info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-28

Дугаар 3

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1. Эрх нь зөрчигдөж байна гэж Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-н нэхэмжлэлээр шүүгч Г.С нь өөрийн захирамжаа хүчингүй болгосон гэх тухайд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг тул шүүгч С.Ө-н хүсэлтийг хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан байна. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан шүүгчийн захирамж нь “илт үндэслэл муутай” бол мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгч өөрөө уг захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчилж болдог. Шүүгч өөрийнхөө санаачилгаар илт үндэслэл муутай захирамжаа өөрчилж эсхүл хүчингүй болгоход хэргийн оролцогчоос заавал хүсэлт, гомдол гаргасан байхыг шаардахгүй...Иймд шүүгч Г.С  2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01893 дугаар захирамжийг хүчингүй болгосонд буруутгах үндэслэлгүй байна. 2.Эхний гаргасан өмчлөгчөөр тогтоосон захирамжийг хүчингүй болгосон захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх хуралдааны бүрэлдэхүүнд Г.С  шүүгч өөрөө орсон нь уг хуралдааны шийдвэр, тогтоол үнэн шударга гараагүй гэх тухайд: ...Тухайн шүүх техникийн алдаатай шүүхийн тогтоолоо хуульд заасны дагуу залруулж, бодит байдалд шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.С  оролцоогүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр мөн тогтоогдож байх тул шүүгч Г.С-г буруутгаж, сахилгын зөрчил гаргасан гэж үзэн хариуцлага тооцох үндэслэлгүй байна... Дээрхээс дүгнэвэл өргөдөл гаргагч Д.Ц-н өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүхийн шүүгч Г.С  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна...” гэжээ.

Шүүгч Г.С  тайлбартаа: “Д.Ц нь 2022 оны 5  дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж,  шүүгч надад хуваарилагдан ирснээр 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч Д.Г-д 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан бөгөөд хариуцагч нь тухайн өдрөө хариу тайлбараа шүүхэд өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул татгалзах зүйлгүй гэсэн. Шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр товлоход хариуцагч “гадаад улсад байж байгаад ирсэн тул ахын байрыг шилжүүлж өгч чадаагүй” гэж тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө хүсэлт гаргасан. Хүсэлтэд “хариуцагч Д.Г нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар П.Э-д 100.657.950 төгрөгийн төлбөртэй байсан. Энэхүү төлбөртэй холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, дээрх орон сууцыг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд нь Х.Ч миний бие худалдан авсан. Гэтэл төлбөр төлөгч, тус орон сууцны өмчлөгч Д.Г Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж шүүхэд хандсан ба тус хэрэг маргааныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд миний бие дуудлага худалдааны ялагчийн хувьд .... дүүрэг, ... дугаар хороо, 19 дүгээр хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах 58,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон сууцыг 2022 оны 6 дугаар сард Д.Г-н өмчлөлөөс чөлөөлж надад хүлээлгэн өгсөн. Тэр үед нь миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын дэргэд цоожны голыг сольж хүлээж авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээ гаран 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байрандаа нүүж орохоор очтол Д.Ц гэдэг хүн хаалга эвдэж, цоожны голыг солиод орчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсний дараа Д.Г ирж уулзсан бөгөөд Д.Ц-тай эвлэрсэн захирамжаа үзүүлж, чаддаг юм бол энэ захирамжийг хүчингүй болгуулаад ороорой” гэж хэлсэн. Ийнхүү өмчлөгч Х.Ч миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2022/01893 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г-н зориуд зохиомол байдал үүсгэж, шүүхийг хуурсан хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэх хүсэлтээ баримтын хамт хүргүүлсэн. Д.Ц-н нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц дуудлага худалдаанд орж, ялагч тодорсон, энэ талаар хариуцагч Д.Г хуульд зааснаар үнэн зөв тайлбар өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу мэдэж байсан бөгөөд С.Ө-н хүсэлт, баримтуудыг үндэслэж, өөрийн гаргасан захирамжаа 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захирамжид нэхэмжлэгч Д.Ц мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргажээ. Тус шүүх 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүгч Д.Э даргалж, шүүгч Ц.О, Д.М нарын бүрэлдэхүүнтэй оролцож, захирамжийг хянан хэлэлцээд Д.Ц-н гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн шүүхийн 183/ШТ2022/00466 дугаар тогтоол гаргасан байна. Шүүхийн 183/ШТ2022/00466 дугаар тогтоол гаргахдаа алдаатай буюу шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй миний биеийг оролцсон гэж андуурч бичсэн байх ба тухайн захирамжид гарсан гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч оролцохгүй юм. Уг шүүхийн тогтоол алдаатай гарсан болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах бөгөөд гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцсон бөгөөд шүүх хуралдаанд ямар шүүгч оролцсон болохыг мэдэж байгаа болно. Улмаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШТ222/00588 дугаар тогтоолоор шүүх хуралдаанд оролцоогүй шүүгч миний нэрийг хасаж, оролцсон шүүгчийн нэрийг нэмж, өөрчлөлт оруулж, алдаагаа засчээ. Миний бие тус шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй байж, тогтоолд гарын үсэг зурсан бөгөөд миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зөрчил гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Өргөдөл гаргагч Д.Ц нь “...хариуцагч Д.Г 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцож, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,  уг хуралдааныг даргалагч шүүгч Г.С  өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-н хүсэлтээр шүүгч өөрийн захирамжаа 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 13355 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргахад шүүгч Г.С  нь өөрөө бүрэлдэхүүнд орсон нь уг шүүхийн тогтоол шударга гараагүй. Шүүгч Г.С -с шударга шийдвэр гарна гэдэгт итгэхгүй байгаа, асуудлыг шалгаж, хариуцлага тооцож өгнө үү” гэсэн утга агуулгатай өргөдөл Шүүхийн сахилгын хороонд ирүүлж, тус хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1382 дугаар захирамжаар шүүгч Г.С-д сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Эрх нь зөрчигдөж байна гэж Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-н нэхэмжлэлээр шүүгч Г.С  нь өөрийн захирамжаа хүчингүй болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Иргэн Д.Ц нь хариуцагч Д.Г-д холбогдуулан ... дүүрэг, ... дугаар хороо, 19 дүгээр хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах, 58,7 м.кв, 2 өрөө орон сууцны гэрчилгээ гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.”гэжээ.

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалт буюу шүүгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхаас гадна, хариуцагч зөв ойлгосон, зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой, салаа утгагүй, ойлгомжтой байхыг шаарддаг. Мөн хариуцагчийн хариу тайлбар нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын бүх нөхцөл, үндэслэл, зүйлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг.

...  дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн Иргэн Д.Ц-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Д.Г “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, татгалзах зүйлгүй болно” гэх хариу тайлбараа шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр өгч, шүүгчийн 183/ШШ2022/01893 дугаар захирамж гарч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасанд нийцсэн байна.

 ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШШ2022/01893 дугаар захирамж гаргасны дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө “...хариуцагч Д.Г нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар П.Э-д 100.657.950 төгрөгийн төлбөртэй байсан. ...Х.Ч дуудлага худалдааны ялагчийн хувьд ... дүүрэг, ... дугаар хороо, 19 дүгээр хороолол, ... байр, ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч болсон. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон сууцыг 2022 оны 6 дугаар сард Д.Г-н өмчлөлөөс чөлөөлж надад хүлээлгэн өгсөн. Тэр үед нь миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн дэргэд цоожны голыг сольж хүлээж авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээ гаран 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байрандаа нүүж орохоор очтол Д.Ц гэдэг хүн хаалга эвдэж, цоожны голыг нь солиод орчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсний дагуу Д.Г ирж уулзсан бөгөөд Д.Ц-тай эвлэрсэн захирамжаа үзүүлж “чаддаг юм бол энэ захирамжийг хүчингүй болгуулаад ороорой” гэж хэлсэн. Ийнхүү өмчлөгч Х.Ч-н эрх ашиг хөндөгдөж байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт гарган холбогдох баримтуудыг хавсаргасан байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг тул шүүгч С.Ө-ийн хүсэлтийг хүлээн авсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “энэ хуулийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрсдөө захирамж, тогтоолоо залруулж, өөрчлөх, хүчингүй болгох боломжийг хуульчилсан ба шүүгч өөрийнхөө санаачилгаар илт үндэслэл муутай захирамжаа өөрчилж эсхүл хүчингүй болгоход хэргийн оролцогчоос заавал хүсэлт, гомдол гаргасан байхыг шаарддаггүй.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... дээрх хэрэгт С.Ө нь ямар үндэслэлээр гуравдагч этгээд болж байгаа нь ойлгомжгүй, миний бүрдүүлж өгсөн баримтыг ямар учраас үндэслэл муутай гэдгийг тайлбарлаагүй болно” гэж дурдсан.

Тухайн иргэний хэрэгт Х.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нарын хэн нэгнээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүй болох нь шүүхийн Тамгын газрын дарга Д.Б-н 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1422 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба шүүхийн  2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “...Х.Ч-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-н ирүүлсэн хүсэлт, баримтуудыг үзэхэд тус шүүхийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2022/01893 дугаар шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гарсан гэж үзэхээр байна...” гэсэн байгаагаас шүүгч нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэл муутай гэж дүгнэсэн гэж үзэхээргүй байна.

Дээрх үйл баримтаас шүүгч Г.С 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01893 дугаар захирамжийг хүчингүй болгосонд буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эхний гаргасан өмчлөгчөөр тогтоосон захирамжийг хүчингүй болгосон захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх хуралдааны бүрэлдэхүүнд Г.С  шүүгч өөрөө орсон нь уг хуралдааны шийдвэр, тогтоол үнэн шударга гараагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Ц эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

            Тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгт: “20220825_125128” нэртэй, нийт 4 минут 14 секунд үргэлжлэх бичлэгт шүүх хуралдаан даргалагч “шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаартай захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэнэ” гэж хэлж байгаагаар эхэлж, бичлэгийн 1 минут 13 секундээс даргалагч “шүүх бүрэлдэхүүнийг танилцуулъя. Өнөөдрийн хуралдааныг шүүгч н.Э миний бие даргална, шүүх бүрэлдэхүүнд шүүгч н.М, н.О нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар н.М тэмдэглэл хөтөлнө...” гэж хэлж байгаа нь шүүх хуралдааны мөн өдрийн 183/ШТ202/00466 дугаар тэмдэглэлийн 1 дүгээр талын 1 дэх догол мөрт “...шүүгч Д.Э даргалж, шүүгч Ц.О, Д.М нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.М-г суулцуулан...” гэх хэсэгтэй тохирсон байна.

            Харин 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн 183/ШТ202/00466 дугаар тогтоолын 1 дүгээр талын 1 дэх догол мөрт “Д.М” гэж бичихийг “Д.С” гэж техникийн алдаатай, буруу бичиж, тухайн шүүхийн тогтоолд шүүгч Г.С  гарын үсэг зурж албажуулжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “энэ хуулийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШТ2022/00588 дугаар тогтоолоор дээрх шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгт “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/13355 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Д.Ц-н гомдлыг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүгч Д.Э, шүүгч Д.М, Ц.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, 183/ШТ2022/00466 дугаар шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, 183/ШЗ2022/13355 дугаар захирамжийг хэвээр үлдээжээ.

            Ийнхүү гомдлыг хянан шийдвэрлэсний дараа 183/ШТ2022/00466 дугаар шүүхийн тогтоолыг албажуулах явцад тогтоолын УДИРТГАЛ хэсэгт шүүх бүрэлдэхүүнийг дурдахдаа шүүгч Д.Э, Г.С , Ц.О нарын бүрэлдэхүүнтэй гэж алдаатай буюу шүүх бүрэлдэхүүнд ороогүй Г.С  шүүгчийн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар уг шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал хуулийн дээрх зохицуулалтад дурдсан илт үндэслэл муутай гэдгийг “...бодит үнэнд нийцэхгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай...” байдлыг ойлгох тул тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШТ2022/00466 дугаар тогтоолын УДИРТГАЛ хэсэг болон ТОГТООХ хэсэгт бичигдсэн шүүх бүрэлдэхүүнээс шүүгч Г.С-г хасаж, шүүгч Д.М-г нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна...” гэжээ.

шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШТ2022/00588 дугаар тогтоолоор дээрх техникийн алдаатай шүүхийн тогтоолыг хуульд заасны дагуу залруулсан байдал, бодит байдалд шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.С  оролцоогүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс тогтоогдож байх тул шүүгч Г.С-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд, өргөдөлд дурдагдсан үндэслэлээр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй  байх тул илтгэгч гишүүний сахилгын хэрийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, шүүхийн шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                       Д.АРИУНТУЯА

С.ЭНХТӨР