info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-28

Дугаар 44

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн  Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, сахилгын хэргийн оролцогч А.И, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.

Хуралдаанаар А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.И-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1.“Т...” ХХК нь “М...” ХХК-д холбогдуулан 9911.... дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага бүхий  нэхэмжлэл  гаргасан, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.И-д 2020.01.29-ний өдөр  зохих журмын дагуу хуваарилагджээ. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад, 2020.02.05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020.04.02-ны өдрийн ... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгасан ба хэргийг 2020.04.15-ны өдрийн 13.30 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоосон, зохигчийн  хүсэлтээр  шүүх хуралдаан  удаа дараа хойшлогдож байжээ.

2. 2022.11.16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж,  ... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг нэхэмжлэгч 2023.01.16-ны өдөр гардаж авчээ. Холбогдох шүүгч нь дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 71.2.-т “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан. “Т...” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийн хугацааг сунгасан нь хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хуульд заасан хугацаанд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон боловч зохигчийн хүсэлтээр 20 гаруй удаа хойшлогдож байсан нь тогтоогдож байх ба харин шүүгчийн үйл ажиллагаанаас хамаарч шүүх хуралдаан хойшлогдож байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.3.-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг  “М...” ХХК гэж тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор “9911... бусдад шилжүүлэхгүй байх, тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг “М...” ХХК-д даалгах” хүсэлт гаргасан, шүүгчийн 2020.07.06-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхихдоо “...хэргийн зохигч биш тул уг арга хэмжээг авах боломжгүй...” гэжээ.

Үүний дараа нэхэмжлэгч нь “М...” ХХК-г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хариуцагчаар татаж холбогдох ажиллагааг явуулсан, шүүгчийн 2020.12.17-ны өдрийн 12... дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...хэргийн баримтаар 9911... дугаар нь Г.Ч-ын эзэмшил, ашиглалтад байх тул энэхүү арга хэмжээг авах боломжгүй”  гэж үзжээ. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах тухай арга хэмжээг авах эрхтэй хэдий ч энэ нь хариуцагч биш этгээдэд хамаарахгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж  шийдвэрлэж байсан нь хууль  зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн “....Г.Ч-ыг хариуцагчаар татах...” хүсэлтийг хангаж,  2021.04.12-ний өдрийн 35... дугаар захирамжаар түүнийг хамтран хариуцагчаар татаж, холбогдох ажиллагааг явуулсан ба шүүгчийн  2021.08.06-ний өдрийн 74... дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах эсэхийг шүүгч хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хуульд нийцүүлэн шийдвэрлэх бөгөөд дээрх захирамжаар “...энэхүү арга хэмжээ авах  зайлшгүй авах нөхцөл байдал үүссэн нь тодорхойгүй” гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Харин шүүгчийн 2022.02.09-ний өдрийн ... дугаар захирамжаар 9911...дугаарын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч “М..” ХХК, Г.Ч нарт даалгаж шийдвэрлэсэн. Уг захирамжид Г.Ч гомдол гаргасан,  ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.02-ний өдрийн ... дүгээр тогтоолоор захирамжид өөрчлөлт оруулахдаа “...арга хэмжээг Г.Ч-д холбогдуулж авсан нь буруу...” гэжээ. Нэхэмжлэгч В.О-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, шүүгчийн 2022.05.13-ний өдрийн 63... дүгээр захирамжаар түүнийг хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулсан байна.  

Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтийг шүүгч тухай бүр шийдвэрлэж, энэ тухай холбогдох эрхийн акт гаргаж байжээ. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  өөр этгээдийг хариуцагчаар татан оролцуулах удаа дараа хүсэлт гаргасан, шүүх уг хүсэлтийг хүлээн авч тэдгээрийг хариуцагчаар татсан тул үүнтэй холбогдуулан хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэл гардуулах, тэдэнд хариу тайлбар болон нотлох баримт  гаргах эрхийг хангах зорилгоор  шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байжээ. Үүнээс гадна зохигч талууд нотлох баримт гаргуулах, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргаж байсны зэрэгцээ итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө солих, гуравдагч этгээдээр татах зэрэг хүсэлттэй холбоотой тодорхой ажиллагаа явуулж, энэ үндэслэлээр шүүх хуралдаан  хойшлогдож байсан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ковид-19 цар тахал гарч, үүнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас удаа дараа хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, шүүхийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож,  шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй арга хэмжээ авч байсан нь тогтоогдож байна.

... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч А.И 2020.08.07-2020.09.04, 2021.08.09-2021.09.08, 2022.06.20-2022.07.29-ний хооронд тус тус ээлжийн амралттай байжээ.  Дээр дурдсан тодорхой шалтгаан, үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдож байсан байх тул  өргөдөлд дурдсан “шүүгч хэргийг тодорхойгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй дарагдуулж...” байсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд  шүүгч  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлээ шийдвэрт тодорхой дурдсан байна.

Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт дүгнэлт хийх эрхгүй тул өргөдөлд “...хамгийн сүүлд тус дугаарыг эзэмшиж байгаа В.О-ыг шударга эзэмшигч, түүнээс тус дугаарыг шаардах эрх байхгүй гэсэн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэсэн нь  сахилгын зөрчилд хамаарахгүй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

“Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх 2022.11.16-ний өдөр шийдвэрлэсэн тул шүүгч шийдвэрийг 14 хоног  буюу 2022.12.01-ний дотор бичгээр үйлдэж, албажуулах учиртай.  Холбогдох шүүгч  дээрх шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр үйлдэж, хэвлүүлэхээр шүүгчийн туслах Б.Б-т шүүхийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг чатаар явуулсан нь гэрчийн мэдүүлэг болон тус шүүхийн албан хэрэгцээнд ашигладаг программд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Монгол Улсын   шүүхийн тухай хуулийн 89 дүгээр  зүйлийн  89.3.2, 89.3.6-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх, тодорхой хэрэг маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах чиг үүрэгтэйгээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журмын 2.1.5, 5.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын арван өдрийн дотор цахим хуудаст байршуулна. Гэвч шүүгчийн туслах тухайн шийдвэрийг цаг тухайд нь хэвлэж, албажуулаагүй бөгөөд шийдвэр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Иргэн 2014 системд байршсан нь уг программд хийсэн  үзлэгээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл  нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд тооцдог. Шүүгч шийдвэрийг 2022.12.01-ний дотор бичгээр үйлдэж, албажуулах  байсан боловч дээрх шалтгааны улмаас 2023.01.10-ний өдөр буюу 40 хоногийн дараа цахим санд байршуулсан, энэ нь хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан “...нэг удаа 60 хоногоос дээш...” гэх заалтад хамаарахгүй байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч А.И-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч А.И Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Т... ХХК-ийн нэхэмжлэлтэй “М...” ХХК, “М... корпораци” ХХК, Г.Ч, В.О нарт холбогдох 9911... дугаарын эзэмших эрхийг сэргээх, эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн.  Шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгчийн туслах Б.Б-т шүүхийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг чатаар файлыг явуулсан. Шийдвэрийг шүүгчийн туслах хэвлээгүйгээс тухайн шийдвэр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Иргэн 2014 системд баталгаажсан байна. Миний хувьд шүүхийн шийдвэрийг өөрөө боловсруулдаг ба хэвлэх,  Иргэн 2014 системд баталгаажуулах, шүүхийн шийдвэрийн санд бүрэн эхээр оруулахыг шүүгчийн туслах гүйцэтгэдэг. ...

2.Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг шүүхэд өмнө гаргаж байсан,  шүүгчийн  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14... дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 49... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байжээ. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч анх “М...” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М... корпорац” ХХК, Г.Ч, В.О нарыг хамтран хариуцагчаар, “... капитал” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан.  Хариуцагч, гуравдагч этгээдэд нэхэмжлэлийг хувийг гардуулах, хариу тайлбар авах ажиллагаа явуулахад цаг хугацаа шаардлагатай болсон.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авхуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч уг арга хэмжээг хариуцагч болон нэхэмжлэгч нарт холбогдуулан авахыг хуульд заасан байдаг тул хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Харин 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16... дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийг хуульд зааснаар 2 удаа татгалзсаныг  ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр 13 удаа, хариуцагчийн хүсэлтээр 7 удаа хойшлогдож  байсан ба нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө  2 удаа, өмгөөлөгчөө 2 удаа  сольж байснаас товлогдсон шүүх хуралдаан хойшлогдож байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “Т...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.И-д холбогдуулан “...хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, ...нэхэмжлэгч талаас гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг цаг хугацаанд шийдвэрлээгүй..., ... шүүхийн шийдвэрийг гаргахдаа хуульд заасан хугацааг санаатайгаар сунгасан” буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.26-д заасан шүүгчид хориглох заалтыг тус тус зөрчсөн гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

            Өргөдөлд холбогдох иргэний хэргийн тухайд, “Т...” ХХК-аас “М...” ХХК-д холбогдуулан “9911... дугаарыг “М...” ХХК хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, “Т...” ХХК-ийг 9911... дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч А.И хүлээн авч хянаад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1.../ШЗ2020/01... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1../ШШ2022/03... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

            Нэг. “... Хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй” тухайд,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг ...хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ, ...тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан.

Шүүхээс “М...” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2020 оны 02 дугаар 05-ны өдөр үүсгээд, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон байгаагаас үзэхэд шүүгч хуулиар тогтоосон 90 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.

Харин товлосон шүүх хуралдаанууд нь зохигч талуудын хүсэлтээр тодруулбал, эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, захирамжийн биелэлт хангуулах, өмгөөлөгчийн хурал давхацсан, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд гэрч оролцуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас  татгалзан гаргах, хамтран хариуцагчаар иргэн ...татан оролцуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах зэргээс шалтгаалан тус тус хойшилж байжээ.

Мөн, “Т...” ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “М...” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад дээрх иргэний хэрэгт “М... корпорац” ХХК, Г.Ч, В.О нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан байх бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах шалтгаан болсон хэдий ч энэ нь шүүгч, шүүхийн үйл ажиллагаанаас хамаараагүй байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шүүгч тухай бүрд шийдвэрлэж байсан нь сахилгын хэрэгт авагдсан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 1../ШЗ2020/07... дугаартай захирамж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 1../ШЗ2020/12... дугаартай захирамж,  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 1../ШЗ2021/07... дугаартай захирамж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 1../ШЗ2022/01... дугаартай захирамжуудаар тус тус тогтоогдож байх ба хүсэлтийг хангаж эсхүл хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй. Гэхдээ тус арга хэмжээг авах эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд, шүүгч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргадаг.

Иймд, “...нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг цаг хугацаанд шийдвэрлээгүй” гэсэн өргөдөл нь үндэслэлгүй байх бөгөөд шүүгч хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж байсан нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил болохгүй.

Хоёр. “...шүүхийн шийдвэрийг гаргахдаа хуульд заасан хугацааг санаатайгаар сунгасан” тухайд,

“Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.И даргалсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, 1../ШШ2022/03... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд хариуцагч тал тус тус гардан авсан.

Харин “Иргэн-2014” нэгдсэн системд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэрийг бүрэн хадгалсан төлөвтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119  дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг ...бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, шүүх хуралдаанд оролцсон тал дээрх хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.

             Шүүгч А.И нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бичгээр үйлдэн албажуулснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч нарт гардуулах, хүргүүлэх ажиллагааг хийх байсан хэдий ч 40 хоногийн дараа шүүхийн шийдвэрийг системд баталгаажуулжээ.

            Дээрх хугацааг тодруулахад, шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр үйлдэж, шүүгчийн туслахдаа хэвлүүлэхээр үүрэг даалгавар өгсөн, харин шүүгчийн туслах ажлын ачааллаас шалтгаалан тухайн цаг хугацаанд хэвлэж, албажуулаагүй нь сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлэг болон шүүхийн албан хэрэгцээнд ашигладаг программд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон байна.

Хэрэв шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан шүүгчид хориглох заалтыг зөрчсөнд тооцогдох бөгөөд шүүхийн шийдвэрийг 40 хоногийн дараа цахим санд байршуулж, хэргийн оролцогч нар 46 хоногийн дараа шийдвэрээ гардаж авсан нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, шүүгч А.И-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.И-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар  магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                            Б.СУГАР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН