info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-10

Дугаар 247

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч С.Ю, сахилгын хэргийг оролцогч В.А, Х.О нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч В.А, Х.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “1.Шүүгч Х.О-д холбогдох сахилгын хэргийн тухайд: ...шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлтийг /схх 46 дахь тал/ 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/13185 дугаар захирамжаар /схх 48-49 дэх тал/ гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасныг зөрчжээ. в/ Түүнчлэн С.Ю-н нэхэмжлэлтэй, Ю.А, Ю.Б, Ю.Т нарт холбогдох иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэснээс хойш 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийт 118 хоногийн хугацаагаар үргэлжилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-д “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Гэтэл тус иргэний хавтаст хэрэгт хийсэн үзлэг болон шүүхийн Иргэн-2014 системээс тус иргэний хэргийн мэдээлэлд хийсэн үзлэгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаагүй, энэ талаарх тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол иргэний хэрэгт авагдаагүй нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Дээрхийг дүгнэвэл, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т зааснаар “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгч В.А-д холбогдох сахилгын хэргийн тухайд: ....шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг “чи юу дэмий донгосоод байгаа юм суу” гэж зандарсан, “40,000 төгрөг өгнө гэсэн” гэх зүйл тогтоогдсонгүй. ...шүүгчийн 184/ШШ2020/02745 дугаар захирамжаар “хариуцагч Ю.У нь нэхэмжлэгч С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгөх” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамж /шийдвэр/-ийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гарсан /схх 99 дэх тал/ байх тул “олон шийдвэр гарган үгийг өөрчилсөн” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна. ...Харин зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 184/ШШ2020/02745 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... зохигч эвлэрлийн гэрээндээ: ... хариуцагч Ю.У нь нэхэмжлэгч С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч байхаар болсныг С.Ю хүлээн зөвшөөрч байгаа болно ...” гэж, мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “... Ю.У охин босож би сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч байя гэж хэлэв”, шүүгч тайлбартаа “... шүүх хуралдааны шатанд зохигч эвлэрсэн ...” гэж тэмдэглэгдсэнээс гадна иргэний хавтаст хэрэгт нэхэмжлэгч С.Ю, хариуцагч Ю.У нар гарын үсэг зурсан “2020.09.10 13.18 минут” гэж бичсэн эвлэрлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээс татгалзсан, хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтээс татгалзсан хүсэлт тус тус авагдсан  байгаагаас зохигчид тус шүүх хуралдаанд эвлэрсэн гэж үзэхүйц байна. Гэхдээ, тус шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр /схх 104-107 дахь тал/ талууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эвлэрлийн талаар яриагүй болох нь тогтоогдож байх ба талууд “шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээсээ татгалзсан” хүсэлт болон эвлэрлийн гэрээгээ шүүгчид хаана, хэзээ гаргаж өгсөн нь нотлогдохгүй байна. ...Мөн бичлэгт талууд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээсээ хэзээ татгалзаж, хэзээ эвлэрсэн болох нь бичигдээгүй учир тухайн үйл баримт хэзээ болсон нь тодорхойгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг  ... эхэлсэн, дууссан цаг, ... хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, ... нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасанд нийцэхгүй байна. Эдгээрээс дүгнэвэл шүүгч нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ. ...Гэвч шүүгч В.А, шүүгч Х.О нар нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т заасан зөрчлийг 2019-2020 онд гаргасан байх тул тус дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Х.О нь Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: " ... Түүний 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүүхдүүдээрээ тэжээн тэтгүүлэхээр гаргасан хүсэлт өргөдлийг хэрэгсэхгүй болгосон /энэ шийдвэр одоо байхгүй, 2020 он гэж нийлүүлэн гаргасныг шүүгч Х.О хэргийг хэрэгсэхгүй болгосон, албан газраас нь албан тоот ирсэн гэж харуулсан үндэслэлээр миний өмгөөлөгч Б.З уншиж үзээд над өгөлгүй шүүгч Х.О-д өгч хуурамч бичгээр хуульд заасан ёсоор /40,000 төгрөг/ 3 хүүхдүүд 120,000 төгрөг өгөх хуультай гэж гүтгэж шийдвэр гаргасан/ гэх гомдлын тухайд: Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгоод энэ талаар талуудад мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан тул одоо энэ шийдвэр байхгүй гэсэн байх мөн албан тоот гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар Ю.А, Ю.Б, Ю.Т нараас эцэг С.Ю-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн агуулга тодорхойгүй тул гүйцэтгэх боломжгүй талаарх албан тоотыг түүний өмгөөлөгч Б.З уншиж танилцуулсан тухайд гэж ойлгож байгаа бөгөөд тус албан тоот нь хэрэгт хавсаргасан тул хэргийн оролцогч нарт өгөхгүй ба харин өөрөө хэргээс хуулбарлан авах боломжтой. Тэрнээс шүүх хэргийн оролцогч нарт хэрэгт хавсаргасан нотлох баримтыг өөрийн санаачилгаар хуулбарлан өгөх боломжгүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн талуудын эвлэрлийн гэрээнд хариуцагч нараас эцэг С.Ю-г Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар мөнгө буюу эд хөрөнгөөр сар, улирал, хагас жил, жилээр тэтгэлгийг ямар байдлаар олгох талаар гэрээндээ тодорхой тусгаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх үзсэн тул Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгож дахин ажиллагаанд оруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг хамгаалсан байна. Харин түүний шүүгч Х.О хуульд заасан ёсоор 40,000 төгрөг 3 хүүхдүүд 120,000 төгрөг өгөх хуультай гэж гүтгэж шийдвэр гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Х.О би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хуульд заасны дагуу явуулсан ба тус хуралдаанд нэхэмжлэгч С.Ю өмгөөлөгч Б.З-н хамт оролцсон, нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо тохиролцоод гэрээг байгуулсан, хүүхдэд тус бүрээс 40,000 төгрөг нийт 120,000 төгрөг өгөхийг С.Ю гуай өөрөө хүлээн зөвшөөрсөн, гэрээнд өөрөө гарын үсэг зурсан байна. Хэрвээ түүнийг 120,000 төгрөг өгөхийг зөвшөөрөхгүй гэсэн бол шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэхгүй юм. Иймд шүүгчийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эвлэрэл баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх ашиг хөндөөгүй гэж үзэж байна. Мөн шүүгчийн хувьд нэхэмжлэгч С.Ю-г гүтгээгүй, энэ талаар түүний өмгөөлөгч хэлэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч С.Ю-д шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс шуудангаар хүргүүлсэн. Түүний хүүхдүүд мөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн өгөхөөр гэрээнд заасан боловч өгөөгүй тул С.Ю нь шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдэж одоо шийдвэр гүйцэтгэл дээр байгаа. Харин ямар ажиллагаа явагдаж байгаа талаар бол мэдэхгүй.... Шүүгч нарт өндөр хээл хахууль өгсөн учир эд нар олон шийдвэр гарган өөрчилж байгааг шалган шийдвэрлэх тухай гомдлын тухайд: ... Өөрийн шийдсэн хэргийн тухайд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгосон талаар тодорхой дурдсан тул дахин дэлгэрэнгүй бичээгүй болно. Нэхэмжлэгч С.Ю нь шүүгч намайг хэнээс хахууль авсан талаар бичээгүй боловч би хариуцагч нараас гэж ойлгож байгаа тул энэ талаар шалгуулахад татгалзах юмгүй байна ... Шүүгч Х.О би шүүгчээр 25 жил ажиллахдаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулиа дээдлэн асуудалд бодитой хандаж, хараат бусаар хэний ч нөлөөнд автахгүйгээр хэргийг шударгаар шийдвэрлэж, энэ зарчмыг баримталж ирсэн. Иймээс өмнө гаргасан буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаа хүчингүй болгож, дахин шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.Ю-н гомдлыг хангахаас татгалзаж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.Илтгэгч гишүүний саналд: “...Шүүгч Б.М нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын  мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна. Энэхүү шүүгч  Б.М-ийн гаргасан зөрчил гарснаас хойш 3 жил болсон байх ба Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 121 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.

Шүүгч В.А нь Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “... С.Ю нь өөрийн охин Ю.У-д холбогдуулан эцгээ тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2745 дугаар захирамжаар “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Гомдолд "... хэргийн оролцогчийн аливаа үйлдлийг хаацайлан, зандарсан, мөн танил талдаа, ашиг сонирхолтой хандсан” гэж бичсэн нь үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхдээ шүүгч хараат бусаар ажилласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ”. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж ... гаргана” гэж тус тус заасан. Хэргийг энэ хуульд заасан үндэслэлээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны шатанд зохигч эвлэрсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгч C.Ю-д хандаж таны тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хэрэгтэй байна, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх учиртайг нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж, мөн гомдол гаргагч өндөр настай, сонсгол бууралттай хүн байсан тул Ю.У-аар хэрхэн тэжээн тэтгүүлэх гэж байгааг асууж тодруулахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж хэлүүлсэн, хэргийн оролцогч нарын санал, хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарласан, зохигч шүүх хуралдааны танхимд орж ирэхдээ “... С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч тэжээн тэтгэж, тэтгүүлэхээр” эвлэрсэн тухайгаа бичгээр бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байсныг баталж, хэргийг шийдвэрлэсэн. Үгийг өөрчилсөн зүйл байхгүй юм. Энэхүү шүүхийн шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13369 дугаартай албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан байх ба гомдолд бичсэнээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр авч байгаа юм байна гэж ойлголоо. С.Ю нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан талаар бус зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг ташаа ойлгож, төлбөр авах боломжгүйгээр шийдвэрлэсэн гэж ойлгожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь Зохигчийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, түүний үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас болно. Иймд гомдол үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

С.Ю-гийн нэхэмжлэлтэй Ю.А, Ю.Б, Ю.Т нарт холбогдох “Тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шүүгч Х.О  шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01370 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2020/12818 дугаар шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/03513 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Мөн С.Ю-гийн нэхэмжлэлтэй Ю.У-д холбогдох “Тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч В.А 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02745 дугаар шүүгчийн захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт болжээ.

Өргөдөлд дурдсан үйл баримт нь 2019-2020 онд гарсан буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлэхээс өмнө байх тул 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээг хэрэглэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” байхыг ойлгоно.

Сахилгын хэрэг дэх нотлох баримтууд болон шүүгчийн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1.Сахилгын хэргийн оролцогч Х.О-д холбогдох үйл баримтын тухайд:

Нэхэмжлэгч С.Ю нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2019/03884 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01370 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Уг захирамжаа, шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2020/12818 дугаар шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн, улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/03513 дугаар шүүгчийн захирамжаар дахин зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан  нь “сайн дураар эцэг намайг тэжээн тэтгэнэ гэж эвлэрч тохиролцсон гэсэн үндэслэлээр, миний хүүхдүүдээрээ тэжээн тэтгүүлэхээр гаргасан хүсэлт өргөдлийг хэрэгсэхгүй болгосон, хуурамч бичгээр хуульд заасан ёсоор 40,000 төгрөг гурван хүүхдэд 120,000 төгрөг өгөх хуультай гэж гүтгэн шийдвэр гаргасан, шүүгч нарт өндөр хээл хахууль өгсөн учир олон шийдвэр гарган үгийг өөрчилсөн” гэх тухайд:

Өргөдөл гаргагч С.Ю нь иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож байсан болох нь:

-  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч С.Ю, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Ю.А, Ю.Б, Ю.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Г нарын хооронд эвлэрлийн гэрээг байгуулж, хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж гарын үсэг зурсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй болон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гарын үсэг зурсан,  

  • шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан,
  • Шүүхээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэрэг танилцуулсан баримтууд,
  • Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гарын үсэг зурсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ  зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд, талууд эвлэрлийн гэрээгээр “хариуцагч нар хүн тус бүр сард 40,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр” эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн, шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул “хуурамч бичгээр гүтгэн шийдвэр гаргасан, шүүгч нарт өндөр хээл хахууль өгсөн учир олон шийдвэр гарган үгийг өөрчилсөн” гэх дээрх үндэслэл нотлогдохгүй байна.

Харин шүүгч Х.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01370 дугаар захирамжаар эвлэрлийг батлахдаа “... Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрсэн гэрээнд: Хариуцагч Ю.А, Ю.Б, Ю.Т нар нь эцэг С.Ю-г сайн дурын үндсэн дээр тэжээн тэтгэж, уулзаж, харж хандана, талууд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл болон гомдол гаргахгүй, эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр биелүүлнэ гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна” гэж дүгнэн, эвлэрлийг баталж, С.Ю-гийн хүсэлтээр уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2019/09397 дугаар захирамж гаргажээ.

Шүүгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн “... шүүхийн шийдвэрийн агуулга тодорхой бус байх тул гүйцэтгэх баримт бичигт заасан үүргийг хэрхэн гүйцэтгэх” талаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/2700 дугаар албан бичгийг болон зохигч этгээдээс гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан бичгээр гаргасан захирамжаа илт үндэслэл муутай бол шүүгч өөрөө залруулж, өөрчлөх, хүчингүй болгох” зохицуулалтыг үндэслэн дээрх захирамжаа 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2020/12818 дугаар захирамжаар хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг захирамжийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч С.Ю-д гардуулж, хариуцагч талаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/13185 дугаар захирамжаар гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар, С.Ю-гийн нэхэмжлэлтэй, Ю.А, Ю.Б, Ю.Т  нарт холбогдох иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэснээс хойш 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийт 118 хоногийн хугацаагаар үргэлжилсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-д “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Гэтэл тус иргэний хавтаст хэрэгт хийсэн үзлэг болон шүүхийн Иргэн-2014 системээс тус иргэний хэргийн мэдээлэлд хийсэн үзлэгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаагүй, энэ талаарх тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол иргэний хэрэгт авагдаагүй нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх ба Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

2. Сахилгын хэргийн оролцогч В.А д холбогдох үйл баримтын  тухайд:

шүүхэд, нэхэмжлэгч С.Ю 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02745 дугаар захирамжаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “... шүүгч В.А 40,000 төгрөг өгнө гэв, миний өмгөөлөгч С.Б-д босож эцэг С.Ю нь шүүхийн шийдвэр нь 55% төлж байна, одоо хувь байхгүй шүүхийн шийдвэр 1 хүүхэд 409,000 төгрөг ба 55% төлж байсан болохоор 609,000 төгрөг байх ёстой гэж хэлэхэд нь шүүгч В.А нь чи юу дэмий донгосоод байгаа юм суу гэж зандрав” гэх тухайд:

Илтгэгч гишүүн Ц.Давхарбаярын хийсэн уг иргэний хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Гэрлэлт цуцлалттай холбоотой 1970-н хэдэн оны шүүхийн шийдвэр дээр хүүхдүүдийг хэдэн хувиар тэтгэмж олго гэсэн байдаг. Түүний дагуу цалингаас нь тэтгэмжүүдийг олгож байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзээд байгаа. Тэр баримт, бусад баримтуудыг авах шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргасан” гэхэд, Даргалагч шүүгч: “тэр баримтууд Ю.А, Ю.Б, Ю.Т гурав байна. Тэгэхээр хамааралтай юу?” гэж асуусан, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Эхлээд 3 хүүхэд нь 45 хувь байсан, сүүлд нь 1 хүүхэд нэмэгдээд 55 хувь болж тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн гэж үйлчлүүлэгч надад хэлсэн” гэхэд, Даргалагч шүүгч: “Аан за. Хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 665 дугаар шийдвэр байна. Тэгэхээр хүүхэд 3 байсан, 4 болсон гэж хэлээд байна уу? гэхэд, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Тийм. Би дараагийн хурал дээр өөрөө хууль зүйн талаас нь ажиллаж байгаад өгье гэж бодсон. Надад байгаа 1987 оны 02 дугаар 27-ны өдрийн шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй, энэ шийдвэр дээрх /хаягийг уншив/ байрыг салсан эхнэр болон үлдсэн хүүхдүүддээ өгсөн ийм нөхцөл байдал байна” гэж хэлсэн байх ба шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг “чи юу дэмий донгосоод байгаа юм суу” гэж зандарсан, “40,000 төгрөг өгнө гэсэн” гэх үйл баримт нотлогдоогүй байна.

Мөн өргөдөлд дурдагдсан “ ... шүүх нь хүүхдийн хэлснээр гаргасан боловч ... эгч, ах нарт 40,000 төгрөг тогтоосон учир би 40,000 төгрөг өгнө гээд ... шүүгч В.А захирамжаа мөн хэрэгсэхгүй гэж хуульд зааснаар олгохгүй байна ... Шүүгч ... нарт өндөр хээл хахууль өгсөн учир эд нар олон шийдвэр гарган үгийг өөрчилсөн ...” гэх тухайд:

шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/02745 дугаар захирамжаар “хариуцагч Ю.У нь нэхэмжлэгч С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгөх” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шүүгчийн захирамж /шийдвэр/-ийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШЗ2020/13369 дугаар захирамж гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаагаас өргөдлийн дээрх үндэслэл нотлогдоогүй болно.

Харин зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 184/ШШ2020/02745 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... зохигч эвлэрлийн гэрээндээ: ... хариуцагч Ю.У нь нэхэмжлэгч С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч байхаар болсныг С.Ю хүлээн зөвшөөрч байгаа болно ...” гэж, мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “... Ю.У охин босож би сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч байя гэж хэлэв”, шүүгч тайлбартаа “... шүүх хуралдааны шатанд зохигч эвлэрсэн ...” гэж тэмдэглэгдсэнээс гадна иргэний хавтаст хэрэгт нэхэмжлэгч С.Ю, хариуцагч Ю.У нар гарын үсэг зурсан “2020.09.10 13.18 минут” гэж бичсэн эвлэрлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээс татгалзсан, хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтээс татгалзсан хүсэлт тус тус авагдсан  байгаагаас зохигчид тус шүүх хуралдаанд эвлэрсэн гэж үзэхүйц байна.

Гэхдээ, тус шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн тэмдэглэлд талууд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эвлэрлийн талаар яриагүй байх ба талууд “шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээсээ татгалзсан” хүсэлт болон эвлэрлийн гэрээгээ шүүгчид хаана, хэзээ гаргаж өгсөн нь бичигдээгүй байна .

Тодруулбал, тус шүүх хуралдааны тэмдэглэлд “2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаан эхэлж, 12.00 цагт хаасан” гэж тэмдэглэгдсэн бол тус иргэний хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн тэмдэглэлд “шүүх хуралдаан 12 цаг 09 минут 19 секундэд эхэлж, талуудын шүүх хуралдаанд гаргасан /хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах хугацаагаар хангаж шүүх хуралдаан хойшлуулах, гэрч оролцуулах/ хүсэлтийг шийдвэрлэхээр 12 цаг 47 минут 33 секундэд шүүх хуралдаан завсарлажээ.

Улмаар 13 цаг 37 минут 08 секундэд шүүх хуралдаан үргэлжилж, шүүгч “шүүхээс шийдвэр гарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон захирамжлах нь 1-т Нэхэмжлэгч С.Ю, хариуцагч Ю.У нар нь нэхэмжлэгч С.Ю-д сар бүр 10 кг будаа, 10 кг гурил өгч байхаар эвлэрч харилцан тохиролцсоныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж уншин сонсгож, “... талууд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул гаргаагүйд тооцов ...” гэж нэмж тайлбарлан 13 цаг 39 минут 54 секундэд шүүх хуралдааныг хаасан байна.

Үүнээс үзвэл, 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 184/ШЗ2020/11321 дугаар захирамжид зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон хурал 12 цаг 09 минут 19 секундэд эхэлсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд эхэлсэн цагийг бодит хугацаагаар бус захирамжид товлосон цагаар бичжээ

Мөн бичлэгт талуудын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, улмаар гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг хэрхэн шийдвэрлэж, зохигчийг эвлэрч хэлэлцэх болсныг шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт тусгагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ”, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг  ... эхэлсэн, дууссан цаг, ... хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, ... нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасанд нийцээгүй байна.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдааны явцад болоогүй, бусад хүсэлтийг шийдвэрлэхээр шүүгч зөвлөлдөх тасалгаанд ороод шүүх хуралдааны танхимд орж ирэх үед болсон гэж сахилгын хэргийн оролцогч В.А сахилгын хорооны хуралдаанд тайлбарласнаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх гэж шүүх хуралдаан завсарласан боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн байдлаа шүүх хуралдааныг үргэлжлүүлж танхимд цугласан зохигчдын эвлэрлийг баталсан зөрчил гаргажээ.

Зүй нь, хүсэлтийг шийдвэрлэснийг танилцуулж, улмаар уг хүсэлтээсээ татгалзсаныг шийдвэрлэсний дараа зохигчдын эвлэрлийг шийдвэрлэх байжээ.

            Дээр дурдагдсан үйл баримтаас шүүгч нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

            Гэхдээ В.А, шүүгч Х.О нарт холбогдох Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т заасан зөрчлийг гаргасан гэх дээрх үйл баримтууд нь 2019-2020 онд хамаарагдаж байх тул тус дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. шүүхийн шүүгч Х.О, В.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                        Х.ХАШБААТАР 

С.ЭНХТӨР