info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-09

Дугаар 40

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, сахилгын хэргийн оролцогч Х.Б (цахимаар), өргөдөл гаргагч өмгөөлөгч Д.Г (ажиглагчаар), нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Х.Б-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “... Өмгөөлөгч Д.Г нь ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Х.Б-д холбогдуулан гаргасан өргөдөл мэдээллийн үндэслэлээ “ 2022 оны 03 дугаар сарын 17-нд товлогдсон шүүх хуралдаанд  хяналтын прокурор Д.Ш, ерөнхий шүүгч Х.Б, шүүгч Б.Э нараас татгалзсан, гэтэл шүүх бүрэлдэхүүн Д.Ш-ыг татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж хүсэлтийг хүлээн аваагүй, харин шүүгчдийн зарим хэсгээс татгалзсаныг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх үндэслэлээр хойшилж одоо хариу гараагүй, ...миний үйлчлүүлэгчийн ах Д.Г нь дүүгийнхээ хэрэг төвгийг гайгүй шийдүүлэхийн төлөө сүүлийн 2 жил илжиг болтлоо Х.Б-д зарагдаж өвс, хадланг нь бэлдэж, идэш хоол, түлээ түлшийг нь даалаа гэж хэлж байсан, мөн  шүүгч Д.Э-өө хэргийг мөрдөнд буцаахгүй шууд шүүх уруу буцаа гэсэн чинь тэр буцаасан байна, харин дүүг чинь цагдан хорь гэсэн чинь хорьчихож, хэд хоног суухад зүгээр гэж хэлсэн, өмгөөлөгчөөрөө гомдол бүү гаргуул, амыг нь барь гэж хэлсэн тухай ярьж байсан, шүүгч Х.Б Засаг даргын санаанд нийцүүлж хэргийг шийдвэрлэх гэсэн” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулан, 106.8-д зааснаар нотлох баримтыг үнэлж үзэхэд шүүгч Х.Б хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. Тодруулбал,

1.“2022 оны 03 дугаар сарын 17-нд товлогдсон шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Ш, ерөнхий шүүгч Х.Б, шүүгч Б.Э нараас татгалзсан, гэтэл шүүх бүрэлдэхүүн Д.Ш-ыг татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй, харин шүүгчдийн зарим хэсгээс татгалзсаныг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх үндэслэлээр хойшилж одоо хариу гараагүй” гэх гомдлын тухайд:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ын улсын яллагч Д.Ш-ыг  татгалзан гаргах тухай хүсэлтийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, ерөнхий шүүгч Х.Б, шүүгч Д.Э нараас татгалзсан татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор татгалзлыг хүлээн авч, улмаар тус өдрийн ... дугаар албан бичгээр хэргийн харьяалал тогтоолгохоор ... аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д “Прокурорыг татгалзан гаргахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 10.1, 10.3 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна”, 3-т  “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн асуудлыг хянан шийдвэрлэж байгаа шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн улсын яллагчаас татгалзсан татгалзлыг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх бүрэн эрхэд хамаарна. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан ба 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр ерөнхий шүүгч Х.Б, шүүгч Д.Э нараас татгалзсан татгалзлыг хүлээн авч, тус өдрөө хэргийн харьяалал тогтоолгохоор ... аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хуульд нийцсэн ажиллагаа байх тул “шүүх бүрэлдэхүүн Д.Ш-ыг татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй, харин шүүгчдийн зарим хэсгээс татгалзсаныг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх үндэслэлээр хойшилж одоо хариу гараагүй” гэх гомдол үндэслэлгүй.

2. “...Миний үйлчлүүлэгчийн ах Д.Г нь дүүгийнхээ хэрэг төвгийг гайгүй шийдүүлэхийн төлөө сүүлийн 2 жил илжиг болтлоо Х.Б-д зарагдаж өвс, хадланг нь бэлдэж, идэш хоол, түлээ түлшийг нь даалаа гэж хэлсэн” гэх гомдлын тухайд:

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад дээрх гомдолтой холбогдуулан өмгөөлөгч Д.Г-ын үйлчлүүлэгч Д.Г, түүний эхнэр Н.О, ах Д.Г, Д.Г-ийн хүү Г.Б, эгч Д.Б, Д.Б-ын хүү Б.Д, шүүгч Б.Х-ийн тайлбарт дурдсан А.Д, Т.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Г-ийн “...энэ өмгөөлөгч ор үндэсгүй юм яриад байгааг ойлгохгүй байна. Би Х.Б шүүгчид ямар ч идэш хоол бэлдэж өгөөгүй, өвс тэжээл, түлээ нүүрс бэлдэж өгсөн асуудал огт байхгүй” гэх, гэрч Б.Д-ын “...энэ талаар мэдэх зүйл байхгүй, Г ах надад хэлсэн зүйл байхгүй, ийм зүйлийг огт сонсоогүй, ...би огт тэжээл бэлдэж өгөөгүй, би хадланд гараагүй” гэх,  гэрч Г.Б-ын “...би өөрөө малтай, ааваас өвс авсан болохоос биш Х.Б шүүгчид өвс хадлан бэлдэж өгөөгүй” гэх,  гэрч Н.О-ийн “...тэр үед өмгөөлөгч хуулийн талаар их зүйл ярьсан. Манайд өмгөөлөгч, Б, Д бид 4 байсан нь үнэн. Б өөрөө тэгж хэлээгүй гэж байгаа бол би л андуурч гэж бодож байна” гэх, гэрч Д.Б-ын “...ноднингоос байхаа дүүг буцаагаад хорьсноос эхлээд хэрэгт нь Х нөлөөлсөн, засаг дарга Л нөлөөлсөн, идэш хоол өгсөн, архи дарс цуг уусан гэсэн баахан яриа гаргаад өмгөөлөгч маань самраад эхэлсэн..., ...би өвс тэжээл, идэш хоол Х.Б-д өгч байгааг хараагүй” гэх, гэрч Д.Г-ийн “... 2020 оны 12 дугаар сард даалтанд гараад 2021 оны 8 дугаар сард буцаж хоригдсон. Даалтад байхдаа би ямар ч өвс хадлан, идэш хоол бэлдэж өгөөгүй” гэх, гэрч Т.Х-ийн “...Манай байгууллага жилдээ нэг ажилтанд 5 тонн нүүрс хямдралтай үнээр өгдөг юм. Энэ нүүрсээ Х.Б-тэй хувааж хэрэглэдэг. Гэхдээ найз нөхөд учраас өөр өөрсдийн авсан нүүрсний үнээ төлөөд авдаг юмаа. Нэлээн олон жил авч байгаа, бид хоёр хоёулаа гэр хороололд амьдардаг учраас нүүрс авдаг” гэх, гэрч А.Д-ийн “...2020 онд 300 боодол, 2021 онд 200 боодол өвч бэлдэж өгсөн. ... өөрөө ажилтай болохоор надад шатахуун тосыг маань бэлдэж өгөөд би өвсийг нь бэлдэж өгдөг” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Д.Г-ийн ах дүү нараас шүүгч Х.Б-д өвс тэжээл, идэш хоол, түлээ түлш бэлдэж өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 220200... дүгээр тогтоолоор “... аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий этгээдэд буюу эрүүгийн 2032000000... дугаартай хэргийн оролцогчид давуу байдал бий болгох, хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн найз тус аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлсөн. Мөн хэргийг хянан хэлэлцэж байгаа албан тушаалтан нь өөрийн хувийн хэрэгцээнд хэргийн оролцогчийн төрсөн ахаас 2020 оноос хойш малын өвс бэлдүүлж авсан, өвлийн идэш авсан гэх мэт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нийтийн албан тушаалтнууд бусдаас хахууль авсан байж болзошгүй үндэслэл тогтоогдож байна” гэх үндэслэлээр өмгөөлөгч Д.Г-ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” ... дугаар тогтоолоор “...Ерөнхий шүүгч Х.Б хэдийгээр тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлсэн хэргийн яллагдагч Д.Г-ийн ах Д.Г-ийг нэг нутгийнх гэх утгаар таних боловч түүний дүү буюу яллагдагч Д.Г-д холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэхээр амлаж, эсхүл бусад идэвхтэй үйлдэл эс үйлдэхүй хийсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

 Иймд шүүгч Х.Б-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.8-д “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах” гэх зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

3.“...Х.Б нь  шүүгч Д.Э-өө хэргийг мөрдөнд буцаахгүй шууд шүүх уруу буцаа гэсэн чинь тэр буцаасан байна, харин дүүг чинь цагдан хорь гэсэн чинь хорьчихож, хэд хоног суухад зүгээр гэж хэлсэн, өмгөөлөгчөөрөө гомдол бүү гаргуул, амыг нь барь гэж хэлсэн талаар ярьж байсангэх гомдлын тухайд:

... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ... аймгийн ... сум дахь сум дундын шүүх 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу системээс шүүгч Б.Э-д хуваарилж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Б.А, шүүгч Ж.Э нар томилогдсон.

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дүгээр захирамжаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газраас дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүх хүлээн авч, шүүгч Б.Э-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр захирамжаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр дахин прокурорт буцаахдаа яллагдагч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан,  энэ захирамжийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Г-ын гаргасан гомдлыг тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Б хүлээн авч хянаад 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минутаас эхлэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 00 минутаас эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, энэ захирамжид яллагдагчийн өмгөөлөгч Д.Г-ын гаргасан гомдлыг хянаад тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Б 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдлыг хангахгүй орхисон, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 40 минутаас эхлэн өөрчилж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 40 минутаас эхлэн цагдан хорьсон үйл баримтууд тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна”: 1.5 “цагдан хорих”, 14.9 дүгээр зүйлийн 1-д “Шүүх дараах үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”: 1.3 “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 14.10 дугаар зүйлийн 1-д “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна”, 2-т “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй”, 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Иймд яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хугацаа сунгасан, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтүүдийг шийдвэрлэсэн шүүхийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй.

Түүнчлэн, шүүгч Б.Э-ийн “...Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэг 2021 оны 02 сарын 11-нд ирсэн. Үүнээс хойш яллагдагчийн өмгөөлөгч Д.Г-ын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Миний ойлгосноор сүүлд 2021 оны 08 сарын 27-нд буцаасан захирамжтай холбоотой өмгөөлөгч Д.Г гомдсон болов уу гэж бодсон. Учир нь Д.Г-г тэр өдрийн хуралдаанаас цагдан хорьсон юм. ...Ямар нэгэн байдлаар ерөнхий шүүгчийн зүгээс нөлөөлсөн зүйл огт байхгүй...” гэх гэрчийн мэдүүлгээс үзвэл  ерөнхий шүүгч Х.Б нь  шүүгч Б.Э-д “хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шүүхэд шилжүүл” гэх агуулгаар нөлөөлсөн, заавар өгсөн нь нотлогдохгүй байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

Харин сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн

Гэрч Н.О-ийн: - “Х.Б шүүгч “өмгөөлөгчийнхөө амыг барь, гомдол битгий гаргуул” гэж Д.Г-д хэлсэн талаар та Д.Б-аас сонссон гэж өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Гэтэл Б яриагүй гэж байна, энэ ямар учиртай вэ” гэхэд

- “Би энэ талаар хадам ээж болон Б 2-оос л сонссон санагдаад байхын. Өмгөөлөгч гомдол гаргана гэсэн яриа анх гарахад Г ах Б, бид хоёрт уурлаад, наад ажилгүй хүүхнүүдээ болиулаач, илүү дутуу юм битгий яриад бай гэсэн агуулгатай юм хэлсэн гэдгийг сонссон, тэгээд өмгөөлөгчид би хэлсэн юм” гэх

Гэрч Д.Б-ын: - “Х.Б шүүгч “өмгөөлөгчийнхөө амыг барь, гомдол битгий гаргуул” гэж Д.Г-д хэлсэн талаар та нарт Д.Г хэлсэн үү” гэхэд

- “Би энэ талаар ахаасаа сонсоогүй, дүү Д.Г-ээс сонссон, цагдан хорионы хуралд орохоор дүү шүүх дээр ирсэн байхдаа надад Х, Ш нар хэлж байна, наад өмгөөлөгчөө солиоч ээ гэхээр нь би солихгүй гэж хэллээ гэсэн” гэх,

Гэрч Д.Г-ийн: - “2021 оны 08 дугаар сарын 27-нд цагдан хоригдохоос чинь өмнө таны ах чамд “Х-тэй уулзаад ер нь бол хоригдох юм байна шүү, юм аа зохицуулаарай” гэж хэлсэн үү” гэхэд

- “Хэлсэн, ер нь хоригдох юм шиг байна шүү гэж хэлж байсан” гэх,

Гэрч Д.Г-ийн: - “... шүүгч танд “өмгөөлөгчийнхөө амыг дараарай, элдэв гомдол гаргуулж болохгүй шүү” гэж хэлсэн үү” гэхэд

- “... шүүгч надад хэлээгүй. Харин би өөрөө ээжид наад өмгөөлөгч болон Б, О нарын амыг хамхиад хурдан хурлыг нь хийлгээч ээ, мөрдөнд удаан суухаар уушгигүй болдог гэж байна гээд хэлчихсэн юмаа. Тэгж хэлснийг эд нар нэмээд тийм зүйл ярьсан юм шиг билээ. ... бол надад ёстой тэгж хэлээгүй шүү” гэх,

      

- “...Би дүүдээ санаа зовоод ... шүүгчээс асуухад нутгийн танилын хувиар дүүг чинь хорих юм шиг байна гэж хэлсэн нь үнэн. Би дүүдээ энэ талаар хэлээд өр зээлээ янзлаарай, хорих байх гэж хэлснийг дүү маань өмгөөлөгчид хэлээд ийм асуудал болсон юм билээ” гэх мэдүүлгүүдээс үзэхэд “өмгөөлөгчийнхөө амыг дараарай, элдэв гомдол гаргуулж болохгүй шүү” гэж  Х.Б шүүгч хэлсэн гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа ч шүүгч Х.Б нь шүүгдэгч Д.Г-ийн ах Д.Г-д “дүү чинь хоригдох байх” гэж хэлсэн нь нотлогдож байна.

 

Гэвч  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд дээр дурдсан шүүгчийн үйлдэл хуулиар нэрлэн заасан зөрчилд хамаарахгүй байх тул сахилгын зөрчил гаргасанд тооцох боломжгүй болно.

4. “Шүүгч Х.Б  Засаг даргын санаанд нийцүүлж хэргийг шийдвэрлэх гэсэн” гэх гомдлын тухайд:

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” ... дугаар тогтоолд дурдсанаар гэрч Н.Л нь “...шүүгчийг танина. Ер нь бол манай 10 жилийн сургуулийн нөгөө ангийн залуу байгаа юм. ... бид хоёр 1984-1994 оны хооронд ... аймгийн ... сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийг төгссөн бөгөөд, нэг ангийн хүүхдүүд гэдгээрээ л бие биеэ мэднэ, тэрнээс биш тийм дотно найз нөхөд биш... 2032000000... дугаартай хэргийн хохирогч буюу нас барсан Н-ын Б гэх залуу нь манай ээжийн төрсөн дүү Н-ийн хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл талийгаач Н.Б бид хоёр эгч дүү хоёроос гарсан үеэлүүд байгаа юм... холбогдогчийн төрсөн эгч Б гэх эмэгтэй нь манай Б сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн байсан юм... Энэ хэргийн хохирогч, холбогдогч хоёр залуу чинь нэг айлын эгч, дүү хоёр эмэгтэйтэй гэр бүл болсон базууд байсан юм... Ер нь бол гэр бүлийн хүрээнд энэ хэрэг шүүх дээр байгаа, хурал нь болох гэж байгаа энэ тэр гэх зэрэг зүйл яригдаж л байсан. Миний хувьд энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар шүүгч Х.Б-тэй уулзсан, холбогдсон зүйл огт байхгүй...” гэж мэдүүлэг өгсөн байх ба “... аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий этгээдэд буюу эрүүгийн 2032000000... дугаартай хэргийн оролцогчид давуу байдал бий болгох, хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн найз тус аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлсөн” гэх гомдлыг Авлигатай тэмцэх газраас шалгаад Н.Л-ийн гэм буруутай нь тогтоогдоогүй тул өргөдөлд дурдсан “засаг даргын санаанд нийцүүлж хэргийг шийдвэрлэх гэсэн” гэх сэжиг таамаглалд үндэслэн шүүгч Х.Б-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Х.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.

Холбогдох шүүгч Х.Б тайлбартаа: “Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд ... аймаг ... сумын 3 дугаар баг, ...ийн 1-24 тоотод байрлах иргэн Н.Л-ийн гэрт иргэн Н.Б-той маргалдаж түүнийг цохиж зодон алах гэмт хэрэгт холбогдож 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хорьсон байна. ... аймаг ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 51А дугаар захирамжаар Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх хууль зүйн үндэслэлтэй, мөн яллагдагч Д.Г нь эрүүл мэндийн хувьд цөсний чулуутай, нойр булчирхай нь өвдөж өвчин намдаах эм хэрэглэж байгаа зэргийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүгчийн захирамжийг өөрчлүүлэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагаас эхлэн өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэхийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж шийдвэрлэсэн байна. ... аймаг ... сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ... аймаг ... сум дахь сум дундын шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлснийг шүүхэд хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах тухай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу системээс шүүгч Б.Э даргалахаар хуваарилж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Б.А, шүүгч Ж.Э нарыг томилсон байна. ... аймаг ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай захирамжаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

... аймаг ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-аас дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүх рүү шилжүүлснийг шүүх хүлээн авч шүүгчид хэрэг хуваарилах журмын   шүүгч Б.А, шүүгч Ж.Э нарыг томилсон байна. ... аймаг ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамжаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа яллагдагч Д.Г-д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамжаар яллагдагч Д.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг яллагдагчийн өмгөөлөгч Д.Г эс зөвшөөрч тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Б надад гомдол гаргасныг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар шүүгчийн захирамжийн цагдан хорьсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Яллагдагч Д.Г-ийн цагдан хорих хугацааг сунгах саналыг прокуророос ирүүлснийг шүүх өмгөөлөгч Д.Г-ын гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийн хамт хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай захирамжаар яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэжээ.  ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Д.Г эс зөвшөөрч гомдол гаргасан тул ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Х.Б би 2021 оны 12 дугаар зарын 13-ны өдрийн ... дугаартай захирамжаар яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. ... аймаг ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-аас дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүх рүү шилжүүлснийг шүүх хүлээн авч шүүгчид хэрэг хуваарилах журмын дагуу системээс шүүгч Б.Э даргалахаар хуваарилж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Б.А, шүүгч Ж.Э нарыг томилсон байна. 

Яллагдагч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд хэргийг ирүүлсэн бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч Д.Г-аас Д.Г-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай захирамжаар Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч Б.А-ийг хохирогч талаас оролцуулахгүй, мөн шүүгч Б.А өөрөө шүүх бүрэлдэхүүнд оролцохоос татгалзсан тул шүүгчид хэрэг хуваарилах журмыг баталсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Х.Б-г системээс томилсон байна. ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Х.Б би шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Г нь ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Х.Б нь 2021 оны 07 дугаар сараас хойш илт хууль бус үйлдэл хийж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дураараа аашлах нь хэрээс хэтэрсэн тул улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн миний гомдлын үндэслэлийг маш сайн мэдсээр байж улсын яллагч Д.Ш-ыг татгалзсан үндэслэл тогтоогдсонгүй гэж миний хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгчдийн зарим хэсгээс татгалзсаныг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх үндэслэлээр хурал хойшилсон боловч одоо болтол хариу гараагүй гэжээ.

Ерөнхий шүүгч Х.Б би Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт илт хууль бус үйлдэл хийсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дураараа аашилж хэрээс хэтэрсэн ямар ч үйлдэл гаргаагүй. Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай захирамжаар яллагдагч Д.Г-д цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авсныг яллагдагчийн өмгөөлөгч Д.Г эс зөвшөөрч тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Б надад гомдол гаргасныг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар шүүгчийн захирамжийн цагдан хорьсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд заасны дагуу ерөнхий шүүгчийн бүрэн эрхийнхээ дагуу гомдлыг шийдвэрлэсэн болохоос албан тушаалаа урвуулан ашигласан илт хууль бус үйлдэл биш билээ. ...Ерөнхий шүүгч Х.Б миний шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ....дугаартай захирамжид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй үндэслэлтэй гэж дүгнэсэн нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөрчлөгдөөгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болохоос дураараа ашилж хэрээс хэтэрсэн үйлдэл биш юм.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ын шүүх бүрэлдэхүүний олонхыг татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч багтсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлт гаргасан тэр өдөрт нь буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэр дор нь шүүгчдийн зөвлөгөөн хуралдаж шүүгчдийн зөвлөгөөнөөс шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Э, шүүх бүрэлдэхүүний оролцогч ерөнхий шүүгч Х.Б нарыг татгалзан гаргах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан тул 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай албан бичгээр Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон гэж адил шатны буюу өөр сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоолгохоор ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Б-д хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахдаа одоо болтол хариу гараагүй гэж бичсэн нь бас үндэслэлгүй болж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Ямар ч гомдол хүсэлт гаргасан  орон нутгийн шүүх хүлээн авдаггүй хууль бус үйлдэл газар авч миний үйлчлүүлэгч илүү хүнд хилс ял шийтгэл авах, өмгөөлөгч би өмгөөллийн үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл учрах хэмжээнд болоод байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Д.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус шүүхээс шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээс шүүгч Б.Э 2 удаа хэргийг прокурорт буцаасан байдаг.

...Шүүгдэгч Д.Г-ийн төрсөн ах Д.Г нь надаас арваад насаар ах хүн тул Д.Г-той багын найз гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй, бага насны хүүхэд байхдаа Д.Г-ийг таньдаггүй байсан, арваад насны зөрүүтэй учир багаасаа тоглож өсөх насны хувьд бол ямар ч боломжгүй. Харин арван жилийн сургуулиа төгсөх ахлах ангид буюу аравдугаар ангид байх үеэс нэг нутгийн хүн гэдгээр нь таньж мэддэг болсон болохоос бид хоёрын хооронд дотно ямар ч харилцаа холбоо байхгүй. Дүүгээ хэрэгт орсноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд Д.Г-оор хадлан өвс, түлээ түлш бэлтгүүлэх, идэш хоолоо даалгасан асуудал ердөө ч байхгүй. Би сүүлийн 5 жилийн хугацаанд өөрийн найз болох А.Д-тэй хамтарч өөрийн хадлан өвсөө бэлтгэж байгаа. ...Өвс хадлангаа хэрхэн бэлтгэж байсныг нотлох А.Д-ийн тодорхойлолтыг 62 дугаар хуудсанд хавсаргасан байгаа.

....Шүүгч Б.Э-өөс Д.Г-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт хоёр удаа буцаасан байдаг. Энэ нь хэргийг мөрдөнд буцаахгүй гэж шүүгч Б.Э-д хэлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шүүгч Б.Э өөрийн дотоод итгэл болон хуульд заасны дагуу хэргийг прокурорт буцааж байсан нь шүүгчийн захирамжуудаас тодорхой харагдаж байна. ...Ерөнхий шүүгчийн хувьд хуульд зааснаар шүүгчийн шийдвэрлэж байгаа тодорхой хэрэг маргааны талаар ингэ тэг гэж зөвлөх зааварчилга өгөх ямар ч шаардлагагүй бөгөөд Д.Г-д холбогдох хэргийн хувьд бол шүүгч Б.Э-д тэг гэж зааж зөвлөж удирдсан зүйл огт байхгүй. Энэ талаар шүүгч Б.Э-ийн тодорхойлолтыг нотлох баримт болгож хавсаргав. ...Б.Э шүүгчийн цагдан хорих талан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г эс зөвшөөрч гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу ерөнхий шүүгчийн хувьд хоёр удаа шийдвэрлэж байсан болохоос өөр зүйл байхгүй.

Мөн шүүгдэгч Д.Г-ийн ах Д.Г-д би өмгөөлөгчөөрөө гомдол бүү гаргуул амыг нь барь гэж нэг ч удаа хэлж байгаагүй. ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд л шүүгдэгчийн гэм буруугийн асуудал яригдана. Тэрнээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн өөрийнх нь итгэл үнэмшлийн хүрээнд гэм буруугийн асуудал яригдахгүй.

...Харин ч шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг байж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болж хөнгөрч байхад ... аймаг ... сумын засаг дарга Н.Л нь хохирогч Н.Б-той /талийгаач/ эгч дүүсийн хүүхдүүд үеэл гэдэг утгаараа хэрэг шалгах ажиллагаанд шууд нөлөөлж багын дотно найз ерөнхий шүүгч Х.Б нь засаг даргын санаанд нийцүүлж хэргийг шийдвэрлэх гэсэн хууль бус үйлдлээс миний гомдол гаргах үндэслэл бий болсон гэсэн огт үндэслэлгүй зүйл бичжээ.

...Яагаад гэвэл 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүний олонхоос татгалзсан учир шүүгчдийн зөвлөгөөн тэр дор нь тэр өдөртөө хуралдаж асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тэрний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Д.Г-ийн төрсөн ах Д.Г-ийг дүүгийнхээ шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байхад нь дуудан оруулж ирээд өөрийн шүүгчийн туслах Б.А-г байлцуулан Д.Г-д шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-аас гаргасан шүүгчийг татгалзан гаргах асуудалд дурдагдсан хадлан өвс түлээ түлш, идэш хоол бэлтгэж өгсөн гэж бичсэн гомдлыг тэр чигт нь уншиж танилцуулахад Д.Г нь энэ өмгөөлөгч намайг ингэж хэлж ярьсан гэж гүтгэж байна, би ердөө ингэж хэлж ярьж байгаагүй, энэ өмгөөлөгчтэй нүүрэлдмээр байна гэж хэлж ярьсныг нь шүүгчийн туслахаараа тэмдэглэл болгон бичүүлж Д.Г-ийн хэлсэн ярьсныг өөрт нь уншуулж гарын үсэг зуруулж авсан баримт байгааг нотлох баримт болгож 56 дугаар хуудсанд хавсаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г нь миний үйлчлүүлэгчийн төрсөн ах Д.Г надад ингэж ярьсан гэж бичээд байгаа болохоор Д.Г нь өмгөөлөгч Д.Г-д ярьсан эсэх, өмгөөлөгчийн яриад байгаа нь үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор Д.Г-ийг гэрчээр асуухад бүх зүйл тодорхой болно гэж үзэж байна. Шүүгчийг татгалзан гаргах гомдол дээр болохоор өвс хадлан, түлээ түлш, идэш хоолыг нь бэлдэж өгсөн гэж бичээд Авлигатай тэмцэх газарт гаргаад Шүүхийн сахилгын хороонд шилжсэн гомдол дээр болохоор өвс хадлан, түлээ түлш, идэш хоолыг нь даалаа гэж өөр өөр бичээд байгааг нь ойлгохгүй юм. Өвс хадлан, түлээ түлш, идэш хоол даасан гэхээр энэ хүнээс авлига авсан болоод, өвс хадлан, түлээ түлш, идэш хоол бэлдэж өгсөн гэхээр туслуулсан болоод байгаа ойлголт учир ямар учраас ингэж худал зүйл бичиж гүтгээд байгааг нь мэдэхгүй байна. Нэгэнт энэ хүн ингэж бичсэн учраас би хадлан өвсөө хэрхэн яаж бэлтгэдэг, түлээ түлшээ хэрхэн яаж худалдаж авдаг, идэш хоолоо өөрийн малаас хэрхэн яаж бэлтгэж төхөөрдөг асуудлаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичиж хүргүүллээ.

Миний хувьд Д.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүгчид хэрэг хуваарилах журмыг баталсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцож эхэлсэн. Өмнө нь тус шүүхийн ерөнхий шүүгчийн хувьд шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс яагаад шүүх бүрэлдэхүүнд оролцох болсон гэвэл шүүх бүрэлдэхүүнд оролцох байсан шүүгч Б.А нь өмнө нь ерөнхий шүүгч байхдаа шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ын гаргасан хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэсэн зүйл анги өөрчлөгдөөгүй байхад зүйл анги өөрчлөгдөх магадлалтай гэж урьдчилан тааварлаж хүн амины хэрэгтэй хүнийг сулласан буюу шүүгдэгч Д.Г-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэж хохирогчийн талаас хуучнаар Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлснээс болж шүүгч Б.А нь шүүх бүрэлдэхүүнд оролцохоос татгалзсан учир шүүгчид хэрэг хуваарилах журмыг баталсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцох болсон билээ.

Шүүх бүрэлдэхүүнд миний бие оролцох болсноос хойш шүүгдэгч Д.Г-ийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г-ын гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөс хангасан тул дахин энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдоогүй. ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/41... дугаартай албан бичгээр, өмгөөлөгч Д.Г-аас гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэн ирүүлжээ.

Илтгэгч гишүүн, “...миний үйлчлүүлэгчийн ах Д.Г нь өөрийн төрсөн эх, бэр дүү С.О, дүү н.Б нарын хажууд надтай ирж уулзахдаа “ерөнхий шүүгч Х.Б-тэй багын найз, дүүгийнхээ хэрэг төвгийг гайгүй шийдүүлэхийн төлөө сүүлийн 2 жил илжиг болтлоо Х.Б-д зарагдаж өвс, хадланг нь бэлдэж, идэш хоол, түлээ түлшийг нь даалаа” гэж, мөн ерөнхий шүүгч Х.Б шүүгч Д.Э-өө хэргийг мөрдөнд буцаахгүй шууд шүүх уруу буцаа гэсэн чинь тэр буцаасан байна. Харин дүүг чинь цагдан хорь гэсэн чинь хорьчихож, хэд хоног суухад зүгээр гэж хэлсэн, өмгөөлөгчөөрөө гомдол бүү гаргуул, амыг нь барь гэж хэлсэн” гэх өргөдлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д сахилгын хэрэг үүсгэн байна.

Шалгах ажиллагааны явцад Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11... дугаар захирамжаар ...шүүгч Х.Б-д холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 220200... дүгээр тогтоолоор нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 220200... дугаартай хэргийг хааж шийдвэрлэснээр Сахилгын хорооны гишүүн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГЗБ/2023/01... дугаартай захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, улмаар шүүгч Х.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.

Өргөдөлд дурдсан “2022 оны 03 дугаар сарын 17-нд товлогдсон шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Ш, ерөнхий шүүгч Х.Б, шүүгч Б.Э нараас татгалзсан, гэтэл шүүх бүрэлдэхүүн Д.Ш-ыг татгалзах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн аваагүй, харин шүүгчдийн зарим хэсгээс татгалзсаныг нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх үндэслэлээр хойшилж одоо хариу гараагүй” гэх тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн ... аймаг ... сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан улсын яллагчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, харин шүүгч Х.Б, Б.Э нарыг Д.Г-д холбогдох 2032000000... дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор хангаж, тус тус шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүний олонхоос татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон тул адил шатны буюу өөр сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоолгох 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай албан бичгийг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн зэрэг баримтууд нь сахилгын хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд шүүх хуульд нийцүүлэн хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул дээрх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

 “...Миний үйлчлүүлэгчийн ах Д.Г нь дүүгийнхээ хэрэг төвгийг гайгүй шийдүүлэхийн төлөө сүүлийн 2 жил илжиг болтлоо Х.Б-д зарагдаж өвс, хадланг нь бэлдэж, идэш хоол, түлээ түлшийг нь даалаа гэж хэлсэн”, “Шүүгч Х.Б Засаг даргын санаанд нийцүүлж хэргийг шийдвэрлэх гэсэн” гэх тухайд:

Өмгөөлөгч Д.Г нь “А аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хамаарал бүхий этгээдэд буюу эрүүгийн 2032000000... дугаартай хэргийн оролцогчид давуу байдал бий болгох, хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн найз тус аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлсөн, мөн өөрийн хувийн хэрэгцээнд хэргийн оролцогчийн төрсөн ахаас 2020 оноос хойш малын өвс бэлдүүлж авсан, өвлийн идэш авсан байж болзошгүй” гэх агуулга бүхий гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргажээ.

Авлигатай тэмцэх газраас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргасныг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 220200... дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаартай прокурорын тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Сахилгын хорооны гишүүн шалгах ажиллагааны хүрээнд өмгөөлөгч Д.Г-ын үйлчлүүлэгч Д.Г, түүний эхнэр Н.О, ах Д.Г болон хүү Г.Б, эгч Д.Б, Д.Б-ын хүү Б.Д, шүүгч Х.Б-ийн тайлбарт дурдсан А.Д, Т.Х нараас тус тус гэрчийн мэдүүлэг авахад өмгөөлөгч Д.Г-ын өргөдөлд дурдсан “...Миний үйлчлүүлэгчийн ах Д.Г нь дүүгийнхээ хэрэг төвгийг гайгүй шийдүүлэхийн төлөө сүүлийн 2 жил илжиг болтлоо Б.Х-д зарагдаж өвс, хадланг нь бэлдэж, идэш хоол, түлээ түлшийг нь даалаа гэж хэлсэн” зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна.

Дээрхээс үзэхэд шүүгч Х.Б нь эрх бүхий албан тушаалтны нөлөөнд автаж, хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан аливаа этгээдээс тусламж, хөнгөлөлт авсан гэх үйлдэл цугларсан нотлох баримтууд түүнчлэн холбогдох шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна.

Харин шүүгч Х.Б нь шүүгч Д.Э-д нөлөөлсөн, ...дүүг чинь цагдан хорь гэсэн чинь хорьчихож, хэд хоног суухад зүгээр гэж хэлсэн, өмгөөлөгчөөрөө гомдол бүү гаргуул, амыг нь барь гэж хэлсэн... гэх өргөдлийг өмгөөлөгч Д.Г-ын үйлчлүүлэгч Д.Г болон түүний ах Д.Г нараас тодруулахад Д.Г: “...Манай ах ер нь хоригдох юм шиг байна шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Д.Г: “...- “... шүүгч надад өмгөөлөгчийнхөө амыг дараарай, элдэв гомдол гаргуулж болохгүй шүү гэж хэлээгүй. Харин би өөрөө ээжид наад өмгөөлөгч болон Б, О нарын амыг хамхиад хурдан хурлыг нь хийлгээч ээ, мөрдөнд удаан суухаар уушгигүй болдог гэж байна гээд хэлчихсэн юмаа. Тэгж хэлснийг эд нар нэмээд тийм зүйл ярьсан юм шиг билээ. ... бол надад ёстой тэгж хэлээгүй шүү”, “...Би дүүдээ санаа зовоод ... шүүгчээс асуухад нутгийн танилын хувиар дүүг чинь хорих юм шиг байна гэж хэлсэн нь үнэн. Би дүүдээ энэ талаар хэлээд өр зээлээ янзлаарай, хорих байх гэж хэлснийг дүү маань өмгөөлөгчид хэлээд ийм асуудал болсон юм билээ”  гэх мэдүүлгийг тус тус өгчээ.

Дээрх яриа нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны үед буюу яллагдагч Д.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон цаг хугацаанаас өмнө болсон гэж үзэхээр байна.

Энэ цаг үед шүүгч Б.Х нь Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй байсан нь сахилгын хэрэг авагдсан ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай” захирамжаар тогтоогдож байх ба шүүгч нь албан үүргийнхээ хувьд бус хууль мэддэг хувь хүнийхээ хувьд дээрх үгийг хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3, 50.1.4, 50.1.19-д заасан шүүгчид хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй байх тул энэ нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.  

Түүнчлэн, шүүхээс яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хугацаа сунгасан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтүүдийг шийдвэрлэсэн зэрэг нь шүүгчийн хуульд заасан бүрэн эрхэд хамаарах, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал байх бөгөөд шүүгч Х.Б нь шүүгч Б.Э-ийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймээс илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, шүүгч Х.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Х.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар  магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                            Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                Ц.ДАВХАРБАЯР

Б.СУГАР