info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-05-31

Дугаар 7

Улаанбаатар хот

Л.Угтахбаярын гомдолтой сахилгын хэргийн тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

I. Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалаар илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчил гаргасан буруутайд тооцон, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

II. Шүүгч Л.Угтахбаяр Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр миний бие Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар магадлалыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Тус магадлалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах", Коронавируст халдвар /ковид-19/-ыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Гомдол гаргагч иргэн Ж.Иманмагзам нь нэхэмжлэгч "Бодь даатгал" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцож, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний бие хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба шүүх гомдлыг хүлээн авч, хэргийг Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаар шүүгчийн захирамжаар хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад анхан шатны шүүх гомдлыг хүлээн авсан..." үндэслэлээр давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлт гаргахдаа холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг залруулаагүй байсан тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, шийдвэрлэх явдал тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;" үүргийг хэргийн оролцогч гаргаж өгөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, Иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтийн нэг хэлбэр болохоос гадна шүүн таслах ажиллагаанд гарсан алдаа, зөрчлийг шуурхай арилгах хууль ёсны баталгаат арга болдог тул шүүхийн алдааг залруулах нь шүүхийн хамгаалалтын салшгүй хэсэг болдог. Шүүхийн тогтолцоо анхан, давж заалдах, хяналтын гэсэн гурван шаттай байгаа нь шүүхийн алдааг илрүүлж, залруулах боломжийг бүрдүүлдэг. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэг бүрчлэн заасан байхад уг нөхцөл байдал арилаагүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс залруулж ирүүлээгүй тохиолдолд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байсан тул Шүүхийн сахилгын хорооны магадлалд заасан "...шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ   аливаа   этгээдээс   хараат   бус   байх..."   зарчмыг   зөрчсөн, ...хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Угтахбаярт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Б.Шинэтуяад холбогдох 9.592.951 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 143/ШШ2020/00552 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг шуудангаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Бодь даатгал” ХХК-ийн ажилтан гардан авч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаар захирамжаар “... давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн, “Бодь даатгал” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан гэх үйл баримт тогтоогдож байна.

“Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлтдээ давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн тухай болон тэмдэгтийн хураамж иргэн н.Саулегүль төлсөн талаар тодорхой тайлбараа ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хүсэлтийг холбогдох шүүгч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/Ш32021/00347 дугаар захирамжаар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа буюу 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон атлаа хуульд заасан 14 хоног буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг ирж өөрөө гардан аваагүй тул шүүх шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт нийцнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна...” гэж давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж үзжээ.

Мөн дээрх захирамжаар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-д заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа "Саулегүль Ахмэд"-ээс гэсэн төлбөр төлсөн баримт авагдсан байх бөгөөд төлбөрийн гүйлгээг "Бодь даатгал" ХХК-ийн өмнөөс улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбаярын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр Ахмедын Саулегүль хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ба 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1123 дугаартай албан тоотоор төлөөлүүлэгч Б.Золбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлээс татгалзсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч "Бодь даатгал" ХХК-ийг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй байна гэж үзсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болсон “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Б.Шинэтуяад холбогдох 9.592.951 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Иманмагзам онлайн /цахим/-аар оролцсон байх бөгөөд тухайн цаг үе нь Монгол Улсад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарч байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал батлагдсан байх ба аргачлалын 1.1-д “Энэ аргачлалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд ...шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг холбогдох шүүхэд хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”,1.3-т “шүүгч, ...энэ аргачлалыг хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлж, иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллана”, 6.1.1-д “Тогтоол, магадлал, шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлснээр гардуулсанд тооцно” гэж заасан байх бөгөөд тус аргачлалын 1.5-д “энэ аргачлалыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дагаж мөрдөнө” гэж заасныг бүх шатны иргэний хэргийн шүүх дагаж мөрдөх үүрэгтэй байжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7-д заасан шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авсанд тооцож, гомдол гаргах хугацааг тоолдог зохицуулалтыг ердийн үеийнхтэй харьцуулан хэрэглэж нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан анхан шүүхийн шүүгчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй байна гэж Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 137 дугаар магадлалд дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам тэмдэгтийн хураамж иргэн н.Саулегүль төлсөн талаар тодорхой тайлбараа ирүүлсэн хэдий боловч холбогдох шүүгч хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, зөвхөн давж заалдах шатны шүүхийн өмнө гаргасан гэх Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203/Ш32021/00008 дугаар захирамжийг үндэслэл болгон тайлбарлаж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байжээ.

Хүсэлтэд дурдсан давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хугацаа, гүйлгээний утга, давж заалдах гомдол гаргасан хугацаа зэргийн талаар шүүгчийн захирамжид дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогч заавал өөрөө төлсөн байхыг хуулиар шаардаагүй байх атал хуульд заагаагүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзсэн Шүүхийн сахилгын хорооны магадлал үндэслэлтэй байна.

Иймд шүүгч Л.Угтахбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид  хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                                              Б.СУГАР

 ГИШҮҮД                                                                     Д.АРИУНТУЯА

С.ЭНХТӨР

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.