info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-08

Дугаар 239

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, холбогдох шүүгч Р.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 134 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан. Өргөдөл гаргагч Г.Б-ны өргөдөлд дурдсан үйл баримт нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.

            1. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А Т Б Х ” ХХК, Г.Б нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-ны нэхэмжлэгч С.Э-ээс 631.483.764 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... /ШШ2020/03069 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч Г.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гарган Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн ... /ШШ2020/03069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “346 дугаар зүйлийн 346.2” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үүнд хариуцагч Г.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргахад Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00123 дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар 4, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй гэж үзэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр дүгээр зүйлийн 1-д “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана“, 2-т “... албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “... шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “... албан тушаалтан, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, ... зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалт болон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолуудаас дүгнэвэл шүүгч Р.А нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, дараа дараагийн шүүхэд нөлөөлөн шийдвэрээ баталгаажуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-тай гар нийлж ажилладаг гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул түүнийг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Мөн өргөдөл гаргагч нь шүүгч Р.А-г иргэний хэргийн нэхэмжлэгч С.Э-ийн авлигад өртөж шийдвэрээ гаргасан гэж үзэж буй бол холбогдох эрх бүхий байгууллагад нь хандах эрх нь нээлттэй болно.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийн хариуцагч Г.Б хэргийн материалтай танилцах эрхтэй. Шалгах ажиллагааны явцад иргэний 3 хавтас, 750 хуудас хэрэгт үзлэг хийхэд шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Б-д 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... /ШЗ2020/06339 дүгээр захирамжаар Г.Б-ныг хамтран хариуцагчаар татсаны дараа 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, Г.Б-ны өмгөөлөгч Т.О-т 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалыг Г.Б-д 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, Г.М-д 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, харин өмгөөлөгч Т.О-т 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус тус танилцуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан ... шүүхийн  “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан болон хэргийн материал танилцуулсан баримтуудаар нотлогдож байна. Тодруулбал, Г.Б-ыг хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

            3. Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “... мөн миний охин өвчний улмаас эмнэлэг үзүүлэх шаардлагатай байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон. /80086829, ХӨСҮТ/ Г.Н13 настай ...” гэх бичгийн хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө өгчээ. Шалгах ажиллагааны явцад тухайн үед шүүгч Р.А-гийн туслахаар ажиллаж байсан О.А-аас гэрчийн мэдүүлэг авахад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Б өөрийн охиноо гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргаж байсан эсэхийг сайн санахгүй байх боловч гадаад улсад оршин суудаг н.Баяржаргалыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргаж байсан. ... гэрчийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байснаас шүүгч хүсэлтийг нь хангаагүй санагдаж байна. Мөн Г.Б өөрийнхөө зардлаар гэрчийг авчирсан гэж хэлж байсныг санахгүй байна. ... шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ өөрийн биеэр шүүх хуралдааны өмнө ирж 2-3 хуудас хүсэлт бичгээр өгч байсан. Тэрээр өөрийнхөө утаснаас нэг утасны дугаар үзүүлээд “энэ манай охины эмчийн дугаар, ийшээ яриарай” гэж хэлэхэд нь би “ярих боломж байхгүй, гэхдээ та шүүх хуралдаан хойшлуулах гэж байгаа бол холбогдох баримтаа өгөөрэй. Түүнийг нь шүүгч шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэж хэлэхэд Г.Б “чи ярьсан нь дээр байсан юм даа, яриагүйдээ харамсана даа” гэж хэлж байсан. Ер нь бол манай шүүгч дээр энэ хэрэг нь шилжиж ирснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байж шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан ихэнх тохиолдолд Г.Б-ны хүсэлтээр хойшилдог байсан. Тэрээр ирэх бүртээ өөрийнхөө хүсэлтийг надад шууд тулгаад хэрүүл хийдэг байсан болохоор Г.Б гэдэг хүнийг санаж байна” гэж мэдүүлсэн. Г.Б-ны бичгээр өгсөн хүсэлтээс үзэхэд тэрээр “шүүх хуралдаанд оролцох боломжгүй” байгаа тухай мэдэгдсэн болохоос, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй байна. Мөн шүүгчийн туслах О.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “хэргийн нотлох баримт нь зохигч, ... тайлбар, ... эсхүл баримт бичиг, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж тус тус зааснаар шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлээ нотолсон холбогдох баримтаа өгөх шаардлага тавьсныг буруутгахгүй. Шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэн, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... /ШЗ2020/14862 дугаар захирамжаар “Г.Б хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ баримтаар нотлоогүй, өмгөөлөгч Т.О-аас татгалзаж байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалын 15 дугаар талын 1 дүгээр догол мөрт “хариуцагч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, харин хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг гаргаагүй байна. Иймд шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй гэж түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн байна.

            4. С.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А Т Б Х ” ХХК, Г.Б нарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийн 2 дугаар талын 1 дэх догол мөрөөс хариуцагчийн өмгөөлөгч, мөн шүүгчийн тухайн өдрийн ... /ШЗ2020/09959 дүгээр захирамжийн 1 дүгээр талын 6 дугаар догол мөрийн 8 дахь эгнээнээс хариуцагч Г.Б “... миний бие тус хавсралт гэрээ гэх баримтад гарын үсэг зурж байгаагүй бөгөөд тухайн гарын үсгүүд нь миний гарын үсгүүд биш болно. ... Г.Б миний бие гарын үсэг зураагүй тул тус баримт дээрх гарын үсэг минийх мөн эсэхийг шинжлүүлэх хүсэлттэй байна” гэх хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.П шүүгчийн захирамжийн хүрээнд “2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ, хавсралт №1 гэсэн баримтууд дээрх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Б-ны гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэх 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3230 дугаар шинжээчийн дүгнэлтээ ирүүлснээр, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ... /ШЗ2020/13283 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. Хариуцагч тал 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан байх ба эс зөвшөөрч байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй байх тул шүүгч Р.А-г өргөдөлд дурдсанчлан “Г.Б-ны хүсэлтийг буруу тайлбарлан шинжээчээр буруу дүгнэлт гаргуулсан” гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй болно.

            5. Г.Б өргөдөлдөө “... иргэний хэргийн оролцогч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З болон нэр бүхий хүмүүсийн талаар болон шүүгч, өмгөөлөгч, хэргийн оролцогч ... зэрэг этгээдүүд Эрүүгийн хуульд заасан албан тушаал, авлигын хэрэг хамтран үйлддэг, үйлдсэн байж болзошгүй тул шалгах нь зүйтэй байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 22.1, 22.5, 24.2-т заасан зэрэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон шинжтэй гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж харж байгаа учраас хуулийн байгууллагуудад өргөдлөө өгсөн болно” гэснээс үзвэл тэрээр нэр бүхий хүмүүсийн талаарх гомдлоо холбогдох байгууллагад нь гаргасан байна. Г.Б-ны өргөдөлд дурдсан асуудлаар ... шүүхийн  Ерөнхий шүүгч Р.А-г 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.гэжээ.

Холбогдох шүүгч Р.А Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “... С.Э нь “А Т Б Х ” ХХК-д холбогдуулан тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Шүүгч М.М энэ хэргийг шийдвэрлэхээс татгалзаж, улмаар шүүгч надад хэрэг хуваарилагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь “А Т Б Х ” ХХК, Г.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, түүнийг хамтран хариуцагчаар татсан, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон байна. Шүүх  хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... /ШШ2020/03069 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагч Г.Б-ны гаргасан гомдлын тухайд: Шүүх хуралдаанд хариуцагч Г.Б ирээгүй, өмгөөлөгчөөсөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан нь түүний эрхийг зөрчсөн үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр хууль бус, хулгайн шийдвэр гаргасан, илт нэг талыг барьсан, шүүгч гаргасан шийдвэрээ дараагийн шүүхэд нөлөөлөн баталгаажуулсан байх ёс зүй шүүгч надад байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-тай гар нийлж ажилладаг, С.Э-ийн авлигад өртөж шийдвэр гаргасан тодорхой гэсэн байх ба шүүгч би хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаагүй, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. АНУ-д амьдарч байгаа охин, түүний ээж н.Б-ыг шүүх хуралд оролцуулахаар ирүүлсэн, зардал гаргасан, хурлын урд өдөр Сүнжин гранд зочид буудлаас гарсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Шүүгч хариуцагчийн хүсэлтийг буруу тайлбарлан шинжээчээр буруу дүгнэлт гаргуулсан гэжээ. Хариуцагч Г.Б-ны хүсэлтээр түүний гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэгтэй тохирно гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн талаар маргаагүй. Шүүгч Эрүүгийн хуульд заасан албан тушаал, авлигын хэрэг хамтран үйлддэг, үйлдсэн байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн 22.1, 22.5, 24.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэжээ. Иргэн Г.Б нь Улсын Мөрдөн Байцаах Газарт энэ талаар өргөдөл гаргасан байсан. Шүүгч би шийдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан тайлбарыг гаргасан. Харин шүүгчийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэлд нь хуульд зааснаар гомдлоо гаргаж шалгуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан олон удаа хойшилсон, удаа дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй. Түүний гаргасан үндэслэлгүй гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдөл гаргагчаас “... шүүгч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж, бусдын нөлөөнд автаж, авлигад өртөж, миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасан, ... миний өмгөөлөгч Т.О-ийн нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй хуйвалдаж хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт өгүүлээгүй, ... АНУ-д амьдарч байгаа охин, түүний ээж Н.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулахаар ирүүлсэн боловч шүүгч эмчилгээний зардлаар хохироосон, ... хүсэлтийг буруу тайлбарлаж, шинжээчээр буруу дүгнэлт гаргуулсан гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Өргөдөлд дурдсан үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу 2012 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Нэгт: “... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр илт нэг талыг барьж, бусдын нөлөөнд автаж, авлигад өртөж үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хууль бус шийдвэр гаргасан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

     С.Э-ийн нэхэмжлэлтэй, “А Т Б Х ” ХХК, Г.Б нарт холбогдох иргэний хэргийг ... шүүхийн  2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .../ШШ2020/03069 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Б-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт хариуцагч Г.Б давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 381 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Мөн хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... /ШХТ2021/00123 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 25-31, 38-54 /

            Шүүгч Р.А нь дээрх иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьж, бусдын нөлөөнд автсан гэж үзэх үндэслэл болохгүй.

     Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бүхэлд нь хянан үзэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байх бөгөөд шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нар эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу дээд шатны шүүх  хянан шийдвэрлэж, өөрчлөлт оруулснаар тухайн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Хоёрт: Шүүгч Р.А нь дараа дараагийн шүүхэд нөлөөлөн шийдвэрээ баталгаажуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-тай гар нийлж ажилласан, С.Э-ийн авлигад өртсөн гэж өргөдөлд бичсэн байх боловч шүүгч бусдын буюу хэргийн оролцогчийн нөлөөнд орж шийдвэр гаргасан гэх байдал шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаар тогтоогдсонгүй. Мөн өргөдөлд шүүгч, өмгөөлөгч, хэргийн оролцогч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.5, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан зэрэг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон шинжтэй гэмт хэргүүд үйлдэгдсэн гэсэн нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй ба Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй. Энэ талаар өргөдөл гаргагч нь эрх бүхий байгууллагад хандсан талаар дурджээ.

     Гурав: Миний өмгөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З хуйвалдаж, хэрэг танилцуулаагүй, нотлох баримт шүүхэд гаргуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б-ны өмгөөлөгчөөр Т.О оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд Г.Б-аас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Г.М-д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /1хх21,22/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалыг Г.Б-д 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д 2020 оны 3 дугаар сарын 06, 23, 31-ний өдөр, түүний өмгөөлөгч Т.О-т 2020 оны 3 дугаар сарын 23, 31-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус тус танилцуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан ... шүүхийн  хэргийн материал танилцуулсан баримтуудаар тогтоогдож байна. /1хх139-147/

Хариуцагч Г.Б өөрийн өмгөөлөгчдөө итгэж хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөөгүйд шүүгчийг буруутгах боломжгүй бөгөөд харин шүүхээс хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхээ хэдийд ч хэнээс ч хамааралгүйгээр эдлэх боломжтой юм.

     Дөрөв: “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад охиныхоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгч эмчилгээний зардлаар хохироосон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

     Хариуцагч Г.Б-аас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “... миний охины биеийн байдал өвчний улмаас эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болсон. Б.Н 13 настай, өмгөөлөгч О-аас татгалзаж байна” гэх хүсэлтийг ирүүлж, мөн өдрийн .../ШЗ2020/14862 дугаар шүүгчийн захирамжаар “... хариуцагч Г.Б нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүйгээ баримтаар нотлоогүй, өмгөөлөгч О-аас татгалзаж байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж дүгнэж” хүсэлтийг хангахгүй орхижээ. /хэргийн 112,113/

Энэ талаар шүүгч Р.А-ийн туслахаар ажиллаж байсан О.А Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ өөрийн биеэр шүүх хуралдааны өмнө ирж 2-3 хуудас хүсэлт бичгээр өгч байсан. Тэрээр өөрийнхөө утаснаас нэг утасны дугаар үзүүлээд “энэ манай охины эмчийн дугаар, ийшээ яриарай” гэж хэлэхэд нь би “ярих боломж байхгүй, гэхдээ та шүүх хуралдаан хойшлуулах гэж байгаа бол холбогдох баримтаа өгөөрэй. Түүнийг нь шүүгч шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ” гэж хэлэхэд Г.Б “чи ярьсан нь дээр байсан юм даа, яриагүйдээ харамсана даа” гэж хэлж байсан.” гэж мэдүүлжээ. /1хх126-129/

     .... давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалд “... хариуцагч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, харин хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг гаргаагүй байна. Иймд шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй гэж түүний эзгүйд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна” талаар дүгнэсэн.

     Ийнхүү шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасанд нийцсэн байх бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээр хариуцагчид хохирол учруулсан гэх өргөдөл үндэслэлгүй.

     Тав: “... хүсэлтийг буруу тайлбарлаж, шинжээчээр буруу дүгнэлт гаргуулсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

     2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Б-ны бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд хүсэлттэй холбоотой хэлсэн тайлбарыг үндэслэн түүний гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, мөн өдрийн .../ШЗ2020/09959 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 89-94, 148,148/

Уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байх боловч хэргийн оролцогчоос гомдол гаргаагүй байна.

            Улмаар дээрх шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3230 дугаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .../ШЗ2020/13283 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. /хэргийн 95-106, 150/

            Дээрх шинжээчийн дүгнэлттэй хариуцагчийн өмгөөлөгч Т.О 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, хариуцагч Г.Б 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус танилцсан болох нь хэрэг танилцсан баримтаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 111.3-д “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно.” гэж заасан бөгөөд хэргийн оролцогчоос дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Дээрхээс үзвэл, шүүгч хүсэлтийг буруу тайлбарлаж, шинжээчээр буруу дүгнэлт гаргуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

     Ийнхүү өргөдөлд дурдсан үйл баримт нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгч Р.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 134 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Г.Б-ны өргөдлийн дагуу ... шүүхийн  Ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                         Д.АРИУНТУЯА

Ц.ДАВХАРБАЯР