өргөдөлд шүүгч И.Г өөрийн туслах Ж.У-д хандаж “...Эрүүгийн хэргийн дутуу материалыг чи гүйцээн бүрдүүлээд, надад танилцуул...” гэж хэлснээр туслах Ж.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг түүний эзгүйд гүйцэтгэж, надад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авснаар зогсохгүй, уг эрүүгийн хэргийг шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан...”, “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих”, 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тус тус заасан хориглолтыг зөрчсөн...” гэх тухайд:

 Шүүхийн сахилгын хорооны гишүүн миний бие шүүгч И.Г-д сахилгын хэрэг үүсгэн явуулсан хянан шалгах ажиллагааны хүрээнд дээрх гомдолтой холбогдуулан ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянан шалгагдаж байгаа эрүүгийн 21....1 дугаартай 40 хавтас бүхий хавтаст хэргээс Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Э.О-ын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус хэргийн яллагдагч Б.Б-оос асууж авсан мэдүүлэг, Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Ж-ын хэрэг бүртгэлтийн 21...6 дугаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хэрэг/-ийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ....дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-ын туслах Ж.У,  шүүгч Д.Д-ийн туслах О.Б, ...дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Ц, ...дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.А нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар татан авч сахилгын хэрэгт хавсаргасан.

Үүнээс шүүгч И.Г-ын туслах Ж.У-ийн өгсөн гэрчийн мэдүүлэгт тусгагдсанаар:

Асуулт: 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 19...8 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газраас танай шүүхэд шилжүүлсэн. Б.А хэргийг хүлээн авч танилцаад хуралдааны тэмдэглэл болон зарим баримт дутуу байна, буцаалаа гэж хэлээд явсан. Тэгтэл Ш.Н прокурор утсаар яриад ерөнхий шүүгчийн шийдвэрээр туслах нь гэх эмэгтэй хэргийг хүлээн авсан, эхнэр бид 2-ыг шүүгч Д.Д-ийн туслах гэх хүнд хүлээлгэн өгсөн. Энэ нь хууль бус ажиллагаа болсон юм гэж Б.Э мэдүүлж гомдол гаргасан. Энэ талаар мэдүүлнэ үү?

Хариулт: Би ерөнхий шүүгчийн туслахаар 2016 оноос, Г шүүгчийн туслахаар 2013 оноос хойш ажиллаж байгаа. Хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах ажиллагаанд би оролцохгүй. Мэдээлэл лавлагааны ажилтан өвчтэй чөлөөтэй тохиолдолд тушаалаар орлон ажилладаг. Бүтэн өдрөөс дээш хугацаагаар чөлөө авсан, өвчтэй байгаа бол тамгын даргын тушаал гардаг. Хагас өдөр эсхүл цагаар чөлөө авсан бол мэдээлэл лавлагааны ажилтныг орлох асуудал байхгүй. Б.Э гэж хүнд холбогдох хэргийг хүлээн авч байгаагүй байхаа. Авч байсан бол санамаар юмаа. Ерөнхий шүүгч Г үүрэг өгөөд хэргийг авхуулсан зүйл байхгүй гэх,

Шүүгч Д.Д-ийн туслах О.Б-ийн өгсөн гэрчийн мэдүүлэгт тусгагдсанаар:

Асуулт: Б.Э гэх хүнээс өөрт нь холбогдох эрүүгийн хэргийн материал дутуу, байхад хүлээн авсан, Д.Д шүүгчид шууд хуваарилалт хийж өгсөн талаар мэдүүлсэн. Танд хэргийг хэн хүлээлгэн өгсөн бэ?

Хариулт: 2020 оны 6 дугаар сард байна уу 5 сарын сүүлчээр байна уу ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдийн зөвлөгөөн болсон. Шинээр томилогдон ирж байгаа шүүгч Д.Д-д ачаалал тэнцүүлэх зорилгоор ирж байгаа 20 хэргийг хуваарилалт хийх асуудал шийдэгдсэн. Зөвлөгөөний шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн 20 хэргийг шууд хүлээн авсан юм. Энэ дунд “ДН” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э-д холбогдох хэрэг байсан. Хэн хэзээ хүлээн авсан, надад хэн хүлээлгэн өгсөн талаар санах зүйл байхгүй байна. хэргийг прокуророос тоо бүртгэлийн ажилтан хүлээн аваад надад хүлээлгэн өгөх журамтай. Энэ журмын дагуу хүлээн авсан байхаа. 

Асуулт: Б.Э-ын хувьд тоо бүртгэлийн ажилтан бус ерөнхий шүүгчийн туслах гэх эмэгтэй хүн хэргийг хүлээн аваад өөрт тань хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн. Энэ талаар мэдүүлнэ үү?

Хариулт: 1 жил өнгөрчээ. Нарийн санаж байгаа зүйл алгаа. Тоо бүртгэл надад хүлээлгэн өгч тэмдэглэлдээ гарын үсэг зуруулдаг. Энэ журмаар шийдэгдсэн байхаа...” гэх,

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ...дүүргийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.А-ын өгсөн гэрчийн мэдүүлэгт тусгагдсанаар:

Асуулт: Б.Э гэх хүнд холбогдох хэргийг хэзээ хүлээн авсан, шүүгчид хэрхэн хуваарь хийж өгсөн талаараа мэдүүлнэ үү?

Хариулт: Нийслэлийн прокурорын газрын бичиг хүргэгч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт Б.Э нарт холбогдох 13 хавтаст хэргийг авч ирсэн. Хэргийн хуудас бүрийг зөв дугаарлан ирүүлсэн эсэх, яг шалгах хуудас, эд мөрийн баримтууд байгаа эсэх, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл зэргийг хянан үзээд хэргийг хүлээн авсан. Хэргийн хамт яллагдагч Б.Э, Б.С нарыг хүлээлгэн өгсөн. Хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын бүртгэсэн. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай шүүхэд Д.Д шүүгч томилогдон ирсэн. Д.Д шүүгч томилогдон ирсэнтэй холбоотойгоор бүх шүүгчдийн зөвлөгөөн хийж, шүүгч нарын хүлээн авсан хэрэг ачаалал тэнцүүлэх зорилгоор тухайн өдрөөс эхлэн 20 хэргийг шүүгч Д.Д-д хуваарилан өгөх тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэсэн хэргийг шүүгч нарт хуваарилах системээс бусад шүүгч нарын нэрсийг хасаж ачаалал тэнцүүлэх программ хангамж ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Д.Д шүүгчид 20 хэрэг хуваарилагдан очсон бөгөөд Б.Э нарт холбогдох хэрэг 9 дэх хэрэг нь болж хуваарь хийгдсэн.

Асуулт: Хэргийг та хүлээн авахаас татгалзсан цаг хугацаанд танай ерөнхий шүүгчтэй прокурорууд утсаар ярьж, хэргийг хүчээр хүлээлгэн өгсөн. Б.Б-ын найз Д.Д-д албаар хэргийн хуваарь хийж өгсөн. Хэрэг очсон даруйд хуваарь хийгээгүй талаар Б.Э мэдүүлсэн. Энэ талаар мэдүүлнэ үү?

Хариулт: Хэрэг хүлээн авах үед материал дутуу, холбогдогч ирээгүй бол хүлээн авахаас татгалздаг. Б.Э-ын хэргийн хувьд өмнө нь нэг удаа ирсэн. Он, сар өдрийг бол санахгүй байна. Хэргийн холбогдогч Б.Э-ын эхнэр эмнэлэгт хагалгаа хийлгэсэн гээд хэргийн холбогдогчгүй, дагуулан ирээгүй байсан учир хэргийг хүлээн аваагүй. Хэргийн холбогдогч нарын хамтаар хэргийг хүлээлгэн өг гэж хэлээд буцаасан. Дараа нь Б.Э, Б.С нарын хамтаар хэргийг авч ирэхээр нь хүлээн авсан. Шүүгчтэй прокурор яриад хэргийг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Хэргийг дугаарлах үедээ гарсан алдаа зэрэг жижиг алдаа гарсан байсныг тухайн үедээ засуулсан байж магадгүй. Хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад тэр өдөртөө хуваарилалт хийгдэж хүлээлгэн өгсөн. Нэг удаа хэргийг буцаасан талаараа сая мэдүүлсэн шүү дээ. Энэ талаар яг таг сайн санахгүй байна” гэх мэдүүлгүүдийг тус тус өгчээ.

Тус Эрүүгийн 19...8 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Л байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар /схх-41 дүгээр хуудас/ тогтоогдож байх боловч хэргийг тус прокурорын газраас шүүхэд шилжүүлэн өгсөн прокурорын талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад тус газрын Ерөнхий прокурор Ц.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/515 дугаар албан бичгээр “...Эрүүгийн 19...8 дугаартай хэрэгт тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Б хяналт тавьж, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Прокурор Б.Б-аас ирүүлсэн тайлбарт “Б.Б би, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Л-ийг ээлжийн амралттай байхад нь ажлыг орлон гүйцэтгэж, түүний яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 19...8 дугаартай хэргийн яллагдагч Б.Э нарт яллах дүгнэлтийг гардуулан өгч, холбогдох хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед туслах ажилтан Г.Б-ий хамт ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр очиход, яллагдагч Б.Э, өмгөөлөгч н.О нар нь “...Монголбанкин дээр хуралд суухаар явлаа...” гэж утсаар яриад ирэхгүй байсаар 17 цагийн үед шүүх дээр ирснийг хүлээлгэн өгсөн болно” гэжээ. /схх-68 дугаар хуудас/

Дээрх шүүгч И.Г-ын туслах Ж.У, шүүгч Д.Д-ийн туслах О.Б, эрүүгийн хэргийг хүлээн авсан ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ...дүүргийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.А нарын өгсөн мэдүүлэг, хэргийг хүлээлгэн өгсөн прокурор Б.Б-ы тайлбар зэргээс “...шүүгч И.Г өөрийн туслахдаа “...Эрүүгийн хэргийн дутуу материалыг чи гүйцээн бүрдүүлээд, надад танилцуул...” гэж хэлснээр туслах Ж.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг түүний эзгүйд гүйцэтгэж, надад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авсан”гэх, “уг эрүүгийн хэргийг шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан” гэх өргөдлийн үндэслэлүүд тус тус тогтоогдсонгүй.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих”, 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тус тус заасан хориглолтыг зөрчсөн...” гэх боловч өргөдөлд дурдагдсан үйл баримт нь 2020 оны  6 дугаар сард болсон байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны 3 дугаар сарын 01-нээс өмнө болсон үйл баримт байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл өргөдөлд авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 Шүүгч И.Г тайлбартаа: “...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г миний бие Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1..3 дугаартай захирамжийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, танилцлаа.

Б.Э тус хороонд “......дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Г-д хонгилын өмгөөлөгч Б.Б болон прокурор Ш.Н нар хөндлөнгөөс нөлөөлж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан явсны дараа буюу оройн 20:00 цагийн үед Ерөнхий шүүгч И.Г нь өөрийн тусгах Ж.У-д хандаж ...Эрүүгийн хэргийн дутуу материалыг чи гүйцээн бүрдүүлээд, надад танилцуул... гэж хэлснээр туслах Ж.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг түүний эзгүйд гүйцэтгэж, надад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авснаар зогсохгүй, уг эрүүгийн хэргийг шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан..." гэсэн гомдол гаргасныг Сахилгын хороо “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Г-д сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй байна” гэж дүгнэн шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн захирамж гарсныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г миний бие тухайн үед тус шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байсан. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдан тухайн үед мөрдөгдөж байсан одоо хүчингүй болсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “бүх шатны Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж заасанчлан надад хуулиар болон бусад байдлаар эрх олгогдоогүй ба гомдол гарагчийн гомдолд дурдагдсан ажиллагаанд тухайн хуулийн үйлчлэлийн үед оролцож байгаагүй.

Б.Э-ын гомдолд дурдагдсан “......дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Г-д хонгилын өмгөөлөгч Б.Б болон прокурор Ш.Н нар хөндлөнгөөс нөлөөлж, шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан явсны дараа буюу оройн 20:00 цагийн үед Ерөнхий шүүгч И.Г нь өөрийн туслах Ж.У-д хандаж: ...Эрүүгийн хэргийн дутуу материалыг чи гүйцээн бүрдүүлээд, надад танилцуул.... гэж хэлснээр туслах Ж.У нь мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг түүний эзгүйд гүйцэтгэж, надад холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авснаар зогсохгүй, уг эрүүгийн хэргийг шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан...” гэсэн байх ба ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Д.Д-г томилогдон ирэхэд тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр товлон зарлаж хуралдуулсан ....Шүүгч Д.Д-д 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэргийн хуваарилж, түүнд хуваарилагдах хэргийг 20 хүртэл бусад шүүгч нарт хэрэг хуваарилахыг түр зогсоож, Шүүгч Д.Д-д хуваарилагдах хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Шүүгчид хэрэг хуваарилах журам”-д заасны дагуу хэргийг хуваарилахаар тогтоож... шийдвэрлэж байсан зөвлөгөөний тогтоолыг албажуулж Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд зохих журмын дагуу байршуулсан.

Иймд Б.Э-ын гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж өгнө үү....” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ДН” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э “...намайг холбогдуулсан эрүүгийн  хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй, хариуцаж байсан прокурор дээр 2 сар орчим хугацаанд хүлээгдэж байгаад Д.Д-г шүүгчээр томилогдмогц шүүх рүү хэргийг шилжүүлж, Д.Д-д хуваарилагдсан бөгөөд энэ нь тохиолдлын шинжтэй хэрэг огт биш ба тухайн үед прокуророос хэргийг шүүх рүү шилжүүлэхэхэд ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан нь уг эрүүгийн хэргийн бүрдүүлбэр дутуу гэсэн шалтгаанаар хүлээн авахгүй гэж буцаахаар болсон байдаг.

Гэтэл Ерөнхий шүүгч И.Г-д өмгөөлөгч Б.Б, прокурор Ш.Н нар хөндлөнгөөс нөлөөлж ...орой 20 цагийн үед Ерөнхий шүүгч И.Г өөрийн туслах Ж.У-д хандаж дутуу материалыг гүйцээж бүрдүүлээд надад танилцуул гэснээр Ж.У нь мэдээлэл лавлагааны ажилтны үүргийг гүйцэтгэж эрүүгийн хэргийг хүлээн авснаар шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан. ...Энэ нөхцөлийг бүрдүүлж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шүүгч И.Г нь шүүгчийн ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэсэн, албаны чиг үүргээ урвуулсан ашигласан, бусдад давуу байдал олгосон нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.22, 50.1.23 дахь хэсэгт тус тус заасан хориглолтыг зөрчсөн учраас мөн хуулийн 56.1.5 -д заасныг удирдлага болгон огцруулах хүсэлтэй байгаа тул энэхүү гомдлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

 “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үйл баримт нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шинээр шүүгч томилогдон ирсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗТ/..9 дүгээр тогтоолоор мөн шүүхийн шүүгчдийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол болон түүний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Уг 2020/ШЗТ/..9 дүгээр тогтоолоор “Хэрэг хуваарилах шүүгчийн дарааллыг тогтоох тухай 1 дэх хэсгийн 1.1-д Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд “...7. Д.Д...” гэж, мөн Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох тухай 2 дахь хэсгийн 2.1-д Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дараалалд “...5. Д.Д...” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгч Д.Д-д 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэргийн хуваарилж, түүнд хуваарилагдах хэргийг 20 хүртэл бусад шүүгч нарт хэрэг хуваарилахыг түр зогсоосон” байна.

Түүнчлэн шүүгч И.Г-ын туслах Ж.У, шүүгч Д.Д-ийн туслах О.Б, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Ц, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.А нар нь хэрэг бүртгэлийн 21...6 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хэрэг/-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газарт гэрчээр мэдүүлэг өгсөн байна.

Гэрч Ж.У нь “...өмгөөлөгч Б.Б, прокурор Ш.Н нарыг танихгүй, шүүгч Д.Д-г томилогдон ирснээс нь хойш таньдаг, ажил хэргийн холбоотой харилцаатай, ...хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарь хийх ажиллагаанд би оролцохгүй. ...Б.Э гэж хүнд холбогдох хэргийг хүлээн авч байгаагүй байхаа. Авч байсан бол санамаар юм. Ерөнхий шүүгч И.Г үүрэг өгөөд хэргийг авхуулсан зүйл байхгүй...”,

гэрч О.Б нь “...өмгөөлөгч Б.Б гэж хүнийг танихгүй. ...2020 оны 6 дугаар сард байна уу, 5 дугаар сарын сүүлээр байна уу бүх шүүгчдийн зөвлөгөөн болсон. Шинээр томилогдон ирж байгаа шүүгч Д.Д-д ачаалал тэнцүүлэх зорилгоор ирж байгаа 20 хэргийг хуваарилалт хийх асуудал шийдэгдсэн. Зөвлөгөөний шийдвэр гарсан цаг хугацаанаас эхлэн 20 хэргийг шууд хүлээн авсан. Энэ дунд “ДН” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э-д холбогдох хэрэг байсан. Хэн хэзээ хүлээн авсан, надад хэн хүлээлгэж өгсөн талаар санахгүй байна. Хэргийг прокуророос тоо бүртгэлийн ажилтан хүлээн аваад надад хүлээлгэн өгөх журамтай. Энэ журмын дагуу авсан байхаа...”,

     гэрч Т.Ц нь “...Б.Б гэж хүнийг танихгүй. ...манай шүүхийн байранд ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамт үйл ажиллагаа явуулдаг. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хүлээн авдаг ажилтан Б.А-ын ар гэрч гачигдал гарч нэг өдрийн чөлөө авсан. Энэ өдөр би ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн хэргийг хүлээн авах ажлыг хавсран гүйцэтгэсэн. Энэ үед Эрэл компанийн захирал гэж олонд танигдсан Б.Э гэж хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газрын ажилтан авч ирсэн. Хэргийг хүлээн авах Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан 7 шаардлага хангаж байгаа эсэхийг үздэг. ....Эдгээр бүрдэл дутуу бол хэргийг хүлээн авахаас татгалзаж буцаадаг. Авсан хэргээ тухайн дүүргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу системд оруулдаг. Ингэхэд хэрэг шууд цахимаар шүүгчид хуваарь хийгддэг. Системд шүүгч нарын нэрс оруулах ажлыг мэдээлэл, технологийн мэргэжилтэн хариуцдаг. Энэ журмын дагуу Б.Э-д холбогдох хэргийг хүлээн авсан. ...Намайг хэрэг хүлээн авахад бүрдүүлбэр бүрэн байсан. Би хэргийг хүлээн аваад системд оруулсан. Дутуу зүйл байгаагүй. Хэн нэгэн надад нөлөөлж хэргийг авах үүрэг өгөөгүй...”,

гэрч Б.А нь “...Б.Б гэж хүнийг танихгүй. ...Нийслэлийн Прокурорын газрын бичиг хүргэгч  2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт Б.Э нарт холбогдох 13 хавтаст хэргийг авч ирсэн. Хэргийн хуудас бүрийг зөв дугаарласан эсэх, ял шалгах хуудас, эд мөрийн баримтуудыг байгаа эсэх, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл зэргийг хянан үзээд хэргийг хүлээн авсан.  Хэргийн хамт яллагдагч Б.Э, Б.С нарыг хүлээлгэн өгсөн. Хэргийг нэгдсэн системд бүртгэсэн. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр манай шүүхэд Д.Д шүүгч томилогдон ирсэн. Үүнтэй холбоотойгоор бүх шүүгчдийн зөвлөгөөн хийж шүүгч нарын хүлээн авсан хэрэг, ачаалал тэнцүүлэх зорилгоор тухайн өдрөөс эхлэн 20 хэргийг шүүгч Д.Д-д хуваарилан өгөх тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэгдсэн хэргийг шүүгч нарын хуваарилах системээс бусад шүүгч нарын нэрсийг хасаж ачаалал тэнцүүлэх программ хангамж ажиллаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд шүүгч Д.Д-д 20 хэрэг хуваарилагдаж очсон бөгөөд Б.Э-д холбогдох  хэрэг 9 дэх хэрэг нь болж хуваарь хийгдсэн. ...Хэрэг хүлээн авах үед материал дутуу, холбогдогч ирээгүй бол хүлээн авахаас татгалздаг. Б.Э-ын хэргийн хувьд өмнө нь нэг удаа ирсэн. Он, сар, өдрийг нь санахгүй байна. Хэргийн оролцогч Б.Э-ын эхнэр эмнэлэгт хагалгаа хийлгэсэн гээд хэргийн оролцогчгүй, дагуулан ирээгүй байсан учир хэргийг хүлээн аваагүй. Дараа нь Б.Э, Б.С нарын хамтаар хэргийг авч ирэхээр нь хүлээн авсан. Шүүгчтэй прокурор яриад хэргийг хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Хэргийг дугаарлах үедээ гарсан алдаа зэрэг жижиг алдаа байсныг тухайн үед засуулсан байж магадгүй. Хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад тэр өдрөө хуваарилалт хийгдэж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгүүдийг тус тус өгч байсан байна.

Мөн гишүүний шалгах ажиллагааны явцад бүрдсэн баримтуудаас үзэхэд тус эрүүгийн 19...8 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Л байсан байх ба прокурорын газраас уг хэргийг шүүхэд шилжүүлэн өгсөн прокурор нь Б.Б байсан нь Нийслэлийн прокурорын Ерөнхий прокурор Ц.А-ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/515 дугаартай “...Эрүүгийн 19...8 дугаартай хэрэгт тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Б хяналт тавьж, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна” гэх албан бичгээр тогтоогдож байна.

 Мөн прокурор Б.Б-аас тайлбар авахад тэрээр “Б.Б би, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус прокурорын газрын хяналтын прокурор Г.Л-ийг ээлжийн амралттай байхад нь ажлыг орлон гүйцэтгэж, түүний яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 19...8 дугаартай хэргийн яллагдагч Б.Э нарт яллах дүгнэлтийг гардуулан өгч, холбогдох хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед туслах ажилтан Г.Б-ий хамт ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр очиход, яллагдагч Б.Э, өмгөөлөгч н.О нар нь “...Монголбанкин дээр хуралд суухаар явлаа...” гэж утсаар яриад ирэхгүй байсаар 17 цагийн үед шүүх дээр ирснийг хүлээлгэн өгсөн болно” гэх тайлбарыг өгчээ.

 ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗТ/..9 дүгээр тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, прокурор Б.Б-ы тайлбар, прокурорын байгууллагаас яллагдагчийг шүүхэд хэргийн хамт шилжүүлснийг шүүх хүлээн аваад шүүгчид хуваарилсныг бүртгэсэн  бүртгэлийн дэвтэр зэргээр шүүгч И.Г-д өмгөөлөгч Б.Б, прокурор Ш.Н нар нөлөөлж, тус эрүүгийн хэргийг шүүгч Д.Д-д зориуд хуваарилсан гэсэн нь үгүйсгэгдэж байх бөгөөд уг хэрэг холбогдох хууль, журмын дагуу шүүгчид хуваарилагдсан болох нь тогтоогдож байна.

“ДН” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э-ын өргөдөлд дурдсан асуудлаар шүүгч И.Г-ыг 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно”, 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсийнэ", 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн, түүнчлэн шүүгчийн ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэсэн, албаны чиг үүргээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт нотлогдож, тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэл бүхий болсон, хуульд нийцсэн байна гэж  бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1..8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

Г.ЦАГААНЦООЖ