info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-25

Дугаар 250

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч шүүгч Т.Б нарыг оролцуулан, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 141 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.Э болон өмгөөлөгч М.А нар сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “... Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан 2016 оноос хойш 6 жилийн хугацаанд тасралтгүй шүүхийн шатаар маргаж, үргэлжилж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Улсын дээд шүүхийн иргэний Хэргийн танхимаар хэлэлцэгдэж ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхан шатнаас нь дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш хэрэг ... дүүргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн тус шүүхийн шүүгч Т.Б шүүгчид хуваарилагдсан даруй ямар нэгэн шалтгаангүй ямар ч ажиллагаа хийлгүй хэргийг бүтэн нэг сар гаруй хугацаанд өөр дээрээ байлгаж байгаад өөрөө шалтгаангүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхээс татгалзсан байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.М хугацаа хожин маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Б в Р” ХХК-д худалдаж, онц их хэмжээний мөнгөтэй болох гэмт санаагаа хэрэгжүүлж дахин гэмт хэрэг үйлдэж манай компанийг маш их хохироогоод байна. Монгол улсын шүүхийн шүүгч нар хэргийг ямар зорилгоор удаагаад байгаа нь ойлгомжгүй, “Б” ХХК хууль ёсны эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хэрэг маргаанаа шүүхээр нэг мөр эцэслэн шийдвэрлүүлж чадахгүй шүүхийн үйл ажиллагаанаас болж даруй 6 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч гэмт санаагаа удаа дараа үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлэхдээ төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахуул авах, Хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийлгүүлэн гэмт үйлдэлдээ татан оролцуулсаар байна. ... Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2 дах хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэснийг болон Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрсөн гэж үзэж байна. ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Б-ийн хуулиар хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхээс зайлсхийж шалтгаангүйгээр өөр дээрээ удаан, улмаар хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл нь нэхэмжлэгч талд давуу байдал бий болгон нэхэмжлэгч талд дахин гэмт хэрэг үйлдэх боломж бололцоог цаг хугацааны хувьд бий болгон өгч байна гэж үзэж байна. Дээрх шүүгчийн зүй бус үйлдэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөд зогсохгүй, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1.1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нь өөрөө хүсэх юм бол хэрэг хянан шийдвэрлэх хугацааг ямар хугацаагаар хойшлуулж дуртай хэргээсээ татгалзах эрхтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн албан үүргээ хуулийн хугацаанд гүйцэтгэхгүй хугацаа удаашруулсан зүй бус нөлөөллөөс болж маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч тал гуравдагч этгээд буюу Хятад улсын “Б в Р” ХХК-д худалдаж манай компанид онц их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй дахин өөр этгээдэд худалдахаар БНХАУ-ын интернэт сайтуудаар зар түгээгээд байгаа баримт бидэнд ирсэн болно. Шүүгчийн дээрх эс үйлдэхүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журам, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 16.1.5, 16.1.8, 50.1.1, 50.1.26-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж үзэж байгаа тул ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д сахилгын хэрэг үүсгэн, шүүгчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгаж шийдвэрлэж, хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгч Т.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: ... Шүүгч Т.Б би 2022 оны 7-р сарын 01-ний өдрөөс 2002 оны 08 сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Нэхэмжлэгч Б.Мандахбаярын нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны 08-р сарын 30-ны өдөр надад хуваарилагдсаныг мэдээлэл лавлагааны ажилтан Огторгуйгаас хүлээн авсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчид хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан нөлөөлөх байдлыг хариуцагч “Б” ХХК-иас бусдаар дамжуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч би дээрх үндэслэлээр 2022 оны 09 сарын 09-ний өдөр татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгчид гаргаж, нөлөөллийн мэдүүлэг бичсэн байгаа. Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг сар гаран хугацаанд шийдвэрлэхгүй байсан асуудал байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хүлээн авсан дардас, мөн шүүхийн “Хүчингүй болгосон хэргийг дахин хуваарилсан” бүртгэлийн дэвтэр зэрэг баримтаар тухайн хэрэг шүүгч Т.Б-д хуваарилагдсан байх бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах” 101/ЕШ2022/06026 дугаар захирамжаар Б.М-ын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан байна. Ерөнхий шүүгчийн тус захирамж гарсан өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу ажлын 6 өдрийн дараа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Т.Болормаа нь Б.М-ын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлогыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлд уг асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан, зохих хуулийн байгууллагад нь мэдэгдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтээ тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 21 минутад бичиг хэргийн бүртгэлд бүртгэжээ. Улмаар дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай шүүгч Т.Б-ийн хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн Ерөнхий шүүгч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг шийдвэрлэх тухай” 101/ЕШ2022/06279 дугаар захирамжаар шийдвэрлэсэн болох нь баримтаар нотлогдож байна. Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгч Т.Б нь ямар ч ажиллагаа хийлгүй хэргийг бүтэн нэг сар гаруй хугацаанд шалтгаангүйгээр өөр дээрээ удаан, хэрэг маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхээс зайлсхийж улмаар хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин тухайн хэргийн оролцогчоос шүүгчид нөлөөлөх байдал гаргасан гэж үзэж шүүгч Т.Б холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас мөн энэ үндэслэлээрээ татгалзсан, уг татгалзлыг шийдвэрлэх хуулиар бүрэн эрх олгогдсон эрх бүхий албан тушаалтан болох тус шүүхийн Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзлыг шийдвэрлэсэн гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Э-ын ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1287 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн, мөн өмгөөлөгч М.А, иргэн С.Э нарын ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1297 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн, улмаар Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1314 дүгээр захирамжаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох дээрх 2 хэргийг нэгтгэсэн байна.     

Өргөдөл мэдээлэл гаргагч С.Э, М.А нарын өргөдлийн агуулгаас үзвэл “... хэрэг ... дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д хуваарилагдсан даруй ямар нэгэн шалтгаангүй ямар ч ажиллагаа хийлгүй хэргийг бүтэн нэг сар гаруй хугацаанд өөр дээрээ байлгаж байгаад шалтгаангүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхээс татгалзсан” гэх үндэслэлээр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдуулан гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан, Б.М-ын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Т.Б-д 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуваарилсан болох нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Шүүгч, ажилтнуудын 2022 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” А/08 дугаар тушаал, анхан шатны шүүхийн хэрэг хүлээлгэн өгсөн дардас, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хүчингүй болгосон хэргийг дахин хуваарилсан бүртгэл”-ийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгч Т.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Б.М-ын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх оролдлогыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн ...” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06279 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн, уг нөлөөллийн мэдүүлгийн дагуу Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул шүүгч Т.Б-г Б.М-ын нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох хэрэгт ямар ч ажиллагаа хийлгүй бүтэн нэг сар гаруй хугацаанд өөр дээрээ байлгасан,  шалтгаангүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, дээрх хэрэг шүүгч Т.Б-д хуваарилагдсанаас хойш татгалзан гарах хүсэлт гаргах хүртэл 10 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул “... ямар ч ажиллагаа хийлгүй бүтэн нэг сар гаруй хугацаанд өөр дээрээ байлгасан” гэх гомдлын үндэслэл, зохигч талуудаас нөлөөлөх оролдлого хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4. “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж заасан шүүгч татгалзан гарах үндэслэлд хамаарч байх тул “... шалтгаангүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэхээс татгалзсан” гэх гомдлын үндэслэл тус тус үгүйсгэгдэж байна.

 Иймд илтгэгч гишүүнийн саналыг хүлээн авч, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 141 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                                Х.ХАШБААТАР