info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-09

Дугаар 245

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

          Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.М нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч С.С, ... шатны шүүхийн шүүгч Т.Ө, Б.А, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М, Д.М, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д нарт холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” 34 дүгээр дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч  “А” банкны хувьцаа эзэмшигч “Д с н” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...“Д с н” ХХК-ийн зүгээс “А” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчид холбогдуулан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргаж, тухайн нэхэмжлэл тус шүүхийн шүүгч Д.М-д хуваарилагдсан юм. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32020/04228 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тухайн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасныг зөрчиж “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “У и” ХХК-ийн Б.Б өмгөөлөгчтэй үгсэн тохиролцож хэрэг маргааныг үүсгэхээс үндэслэлгүй татгалзаж шийдвэрлэснээр А-ны дүрмийг хууль бусаар өөрчлөх боломжийг олгож “У и” ХХК-д давуу байдал олгож шүүгчийн хуулиар хориглосон хориглолтыг зөрчсөн. Хоёр дахь удаагаа “Д н” ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлээ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дахин гаргасан бөгөөд шүүгч Д.М нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 7925 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Маргаан бүхий хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгч Д.М нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/Ш32020/09871 дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байдаг. Ингээд хэргийн оролцогчдын дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрсөн боловч “У и” ХХК болон хариуцагч “А б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээх хүсэлтийг гаргасан. Гомдлыг шүүх хүлээн аваагүй. Нэхэмжлэгч “А б”-ны хувьцаа эзэмшигч “Д с н” ХХК Б.Э-д эрх зүйн түр хамгаалалт тогтоож “А б”-ны бүрэн эрхт төлөөлөгчийн хууль зөрчиж Ш.Б-д банкны эзэмшлийн 39.54 хувийн хувьцааг хууль бусаар 57 хувь болгож давуу байдал олгох ажлыг зогсоосон байхад Б.Б өмгөөлөгч гуравдагч этгээд Б.Б-ны өмгөөлөгчөөр орж ирэн Д.М шүүгчтэй уулзаж, Iрhоnе-12 гар утас, 10,0 сая төгрөг өгч шүүх хурлыг хурдан зарлуулж шүүх хуралд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг үл хайхран Д.М шүүгч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож “А б”-ны Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагааг явуулах боломжийг хууль зөрчиж олгож давуу байдал бий болгон Б.Э-ыг шоронд байх хооронд нэмж хувьцаа гаргах боломжийг олгосон. Шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч Б.Б нь шүүгч Д.М-тай нөгөө талыг байлцуулахгүйгээр өөрийн ажлын өрөөндөө уулзаж улмаар шууд хуралдаа орсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.18-д заасан зохицуулалтыг зөрчсөн. Дээрх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байсан ба энэ талаарх эмнэлгийн байгууллагын магадалгаа, хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн боловч дээрх хүсэлтийг ямар ч үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзсан. Шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-т зааснаар тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар хууль тогтоогчоос хуульчилсан атал шүүгч Д.М нь өөрөө дур мэдэн шийдвэрлэж хүсэлтийг хангахаас мөн татгалзан шийдвэрлэж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож өөрт олгоогүй эрхийг эдэлж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан хориглолтыг зөрчсөн. ...Шүүгч Д.М нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхээр завсарласан боловч гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахгүй орхилоо гэж шүүх хуралдаан даргалагчийн хувьд ёс зүйгүй, шүүх хөндлөнгийн байх зарчмыг улайн цайм зөрчиж шийдсэн нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.20-д заасан зохицуулалтыг илтэд зөрчсөн зөрчлийг гаргасан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болохгүй нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д заасан. Гэтэл дээрх заалтад заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх шалтгаанаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх үндэслэлийг зааж шүүгчийн захирамжид гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор шүүгч Д.М-ын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэсэн нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэсэн хориглолтыг зөрчсөн.

Шүүгч Д.М нь ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.11.06-ны өдрийн 02 дугаар тогтоол нь эд хөрөнгийн үнэлэх боломжтой гэж тайлбарлаж түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэж үзэж захирамжид гомдол гаргах эрхгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчингүй болгох шаардлага нь эд хөрөнгийн бус процессын зөрчил гэж үздэг бөгөөд түүнд нь тааруулж улсын тэмдэгтийн хураамжийг 70.200 төгрөгөөр төлөх нь хуульд нийцдэг. Д.М шүүгчид дахин нэхэмжлэлээ 2 дахь удаагаа гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1-т заасны дагуу шүүгчийн захирамжийг дахин хянуулах тухай хүсэлт өгсөн боловч 2020.12.15-ны өдрийн 16590 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүгч Д.М мөн л өмнөх үндэслэлээ зааж 2020.12.30-ны өдрийн 000125 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. “Д с н” ХХК-иас дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргасан ба гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2021.01.14-ний өдөр болж тус шүүхийн шүүх бүрэлдэхүүний 00009 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр Монгол улсын шүүхийн тухай хуулийн 501.23-д заасан хориглолтыг зөрчсөн нь илэрхий баримтаар нотлогдоно. Шүүгч Д.М нь нэхэмжлэгч “Д с н” ХХК-ийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2021.02.01-ний өдрийн 1364 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, 2020.11.06-ны өдрийн 02 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой аливаа ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч “А б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан. Мөн өмнө хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчийн хурлын шийдвэрүүд болон бусад үйл баримтын талаар “А б”, Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс мэдээлэл авах гэсэн боловч огт өгөхгүй өнөөдрийг хүрсэн, тэр ч бүү хэл банк руу хүртэл Б.Э-ыг оруулахгүй байгаа тул дахин нэхэмжлэл гаргасан боловч урьдын Д.М шүүгчид хуваарилагдсан. Тэрээр мөн л хэргийг хурдан шийдэхгүй удаашруулсаар өнөөдрийг хүрч байгаа нь 50.1.25-д шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих, 50.1.26-д заасан зохицуулалтыг зөрчиж ирлээ.

Шүүгч Д.Д-ийн тухайд. ...Шүүх хуралд Прокурор 3,6 жилийн хугацаатай хорих ял шийтгүүлэхээр санал оруулсан, гэтэл Д.Д өөрийг нь шүүгч болгож өгсөн Б.Б-д хариуг нь барьж, 7 жилийн хорих ял шийтгэсэн энэ хүн шүүгчийн ёс зүйгүй, шударга ёсыг уландаа гишгэсэн, өөрийн албан, чиг үүргийг урвуулсан бусдад давуу байдал олгож, хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хилсээр ял өгч, “А б”-ийг дээрэмдэх хэрэгт гар бие оролцсон нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 51.1.Шүүгч шүүн гаслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах байтал улаан цайм хууль бусаар шийдвэрлэсэн байдаг. Шүүгч Д.Д-ийн гаргасан шийдвэр Давж заалдах хяналтын шатны шүүхээр унаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан зэрэг нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах; хориглолтыг зөрчсөн нь илэрхий баримтаар нотлогдоно.

Шүүгч Т.Ө, Б.А, С.С нарын тухайд. ... давж заалдах шатны ерөнхий шүүгч 2020.11.10 өдөр Т.Ө, С.С нар нь хамтран шүүх бүрэлдэхүүнд орж Ш.Б өөрийн 2 өмгөөлөгчөөс татгалзаж, улмаар 2 өмгөөлөгч шинээр авч хуралдааныг санаатайгаар хойшлуулах хүсэлт өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг 2020.12.15 хэлэлцэж шийдвэрлэхэд Ш.Б татгалзсан хоёр өмгөөлөгчөө оруулж хуралд орсон нь хурлыг хойшлуулахаар шүүгч Т.Ө, С.С нартай тохирсон гэж ойлгогдохоор үйл явдал болсон. Надад холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2020.12.09 өдөр товлогдож, тус шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Ө Б.А нар орохоор томилогдсон байсан. Гэтэл хурлын урьд орой болох 2020.12.08-ны орой шүүгч Т.Ө, С.С нар Энканто хотхонд өмгөөлөгч Б.Б-той хамтран уулзалт хийж, наргиж цэнгэсэн талаарх мэдээлэл цацагдсан. ...Шүүгч Т.Ө өөрөө татгалзаж хуульд заасан үндэслэл байхгүй байхад, татгалзан гарч хурлыг санаатайгаар дахин хойшлуулсан байдаг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.19 “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох”, 51.1 “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах”, 50.1.26 “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн. Иймд шүүхэд байх энэ мэт ёс зүйгүй, ашиг сонирхол бүхий, хүний эрхийг хангах баталгаа болсон шүүхийн системд огтхон ч байж болохгүй эдгээр нөхрүүдээс болж, миний “А б”-ийг үүсгэж 28 жил хөдөлмөрлөсөн Ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг шүүхийн нэр бүхий шүүгч нар нийлж дээрэмдсэн, байж болзошгүй үйлдлээс болж би 16,0 тэрбум төгрөгөөр хохирч, 134 хоног хилсээр ял эдэлсээр өнөөдрийг хүрлээ. Маш их гомдолтой байгаа тул энэ гомдлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.М Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: ” Шүүгч Д.М би, нэхэмжлэгч “Д с н” ХХК-ийн “А б” ХХК-д холбогдуулан гаргасан “А б”-ны хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны З дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч талаас захирамжид заасан зөрчлийг арилгаж, 2020 оны 5 дугаар сарын 21- ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч талын хүсэлтээр, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9871 дүгээр шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, “А б” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот тогтоолын биелэлттэй холбоотойгоор ямар нэг үйл ажиллагаа явуулах, нэмэлт шийдвэр тогтоол гаргахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, тус захирамж хүчин төгөлдөр болсон. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа 7 дугаар сарын 27-ны өдөр дуусах тул 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 711 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамжилсан тул гомдол гаргагчийн шүүх хуралдааныг хурдан зарлуулсан гэх гомдол үндэслэлгүй. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “..шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой...” гэж заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хэлэлцэх явцад Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус зааснаар бүртгэлийн байгууллагад хандсаны дараа шүүхэд хандах шаардлага гаргах үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, уг захирамж хүчин төгөлдөр болжээ. Д.М би 2004 оноос шүүхийн байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч Д.Б-ыг зүс мэдэх боловч хамт ажиллаж байгаагүй, уулзаж байгаагүй, найз нөхдийн холбоогүй, түүнээс эд зүйл болон мөнгө авсан хууль бус ямар нэг үйлдэл гаргаагүй. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан учир ирцтэй холбоотой нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч “Д с н” нь  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заасан зөрчлийг арилгаж 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хуульд заасан ажиллагааг явуулж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, хуралдааныг хойшлуулжээ. Тус хэрэг шүүгч Д.М миний ажиллагаанд байх хугацаанд миний нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр удаа дараа цацагдсан бөгөөд шүүгч миний зүгээс энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны холбогдох ажилтанд мэдэгдсэн бөгөөд шүүгч миний зүгээс мэдээлэлд дурдсан шиг хууль зөрчсөн ямар нэг үйлдэл эс үйлдэхүйг гаргаагүй боловч мэдээллийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэлд хамааралтай байхаас гадна уг хэрэгт холбогдуулж шүүгч намайг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа болох нь тус газрын албан бичгээр тогтоогдож байх тул би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банк, “А б” ХХК-д тус тус холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзсан, татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгч хангаж шийдвэрлэн тус хэрэг одоо шүүгч миний ажиллагаанд байхгүй. Иймд шүүгч би дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль болон дүрэмд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй тул Б.Э-ын гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Д Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Б.Б гэх өмгөөлөгч найзын тусламжтай шүүгчийн албан тушаалд томилуулсан гэх асуудал огт байхгүй. Миний бие нь 2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “...болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй" гэж заасны дагуу шүүгчийн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлж, улмаар сонгон шалгаруулалт орж, холбогдох дүрэм, журмын дагуу шүүгчид нэр дэвшигчийн шалгалтыг өгч, нөөцөд бүртгэлтэй байж байгаад дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэрээ дэвшүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлаар орж, тус зөвлөлийн тогтоол гарч, Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн албан тушаалд томилогдсон. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 01 дүгээр тогтоолоор 2020 онд шүүгчид эрүүгийн хэргийг хуваарилах журмыг баталсан. Шүүгчийн албан тушаалд томилогдон ирэхэд тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/1113/09 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хэргийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх хэргийн тухай” журамд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Дээрх тогтоолын 2 дахь заалтаар Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд “7”-д Д.Д гэж нэмэлт оруулж, 4 дэх заалтад “Шүүгч Д.Д-д 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хуваарилж, түүнд хуваарилагдах хэргийг 20 хүртэл, бусад шүүгч нарт хэрэг хуваарилахыг түр зогоох”, 4.1 дэх заалтад “Шүүгч Д.Д-д хуваарилагдах хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Шүүгчид хэрэг хуваарилах журамд заасны дагуу хэргийг хуваарилах”-аар тогтоож шийдвэрлэсэн. Үүний дагуу Б.Э, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэг нь “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээр журмын дагуу хуваарилагдсаныг хүлээн авч шийдвэрлэсэн болно. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Э-ыг хохирогчийн 20.006.375,060 /хорин тэрбум зургаан сая гурван зуун далан таван мянга жаран/ төгрөгийг залилсан, мөн мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, төлөөгүй зэрэг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлүүдийг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн шаардлагад үндэслэн хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгчид оногдуулах ялын саналыг гаргадаг бөгөөд, шүүх улсын яллагчийн гаргасан ялын саналаар ялыг заавал оногдуулах, шийдвэрлэх үүрэггүй ба харин дээр дурдсанчлан хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ гэх зэрэг хуульд заасан бусад нөхцөлүүдийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хуульд заасан ялаас сонгож хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал юм. Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд хэргийн оролцогч нарын гаргасан гомдлын дагуу ... давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1489 дугаартай магадлалаар хянаад Б.Э, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нөхөн гүйцэтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба Б.Э-ын холбогдсон эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Шүүгч миний бие нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хуульд заасан татгалзан гарах үндэслэл байхгүй байхад, тодруулбал Б.Э-д холбогдох хэргийн оролцогч нартай шууд болон шууд бусаар хувийн сонирхол, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байхад хууль бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлгүй бөгөөд энэхүү байдлаар татгалзах нь эргээд шүүгч өөрөө хууль зөрчих үндэслэл болох юм. “А” банкийг дээрэмдэх гэмт хэрэгт гар бие оролцсон гэж гүтгэсэн байх ба энэ хүний “А” банкны асуудлыг мэдэхгүй бөгөөд шүүгчийг ор үндэслэлгүйгээр гүтгэж байгаа нь Б.Э нь өөрт холбогдсон эрүүгийн гэмт хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нөлөөлөхийг оролдож ор үндэсгүй гүтгэж байна гэж харахаар байна. Түүнчлэн Б.Э нь шүүгч миний биеийг гомдолд дурдсан нэр бүхий шүүгч нартай хамааралтай мэтээр бичсэн байх ба түүний гомдолд дурдсан шүүгчдийг танихгүй, мэдэхгүй бөгөөд үндэслэлгүйгээр хамаатуулан холбож гүтгэсэн байна. Иймд энэ талаарх гомдол гаргагчийн хууль бусаар хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэх гомдол нь үндэслэлгүй...” гэжээ.

Шүүгч Т.Ө Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хохирогч Ш.Б нь өөрийн өмгөөлөгч Ц.Б, Д.Б нараас татгалзсан хүсэлтийг бичгээр гаргаж, шинээр Д.Х, Э.Б гэх хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэж, өмгөөлөгч Д.Х, Э.Б нарт хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгож, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан. ...2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгуудад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжүүлсэн хатуу хөл хориог хэвээр үргэлжлүүлэхээр сунгаж, Коронавирусын цар тахал бүртгэгдээгүй бусад аймагт тогтоосон хөл хориог Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хохирогч Ш.Б-ы өмнө нь татгалзсан өмгөөлөгч Ц.Б, Д.Б нарыг нэмж шүүх хуралдаанд оролцуулах бичгээр гаргасан хүсэлт, мөн өмгөөлөгч Э.Б, Д.Х нарын хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус ханган шийдвэрлэсэн. 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр хохирогч Ш.Б-ы өмгөөлөгч Э.Б: “...2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр сайтаар “өмгөөлөгч Б.Б “А” банкны хувьцааны маргааны хэргийн өмгөөлөгчөөр ажилладаг А.Г-ийн баруун гар, сүүлийн үед шинэ хонгил үүсгэж, шүүгч, цагдаа, прокурор руу үүрэгдэж, төрийн албан тушаалд том албан тушаал хашдаг ахынхаа нэрийг барьдаг” гэх талаар өмгөөлөгч нар ярьдаг боллоо. Мөн өдөр сайтад “Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Б, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г болон Э-ийн Э-ын хэргийг шийдвэрлэх Нийслэлийн шүүхийн шүүгч нарыг дуудаж, Э-ийн Э-ын хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Э-ийн Э-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг даалгавар өгчээ. Уг үүргийн дагуу ... Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г нь Б.Э-ын хэргийг хөөцөлдөж байгаа Ерөнхийлөгч Х.Б-ын ойрын хүн С.О, өмгөөлөгч Х.Э, Э-ын өмгөөлөгч Д.О нар 2020 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн хамаарал бүхий зочид буудалд уулзаж тохиролцоо хийжээ” гэх маш ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан байдаг. Уг мэдээлэлд дурдагдаад буй Б, О, ... давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ө нар нь ... дүүргийн шүүхэд хамт ажиллаж байсан. Мөн “хэргийг шийдвэрлэж буй шүүгч нарт үүрэг өгсөн” гэх мэдээлэл байдаг. Уг хэргийг шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар татгалзаж байна” гэсэн, хохирогч Ш.Б-ы өмгөөлөгч Д.Х “Шүүх хуралдааныг даргалж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчээр оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн бүрэн эрхийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна. Урьд нь уг хэргийн шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдсан. Дараа өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдал улс орон даяар зарлагдсан. Шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Үүнээс хойш хохирогч Ш.Б-ы өмгөөлөгч Э.Б-д өнөөдрийг хүртэл хэргийн материалыг танилцуулаагүй. Хохирогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчиж байна. Сайтуудад гарсан мэдээллээс харахад хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мэдээлэлд дурдсан хүмүүсийн нэрсийг үзэхэд уг хурлыг даргалж буй шүүгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан хүн байдаг. Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсэж байна. Өмгөөлөгч О-ийн хувьд уг хэргийг даргалж буй шүүгчтэй ... дүүргийн шүүхэд хамт ажиллаж байсан хүн байдаг. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаж буй мэдээллийг уншаад их гайхаж байна. Мөн эргэлзээ төрж байна. Шударга шүүхээр шүүлгэх эрх хэн бүхэнд байгаа. Энэ эрхийг олгож өгнө үү. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буй хүсэлтийг шүүгч нарын зөвлөгөөнөөрөө шийдвэрлэж өгнө үү” гэсэн, хохирогч Ш.Б-ы өмгөөлөгч Д.Б “Олон нийтэд цацагдсан мэдээллээс харахад үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Уг хэргийн шийдвэр урьдчилаад гарсан юм биш биз дээ гэх эргэлзээ байна. Учир нь, “Б.Э-ын хэргийг мөрдөн байцаалтад буцааж...” гэж бичсэн байсан. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Нийслэлийн шүүхийн шүүгч нарыг дуудаж уулзсан гэх мэт нөхцөл байдал байх тул бидний зүгээс бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Иймд хуульд зааснаар дээрх хүсэлтүүдийг бичгээр гаргаж байна” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргажээ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан тул өмгөөлөгч нарын шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Ямар нэг хэргийн оролцогчтой холбогдож, зориудаар шүүх хуралдааныг хойшлуулсан асуудал байхгүй болно. ... давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13.00 цагт хуралдаж, шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзсан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Харин тус шүүгчдийн зөвлөгөөн дээр Ерөнхий шүүгч Т.Ө болон илтгэгч шүүгч Ж.Э нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгч Т.Ө-ын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. ...Аливаа шүүх хуралдаанд ерөнхий шүүгч давуу эрх эдлэх боломжгүй бөгөөд миний бие ямар ч хувийн сонирхол гаргаагүй, гагцхүү хуулийг хэрэгжүүлж ажилласан” гэжээ.

Шүүгч С.С Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэн Б.Э-д холбогдох хэргийн бүрэлдэхүүнд оролцож, аливаа хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлээгүй, “Энканто” хотхонд өмгөөлөгч Б.Б-той уулзаагүй болно. Шүүгчийн ёс зүй зөрчилд хэн ч гомдол гаргах, түүнчлэн хардах эрхтэй хэдий ч ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгчийг гүтгэх эрхгүй. Надтай холбогдуулж иргэн Б.Э-ын гомдолд дурдсан зүйл гүтгэлгийн шинжтэй, ямар ч үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, буруу ташаа мэдээлэл, ойлголтод тулгуурлаж бичигдсэн байна. Иймээс С.С миний бие иргэн Б.Э-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүгч Б.А Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Дээрх иргэний гомдолд дурдагдсан Б.Б гэдэг өмгөөлөгч болон хэргийн нэг тал болох Ш.Б нарыг миний хувьд танихгүй, уулзаж байгаагүй. Иймд Б.А миний хувьд дээрх гомдолд дурдсан Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.М Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилагдсан “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчид холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр нотлох баримт цуглуулах, хариуцагчийг эрх залгамжлагчаар солих, хамтран хариуцагч болон гуравдагч этгээдийг оролцуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд хэргийг шийдвэрлэхгүй шүүгч удаашруулж байна гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн өмгөөлөгч Б.Б-той хамтран өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан, гэр бүлийн найзууд гэх үндэслэлээр хувийн харилцаатай гэсэн нь огт үндэслэлгүй. Миний бие тухайн өмгөөлөгчтэй ажил хэргийн болоод найз нөхдийн харилцаа огт байхгүй. Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно...” гэжээ.

Шүүгч Д.М Сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...“А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагатай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан Монгол банкийг хариуцагчаар, “А б” ХХК-ийг хариуцагчаар оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 183/2021/03735 дугаар захирамж гарсан ба шүүх Монгол банкинд хариуцагчийн эрх үүргийг танилцуулан, нэхэмжлэлийн хувийг гардуулах зэрэг ажиллагааг дахин гүйцэтгэсэн. Уг захирамжийн дагуу “А б” ХХК-д 2021 оны 04 сарын 06-ны өдөр, Монгол банканд 2021 оны 05 сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулан хариу тайлбар өгөх хуульд заасан хугацааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Монгол банкнаас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолуудын биелэлттэй холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч нарт даалгах хүсэлт гаргасныг шүүх хянаад 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 183/Ш32021/04443 дугаар захирамжаар “А б” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй байхыг хариуцагч нарт даалгаж, харин төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүд томилсон, “А б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тогтоолуудыг биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагаварт хүрч болзошгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Тус захирамжид гуравдагч этгээд “У и” ХХК болон хариуцагч “А б” ХХК нар гомдол гаргасан ба 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 183/ШТ2021/00156 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол гарсан болно. Тодруулбал, тухайн 3 иргэний хэрэгт цаашид ажиллагаа явуулж, шүүх хуралдаан товлох боломж нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байдаг. Гэвч шүүх хуралдаан товлох талаар санал авахад ээлжийн амралт эхэлсэн, хөдөө орон нутаг руу явсан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг товлох боломж олдоогүй, нөгөөтээгүүр, миний бие 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ээлжийн амралт эдлэхээр байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 100 гаруй хэрэг хянагдаж байсан тул тухайн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийгээ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, 6 дугаар сард 65 хэргийн шүүх хуралдаан товлож, 31 хэргийг хянан шийдвэрлэсэн, харин 7 дугаар сард 57 хэргийн шүүх хуралдаан товлосноос 55 хэргийг хянан шийдвэрлэсэн, энэ хугацаанд нийт 468 эрхийн акт гаргажээ. Энэхүү 6-7 дугаар сарын ажлынхаа хажуугаар гомдолд холбогдох 3 хэрэгт огт ажиллагаа хийгээгүй зүйл байхгүй ба энэхүү хугацаанд миний бие хэргийн материалаа судлаад тухайн иргэний хэргүүдийн эцсийн шийдэл нь харилцан хамааралтай байсан тул нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх шийдэлд хүрсэн. Ингээд ээлжийн амралтаасаа орж ирэнгүүтээ буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх 3 хэргийг өөрийн захирамжаар нэгтгэсэн юм. Иймд Сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “Нотлох дүгнэлт”-д дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг зөрчсөн, календарийн 95 хоногийн хугацаанд огт ажиллагаа хийгээгүй гэж буруутгасныг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн уг гурван хэргийг нэгтгэн шийдвэрлэснээс хойш шүүх хуралдаан товлох болоход хэргийн оролцогчдын тоо олон байснаас тэдгээрийн оролцоог хангах үүднээс туслахын хамтаар шүүх хуралдааны бэлтгэл хангахад хүндрэлтэй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүгч надаас татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх зэргээр ажиллагааг удаашруулах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Мөн ингээд арай ядан хурал товлоод хийх болоход хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн үндэслэлгүй дайралт хийхээс гадна яг хурлын өдөр, хурлын цагтай давхцуулан Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар ирж хэргийн материалд үзлэг хийх, шүүгчийн туслахын компьютерт үзлэг хийх, программд шалгалт хийх зэргээр надад шүүх хурлаа зохих журмын дагуу явуулах боломжийг олгохгүй, дам байдлаар нөлөөлөх ажиллагаа явагдаж байсныг дурдмаар байна. Иймд эрхэм Сахилгын хорооны гишүүдээс дээрх гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр “Нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, надад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсэж байна” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд:

1. Шүүгч Т.Ө, Б.А, С.С нарт холбогдох өргөдөлд дурдагдсан үйл баримтын тухайд: “...... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШТ/184 дүгээр Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолд хохирогч Ш.Б өмгөөлөгч нараасаа татгалзах хүсэлт гаргаж шинээр өмгөөлөгч томилуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 251 дүгээр шүүхийн тогтоолоор “... Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ... нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав ... хуралдааны товыг жич мэдэгдсүгэй” гэжээ. ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШТ255 дугаар тогтоолоор Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байх тул татгалзах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. ...... давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор дээрх шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч, шүүгч нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтүүдийг шийдвэрлэн Ерөнхий шүүгч Т.Ө-ын шүүгдэгч Б.Э, Д.С нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах  хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримт, шүүгчийн өгсөн тайлбар зэргээс шүүгч Т.Ө,  Б.А, С.С нар шүүх хуралдааныг санаатай хойшлуулсан, шүүгч Т.Ө хуульд заасан үндэслэл байхгүй байхад татгалзан гарсан зөрчил гаргасан гэх үндэслэлүүд баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгч нарыг өмгөөлөгч Ц.Б-той холбогдуулан гаргасан гомдлын үндэслэлүүдийн тухайд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн Тамгын газраас Тагнуулын Ерөнхий газарт гаргасан гомдол, мэдээллийн дагуу Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас шүүгч Т.Ө, Б.А, С.С нарт холбогдох хэрэг бүртгэлтийн 210200123 дугаар хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналтайгаар шилжүүлсэн байна.

2. Шүүгч Д.Д-д холбогдох үйл баримтын тухайд: ... Шүүгч Д.Д болоод сахилгын хэрэгт нэр дурдагдсан шүүгч нартай холбогдох хэрэг Авлигатай тэмцэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/11839 дүгээр албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12/5-1478 дугаар албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 349 дүгээр албан бичгээр тус тус шалгагдаагүй болох талаар мэдэгджээ. “Д с н” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 275 дугаар гомдлын нэмэгдүүлсэн шаардлагад Д.Д шүүгчийн гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан дүгнэлтүүдэд гомдол гаргасан байх бөгөөд шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрт тусгагдсан дүгнэлтүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.

3. Шүүгч Д.М-д холбогдох өргөдөлд дурдагдсан үйл баримтын тухайд: “Д с н” ХХК-ийн “А б” ХХК-д холбогдуулсан гаргасан “А б”-ны хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Д.М хүлээн авчээ. ... Хэрэгт авагдсан баримтаас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04228 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14094 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 451 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх, хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14094 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд “... тийм учраас энэ асуудлыг Д.М шүүгч хянан шийдвэрлэх боломжгүй” гэх өгүүлбэр тэмдэглэгдсэн байх боловч өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан шүүгчээс татгалзах тухай үг өгүүлбэр тэмдэглэгдээгүй, тухайн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн бичлэг хадгалах төхөөрөмжийн хард диск гэмтсэн тул хуулбарлан өгөх боломжгүй болохыг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1121 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна. Энэ бүгдээс, өргөдөлд дурдагдсан “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзсан ...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн дээрх өргөдлийн үндэслэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14094 дүгээр захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн 451 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Шүүгч Д.М 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  “Д с н” ХХК-ийн “А б” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ЕШ2021/01665 дугаар захирамжаар татгалзлыг хүлээн авснаар тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарчээ. ...“Д с н” ХХК-ны “А б” ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол хүчингүй болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч Д.М хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба хэрэгт авагдсан баримтаас шүүгч Д.М 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16529 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/00820 дугаар Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 183/ШЗ2021/00820 дугаар захирамжид гаргасан гомдол, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 183/ЗТ2021/0235 дугаар хугацаа сунгасан тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/02935 дугаар Хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ЗТ2021/00320 дугаар Шүүгчид чөлөө олгох тухай зөвлөгөөний тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ЕШ2021/00821 дүгээр Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны 183/ЗТ/2021/00472 дугаар Хэрэг буцаан хуваарилах тухай тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ЕШ2021/01389 дүгээр Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж, “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банк, “А б” ХХК-д тус тус холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид  гаргасан шүүгч Д.М-ын хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ЕШ2021/01665 дугаар Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх тухай Ерөнхий шүүгчийн захирамж гарсан, ажиллагаа хийгдсэн үйл баримтууд тогтоогдож байх ба шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ... Давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ө, Б.А, С.С, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.

4. Шүүгч Д.М-т холбогдох өргөдөлд дурдагдсан үйл баримтын тухайд: “...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16109 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ 2 үндэслэл тусгасан байх бөгөөд эдгээр нь “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгчийн нотлох баримтыг үнэлэх, шийдвэр гаргах ажиллагаанд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд байхгүй. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/00125 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШТ2021/00009 дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох боломжгүй нэхэмжлэлд хамаарах ба үнэт цаастай холбогдох нэхэмжлэл гэдэг нь тэдгээрийн эзэмшлийн талаарх, тэдгээрийг арилжсан гэрээнээс үүссэн маргаанд хамаарах буюу үнэт цаастай холбоотой шаардлага болгоныг энэ хэсэгт хамруулахгүй юм” гэж дүгнэн  хүчингүй болгосон байх ба үүнээс харвал захирамж хүчингүй болсон үндэслэл нь өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гэхээс илүүтэйгээр шүүгчийн мэдлэг чадвартай холбоотой байна. Түүнээс гадна, өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан үйл баримт Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацааны үйл баримт байх бөгөөд энэ тохиолдолд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.  Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчилд хамаарах эсэхийг тогтоох нь зүйтэй юм. Дээр дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанд хамаарахаар байна. “Д с н” ХХК нь “А б” ХХК-д холбогдуулж 3 нэхэмжлэл гаргасан.

1. “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол хүчингүй болохыг тогтоолгох /Иргэний хэрэг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16529 дүгээр захирамжаар үүссэн/

2. “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох /Иргэний хэрэг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2021/00718 дугаар захирамжаар үүссэн/

3. “Д с н ХХК, “А б” ХХК, Монгол банк нарт холбогдуулан гаргасан “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд, 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах /Иргэний хэрэг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/01956 дугаар захирамжаар үүссэн/ гэсэн нэхэмжлэлтэй 3 иргэний хэрэг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүсэн шалгагджээ.

Шүүгч Д.М “Д с н” ХХК-ны “А б” ХХК-д холбогдуулан гаргасан “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий Иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2021/00718 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэсэн, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт шийдвэрлэсэн, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШТ2021/00060 дугаар Гомдол хянан хэлэлцэх тухай шүүхийн тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ЗТ2021/0341 дүгээр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор сунгасан, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2021/03735 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, 2021 оны 03 дугаар сарын 24, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжууд гарсан, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/09872 дугаар Хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж гарсан гэх ажиллагаанууд хийгдсэн,

“Д с н” ХХК-ны “А б” ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/01956 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/04344 дүгээр Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/04443 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамжууд гаргасан, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ЗТ2021/0460 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай Зөвлөгөөний тогтоолоор хугацаа сунгасан, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/04443 дугаар захирамжид гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, 2021 оны 05 дугаар 13-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны тов мэдэгдсэн, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШТ2021/00131 дүгээр Гомдол хянан шийдвэрлэх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоол гарсан, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШТ2021/00139 дүгээр Шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай шүүхийн тогтоол гарсан, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Гомдол хянан шийдвэрлэх хуралдааны тов мэдэгдсэн, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШТ2021/00156 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол гарсан гэх зэрэг ажиллагаанууд хийгдсэн байна. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/09873 дугаар Хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж гарснаар дээрх 3 тусдаа шаардлага бүхий “Д с н” ХХК-ны “А б” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүд нэгтгэгдсэн байна. Үүнээс хойш, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тов өөрчлөх тухай шүүгчийн захирамж гарсан, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн, 2021 оны 10  дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2021/11411 дүгээр Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарсан, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2021/12924 дүгээр Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсан, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ЕШ2021/03392 дугаар Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх тухай Ерөнхий шүүгчийн захирамж гарч хэрэг шүүгчээс шилжсэн зэрэг ажиллагаанууд хийгдсэн үйл баримтууд шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан баримт, шүүгч Б.М-ийн тайлбар зэргээс “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлтэй 183/ШЗ2021/00718 дугаар захирамжаар үүсгэсэн иргэний хэрэгт холбогдох ажиллагааг хийж байгаад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 183/ЗТ2021/0341 дүгээр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор сунгасан, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2021/03735 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж, уг захирамжийн дагуу “А б” ХХК 2021 оны 04 сарын 06-ны өдөр, Монгол банк 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулан, хариу тайлбар өгөх хуульд заасан хугацааг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийснээс хойш 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэргийг нэгтгэх хүртэлх хугацаанд тус хэрэгт ажиллагаа хийгдээгүй, /Календарийн 95 хоног/

“Д с н ХХК, “А б” ХХК, Монгол банк нарт холбогдуулан гаргасан “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд, 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй 183/ШЗ2021/01956 дугаар захирамжаар үүссэн иргэний хэргийн хувьд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШТ2021/00156 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол гарч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/04443 дугаар захирамжийг хүчингүй болгосноос хойш 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэргийг нэгтгэх хүртэлх хугацаанд шүүхээс ямар нэг ажиллагаа хийгдээгүй /Календарийн 95 хоног/ үйл баримтууд тус тус тогтоогдож байна. Дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан  хугацааг зөрчсөн байх ба Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших үйл баримт байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхойлсон зохицуулалтыг хэрэглэх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил болох нь тогтоогдож байх тул зөрчлийг нотлох дүгнэлт үйлдлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А” банкны хувьцаа эзэмшигч “Д с н” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Э-аас ... шүүхийн шүүгч С.С, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ө, Б.А, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М, Д.М, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д нарт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.18, 50.1.19, 50.1.20, 50.1.23, 50.1.25, 50.1.26, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг зөрчсөн, А бийг үүсгэж 28 жил хөдөлмөрлөсөн ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг нэр бүхий шүүгч нар нийлж дээрэмдсэн үйлдлээс болж 16 тэрбум төгрөгөөр хохирч, 134 хоног хилсээр ял эдэлсэн” гэх агуулгаар тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл илтгэгч гишүүн “шүүгч Т.Ө,  Б.А, С.С нар шүүх хуралдааныг санаатай хойшлуулсан, шүүгч Т.Ө хуульд заасан үндэслэлгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан гэх зөрчил тогтоогдоогүй, шүүгч Д.Д, Д.М нарын гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, шүүгч Д.М иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацааг зөрчсөн гэх үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсан үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байх тул нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээж авах нь зүйтэй байна.

Харин ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж нотлох дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

1. ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16529 дүгээр захирамжаар “Д с н” ХХК-ийн “А б” ХХК-д холбогдуулан гаргасан “хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болохыг даалгаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх ба 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгч Д.М тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг ерөнхий шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01665 дугаар захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн,

2. ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00718 дугаар шүүгчийн захирамжаар “Д с н” ХХК-ийн “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчид холбогдуулан гаргасан “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

-2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 01364 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын биелэлттэй холбоотой аливаа ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан, уг захирамжид хариуцагчаас гомдол гаргаж ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 60 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон,

-... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 30 хоногоор сунгасан,

-2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 03735 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн эрх залгамжлагчаар Монгол банкийг, хамтран хариуцагчаар “А б” ХХК-ийг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан,

-Хариуцагч “А б”-д 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, хариуцагч Монгол банканд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэл гардуулсан,

-2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийг нэгтгэх тухай” 09872 дугаар захирамжаар “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банк болон “А б” ХХК-д холбогдох “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банк болон “А б” ХХК-д холбогдох “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэрэгт нэгтгэсэн байна.

3. ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01956 дугаар шүүгчийн захирамжаар “Д с н” ХХК-ийн “А б” ХХК, Монгол банканд холбогдуулан гаргасан “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

-2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 04344 дүгээр шүүгчийн захирамжаар “У и” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,

-2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай”  04443 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж “А б” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүй байхыг хариуцагч нарт даалгасан, тус захирамжид хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргаж, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 156 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон,

-... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунгасан,

-2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийг нэгтгэх тухай”  09873 дугаар захирамжаар “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банк болон “А б” ХХК-д холбогдох “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, “А б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай иргэний хэргийг “Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол банк болон “А б” ХХК-д холбогдох “А б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгаж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай иргэний хэрэгт нэгтгэж тус тус шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Илтгэгч гишүүн дээр дурдсан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “А б” болон Монгол банканд нэхэмжлэл гардуулснаас хойш хэрэг нэгтгэх хүртэл календарийн 95 хоног ажиллагаа хийгээгүй, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, “А б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай”  04443 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноос хойш хэрэг нэгтгэх хүртэл календарийн 95 хоног ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр зөрчилд тооцохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссанаас хойш зохигч талуудаас гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, тухайн маргааны ээдрээ төвөгтэй байдал, шүүгчийн ээлжийн амралтаа эдэлсэн хугацаа, шүүгчийн 2021 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын нийт шийдвэрлэсэн хэрэг, гаргасан эрхийн актын тоон үзүүлэлт зэргийг харгалзан үзээгүй нь буруу байна. Тодруулбал,  

“Д с н” ХХК-ийн нэхэмжлэлтэй  “А б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчид холбогдох “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа /2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 30 хоногоор сунгасан/ 2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр эрх залгамжлагчаар оролцож эхэлсэн хариуцагч Монгол банк дээрх хугацаа өнгөрсний дараа буюу 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гардаж авсан /хариу тайлбар өгөх хуульд заасан хугацаа 14 хоног/, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоол, “А б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021 оны 01  дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа /2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунгасан/ 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх ба 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай”  04443 дугаар шүүгчийн захирамжид 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гарч,  ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор гомдол хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хойшилж, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдол хянан шийдвэрлэх тухай” 156 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ. /тогтоолыг бичгийн хэлбэрээр албажуулж гаргасан хугацаа тодорхойгүй/

Түүнчлэн, шүүгч Д.М нь 2021 оны 06 дугаар сард 31 хэрэг шийдвэрлэж, 178 шүүгчийн захирамж, 31 шийдвэр, 07 дугаар сард 55 хэрэг шийдвэрлэж, 203 захирамж, 1 шүүхийн тогтоол, 55 шийдвэр гаргасан нь ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн ачааллын судалгаагаар, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан нь ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүгч, ажилтнуудын 2021 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” А/45 дугаар тушаалаар нотлогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан нь хуулийн илт тодорхой заалт мөн боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ.

         Харин хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн шалтгаан нь ээдрээ төвөгтэй маргаан бүхий хэдэн хэдэн нэхэмжлэлд  иргэний хэрэг үүссэн, зохигч талуудаас гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, өндөр ачаалалтай ажиллаж байсан, ээлжийн амралттай байсан зэрэг нөхцөл байдал нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохооргүй, “ноцтой” болон “удаа дараа” байх хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.  

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, шүүгч С.С, Т.Ө, Б.А, Д.М, Д.Д нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Д.М-т холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” 34 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч С.С, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ө, Б.А, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М, Д.М, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                                      О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                            Ц.Давхарбаяр

ГИШҮҮН                                                            Д.Эрдэнэчулуун