info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-06-21

Дугаар 10

Улаанбаатар хот

Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар, ... шүүхийн шүүгч Д.У-ээс Шүүхийн сахилгын хорооны 2022 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дүгээр магадлалыг эс зөвшөөрч, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдлыг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр магадлалаар:

            “...Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь хэсэгт заасан үндэслэлээр, 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Д.У-т “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ.

            Шүүгч Д.У- Сахилгын хороонд ирүүлсэн гомдолдоо:

             “... Шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаж талуудад гардуулалгүй хуулийн хугацаа хэтрүүлсэн нь миний буруу. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлд Шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийг, 56.1.1 хаалттай сануулах, 56.1.2 нээлттэй сануулах, 56.1.3 цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, 56.1.4 шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах арга хэмжээнүүд байхад хамгийн хүндийг надад ногдуулсанд гомдолтой байна.

            Хуулийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасан.

            Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад бүрэн эрхийг нь эдлүүлэн, боломжит хугацаагаар мэтгэлцүүлсэн, хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн авч үзэж нотолгооны хэрэгслүүдийг бүрэн үнэлж, маргааны үйл баримт нэг бүрийг тогтоон гаргаж, үйл баримт нэг бүрд эрх зүйн бүх үндэслэл дүгнэлтийг хийж, 40 хуудас шийдвэрийг боловсруулж оролцогч нарт гардуулсан.

            Магадлалд 71 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй тул гэж дүгнэжээ.

            1. ... 2022 оны 1 сарын 6, 2 сарын 16-ны өдрөөс тус тус эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 2022 оны 3 сарын 23-ны өдөр үе солиулах мэс засалд орсон, босч явж чадахгүй байгаа аргагүй байдлаа бичиж, тус хороон дээр хүрэлцэн очиж чадахгүй үнэн учраа тодруулан, хүлцэл эрэн холбогдох баримтын хамт тайлбараа хүргүүлсэн.

            Миний хувьд 35 жил шүүхэд ажиллахдаа орон нутгийн шүүхэд ажилласан 3 жилээс бусад нь нийслэлийн дүүргүүдийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж ямар нэг өвчин хувийн шалтгаанаар ажлаа орхидоггүй чөлөө авдаггүй байсан. 2010 онд хорт хавдар өвчний хүнд мэс засалд орж бүтэн жил химийн эмчилгээ хийлгэхдээ 1 ч өдрийн чөлөө авалгүй, харин ч цаглан хориог өөр хүнд орхих боломжгүйгээс шүүгч нарын амралтын үед үлдэж ажилласаар өвчний үе шатаа хүндрүүлсэн, зөвхөн ээлжийн амралтын хугацаандаа эмчлүүлснийг ...  дүүрэгт хамт ажиллаж байсан шүүгч нар мэднэ.

            ... Шүүгчийн үгийг үл тоох байсан юм бол хуульд зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон байх гэдгийг тусдаа зүйл заалт болгож оруулсныг зөвхөн надад хамааруулахгүй гэж үзэж байгаа юм уу.

            ... Насны амьдралаа зориулсан, хайрлаж хүндэтгэн хийдэг ажлаа үнэхээр энэ бүх зэрэг зэрэг өвчний улмаас сэтгэл зүрх шаналж хийж чадахгүй яаж ч чадахгүй барьж тавьж өвдөж зовж шөнөжин цурам хийлгүй бариад ч дуусгаж чадалгүй багтарч байдаг. Шүүхээс өөр юунд ч цаг хугацааг зориулаагүй, бие сэтгэлийн өвчний шаналал зовиур ухаан санааг булаах л яаж ч чадахгүй үе ирдэг юм байна.

            ... Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт гар дээр өгөхгүй, e-mongolia-аас лавлагаагаа ав гээд байгаа ч лавлагаа орохгүй байгаа тул Улсын төв 2-р эмнэлэг болон Гэмтлийн эмнэлгийн хариуцаж эмчилж байгаа эмч нараас учирлаж магадлагаа авснаа тус хороонд хүргүүлсэн ...

            2. Манай шүүх батлагдсан 14 байхаас орон тоо дутуу явдаг, ажлын ачааллаас 2021 оны сүүлээр 3 залуу шүүгч нар хүсэлтээрээ чөлөөлөгдөн, үлдсэн шүүгч нар дутуу хэргүүдээ нэмж хуваан авч ажиллаж ачаалал их байсан болохоор чөлөө авах, өөрийгөө бодох сэтгэл надад байгаагүй, зүтгэж ажиллаж ирсэн. Дээр нь ажлын ачааллаас шалтгаалан манай шүүгч нарын эрүүл мэнд муудаж, 3 шүүгч удаан хугацаагаар чөлөө авч эмчилгээ хийлгэсэн, туслах нарийн бичгийн орон тоо ч байнга дутуу явж ирсэн.

            3. Шүүгчийн туслах олдохгүйгээс нарийн бичгийн ажлыг хийж чадахгүй ажлаас халчихсан ажилтныг ганц шалгалт өгч тэнцсэн хүн тул та авахаас өөр арга байхгүй гэж тамгын газраас тулгаж өгснөөс, энэ туслах байнга асуудал гаргаж, худал хэлж бүр сүүлдээ 2021 оны сүүлээр ажлаа хаяад хэргүүдийг минь өрөөндөө цоожлоод алга болсон. Сүүлдээ тамгын газарт хэлж шаардаж байж цагдаа холбогдох хүмүүсийг байлцуулан цагаан сарын өмнөхөн өрөөний цоожийг нь эвдэж онгойлгуулан хэргүүдээ олж авсан.

            Шүүгч дутуу болохоор шүүгчийн ажлын адил ачаалал дээр ерөнхий шүүгчийн ажлаа давхар амжуулж ажиллаж ирсэн.

            Миний хувьд, шийдвэрээ яаруу дутуу гаргаж түвддэггүй, бүх эрх зүйн үйл баримтыг нарийвчлан гарган тогтоож, үйл баримт нэг бүрд бүх талын эрх зүйн дүгнэлтээ хийж их нухаж бичдэг болохоор маш их цаг зарцуулдаг.

            4. Тус хорооны 02 дугаар тогтоолоор цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан гэсэн тогтоол одоо хүртэл надад ирээгүй.

            Иймд шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг хэтрүүлсэн асуудлын гэм бурууг авч үзэхдээ миний эрүүл мэндийн хүндрэлтэй болон бусад байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлд тооцон, хуульд заасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэлийг хөнгөрүүлж тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Ү з” ХХК-аас “ ... ... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар “Ү з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “З м” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.У- нь шүүхийн шийдвэрийг одоог хүртэл бичгээр гаргаагүй ... хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн ... шийдвэрийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан ... шүүгчийн энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас шүүхийн шийдвэр гардан авах, албадан гүйцэтгүүлэх болон давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрч хуулиар хамгаалагдсан үндсэн эрх зөрчигдсөн ...”  гэх агуулгатай өргөдлийг шүүгч Д.У-т холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлжээ.

Илтгэгч гишүүний 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 668 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, захирамжийг холбогдох шүүгчид 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3-т заасан 14 хоногийн хугацаанд шүүгч нь хариу тайлбар ирүүлээгүй, харин шүүгч 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тайлбар ирүүлсэн байна.

            Илтгэгч гишүүн сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан .. дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, ... дүгээр магадлалаар “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн зөрчил гаргасан” үндэслэлээр шүүгч Д.У-т “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

            2. Тус магадлалыг, холбогдох шүүгч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сахилгын хороонд биечлэн ирж гардан авсан байх ба магадлалыг эс зөвшөөрч гомдлоо 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар ирүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д “ ... Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол ... гаргаж болно” гэж заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна.

            3. Шүүгч гомдолдоо “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлж, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 удаа сунгасан”, мөн “2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эмчид үзүүлсэн” эмнэлгийн магадлагааны хуулбарыг хавсаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны магадлалаар хянан шийдвэрлэсэн сахилгын хэрэг нь “иргэний хэргийг шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хожим шийдвэрийг гардуулсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх” хугацаанд хамаарах ба харин шүүгчээс ирүүлсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх баримт нь сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн цаг хугацаанд хамааралгүй байна.

Гомдолд, “2022 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15 хүртэл өвчтэй байсан” талаарх эмнэлгийн магадлагааны хуулбарыг хавсаргасан нь хамааралтай байж болох ч сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад болон сахилгын хорооны хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, сахилгын хэрэгт авагдаагүй байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4-д “Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлд Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул шүүгчийн гаргасан гомдлын үндэслэлийг нотлох нотолгоо баримт болохгүй.

4. Шүүгч нь “шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч, олон жил шүүгчээр ажиллах хугацаанд хувийн шалтгаанаар чөлөө авахгүй ажиллаж байсан, шүүхийн орон тоо дутуу ачаалалтай ажиллаж байсан, шүүгчийн туслах ажлаа хаяж явсан, өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг дурдан, сахилгын зөрчил гаргасан гэм бурууг авч үзэхдээ эдгээр шалтгааныг харгалзан үзээгүй, шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийн арга хэмжээнээс хамгийн хүндийг нь оногдуулсан” гэх агуулгаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан.

Холбогдох шүүгч нь өргөдөлд дурдсан иргэний хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш шийдвэрийг бичгээр гаргах хуульд заасан 14 хоногийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, үүнээс хойш өргөдөл гаргагч Сахилгын хороонд өргөдөл гаргасан буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хуанлийн 71 хоногийн хугацаанд тус тус шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбар, нотлох баримт, нотлох баримт гаргуулах хүсэлтээ сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад ирүүлээгүй байх ба сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч нь уг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан магадлал эрх зүйн үндэслэлтэй байна.

            Тодруулбал, шүүгчийн гомдолд дурдсан “шүүхийн орон тоо дутуу ачаалалтай ажиллаж байсан, шүүгчийн туслах ажлаа хаяж явсан, өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдал” хэзээ болсон талаарх цаг хугацаа тодорхой бус, үүнийг нотолсон баримтаа шүүгч ирүүлээгүй, мөн эдгээр нь “Ү з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “З м” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах шүүгчийн үйл ажиллагаанд хамааралгүй байх тул “сахилгын зөрчил гаргасан гэм бурууг авч үзэхдээ тухайн шалтгаан нөхцөлийг харгалзан үзээгүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн туслахаар шилжиж ирснээс хойш шүүгч нэг ч удаа өвчтэй гээд ажлаа орхиж яваагүй байнга байдаг байсан ... миний бие 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байхгүй байх үед хэргүүдийг миний сейфэнд хийсэн байсан, тэр үед ирсэн байх ... шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргасан байсныг гардуулах ажиллагаа хийсэн” гэснээс үзвэл шүүгч нь хэргийг шийдвэрлэснээс хойш дээрх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан байх бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг учир шүүгчийн туслах ажлаа хаяж явсан, ажлын ачаалалтай байсан гэх гомдолд дурдсан нөхцөл байдал нь шүүгч хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрээ бичгээр гаргаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

            Иймд магадлалд, холбогдох шүүгчийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т заасан шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн буюу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан сахилгын зөрчил гаргасан” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

            Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр магадлалаар шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсэгт тус тус нийцэж байна.

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Д.У-ийн гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2022 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаар “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                                               Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                                    Г.ЦАГААНЦООЖ

Б.СУГАР

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.