info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-27

Дугаар 2

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

“А” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.А өргөдөлдөө “... Д.Б-оос зээлийн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан, ... шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1..9/ч дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн боловч Д.Б нь шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа болно.

... шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 1../ШШ2015/2...2 дугаар захирамжаар Т.М-ыг улсын бүртгэлийн Ү-2....7 дугаарт бүртгэгдсэн ... тоотын нийт 86.27 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байна. Шүүгч Б.М нь хариуцагч Д.Б нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гээд тус орон сууцыг Д.Б-ийн өмчлөлөөс Т.М-ын өмчлөлд шилжүүлж бүртгэх ажиллагаа хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэл, цахимжуулалтын газарт даалгасан байна.

2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 27.1-т зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус хуулийн 28.1 дэх заалтын дагуу өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар захирамждаа дурдаагүй нь барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүндрэл учруулах шийдвэр гаргасан.

Шүүгч Б.М 2015 оны 1../ШШ2015/2....5 тоот захирамжийг гаргахдаа шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, хуулийг дутуу хэрэглэж захирамж нь хуульд нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа тул захирамжийг хүчингүй болгон барьцаалагчийн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсье” гэжээ.

Шүүгч Б.М тайлбартаа “... нэхэмжлэгч Т.М хариуцагч Д.Б-д холбогдуулан ... тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ 85.000.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг төлж дуусгасан. Д.Б өмчлөлд чинь удахгүй шилжүүлнэ, “А” ББСБ-ын зээлийн үлдэгдэлтэй байгаа, хүнээс өрөө аваад төлбөрийг төлчхөөд гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн ба 3 жил амьдарч байгаа шударга өмчлөгч гэсэн. Би шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу нэхэмжлэлийг 2014 оны 09 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2014 оны 10 сарын 06-ны өдрийн 1....1 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2014 оны 05 сарын 13-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн .../1 тоот мэдэгдлийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагчийг дуудан ирүүлж, 2014 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан ажиллагааг хийсэн хариуцагч хаягаа ... тоот гэж тодорхойлсон байна.

Шүүгчийн 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 2.....8 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, шүүх хуралдааныг 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлосон, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хаягаар нь  хүргүүлсэн боловч байраа зарсан, уг хаягт байдаггүй гэсэн тайлбарыг бичиг хүргэгч тэмдэглэсэн баримт иржээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийг заавал оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулж, мэдэгдэх хуудсыг дахин хүргүүлсэн, гэвч дурдсан хаягт байхгүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон. Тус шүүхийн 2014 оны 12 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.  Хариуцагч Д.Б нь 2015 оны 05 сарын 18-ны өдөр тус шүүхэд тайлбар, хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

2015 оны 05 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.М, хариуцагч Д.Б нар биечлэн ирж оролцсон байх ба талууд шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулсан бөгөөд шүүх 1../ШШ2015/0...2 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.

“А”  ББСБ ХХК нь өргөдөлдөө хариуцагч Д.Б-д холбогдуулан 2011 оны 04 сарын 28-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг гаргаж, ... шүүхийн 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 1..9/г дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрэл баталсан, мөн дээрх захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 05 сарын 01-ний өдөр эхэлсэн талаар дурджээ.

Нэхэмжлэгч Т.М нэхэмжлэл гаргахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн барьцаанд бүртгэлтэй, түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсан. Шүүх “А” ББСБ ХХК-ийн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан ямар нэг ажиллагааг явуулаагүй, барьцаалагчийн барьцааны эрхэд халдсан шийдвэр гаргаагүй ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М-ыг тогтоосон нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн барьцааны эрхийг хөндөхгүй юм. Тодруулбал, хариуцагч Д.Б биечлэн ирж шүүх хуралдаанд оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хөрөнгө “А”  ББСБ ХХК-ийн зээлийн барьцаалбарт бүртгэлтэй, хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг, түүнчлэн гарах үр дагаврыг нэхэмжлэгч Т.М, хариуцагч Д.Б нар мэдэж байсан.

Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын гаргасан хүсэлт, нотлох баримтад үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчийн болон хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

1. “А” ББСБ нь Д.Б-д холбогдуулан зээлийн төлбөрт 67,706,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, ...шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 1..9/г захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан, хариуцагч 67,499,468 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 8-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө өргөдөл гаргагч дээрх захирамжийг дурдаад, “... шүүгч Б.М нь 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 1../ШШ2015/2....5 тоот захирамжийг гаргахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-т зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус хуулийн 28.1 дэх заалтын дагуу өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх талаар захирамждаа дурдаагүй нь хуулийг дутуу хэрэглэсэн, хуульд нийцээгүй, шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй” гэсэн агуулга дурджээ.

“А” ББСБ нь агуулга адил бүхий өргөдлийг АТГ-т гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр тус хороонд шилжүүлснийг нэгтгэн гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1..5 дугаар захирамжаар шүүгч Б.М-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.  

2. Нэхэмжлэгч Т.М 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Д.Б-д холбогдуулан ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, ... шүүхийн шүүгч Б.М /одоо ... шүүхийн шүүгч/ нэхэмжлэлийг хүлээн авч 2014 оны 10 дүгээр сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тогтоожээ. Хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус тул шүүгчийн 2014 оны 12 дүгээр сарын 18-ний өдрийн 2...3 дугаар захирамжаар эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2015 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн 1...7 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

“А” ББСБ-ын өргөдөлд дурдсан гомдол 2020 оны 05 дугаар сарын үйл баримттай холбоотой тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэх талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийн зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тус тус заасан.

Илтгэгч гишүүний “ ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлээгүй, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчийн эвлэрлийг батлахдаа хуулиар хамгаалагдсан гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн зөрчил гаргасан боловч сахилгын шийтгэлд ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.

Зохигчийн хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэснээс ямар нэг этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөх боломж бүрдэх тохиолдолд тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж болох ба энэхүү хүсэлтийг гуравдагч этгээд өөрөө, эсвэл зохигч талууд гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилгаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт “А” ББСБ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг тухайн этгээд болон зохигчийн хэн аль нь гаргаагүй, энэ талаарх баримт иргэний хэрэгт авагдаагүй байна.

Иймд холбогдох шүүгчийг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т “ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрлөөс хамаарна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн .. дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болгосон байна.

Иймд холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж, энэ үндэслэлээр сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                               Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                              Д.АРИУНТУЯА

Д.МЯГМАРЦЭРЭН