info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-04

Дугаар 43

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” ГС/2023/0031 дугаартай гишүүний саналд:

“... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэгч   “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П гомдол гаргаж, үндэслэлээ  “...танай хүсэлтүүдийг энэ хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй” гэж шүүгчийн ёс зүйд хэрхэвч нийцэхгүй авир, үйлдлийг гаргаж, хуулийг гажуудуулж, дураараа авирлаж манай хүсэлтийг хэлэлцүүлээгүй шийдвэрлээгүй орхигдуулсан, уг хэлэлцүүлгийг хийж дуусаад амаар “хурлаа хурдан хиймээр байна, танайх актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгөхгүйгээр хурлаа шууд хийж болохгүй юм уу, энэ хүсэлтээ буцаагаад авчих” гээд бидний хүсэлтийг хүчээр бид нарт буцааж өгүүлсэн, “танайх гэрч оролцуулах хүсэлтээ буцаагаад авчих, шүүх хурал дээрээ өөрсдөө гэрчээ дагуулж ирээд оруулчих” гэж ёс зүйгүй асуудал гарган шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, үндсэн хурлыг 2022 оны 11 сарын 25-ны өдөр товлосон захирамжид ямар нэгэн өөрчлөлтийг оруулахгүйгээр шууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 14:00 цагт товлосон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч баримт гаргаж өгөөгүй байхад ямар ч баримтгүй худал зүйлийг дурдаж манай актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж тодорхойлжээ.

Нэг. Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 245 дугаар захирамжаар “...” ХХК-ийн “...” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид нэхэмжлэл гардуулсан, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбар болон холбогдох баримтаа ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шүүх хуралдааны тов тогтоох тухай” урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цагт хийхээр товлон зарласан, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-с “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хамтран хариуцагчаар тендерийн Үнэлгээний хороог татах, нотариатч Н.О-г гэрчээр оролцуулах, нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасан, мөн өдрийн 288 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, харин захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14.30 цагт товлосон үйл баримт тогтоогдож байна.

Дээр дурдсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-с гаргасан хүсэлтүүдийг тухайн өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй үндэслэлээ шүүгч тайлбарлахдаа “...Шүүх хуралдаан товлон зарлахаас өмнө гаргасан хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож хэлэлцдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэнэ гэж заасан. Өнөөдөр таны гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй гээгүй, хүлээж авлаа, гэхдээ өнөөдөр шүүх хуралдаан товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх асуудлаа шийдвэрлэх болохоос биш товлоогүй асуудлыг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Хүсэлтийг тань хүлээж аваад хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах ажиллагаа хийгдэнэ, ... хариу тайлбарыг хүлээж аваад, хүсэлт шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийг товлодог ...” гэж хэлсэн нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу дүрсний бичлэгт хадгалагдан үлджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”: 70.1.2 “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, 70.2-т “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.7-д “Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан бол хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “Дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”: 112.4.2.”төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж заасан.

Шүүгч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлон зарласан,  тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч татуулах хүсэлт гаргасан энэ тохиолдолд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийсний дараа хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг товлож шийдвэрлэнэ гэх шүүгчийн тайлбар дээр дурдсан хуулийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1.2-т зааснаар хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш шийдвэрлэхийг үүрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд өргөдөлд дурдсан “... танай хүсэлтүүдийг энэ хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй гэж шүүгчийн ёс зүйд хэрхэвч нийцэхгүй авир, үйлдлийг гаргаж, хуулийг гажуудуулж, дураараа авирлаж манай хүсэлтийг хэлэлцүүлээгүй шийдвэрлээгүй орхигдуулсан, уг хэлэлцүүлгийг хийж дуусаад амаар “хурлаа хурдан хиймээр байна, танайх актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгөхгүйгээр хурлаа шууд хийж болохгүй юм уу, энэ хүсэлтээ буцаагаад авчих” гээд бидний хүсэлтийг хүчээр бид нарт буцааж өгүүлсэн...” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчилд буруутгах боломжгүй.

Хоёр. ... шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 288 дугаар захирамжаар “...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “...” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр товлосон, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 294 дүгээр захирамжаар “...” ТӨҮГ-ын ...-г хамтран хариуцагчаар, 295 дугаар захирамжаар “...” ХХК-ийг гуравдагч этгээдээр тус тус татсан, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 302 дугаар захирамжаар гуравдагч этгээд “...” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14.30 цаг хүртэл хойшлуулсан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гуравдагч этгээдэд, 16-ны өдөр хариуцагч “...” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус тус гардуулсан, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 306 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагт хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлосон, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 310 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1-д урьдчилсан хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх хүсэлтүүдийг хуульчилж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хуульд нэрлэн заасан хүсэлтүүд гарсан тохиолдолд шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх үүрэгтэй тул шүүх хуралдаан товлогдсоны дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн сахилгын зөрчилд тооцогдохгүй байна.

Гурав. Сахилгын хэрэгт авагдсан ... шүүхийн 2022 оны 11 дүгээр 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгийн 0:23:00 минутаас

Даргалагчаас: 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нотариатчаа авч ирээд мөн нотариатчийн дэвтрийг хуулбарлаад нотлох баримтын шаардлага хангуулаад авч ирж болно. Тэгэх үү гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Болно гэв.

Даргалагчаас: Тэгэхгүй бол хэргийн хугацаа хэтрээд алслагдаад явах нь. Болж байна уу гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Болно гэв.

Даргалагч: Хүсэлтээ засаад бичээд өгөх үү гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэгье гэв.

Даргалагчаас: Гэрчээ хуралдаан дээр оролцуулна гэвэл юу тодруулах гэсэн зүйлийг нь хуралдаан дээр асуугаад тодруулаад явъя, болж байна уу гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Болно гэж хэлсэн нь бичигдэн үлджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн талаар тодруулж, гэрчээр оролцуулах этгээд болон холбогдох нотлох баримтаа өөрсдөө авчрах боломжтой гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрсөн энэ тохиолдолд “танайх гэрч оролцуулах хүсэлтээ буцаагаад авчих, шүүх хурал дээрээ өөрсдөө гэрчээ дагуулж ирээд оруулчих” гэж ёс зүйгүй асуудал гарган шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч,  хуулиар тусгайлан заасан зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүгч нь захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг зөв, буруу шийдвэрлэсэн эсэхийг тогтоох, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0001 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.  

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-с “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хамтран хариуцагчаар тендерийн Үнэлгээний хороог татах, нотариатч Н.О-г гэрчээр оролцуулах, нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасан, мөн өдрийн 288 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, харин захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14.30 цагт товлосон болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “Дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”: 112.4.2.”төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж хуульчилжээ.

Шүүгч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлон зарласан байна. Улмаар тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч татуулах хүсэлт гаргасан энэ тохиолдолд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийсний дараа хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг товлож шийдвэрлэнэ гэсэн нь хууль зөрчөөгүй гэж илтгэгч гишүүний дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Хэргийн оролцогчоос хүсэлтүүд гарсан тохиолдолд шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх үүрэгтэй тул шүүх хуралдаан товлогдсоны дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон онцгой бүрэн эрхийн асуудал болно.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                              Б.СУГАР

ГИШҮҮН                                                    Д.МЯГМАРЦЭРЭН

Д.ЭРДЭНЭЧУЛУУН