info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-29

Дугаар 46

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч М.А, Б.А, З.Б, Т.Ө, Б.Х, С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Шүүгч М.А, Б.А, З.Б, Т.Ө, Б.Х, С.С нарт холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд “...өргөдөлд дурдагдсан ... дүүргийн ... дугаар хороо, “Э..-1” хотхоны ... дугаар байрны ... орон сууц нь өмгөөлөгч Б.Б-ын орон сууц гэж үзэхгүй, тухайн өдөр уг байранд өмгөөлөгч Б.Б байсан нь нотлогдоогүй ба шүүгч Б.Х, Б.А нар хоёр эрэгтэй шүүгчтэй хоносон гэх үйл баримт нь тогтоогдоогүй. Шүүгч С.С, М.А, Т.Ө, Б.Х нар нь шүүгч Б.А-ийн .... УАВ улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслээр, шүүгч З.Б өөрийн тээврийн хэрэгслээр дээрх орон сууцанд 2020.12.08-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад очжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Бэлэн байдлын зэрэг бууруулах тухай 194 дүгээр тогтоолоор Корона вируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1-т зааснаар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг дээрх тогтоолын хавсралтаар баталгаажуулж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан үүнд шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа багтсан байна.  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Гэхдээ төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад багтсан албан хаагчид ямар журмаар ажиллах, явах маршрутын талаар /гэр-ажил-гэр гэх мэт/ нарийвчлан тогтоож, заагаагүй байна. Сахилгын хэргийн оролцогчдын хувьд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад багтсан байгууллагад хамаарахын хувьд тусгай код бүхий тээврийн хэрэгслээр зорчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ба нэр бүхий шүүгч нар дурдсан байранд цуглаж уулзсан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэх байдал тогтоогдсонгүй.

Холбогдох шүүгч нар нь эрүүгийн хэргийн шат шатны шүүхийн шүүгчид боловч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэг асуудал ярьсан нь  нотлогдоогүй тул шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл гаргасан гэж үзэхэд хангалттай бус байна. Түүнчлэн шүүгч М.А, Б.А, Т.Ө, Б.Х, С.С нар  архидан согтуурсан гэх байдал тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай.

Харин шүүгч З.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 04,  2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тайлбартаа  өөрийн найзын сул байсан тус байранд нэр бүхий шүүгч нартай очиж, архи уусан гэж хэлсэн.  Тэрээр шүүгч нарыг нэг дор цуглах боломжийг бүрдүүлж, орон байраар хангасан нь шүүгч нарыг зохисгүй байдал гаргасан гэж олон нийт буруутгах нөхцөл байдалд хүргэжээ. Иймд Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж шүүгч З.Б-т нотлох дүгнэлт үйлдэв...” гэжээ.

Шүүгч С.С тайлбартаа: “...тухайн өдөр өмгөөлөгч Б.Б гэгчтэй огт уулзаагүй бөгөөд өргөдөлд гүтгэж доромжилсон байсан тул уг асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан. ... нэр бүхий шүүгч нартай ажил тарсны дараа хамт хоол идсэн бөгөөд хамт ажилладаг, мэргэжил нэгтнүүдийн хувьд ахуй амьдралаа ярилцаж байгаад 21.30 цагт гэртээ харьсан бөгөөд шүүгчийн ёс зүйг зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй...” гэжээ. 

Шүүгч Т.Ө тайлбартаа: “... 2020 оны 12 дугаар сарын 8-нд Б-той уулзаагүй, түүнтэй архи ууж хамт байсан асуудал байхгүй бөгөөд эрэгтэй шүүгч эмэгтэй шүүгчтэй гэр бүлээсээ гадуур харилцаа тогтоосон асуудлаар мэдэх зүйлгүй болно...” гэжээ.

Шүүгч М.А тайлбартаа: "...тухайн орой зөвхөн нэр дурдсан шүүгч нарын хүрээнд буюу мэргэжил нэгтнүүдийн дунд байдаг жирийн уулзалт болсон. Улмаар цаг орой болсон тул 22 цаг өнгөрөөгөөд харьцгаасан бөгөөд тодорхой хэргийн талаар хэлэлцэж, ярилцсан зүйлгүй, гэр бүлээс гадуур харьцааны асуудал огт болоогүйг хариуцлагатайгаар уламжилж байна. Түүнчлэн, тухайн өдөр буюу 2020.12.08-ны орой бид өмгөөлөгч Б.Б-той огт уулзаагүй, биднийг дуудаагүй, тэрээр энэ уулзалтыг зохион байгуулаагүй болно...” гэжээ.

Шүүгч Б.А тайлбартаа: “... Б.Б гэдэг өмгөөлөгчийг танихгүй тул 2020 оны 12-р сарын 8-ны өдөр уулзаж байгаагүй, түүний зохион байгуулсан гэх ямар нэгэн уулзалт, шоу, архидалтад оролцоогүй, тийм арга хэмжээнд хамрагдаж байгаагүй. Б.Х шүүгчийн хамт хоёр эрэгтэй шүүгчтэй хоносон гэх асуудал огт байхгүй. Дээрх мэдээ, мэдээлэл гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл байсан тул эрх бүхий байгууллагад хандсан. Миний хувьд ёс зүйн дүрэмд хориглосон садар самуун, гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гэх зүйл огт байхгүй,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

Шүүгч Б.Х тайлбартаа: “...Б.Б гэдэг өмгөөлөгчтэй огт уулзаж байгаагүй, түүний зохион байгуулсан гэх ямар нэгэн уулзалт, шоу, цэнгээнд оролцож байгаагүй. Б.Х, Б.А нар нь хоёр эрэгтэй шүүгчтэй хоносон гэх мэдээлэл ор үндэсгүй худал. Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ямар нэгэн зөрчил гаргаагүй болно...” гэжээ.

Шүүгч З.Б тайлбартаа: “...тухайн орой өргөдөлд дурдсан нэр бүхий шүүгч нарын хүрээнд мэргэжил нэгтнүүдийн дунд байдаг жирийн уулзалт болсон бөгөөд орой 23 цагийн орчим тарцгаасан. Тодорхой хэргийн талаар ярилцсан болон гэр бүлээс гадуурх харилцаанд орсон зүйл огт байхгүй болно. Мөн өдөр өмгөөлөгч Б.Б огт байгаагүй бөгөөд тэрээр бид нарыг дуудаагүй, энэ уулзалтыг зохион байгуулаагүй болно. Шүүгч нар уг байрнаас явахад би гарцаараа үлдээд найзыгаа ирээд ав гээд дуудсан байсан. Энэ үед манайх нялх хүүхэдтэй байсан. Найзыгаа хүлээж байхдаа хөргөгч онгойлгоход тал шил архи байсан. Ковидын үе байсан, гаднаас гэртээ орох гэж байгаа тул архинаас балгасан. Түүнээс архидан согтуурсан  асуудал байгаагүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

  1. Үйл баримтын талаар.

          1.1.Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг   бууруулж, хэсэгчилсэн  байдалд  шилжүүлсэн  үед буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдөр  ...шүүхийн шүүгч /тухайн үед/ С.С, М.А, Т.Ө, Б.А, ...шүүхийн шүүгч Б.Х, ...З.Б нар ...дүүргийн ...дугаар хороо, “Э..-1” хотхоны ...дугаар байрны ..дугаар орцны ..давхрын ...тоот байранд цугларч уулзсан  нь тогтоосон журмыг зөрчсөн, өмгөөлөгч Б.Б дээрх  шүүгчдийг  архидуулах, зугаацуулах ажлыг зохион байгуулж, ял  наймаалцсан, шүүгч Б.А, Б.Х нар хоёр эрэгтэй шүүгчтэй хоносон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

          1.2. “Д” ТББ болон  “Н” ТББ  нь нэр бүхий шүүгч нарыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгуулахаар өргөдөл гаргасныг Шүүхийн ёс зүйн хорооны 2021.06.02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд ..дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн,  шүүгчид энэхүү тогтоолыг эс зөвшөөрч нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргасан байна.

          2. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

          2.1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн ёс зүйн хороонд хянагдаж байсан гомдол, маргааныг шинээр байгуулагдах Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэхээр заасан.

Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд  Шүүхийн ёс зүйн хороонд хянагдаж байсан дээрх сахилгын хэрэг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр илтгэгч гишүүнд хуваарилагдаж, шалгах ажиллагаа явагджээ. 

 Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй байх зарчимд нийцсэн бөгөөд шинээр дагаж мөрдөж буй хуульд заасны дагуу  хийгдсэн ажиллагаа  байна.  Иймд хэргийн оролцогч нарын “...сахилгын хэрэг үүсгэсэн ёс зүйн хорооны тогтоолд гаргасан гомдлыг тухайн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцээгүй...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, сахилгын хороо нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу явуулах тул ёс зүйн хорооны тогтоолд гаргасан гомдлыг ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

2.2.Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд ...дугаар магадлалаар холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулжээ.

Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан гомдлыг хянан хэлэлцээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ..дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаахдаа “...шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, өргөдөлд дурдсан үйл баримтыг шалгаж тогтоогоогүй...” гэсэн үндэслэл дурджээ.

2.3. Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд ..дугаар магадлалаар сахилгын хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан тодруулбал, хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарлан өгсөн, мөн сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулжээ. Холбогдох шүүгч нар шалгах ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

2.4. Илтгэгч гишүүн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүгч З.Б-т холбогдуулан нотлох дүгнэлт, харин шүүгч С.С, М.А, Б.А, Т.Ө, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж,  хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасантай нийцсэн ба сахилгын хорооны хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг хуульд заасан журмаар албажуулжээ.

2.5. Сахилгын хорооны хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нар хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн,  хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй болно.

3.Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай  хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан. Иймд холбогдох шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр шийдвэрлэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т  “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тодорхойлжээ.

3.2. Харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх ба хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэжээ. Холбогдох шүүгч нарт 2021.06.02-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байна. Иймд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх шүүгч С.С, М.А, Т.Ө,  Б.А нарын  тайлбар үндэслэлгүй.

4. Шүүгч С.С, М.А, Б.А, Т.Ө, Б.Х  нарын талаар:

4.1. Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолд “...шүүгч Б.А, Б.Х нар нь нэр бүхий эрэгтэй шүүгчидтэй хамт хоносон гэдэг нь тогтоогдоогүй, харин хатуу хөл хорионы дэглэм тогтоосон өдөр хамт байсан нь тогтоогдсон” гэжээ.

Шүүгч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төдийгүй хувийн амьдралдаа тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримталж  биеэ зөв авч явах учиртай  боловч  энэ нь  нийгмээс өөрийгөө тусгаарлах үндэслэл болохгүй юм.  Өөрөөр хэлбэл,  шүүгч нар  цуглаж  уулзсан нь  цар тахлын үед мөрдөж байсан болон ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.        

4.2.Өргөдөлд дурдсан ...дүүргийн ..дугаар хороо, “Э...-1” хотхоны ...дугаар байрны ..дугаар орцны ..давхрын ...тоот орон сууц нь иргэн О.Г, Г.Б, Б.Н нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд тухайн өдөр уг байранд шүүгч нартай хамт өмгөөлөгч Б.Б байсан, тэрээр архидалтыг зохион байгуулсан,  ял наймаалцсан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй  байна. 

Шүүгчдийн цуглаж уулзсан цаг хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилчид тусгай код бүхий тээврийн хэрэгслээр зорчиж байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул түүнийг дахин нотлох шаардлагагүй. 

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020.11.24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг баталжээ. Шүүхийн байгууллага нь хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллагад жагсаалтад хамаарч байсан тул шүүгч нар ажил үүргээ гүйцэтгэхдээ тусгай код бүхий тээврийн хэрэгслийг ашиглаж байсан болно. Гэхдээ тээврийн хэрэгсэлд олгож байсан зөвшөөрөлд чиглэл, маршрутыг нарийвчлан заагаагүй бөгөөд нэр бүхий шүүгч нарын “...гэр ойролцоо, мөн  гадаа хүйтэн байсан тул хамтдаа шүүгч Б.А-ийн машинд суусан”  гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй. Иймд “...Гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэхгүй...” гэсэн  илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

4.3.Мөн  мэдээлэлд дурдсан байранд шүүгч нар нийлж архидан согтуурсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч С.С, М.А, Б.А, Т.Ө, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авах нь зүйтэй.  

5. Шүүгч З.Б-ын талаар:

5.1.Нотлох дүгнэлтэд “...өөрийн найзын сул байсан байранд нэр бүхий шүүгч нартай хамт очсон нь ...шүүгч нарыг нэг дор цуглах боломжийг бүрдүүлж, орон байраар хангасан нь шүүгч нарыг зохисгүй байдал гаргасан гэж олон нийт буруутгах нөхцөл байдалд хүргэсэн, мөн өөрөө архи уусан нь Монгол Улсын шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэжээ. Ийнхүү дүгнэхдээ холбогдох шүүгчийн тайлбар, мэдүүлэг болон архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон Нийслэлийн Засаг даргын 2020.11.12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийг дурджээ.

5.2. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “зохисгүй байдал” гэдгийг Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9-т заасан “хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тодорхойлжээ. 

Шалгах ажиллагааны явцад шүүгч З.Б 2022.01.04-ний өдөр “...найз Б гадаад явахдаа байрны түлхүүрээ надад орхиод харж хандаж байгаарай гэсэн, тэр өдөр өөрийнхөө машинаар ганцаараа очсон, бид ойр зуур юм яриад хоол унд идээд ганц юм уусан...”, 2022.09.22-ны өдөр “...ганцаараа үлдээд найзыгаа ирээд авчих гээд дуудсан, хүлээж байх хооронд хөргөгч онгойлгоход тал шил архи байхаар балгасан...” гэсэн, сахилгын хорооны хуралдаанд “тэр үед нялх хүүхэдтэй байсан, коронагоос хамгаалах зорилгоор хөргөгчид байсан архинаас балгасан, түүнээс уугаад байсан юмгүй...” гэсэн тайлбар тус тус гаргажээ.

Сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-т гэж заасан.

Шүүгч З.Б нэр бүхий шүүгч нарыг нэг дор цуглах боломжийг бүрдүүлж, орон байраар хангасан, архи уусан гэх үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Тэрээр бусад шүүгч  нарыг явсны  дараа, найзыгаа хүлээж байхдаа хөргөгчид байсан тал архинаас балгасан гэдгээ зөвшөөрч байгаа боловч энэхүү үйлдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээг зөрчсөн, шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан үйлдэлд хамааруулан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай байна. 

Иймд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч С.С, ...шүүхийн шүүгч М.А, Б.А, Т.Ө, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. ...шүүхийн шүүгч З.Б-т холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                            Ц.ДАВХАРБАЯР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН