info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-10-28

Дугаар 15

Улаанбаатар хот

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.

О.О-ийн гомдолтой сахилгын хэргийн тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч О.О, ажиглагчаар өргөдөл гаргагч "Ч" ХХК-ийн захирал Ө.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 228 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан ... шүүхийн шүүгч О.О-гийн гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

I. Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 228 дугаар магадлалд:

“...Харин “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... газрын даргад холбогдох ... хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч О.О дараах зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна. Үүнд:

3.1. “...Манай компанийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрээ хүсэлт гаргагчид мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгч " ... " ХХК-д давуу байдал олгох гэж оролдсон ..." гэх гомдлын тухайд”:

... шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6235 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-с “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хянаад "..." ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл байгаа эсэх, маргаан бүхий актын улмаас "..." ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулсны дараа шийдвэрлэхээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан,

Харин 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "..." ХХК-ийн захирал Ө.Б-с “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“...” ХХК-ийн захирал Ө.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 261/21а дугаар албан бичгээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ ... шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд энэ нь тус шүүхийн ирсэн бичиг баримтын бүртгэлийн дэвтрийн дэс дугаар 9486-д бүртгэгдсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаас үзвэл "..." ХХК-ийн захирал Ө.Б -с гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7730 дугаар захирамж гарснаас хойш 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор бичгээр гаргаж, үүнээс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг эдлүүлэх үүрэгтэй атал 5 сар гаруй хугацаанд шүүгчийн захирамжийг гардуулаагүй, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заан “...” ХХК-ийн давж заалдах гомдол гаргах эрхийг зөрчсөн байна гэж илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэжээ.

3.2. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан байх атал 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа 8630 дугаартай шийдвэр гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарна.

3.3. “Шүүгч О.О нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан "... гомдлыг хянан шийдвэрлэсэн албан тушаалтан Э.Э-г ... газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах" хүсэлтийг мөн л ханган шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд:

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "... газраас Э.Э-г шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болно гэсэн учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах..." тухай хүсэлт гаргасны дагуу 1/ ... газрын улсын байцаагч Э.Э нь эрх бүхий   албан   тушаалтан    мөн   эсэх   талаар   лавлагаа, 2/ түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах, 3/ нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж" шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх этгээдийн харилцааг зохицуулсан байх бөгөөд 27.2 дахь хэсэгт “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулагдсан баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасны дагуу ... газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Ө-г томилж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл ирүүлсэн байтал нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан гэх нэрээр гомдол шийдвэрлэсэн, тухайн байгууллагаас төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй мэргэжилтэн Э.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, томилох үүрэг хүлээлгэсэн шүүгчийн захирамж гаргасан нь тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрөө сонгох эрхэд халдсан, дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил мөн.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл "..." ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийг гардуулаагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж буй асуудлаар захирамж, тогтоол бус шийдвэр гаргасан, төрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох бүрэн эрхэд халдсан зэрэг зөрчил гарсан нь тогтоогдож байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 ”хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хариуцлага ногдуулах үндэслэл болно.

Иймд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23,  57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч О.О-д “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай...” гэжээ.

II. Шүүгч О.О Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 228 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“...Нэг дэх үндэслэл: Шүүхийн сахилгын хорооны магадлалд “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа 8630 дугаартай шийдвэр гаргасан нь хуулийн тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарна” гэжээ. Бодит байдалд авч үзвэл:

Шүүгч миний бие хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээд ЗХШХШТХ-ийн 111 дүгээр зүйлийн 111,2-т заасан 8630 дугаартай захирамжийг гаргасан.

Шүүгч захирамж гаргасан гэдэг нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан түр завсарласан, дараа нь шүүх хуралдаан үргэлжилж шүүгчийн захирамжийн агуулгыг уншиж танилцуулснаас тодорхой харагдаж байна. Шүүгчийн захирамжид:

  1. ЗХШХШТХ-ийн 111.1-д заасныг “удирдлага болгон.... “ гэж тусгагдсан.
  2. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8630 дугаартай шүүхийн “шийдвэр” гэдэгт ЗХШХШТХ- ийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ: гэжээ.

Өөрөөр хэлбэл шүүгчийн гаргасан шийдвэр зорилго, агуулга, утга санаа нь бүгд ЗХШХШТХ-ийн 111.1-д заасан “шүүгчийн захирамж”-ийн агуулгатай байна.

  1. Мөн 8630 гэсэн дугаар нь шүүхийн шийдвэрийн дугаар биш шүүгчийн захирамжийн дугаар юм. Энэ нь Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс харагдах бөгөөд уг системээс шүүгчийн туслах дугаар авдаг. /нотлох баримтыг гомдолд хавсаргасан болно/
  2. Шүүгчийн захирамжийг хэвлэх үедээ шүүхийн шийдвэр гэсэн албан бланк дээр андууран хэвлэсэн нь шүүгчийн туслахын “техникийн алдаа” байсан. Энэ алдааг ЗХШХШТХ-ийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасны дагуу залруулга хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамжийн бланк болгон залруулсан.

Хоёр дахь үндэслэл: “...Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан гэх нэрээр гомдол шийдвэрлэсэн. Тухайн байгууллагаас төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй мэргэжилтэн Э.Э-г  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, томилох үүрэг хүлээлгэсэн шүүгчийн захирамж гаргасан нь тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрөө сонгох эрхэд халдсан. Дээрх нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил мөн” гэжээ.

Бодит байдал дээр авч үзвэл шүүгч, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээд ЗХШХШТХ-ийн 111.2-т заасан 8630 дугаар захирамжийг гаргасан. Тухайн үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой” 4 хүсэлт гаргаж байна. ... -с ажлын байрны тодорхойлолт явуулсан байх боловч Э.Э ямар мэргэжилтэй болох нь тодорхойгүй байна. Боловсролгүй, шалгах эрхгүй хүн байхыг ч үгүйсгэхгүй. Мөн “...” ХХК-ийн захирал Ө.Б-ийн нөхрийг Н.Э гэдэг. Хүүхдүүд нь бүгд “Э” гэж эхэлдэг. Э.Э нь тэдний хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, тус шүүхийн шүүгч Н.Д нь Ө.Б-ийн хамаатан байсан. Иймд, нэгдүгээрт Э.Э-ийн овог, нэр бүтнээрээ, ажилд орсон тушаал, шийдвэр, эрх бүхий албан тушаалтан мөн эсэх лавлагаа зэрэг түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авъя.

Хоёрт, ... -аас “...Э.Э-г шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж болно” гэсэн итгэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн. Өмнө нь ... -аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-г томилсон байсан ба дахин ... -аас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1999 албан бичгээр “мэргэжилтэн Э.Э нь одоогоор эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжтой” гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Түүнээс шүүгч санаачилгаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Э-г оролцуул гэж шийдвэрлэсэн асуудал байхгүй. Иргэн хуулийн этгээд хэдэн ч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж болдог бөгөөд энэ нь тухайн байгууллагын эрх юм. ЗХШХШТХ-ийн 96.1-д “...хэргийн оролцогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг сонсмогц даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн. Шүүгчээс хүсэлтийг “хангах” эсхүл “хүсэлтийг хангахаас татгалзах” гэсэн аль нэг шийдвэрийг гаргадаг. Тухайн тохиолдолд шүүгч хүсэлтийг хянаад “Э.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжтой” гэсэн ... -аас шүүхэд ирүүлсэн албан ёсны илэрхийллийг харгалзан өөрийн шийдвэрийг гаргасан буюу хүсэлтийг “хангасан” шийдвэр гаргасан. Шүүгчийн энэхүү шийдвэрийг Сахилгын хорооны гишүүн буруутгаж байгаа нь ЗХШХТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн шүүгчийн хараат бус байдалд халдсан шийдвэр байна. Нөгөө талаар ...-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Э.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 2021.11.02-ны өдрийн А/67 дугаартай тушаал хүчин төгөлдөр бөгөөд түүнийг эс зөвшөөрч маргалдсан нэг ч гомдол маргаан байхгүй байна.

Гурав дахь үндэслэл: “... ” ХХК-ийн захирал Ө.Б нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 261/21 а албан бичгээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ захиргааны шүүхэд хүргүүлсэн нь бичиг баримтын бүртгэлийн 9486-д бичигдсэн. Энэ хүсэлтийг 2021.10.06-ны өдрийн 7730 дугаартай захирамжаар шийдвэрлээд гомдол гаргах эрхийг эдлүүлэх үүрэгтэй атал 5 сар гаруй хугацаанд шүүгчийн захирамжийг гардуулаагүй, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь “...” ХХК-ийн гомдол эрхийг зөрсөн” гэжээ.

Бодит байдалд авч үзвэл: Шүүгч 7730 дугаартай захирамж гаргахдаа ... -аас гаргасан “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Захирамждаа гомдол гаргах эрхгүй гэж зааж өгсөн. Энэ захирамжаар хариуцагч буюу ...-ын хүсэлтийг шийдвэрлэсэн. Харин “...” ХХК-аас гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй. Зөвхөн хариуцагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. ЗХШХШТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр татах хуулийн зохицуулалттай. Хариуцагчаас “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байсан.

Мөн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гуравдагч этгээдээр хэзээ ч татах боломжтой. Тухайлбал, шүүхийн шийдвэр гаргах түвшний шатанд гуравдагчаар татах боломжтой. Түүнчлэн шүүгч өөрийн гаргасан захирамж, шийдвэрээ өөрөө хүчингүй болгож алдаагаа засах боломжтой. Заавал гомдол гаргах эрхийг захирамжид заах байсан, үүнийг заагаагүй нь шүүгчийн алдаа гэж үзвэл энэ алдаа нь засагдсан. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “давж заалдах гомдол хугацааг сэргээх тухай” 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/Ш32022/0558 дугаар захирамжаар, шүүгчийн 7730 дугаартай захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаар тогтоолоор, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2999 дүгээр захирамжаар засагдсан болно. Хэрэв дээрх алдаа засагдаагүй байсан бол хариуцлага хүлээх нь зүйтэй асуудал юм. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь нэгдмэл байна. Дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь доод шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгчид сахилгын арга хэмжээ авах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн дээрх шүүгчийн захирамжийг заавал гардуулна гэсэн хууль зүйн үндэслэлгүй. Гардуулах үүрэг нь шүүгчийн туслахад байдаг.

Дөрөв дэх үндэслэл: “...” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0559 дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Энэ хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй байхад шүүгчийг сахилгын хорооны хуралд оролцуулалгүйгээр хэт нэг талыг баримталж хэргийн оролцогчийн хүсэлт шийдвэрлэсний төлөө хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаар магадлалыг хүчингүй болгож, “...” ХХК- ийн захирал Ө.Б-с гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

1.Сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шүүгч О.О нь  Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, 228 дугаар магадлалаар “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл,

1.Шүүгч О.О нь ... шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа  “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... газрын даргад холбогдох ... хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө энэхүү хэрэгт “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргажээ.

Түүнчлэн "..." ХХК-ийн захирал Ө.Б-с “... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, .... газрын даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргасныг ... шүүхийн ирсэн бичиг баримтын бүртгэлийн 9486 дугаарт бүртгэж, шүүгчид шилжүүлсэн тэмдэглэл хийгджээ.  

Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүгчийн 7730 дугаар захирамжаар “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурджээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахаар хуульд заасан байхад давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан, мөн уг захирамжийг тогтоосон хугацаанд бичгээр гаргаагүй, 5 сар гаруй хугацаанд гардуулаагүй болох нь тогтоогджээ.

2. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцээд “...газраас Э.Э-г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах" тухай хүсэлтийг  хангаж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх этгээдийн харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд 27.2-т “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулагдсан баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасан.

Хариуцагч ... газар нь  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Ө-г томилж, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл ирүүлсэн байхад шүүгч тухайн байгууллагыг төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй Э.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг шүүгчид хориглохоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан, шүүгч О.О “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн дээрх заалтыг удаа дараа зөрчсөн тогтоогдсон, энэ талаарх Сахилгын хорооны магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Шүүгч О.О гомдолдоо “...8630 гэсэн дугаар нь шүүгчийн захирамжийн дугаар бөгөөд энэ нь хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдаан хойшлуулсан агуулгатай, ...захирамжийг хэвлэхдээ шийдвэрийн бланк дээр хэвлэснийг анхаараагүй байна, энэ алдааг залруулсан...” гэжээ. 

Холбогдох шүүгч нь “...шүүх хуралдааныг хойшлуулахдаа 8630 дугаар шийдвэр гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж үзсэн сахилгын хорооны магадлалын дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай баримт бичиг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэсэн хэвлэмэл хуудас дээр хэвлэгдсэн байх ба шүүгч гарын үсэг зурж албажуулжээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т  “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасныг дээрх баримт бичигт удирдлага болгосон байх ба хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан  агуулгатай байна.

Түүнчлэн тус шүүх хуралдааны 2905 дугаартай тэмдэглэлд “...шүүх хуралдаан үргэлжилж, шүүгчийн захирамжийн агуулгыг уншиж танилцуулав...” гэж тусгагджээ.

Дээр дурдсанаас үзвэл шүүх хуралдаанаас шүүгчийн захирамж гарсан нь тогтоогдож байх ба харин энэхүү захирамжийг шийдвэрийн бланк дээр хэвлэсэн техникийн шинжтэй алдаа тул сахилгын зөрчил хамаарахгүй гэж бүрэлдэхүүн үзэв.

4. Холбогдох шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаврыг харгалзан үзэх тухай Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тогтоох хэсгийг хэвээр үлдээж, гомдлын зарим хэсгийг  хангахгүй орхив.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  ... шүүхийн шүүгч О.О-н гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж,  Сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 228 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид  хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                                          Б.СУГАР

ГИШҮҮН                                                                    Д.АРИУНТУЯА                                              

Г.ЦАГААНЦООЖ

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.