info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-16

Дугаар 248

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч “С ” ХХК-ийн захирал Н.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Шүүхийн шүүгч Б.М, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд: “...өргөдөл гаргагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-н өргөдөлд дурдсан үндэслэлээр Шүүхийн шүүгч Б.М, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна...” гэжээ.

Шүүгч Б.М хариу тайлбартаа: ...”1. Ш.Ц-с хариуцагч “С” ХХК, С.Х нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119.810.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанд шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т тус тус зааснаар “хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хөтлөх, хуулбарлан авах эрхтэй”-г үндэслэн, 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т тус тус заасны дагуу “шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй болохыг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг гардуулах” үүргийнхээ хүрээнд шүүгч миний бие хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж танилцуулсан. Тодруулбал, тус хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд нь өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-с компанийнхаа ажилтан Г.Б гэх хүнд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосныг тус тус үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалыг танилцуулахын сацуу хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, танилцуулсан байна. Үүнээс өмнө хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.Г нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр өөрийгөө шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж мэдэгдсэн тул түүнийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцуулахад тэрээр хэргийн материалтай танилцахгүй гэсэн. Энэ талаар тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан ба шүүгчийн туслах М.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох байгууллагаас шүүхийн захирамжийн дагуу шаардсан нотлох баримт ирснийг Н.Г-д хэлээд, танилцахыг мэдэгдсэн боловч тэрээр танилцахаас татгалзсан тул энэ тухай тэмдэглэл үйлдсэн, мөн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцахгүй гэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. Гэвч шүүх хэргийн оролцогч нарт 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр хуульд заасан эрх, үүргийг нь дахин тайлбарласан бөгөөд хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь дахин хэргийн материалтай танилцахгүй гэсэн тул хэргийн оролцогчийн эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй гэж захирамжид бичжээ. Үүнээс үзвэл шүүгч би хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын гомдолд дурдсан шиг түүнийг хэргийн материалтай танилцуулаагүй, эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй гэх үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, харин ч зохигч нарт хэргийн материалтай танилцах эрхтэй болохыг удаа дараа сануулж, эрх, үүргийг нь тайлбарлаж таниулж байсан.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ” гээд 25.1.3-т “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасан. Тодруулбал, шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхээс гадна талуудын аль нэг нь өвчтэй, эсхүл өвчтэй хүнийг эмнэлэгт асарч байгаа, хөдөө орон нутаг, гадаад улсад томилолтоор явсан, өмнө нь хууль зүйн туслалцаа авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тохиролцсон өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, аль эсхүл тохиролцох шатандаа явж байгаа, өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан, хөл хорионд орсон, хурал семинарт хамрагдаж байгаа гэх зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж байна. Эдгээрээс талуудын хууль зүйн туслалцаа авах эрхийг ямар ч нөхцөл, хязгаарлалт тавихгүйгээр, мөн хуульд заасан зарим төрлийн хэрэг маргааны зохигч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ч гэсэн зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн зохицуулалтыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулдаг /жишээлбэл гэрлэлт цуцлахтай холбоотой хэрэг маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1/ Харин шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийн хувьд хэдийгээр хууль зүйн туслалцаа авах эрхийн нэгэн адил өөрөө хэрэгжих эрх мөн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлохгүйгээр урьд өмнө уг үндэслэлээр хойшлогдсон шүүх хуралдааныг “хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулиар шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй гэсэн тайлбар”-аар дахин хойшлуулах боломжгүй юм. Үүнээс гадна мөн дээр дурдсан бусад шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, үүнийг нотолсон баримт бий эсэхийг зайлшгүй тодруулаад тийнхүү холбогдох нотлох баримт байгаа тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж байна. Тус хэргийг хянан хэлэлцэхээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар бүгд биечлэн оролцсон бөгөөд эхний шүүх хуралдааныг нотлох баримт бүрдүүлэх тухай шүүхийн захирамжийн биелэлтийг хангах, хоёр дахь удаагийн шүүх хуралдааныг хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-н хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилгоор тус тус хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн зүгээс зохигч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй буюу хариуцагчийн төлөөлөгчийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, улмаар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд өмгөөлөгч авах боломжоор хангасан.

3. Хэргийг шийдвэрлэсний дараагаар хэрэгт авагдсан баримт болон хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-н гомдолд дурдсаныг үзвэл түүний эхнэр нь шүүх хуралдаанаас 2 цагийн өмнө нас барсан гэсэн байх бөгөөд тэрээр шүүгчийн туслахтай ярилцсан тэмдэглэлд “манай эхнэрийн бие гэнэт муудаад 1 дүгээр эмнэлэгт хүргэгдсэн тул би эмнэлэг рүү явж байна, өнөөдрийн шүүх хуралдаанд очих боломжгүй байна..., би хүсэлтээ хүнээр явуулъя, өөрөө очих боломжгүй байна” гэжээ. Практикт шүүх хуралдааны явцад, аль эсхүл шүүх хуралдаан эхлэхийн өмнөхөн гэнэт хэргийн оролцогч аль нэг талын ойр дотнын хүний бие муудсан гэж хэлээд шүүхэд хүрэлцэх ирэх боломжгүй буюу шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр, эсхүл утсаар, зурвасаар ирүүлэхэд шүүх үүнийг хүлээн авах тохиолдол байдаг. Яагаад гэвэл хүний эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн зүй бий болсон байна гэж ойлгодог. Гэтэл хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь эхнэрийнх нь бие гэнэт муудаад гэж шүүгчийн туслахад шүүх хуралдаанаас 2 цагийн өмнө мэдэгдээд хүнээр холбогдох баримтыг явуулна гэсэн тул тэрхүү баримт ирэхийг шүүх хуралдаан болох хүртэл хүлээсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь өөрөө эсхүл бусдаар ямар нэгэн баримт, хүсэлт зэргийг ирүүлээгүй, утсаар ярьж, зурвас илгээгээгүй юм.     Мэдээж хэн нэгний бие гэнэт муудаад эмнэлэг рүү явсантай холбоотой тухайн цаг мөч, нөхцөл байдлыг ойлгохыг хичээвэл яарсан, сандарсан хүмүүсийн хувьд үүнийг өөр этгээдэд нотлох, тайлбарлах, батлах тийм боломжгүй, тийм нөхцөл ч байхгүй байж мэднэ. Гэвч яг тэрхүү цаг мөчид өвдсөн хүний дэргэд байгаагүй, уг хүний биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй шүүгчийн хувьд үүнийг таамаглах боломжгүй, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргадаг зарчмын хүрээнд эсрэг талд үзүүлэх баримт бий эсэхийг тодруулах шаардлагатай болсон. Учир нь энэ хэргийн хувьд шүүх хуралдааны явцад аль эсхүл шүүх хуралдаан эхлэхийн өмнө биш, харин 2 цаг гаруй хугацааны өмнө хариуцагчийн төлөөлөгч нь эхнэрийнхээ бие өвдсөн тухай шүүгчийн туслахад мэдэгдээд холбогдох баримтыг хүргүүлнэ гэсэн учраас, мөн хэргийн оролцогч нөгөө этгээд нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх сонирхолтой байсан болохоор ямар баримтыг үндэслэн нэгэнт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах вэ гэсэн асуулт гарсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчөөс ямар нэгэн баримт, хүсэлт зэрэг ирүүлээгүй тул хэргийн оролцогчийн ойрын хүн эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн тайлбарыг нь үндэслэн өмнө нь хэд хэдэн удаа хойшлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй байсан, хэрэв тэгсэн бол эсрэг талд хардлага үүсгэж, шүүгч нь хэргийг шударгаар хянан  шийдвэрлэж чадахгүй гэсэн эргэлзээ төрүүлнэ. Угаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар ийм нөхцөл байдалд нэхэмжлэгч нь хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаантай, аль  эсхүл шалтгаангүй гэдэг талаар тайлбар тавих, нотлох баримт бий эсэхийг тодруулах эрхтэй билээ. Хэрэв хариуцагчийн төлөөлөгч нь урьд өмнө эхнэрийнхээ болон өөрийнхөө биеийн байдлын талаар эмнэлгийн магадлагаа, эмчийн заавар, зөвлөгөө, эмчлүүлж байгаа болон өвчний түүхийн талаар шүүхэд хэлж, холбогдох нотлох баримтыг өгсөн бол энэхүү нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулахад эсрэг тал нь дургүйцэхгүй байсан. Харамсалтай нь бид бүхэн энэ бүх зүйл болоод өнгөрсний дараагаар хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-д шүүх рүү баримт өөрөө болон хүнээр явуулах ямар ч боломжгүй байсан гэдгийг мэдэж байна.

4.Хэргийн оролцогч нарын гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн болоод бусад хамааралтай хүмүүс нас барсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахад тэдгээрээс заавал нотлох баримт шаардахгүй, хэрэв нотлохыг шаардвал хүнлэг бус хандсан хэрэг болно. Практикт шүүх хуралдаанаас өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарын ойрын хүмүүс нас барсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад энэ нь хожим нас барсны гэрчилгээгээр нотлогдох тул, мөн хэн ч хэн нэгнийгээ нас барсан гэж худал хэлэх тийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэсэн итгэл үнэмшил шүүгчид байдаг учраас хангалттай гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч шүүгч, түүний туслахад энэ талаар мэдэгдсэн байхад л товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх үндэслэл мөн. Гэтэл нэхэмжлэгч Ш.Ц-гийн гаргасан хариуцагч “С" ХХК, С.Х нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15:30 цагт товлогдсон шүүх хуралдаанаас өмнө, мөн шүүх хуралдааны явцад, шүүх хуралдааны дараа ч хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын эхнэр нь нас барсан гэж хэн ч шүүгч надад мэдэгдээгүй.

5.Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын гомдолд өөрийнхөө эхнэрийг нас барсан гэж шүүгчийн туслах М.Д, хамтран хариуцагч С.Х нарт тус тус мэдэгдсэн гэжээ. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хамтран хариуцагч С.Х нь энэ талаар шүүгч надад юу ч хэлээгүй ба харин ч тэрээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хожим буюу хэргийг хянан шийдвэрлэсний дараагаар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Г нь хамтран хариуцагч С.Х-д шүүх хуралдаан болохоос 1 цаг гаруй хугацааны өмнө манай эхнэрийн зүрх нь зогссон гэж, үүнээс өмнө 10:14, 10:52, 12:26, 13:02 цагт тус тус энэ талаар мэдэгдсэн байхад үүнийг мэдэж байсан шүүх хуралдааны оролцогч тэрээр яагаад шүүгч, шүүх хуралдааны бусад оролцогч нарт хэлээгүй юм бол гэж гайхаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана" гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "хүнлэг, энэрэнгүй байх" гэсэн зарчмыг тус тус тусгажээ. Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “С" ХХК, С.Х нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхээр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д гэж хүн оролцсон ба шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хийх хүсэлттэй байгаа илэрхийлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна. Хэрэв өмгөөлөгч Б.Д, нэхэмжлэгч Ш.Ц, шүүгчийн туслах М.Д нар хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-н эхнэрийг нь нас барсан гэж мэдсэн бол хуульч, өмгөөлөгч, иргэн хүнийхээ хувьд хэзээ ч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргахгүй байсан гэдэгт миний бие найдаж байгаа тул Та бүхэн тус өмгөөлөгч, нэхэмжлэгч, шүүгчийн туслахаас гэрчийн мэдүүлэг авч, болоод өнгөрсөн зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Би болон миний туслах М.Д бид хоёр хариуцагч компанийн төлөөлөгчийн эхнэр нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13.40 цагт нас барсан талаар Н.Г-г 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан тэр үед л мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь шүүх хуралдаанаас хойш 4 сарын дараагаар шүүхэд энэ талаар мэдэгдсэн бөгөөд үүнийг нь үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32021/17852 тоот захирамжаар сэргээсэн байдаг.

6. Миний бие хуульч, шүүгч хүний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хэргийн оролцогч нарын хэн нэгний эхнэр, нөхөр нь нас барсан байхад ийм энэрэнгүй бус хандаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх ёс суртахуунгүй үйлдэл гаргахгүй, надад тийм ч ёс зүй байхгүй, яаж ч бодсон хүний эхнэр нь нас барсан гэдгийг сонсож, мэдсэн л бол шүүх хуралдааны бусад оролцогч нарын хамт шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хийхгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд миний бие "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-н ар гэрт ийм үйл явдал болсонд гүнээ харамсаж байна. Монгол хүний хувьд шүүгч ч байсан, өмгөөлөгч ч байсан, аль эсхүл эгэл жирийн иргэн ч байсан хэн нэгэн хүний ойрын хүн нас барсан гэж сонсмогц л бүх төлөвлөсөн, товлосон ажил, хурал цуглаан зэргийг хойшлуулах нь нийтээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд харамсалтай нь надад болон миний туслахад 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13:40 цагт хариуцагчийн төлөөлөгчийн эхнэр нас барсан  гэж ямар ч мэдээлэл ирээгүй, уг цаг хугацаанаас өмнө болон хойно, мөн шүүх хуралдаан товлогдсон 15:30 цагт хүртэл хэн ч энэ талаар бид бүгдэд утсаар ярьж, факс ирүүлж, зурвас бичээгүй учир мэдэх боломжгүй байсан гэдгийг үүгээр дахин дахин хэлэх байна. Иймд, Та бүхэн дээр дурдсан тайлбар болон холбогдох нотлох баримтыг үндэслэн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.Д хариу тайлбартаа: “Шүүхийн сахилгын хороонд гаргасан “С" ХХК-ийн захирал Н.Г-н гомдлыг хүлээн авч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ш.Ц-н нэхэмжлэлтэй, “С” ХХК болон С.Х нарт холбогдох хэргийг шүүх 2021 оны 6 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, 01773 дугаар шийдвэр гаргажээ. Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ Н.Г-н гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 1704 дүгээр магадлал гаргасан бөгөөд шүүгч Г.Д миний бие дээрх хэргийг илтгэсэн болно. Шүүгч би тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн ёс зүй болон Шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, бусдад давуу байдал олгоогүй. “С" ХХК болон С.Х нарт холбогдох Ш.Ц-н нэхэмжлэлд шүүх 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэргийг 1 жил 19 хоногийн дараа буюу 2021 оны 6 сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх журамтай боловч анхан шатны шүүх ковидын нөхцөл байдал болон хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Дээрх жил гаруй хугацаанд хариуцагч буюу “С" ХХК-ийн захирал Н.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг ирүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул мэтгэлцэх эрхийг хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй шийдвэрлэсэн. Иймд шүүгч Г.Д миний бие шүүгчийн ёс зүй болон Шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, бусдад давуу байдал олгоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Өргөдөл гаргагч Н.Г нь “...Шүүгч Б.М, Г.Д нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосноос Н.Г миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын дагуу эрхээ эдлэх боломжоор хангагдаагүй, шүүх хуулийг хэрэгжүүлээгүйгээс хэргийн нэг оролцогч хохирч, нөгөө оролцогчид давуу байдал үүсгэсэнд туйлын гомдолтой байна. ...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанаас өмнө буюу мөн өдрийн 13 цаг 40 минутад эхнэр Л.Э минь өвчний учир нас барсан. Энэ тухай шүүгчийн туслах М.Д, хамтран хариуцагч С.Х нарт утсаар мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эргэж надтай холбоо бариагүй, шүүгчийн туслах Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д заасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй. Тус шүүхийн шүүгч Б.М намайг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг явуулж, 01773 дугаар шийдвэр гаргаж, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй маш бүдүүлгээр эрхийг минь зөрчсөн...” гэх утга бүхий өргөдөл гаргасан.

Шүүхийн сахилгын хороо тус өргөдлийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1214 дүгээр гишүүний захирамжаар шүүгч Б.М, Г.Д нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулсан.

1. Сахилгын хэргийн оролцогч Б.М ын тухайд:

Өргөдөл гаргагч Н.Гантулгын  “Иргэний хэргийн хариуцагч нь С.Х байхад би яагаад энэ шүүх хуралд С.Х-г төлөөлөх болов” гэх тухайд:

 шүүх Ш.Ц-н “С” ХХК-д холбогдуулан 119.810.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд шүүгч Б.М 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/10135 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ЗТ2020/00803 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар зарлигаар шүүгч С.Амардэлгэрийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн тул уг иргэний хэргийг шүүгч С.Амардэлгэрт хуваарилсан боловч,  2 сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаар зарлигаар шүүгч С.Амардэлгэрийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ЗТ2020/01101 дугаар тогтоолоор тухайн иргэний хэрэг шүүгч Б.М т хуваарилагдсан байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно”, Монгол Улсын дээд шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай” зөвлөмжийн 3 дугаар зүйлд “хуулийн этгээдийн удирдлагын эрх нь албан тушаалтны бүрэн эрхийг нотолсон баримт бичгээр /хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт, дүрмээр, албан тушаалд томилсон тушаал г.м/ тодорхойлогдоно” гэж тус тус заажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудад “С” ХХК-ийн захирал Н.Г-с 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 106 болон 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар албан бичгийн дагуу ажилтан Г.Б-д олгосон итгэмжлэлүүд, “С” ХХК-ийн захирал Н.Г-н 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай шүүхэд өгсөн итгэмжлэх болон Төрийн мэдээллийн сангаас гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Н.Г болохыг 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн байна.

Түүнчлэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэргийн нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нар “С” ХХК-ийн захирал нь Н.Г мөн эсэх нь тодорхойгүй байх тул тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, мөн “С” ХХК-ийн инженер С.Х-г хамтран хариуцагчаар татах” тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2020/12859 дүгээр захирамжаар хангаж, “С” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, хамтран хариуцагчаар С.Х-г татсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй, гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтын дагуу зөвхөн нэхэмжлэгч хохирол учруулсан этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах байдлаар хариуцагчаа өөрөө тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаасаа татгалзах эрхийнхээ дагуу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хамтран хариуцагч С.Хажидаас татгалзсан болох нь тус өдрийн 1773 дугаар тэмдэглэл, 101/ШШ2021/01773 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.Г мөн болохыг шүүх тогтоосон байх ба Н.Г нь С.Х-г бус, харин хариуцагч “С” ХХК-ийг төлөөлж байсан нь нотлогдож байна.

2. “Хууль зүйн туслалцаа авах эрх хангаагүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй...” гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “С” ХХК-ийн захирал Н.Г 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар албан бичгээр “тус компанийн ажилтан Г овогтой Б нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн тул тухайн иргэний хэрэгтэй холбогдох материал, нэхэмжлэлийг Г.Б-д хүлээлгэн өгнө үү” гэсний дагуу Г.Б нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан болох нь “нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай” баримтаар тогтоогдож байна.

            Мөн “С” ХХК-ийн захирал Н.Г-ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаар албан бичгээр  “...тус иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн нягтлан бодогч Г.Б-д нэхэмжлэл гардан авах, хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг гардан авах, шүүх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болно” гэх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг үндэслэн шүүх Г.Б-д тухайн өдөр нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулж, эрх, үүргийг нь тайлбарласан, хэргийн материал танилцуулсан гэх, ба захирал Н.Г-д 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуулиар олгосон эрх, үүргийг нь тайлбарласан холбогдох баримтаар  тус тус тогтоогдож байна.

            Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19868 дугаар тэмдэглэлд болон шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/19868 дугаар захирамжид:

“Даргалагч: Хэргийн материалтай танилцсан уу, хавтаст хэрэгтэй танилцах хугацаа авах юм уу гэхэд

Н.Г: Би хэргийн материалыг бүрэн харж амжаагүй, надад танилцах шаардлага байхгүй...” гэж хэлсэн нь тэмдэглэгджээ.

            Түүнчлэн шүүгчийн туслах М.Д2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г-д “шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримт шүүхэд ирсэн тул ирж танилцана уу” гэхэд Н.Г “за ойлголоо” гэсэн нь шүүхийн мэдэгдэх хуудас баримтаар,

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцахыг сануулахад Н.Г “өмгөөлөгч авсны дараа өмгөөлөгчтэйгөө хамт танилцана” гэсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр,

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Н.Г-д “Хэрэг танилцуулсан тухай баримт”-д “Н.Г би хэргийн материалтай танилцахгүй тул гарын үсэг зурахгүй” гэсэн бичгээр,

Шүүгчийн туслах М.Д 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 26 минутад хэргийн материалтай танилцахыг сануулсан болох нь түүний утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 8238 дугаар тэмдэглэлийн 2 дугаар талын 2 дахь догол мөрт “Н.Г хэргийн материалтай танилцаагүй”, 11 дүгээр догол мөрт “...хэрэг шийдэх дээр тулбал өмгөөлөгч авах хэрэгтэй байна”, 3 дугаар талын 1 дэх догол мөрт “Н.Г: Би шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байна. Миний биеийн байдал муу, элэгний өвчтэй байсан. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болох байх” гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн,

Мөн шүүгчийн тухайн өдрийн 101/ШЗ2021/08238 дугаар захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт хариуцагчийн төлөөлөгч Н.Г-н шүүх хуралдаанд “Би энэ хэрэгт хууль зүйн туслалцаа авах хэрэгтэй байна. Яагаад вэ гэвэл надад өнгөрсөн хугацаанд биеийн эрүүл мэндийн байдлаас болж өмгөөлөгч авах боломжгүй байсан... Миний бие хэргийн материалтай танилцахгүй, шүүхээс надад ирж танилцах талаар мэдэгдэж байсан боловч хөл хорио болон өвчтэй байсан тул танилцаагүй” гэж хэлсэн болох нь тэмдэглэгдсэн,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах эрхтэй боловч тэрээр танилцахаас татгалзсан бөгөөд түүний эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэх”-ээр шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулж, өргөдөл гаргагч Н.Гантулга шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасан.

Дээрхээс дүгнэвэл тус иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2020/19304 дүгээр захирамж гарснаас хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч “С” ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Г-д хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан бөгөөд шүүхээс удаа дараа сануулсан боловч тэрээр хуулиар олгосон уг эрхээ хэрэгжүүлээгүй байх ба “...хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй...” гэх өргөдөл гаргагчийн үндэслэл нотлогдохгүй байна.  

3. “...шүүх хуралдаан болохоос өмнө өөрийн 99110791, 99137393 дугаарын утаснаас шүүгчийн туслахын 99014262 дугаарын утас руу 11 цаг 26 минутад “эхнэрийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн”, 14 цаг 00 минутад “эхнэр минь нас барсан” тухай мэдэгдсэн. Мөн хамтран хариуцагч С.Х-н 8.....7 дугаарын утас руу 11 цаг 14 минутад, 11 цаг 52 минутад, 12 цаг 26 минутад, 15 цаг 02 минутад ярьж, 15 цаг 08 минутад “манай хүний зүрх зогссон” тухай мессеж бичиж, шүүгчийн туслах болон хамтран хариуцагч нартай албан ёсоор ярьж мэдэгдсэн. Гэтэл шүүгчийн туслах н.Д-д утсаар холбогдож шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүнд нөхцөл байдлын талаар мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эргэж надтай холбоо бариагүй, ...шүүгч Б.М 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч намайг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг явуулж, 01773 дугаар шийдвэр гаргаж, миний хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох, баримт бичиг гаргах, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй маш бүдүүлгээр эрхийг минь зөрчсөн...” гэх тухайд:

“С” ХХК-ийн захирал Н.Г-н эхнэр 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 40 минутад нас барсан болох нь Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ө.М-н “...бөөлжиж, амьсгал, зүрх зогссон тул CPR хийн 1 дүгээр эмнэлэгт хүргэв” гэх эмнэлгийн бичгээр тогтоогдож байна.

Н.Гантулга нь өргөдөлдөө “шүүгчийн туслах руу 11 цаг 26 минутад эхнэрийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн, 14 цаг 00 минутад эхнэр минь нас барсан тухай мэдэгдсэн” гэх боловч түүний давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтдээ хавсаргасан “Мобиком корпораци” ХХК-иас 9.....1, 9.....3 дугаарын утаснуудын дуудлагын жагсаалтаас үзэхэд шүүгчийн туслах М.Д-ийн 99.....2 дугаарын утас руу өргөдөл гаргагч Н.Г-ын 9.....1 дугаарын утаснаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 26 минутаас 4 минут 21 секундийн хугацаанд, 13 цаг 00 минутаас 1 минут 14 секундийн хугацаанд тус тус ярьсан бол 9.....3 дугаарын утаснаасаа яриагүй байна.

Харин хамтран хариуцагч С.Х-н 8.....5 дугаарын утас руу Н.Г-ын 9.....1 дугаарын утаснаас мөн өдрийн 10 цаг 14 минутаас 20 секундийн хугацаатай, 12 цаг 26 минутаас 43 секундийн хугацаатай, 13 цаг 02 минутаас 44 секундийн хугацаатай тус тус ярьж, 14 цаг 08 минутад мессеж бичсэн, 9.....3 дугаарын утаснаас 10 цаг 52 минутаас 1 минут 56 секундийн хугацаатай тус тус ярьсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шалгах ажиллагааны явцад С.Х гэрчийн мэдүүлэгтээ “...шүүх хуралдаанаас өмнөхөн, шүүхийн байранд ирээд коридорт сууж байхад Н.Гантулгаас “эхнэрийн зүрх зогслоо” гэсэн мессеж надад ирсэн, ...шүүх хуралдааны ирц хэлэлцэх явцад би юу ч хэлээгүй, би юм хэлэх тэнхэлгүй, шооконд ороод даралт ихэссэн байсан тул юу ч хэлээгүй” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д гэрчийн мэдүүлэгтээ “...С.Х нь шүүх хуралдааны өмнө нь ч, дараа нь ч Н.Г-н эхнэрийн нас барсан талаар бидэнд огт юу ч хэлээгүй. Өөрөөр хэлбэл тэр өдрийн шүүх хуралдаанд Н.Г-н эхнэр нас барсан талаар огт яригдаагүй”, "...давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос нь тэр өдөр эхнэрийг нь нас барсныг нь мэдээд би шүүх хуралдаанд нь ороогүй” гэж,

шүүгчийн туслах М.Д гэрчийн мэдүүлэгтээ “...шүүх хуралдаан товлосон өдрийн өдөр нь Н.Г өөрөө над руу залгаад эхнэрийн бие муудлаа, эмнэлэг рүү явж байна. Би шүүх хуралдаанд оролцож чадахгүй боллоо гэж хэлсэн. Тэгэхэд нь би танд шүүх хуралдааны тов сануулж, товын баримтад гарын үсэг зуруулсан. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол баримт болон хүсэлтээ ирүүлээрэй гэж хэлсэн. Н.Г тэгэхэд тэгвэл би хүнээр өгч явуулъя гэж хэлсэн. Үүнээс хойш надтай холбогдоогүй. ...Н.Г нь эхнэр нас барсан гэж огт хэлээгүй, яриагүй. Шүүх хуралдааны дараа ч хэлээгүй. ...Н.Г-н эхнэрийг нас барсан талаар давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргахад нь л би мэдсэн...” гэж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М “...С.Х нь Н.Г-д ар гэрийн гачигдал гарсан талаар шүүх хуралдаан эхлэхээс өмнө болон шүүх хуралдаанд ирц илтгэх үед юу ч хэлээгүй” гэж тус тус мэдүүлсэн.

Сахилгын хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгүүдээс Н.Г  эхнэрээ 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 40 минутад нас барсан тухай хамтран хариуцагч С.Х-д мэдэгдсэн байна.

Харин шүүгчийн туслах М.Д-д “эхнэрийн бие муудлаа, эмнэлэг явж байна...” гэж хэлсэн байх боловч “эхнэр нас барлаа” гэж хэлсэн гэдэг нь сахилгын хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй”, 25.2.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...нотлох баримтыг ...гаргаж өгөх үүрэгтэй”, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно...” гэж тус тус заасан.

Гэрч Б.Д-н “...тухайн үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, С.Х нарын аль нэгний амаар гаргасан тайлбарыг сонссоноос биш Н.Г-с эсхүл “С” ХХК-иас шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн бичгийн тайлбар, хүсэлт ирүүлээгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас цаг хугацаа их алдаж, удаа дараа хойшилсон хурал байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтээ хэлж байсан” гэх мэдүүлэг,

шүүгч Б.М ын “Н.Г нь эхнэрийнх нь бие гэнэт муудаад гэж шүүх хуралдаанаас 2 цагийн өмнө шүүгчийн туслахад мэдэгдээд хүнээр холбогдох хүсэлт, баримтыг явуулна гэсэн тул тэрхүү баримтыг шүүх хуралдаан болох хүртэл хүлээсэн боловч Н.Г өөрөө, эсхүл бусдаар ямар нэгэн баримт, хүсэлт зэргийг ирүүлээгүй, утсаар ярьж, зурвас ч ирүүлээгүй, ...хамтран хариуцагч С.Х нь энэ талаар шүүгч надад юу ч хэлээгүй ба харин ч тэрээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн, ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д гэж хүн шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хийх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн...” гэх хариу тайлбар,

шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1773 дугаар тэмдэглэлийн 2 дугаар талын 2 дахь догол мөрөөс “нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г нь эхнэрийн биеийн байдал муу гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн байна. Уг хүсэлтийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл баримтаар нотлогдохгүй байгаа учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна. Бас өмгөөлөгч авна гэх боловч өнөөдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь ч ирээгүй байгаа...”, 3 дугаар догол мөрт “хариуцагч С.Х: Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна” гэж тэмдэглэгдсэн,

хариуцагч “С” ХХК-иас болон Н.Г-с шүүх хуралдааныг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гарган холбогдох баримтыг ирүүлээгүй байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хамтран хариуцагч С.Х нарын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүгч Б.М шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн зэргээс дүгнэхэд Н.Гантулгын эхнэр нас барж шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон талаар шүүгч мэдээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байсан зэргээс шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдохгүй байна.

Шүүгч Г.Д ийн тухайд:

Давж заалдах гомдолд “...анхан шатны шүүх хуралдаан болдог өдөр эхнэр гэнэт нас барсан талаарх баримтыг хавсаргаж” өгсөөр байхад хэрэгт байгаа баримтыг нягталж үзэхгүйгээр, баримтаар тогтоогдсонгүй гэж үзэн гомдлыг хангаагүй нь хууль зөрчсөн гэх тухайд:

Өргөдөл гаргагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг шүүгч Г.Д-ийн илтгэснээр, шүүгч Ш.О, Ч.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1704 дүгээр магадлалаар шийдвэрлэжээ.

Дээрх магадлалд “Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь эхнэрийн бие муудаж, нас барсан гэх агуулгаар гомдол гаргаж, холбогдох баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргасан байх боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд шүүх мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй” гээд, харин “С” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “...119.810.355...” гэснийг “79.873.570” гэж нэхэмжлэлээс 39.936.785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй...” гэж заасанчлан хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ба шинээр гаргаж өгсөн баримтыг үнэлэхгүй байх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК, С.Х нарт холбогдох Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ201/01773 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 1704 дүгээр магадлалтай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцээд, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШХТ2022/00069 дүгээр тогтоолоор хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.Г, өмгөөлөгч Л.Ж нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар 4, түүнээс дээш шүүгч гаргаагүй, уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Шүүхийн сахилгын хороонд шүүхээс гаргасан эрх зүйн актын үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хуулиар олгогдоогүй болно.

Өргөдөл гаргагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын өргөдөлд дурдсан дээрх үндэслэлүүдээр Шүүхийн шүүгч Б.М, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шүүгч Б.М, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                               Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                              Ц.ДАВХАРБАЯР 

Г.ЦАГААНЦООЖ