info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-09

Дугаар 243

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, шүүгч Ц.М-, өргөдөл гаргагч Л.Б- нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар “С У” ХХК, Л.Б- нарын өргөдлөөр, ...  шүүхийн шүүгч Ц.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“... “С У” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б- Шүүхийн сахилгын хороонд ...  шүүхийн шүүгч Ц.М-д холбогдуулан 06 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1123 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан ба өргөдөл гаргагч тус захирамжид гомдол гаргаснаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 157 дугаар тогтоолоор шүүгч Ц.М-д сахилгын хэрэг үүсгэжээ.

“С У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч хянаад Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1169 дүгээр захирамжаар шүүгч Ц.М-д сахилгын хэрэг үүсгэсэн. “С У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-э, өмгөөлөгч Л.Б- нар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1219 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэргийг нэгтгэн шалгах ажиллагааг явууллаа.

... Өргөдөлд дурдагдсан “...“ШУГТЭ/2018 тендерийн баримт бичгийн талаарх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг ...  шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 сарын 09-ны өдрийн 0247 болон 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 0298 дугаартай тогтоолоор томилогдож, Ерөнхий шүүгчийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн .../ЕШ2021/0392 дугаартай захирамжаар албажсан шүүгч Г.М-, шүүгч Н.Д-, шүүгч Н.Д- нарын бүрэлдэхүүн шийдвэрлэхээр (шүүгчийн туслах н.У- 2021.06.08-нд мэдэгдсэн) хүлээгдэж байх үед буюу бүрэлдэхүүний шүүгч Г.М- ээлжийн амралтаа авсан үед 2021 оны 07 сарын 27-ны өдөр шүүгч Ц.М- өрөөндөө ганцаараа шийдвэрлэж, 5607 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан ... Энэ нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

...  шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай .../ЕШ2021/0392 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У г т эмнэлэгт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд Н.Д-, шүүгч Н.Д-, шүүгч Г.М- нарыг томилж, шүүх хуралдааныг шүүгч Г.М-ар даргалуулахаар томилсон. Холбогдох шүүх хуралдааныг ...  шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4105 дугаар захирамжаар, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4307 дугаар захирамжаар, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4496 дугаар захирамжаар, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5281 дүгээр захирамжаар тус тус хойшлуулсан байна.

Нэхэмжлэгч “С У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-, өмгөөлөгч Л.Б- нар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах тухай хүсэлт гаргасан. ...  шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдийн Хэрэг нэхэмжлэл, хүсэлт шилжүүлэх тухай 742 дугаар тогтоолын ТОГТООХ хэсгийн 26-д зааснаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс шүүгч Ц.М-д тус хэргийг шилжүүлжээ.

Шүүгч Ц.М-д хэрэг шилжсэний дараа ...  шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5607 дугаар Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “С У” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдолдоо “...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ба хүсэлтийг шүүгч Г.М- бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ гэж хүлээгдэж байхад шүүгч Ц.М- дангаар шийдвэрлэснийг хууль зөрчлөө гэж үзэж байна...” гэх зэрэг гомдлын үндэслэлийг дурдсан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор ...  шүүхийн Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай 5607 дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С У” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтаас шүүгч Ц.М-ын гаргасан шийдвэрийг дээд шатны шүүх харьяаллын дагуу хянан үзэж, шийдвэр гаргасан байх бөгөөд шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.

Сахилгын хэрэгт цугласан баримтуудаас шүүгч Ц.М- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ. “С У” ХХК-ийн захирал гүйцэтгэх захирал Б.Б-э, өмгөөлөгч Л.Б- нарын өргөдөлтэй, ...  шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.

Шүүгч Ц.М- нь Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаартай тогтоолоор шүүгч Г.М- ээлжийн амралтаа авсантай холбоотойгоор тус шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан 37 хэрэг, нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс надад шилжүүлсэн байна.

Миний бие шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийн дагуу хэрэг, нэхэмжлэл, хүсэлтүүдийг хүлээн аваад тус бүрд нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5607 дугаартай захирамжаар “С У” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 тоот тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Миний бие нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараах хэлбэртэй байна:”, 12.1.4- т "шүүгчийн захирамж”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу гарсан шийдвэр болно.

Иймд шүүгч миний бие холбогдох хууль тогтоомж болон шүүгчийн ёс зүйн хэмжээг зөрчөөгүй бөгөөд “С У” ХХК-ийн захирал Б.Б-, өмгөөлөгч Б.Б нарын гаргасан гомдолд дурдсан асуудлууд нь үндэслэлгүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“С У” ХХК, Л.Б- нараас “...  шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5607 дугаар “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гаргахдаа бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон хэргийг дангаар шийдвэрлэж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх ижил агуулгатай өргөдөл гаргасныг, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 157 дугаар тогтоол, гишүүний 1169 дугаар захирамжаар тус тус шүүгч Ц.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, илтгэгч гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1219 дугаар захирамжаар сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгасан байна.

Сахилгын хэргийг хянаж үзвэл:

1. ...  шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .../ЕШ2021/0392 дугаар захирамжаар “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У г т эмнэлэгт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д-, Н.Д-, даргалагчаар шүүгч Г.М- нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 4105, 4307, 4496, 5281 дугаар захирамжуудаар тухайн хэргийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 08, 22-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулжээ.

2. Нэхэмжлэгч талаас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар хэргийн харьяаллыг тогтоосон гэх үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн 1-р шаардлагыг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн 1-р тодруулсан шаардлагыг хүлээн авах” буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн хүсэлт гаргасан байна.

Шүүгч Г.М- нь ээлжийн амралтаа эдлэх болсонтой холбоотойгоор ...  шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тогтоолоор дээрх хэрэг шүүгч Ц.М-д хуваарилагдаж, холбогдох шүүгч нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5607 дугаар захирамжаар тус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргаж,  гомдолдоо “шүүгч дангаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” талаар дурдсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 529 дугаар тогтоолоор “урьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 1645, 5077 дугаар шүүгчийн захирамж, 205, 636 дугаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 168 дугаар захирамжаар 2019 оны тендерийн баримт бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийн харьяалал тогтоосон, 2018 онд зарласан тендерийн шалгаруулалттай холбоотой шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийн харьяалал тогтоосон гэж үзэхгүй” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд “захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүгч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх”-ээр заасан ба харин мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “тухайн үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тус хуулийн 54.1-д заасан үндэслэл тогтоогдвол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”-аар, 96 дугаар зүйлийн 96.1-д “шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх”-ээр тус тус зохицуулжээ.

Үүнээс үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгч нь шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         Б.СУГАР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН