info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО 


Шүүхийн Сахилгын хороо болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран ажиллах, Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг /шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах/-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийг хамруулах сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх талаар санал солилцох, зөвлөлдөх уулзалт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Гурван сарын хугацаанд үргэлжлэх уг сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтыг зохион байгуулахын тулд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны шийдвэрт дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлага үүсэж буй тул Шүүхийн сахилгын хорооны гомдол хянан шийдвэрлэсэн байдал (сахилгын хэрэг үүсгэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан, гомдлыг хянан шийдвэрлэсэн байдал)-д дүн шинжилгээ хийх судалгааг хоёр байгууллага хамтран хийхээр тохиролцлоо.

Уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг, Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн Сахилгын хорооны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Айбек, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл нар оролцлоо.