info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-13

Дугаар 52

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар ажлын албаны ажилтан Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2023/0038 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

   Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Иргэн Б.Н нь “З Э” СӨХ-д холбогдуулан “Ажилд эгүүлэх тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Э 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2022/05572 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “ ... З Э” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай ... ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Дээрх иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, .../ШШ2022/02755 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../МА2023/00034 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх магадлалыг нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Э нар эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байна. 1. Дээрх иргэний хэргийг давж заалдах журмаар хянаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .../МА2023/00034 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “ ... ... Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан Б.Н-ын өргөдөл” /с.х 23 тал/, “нэхэмжлэгч Б.Н-аас “З Э” СӨХ-ны удирдах зөвлөлийн нийт гишүүдэд гаргасан өргөдөл”, /сх-ийн 24-27 тал/, “2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Лифт хүлээн авсан акт” /сх-ийн 29 тал/, “Г.Нд “З Э” СӨХ-ны холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөр гаргасан тодорхойлолт” /сх-ийн 28 тал/ гэх баримтуудыг дурдсан байна. Хавтаст хэргээс эдгээр баримтыг нэг бүрчлэн үзлэг хийж шалгахад бүгд нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байсан болно. Харин нэхэмжлэгч Б.Н-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн 129 хуудас баримтуудаас “... фэйсбүүкийн ... гэх хаягаас “Залилангийн аргаар СӨХ-ны дарга болсныг хаана мэдэгдэх вэ? Хариу” гэх нийтлэлийг харуулан скрийн шот хийсэн гэрэл зураг, /сх-ийн 11 тал/ фэйсбүүкээс гэх хаягуудыг харуулан скрийн шот хийсэн гэрэл зураг, /с.х. 12-13 тал/, цэвэрлэгээ хийж буй хүний фотозураг 1, /сх-ийн 14 тал/, барилгын үүд хэсгийг харуулсан гэрэл зураг 1, /сх-ийн 15 тал/ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №1 тоот ... Оргил худалдааны төвд байрлах Төрийн банкны салбар тооцооны төвд гаргасан хүсэлт, /сх-ийн 16 тал/, Нийслэлийн ... Засаг даргын тамгын газрын 2019.07.10-ны өдрийн 09/1488 тоот албан тоот, /сх-ийн 17 тал/, нэхэмжлэгч “З Э” СӨХ-Төрийн банкны данс 107400255853 гэх зарлагын баримт /сх-ийн 18 тал/ гэсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулан авсан ба гэхдээ эдгээр баримтыг давж заалдах шатны шүүх магадлалд дурдаж, үндэслэл болгоогүй байна. Мөн хавтаст хэрэг дэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хуудсанд /доод хэсэгт/ тусгайлан дурдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан “... нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудад үндэслэж магадлалыг гаргасан ...” гэх өргөдөл үндэслэлгүй. 2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн ... 0:08:07 дахь хэсэгт даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн асууж тодруулах зүйл байна уу гэхэд 0:08:11-0:08:17 дахь хэсэгт илтгэгч шүүгчээс: Нэхэмжлэгчээс асууя. Ажлаас халсан тушаал гэх баримт бичгийг хамгийн анх та хэзээ харсан бэ гэхэд 0:08:19-0:08:43 дахь хэсэгт нэхэмжлэгчээс: Ажлаас халсан тушаалыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол өгсөн. Тэгхэд 04 дүгээр сарын 06 байна уу 07-ны өдөр байна уу хариуцагч Г.Н гэдэг хүн ажлаас чөлөөлөх тушаалыг шүүхэд гаргаж өгсөн байсан. Үүнийг хараад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэв. 0:08:45-0:08:56 дахь хэсэгт илтгэгч шүүгчээс: Талуудын хэн алинаас нь асууя. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэх акт гэх баримтыг та нар үйлдсэн үү. Тийм зүйл болсон уу. Нэхэмжлэгч эхэлж хариулаад, дараа нь хариуцагч хариулна уу гэхэд 0:09:06-0:09:11 дэх хэсэгт нэхэмжлэгчээс: 10 дугаар сарын 01-ний өдрийн хүлээлцэх акт гэж байхгүй. /нэхэмжлэгчээс: 10 дугаар сарын 06-ны өдөр яасан бэ гэхээр гэж нэхэмжлэгчийг хэлтэл ... Илтгэгч шүүгч нэхэмжлэгчийн тайлбарыг зогсоов/ 0:09:12 дахь хэсэгт илтгэгч шүүгчээс: Тэр асуудал биш. Хариуцагчаас хариул гэв. 0:09:13-0.09:15 дахь хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч А.С: Хүлээлцэх акт гэж байгаа гэв. 0:09:16-0:09:18 дахь хэсэгт илтгэгч шүүгчээс: Он сар нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийнх. 10 дугаар сарын 06-ны өдрийнх биш шүү гэхэд 0:09:19-0:09:21 дахь хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч А.С: Зөв. Хүлээлцэх акт гэж байгаа. 0:09:22-0:09:24 дэх хэсэгт илтгэгч гишүүн: Юу хүлээлцсэн юм бэ гэхэд 0:09:25-0:09:34 дэх хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч А.С: Лифтний тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлцээд СӨХ-ны байрны гадаа хүлээлцсэн. Түүндээ тамга тэмдэг бүх зүйлээ хүлээлгэж өгсөн. Үүгээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа өөрөө мэдэж байсан гэв. 0:09:35-0:09:40 дэх хэсэгт даргалагчаас: Өөр асуулт байна уу гэхэд байхгүй гэснээр шийдвэр гаргахаар зөвлөлдөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулсанаар бичлэг дуусаж байна. Дээрхээс үзэхэд шүүх хурадааны дуу-дүрсний бичлэгийн 0:08:45-0:08:56 дахь хэсэгт илтгэгч шүүгчээс “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэх акт...”-ын талаарх үйл баримтын тухай асуухад 0:09:06-0:09:11 дэх хэсэгт нэхэмжлэгчээс “... 10 дугаар сарын 01-ний өдрийн хүлээлцэх акт гэж байхгүй ...” гэчихээд 10 дугаар сарын 06-ны өдрийн буюу илтгэгч шүүгчийн асууснаас өөр үйл баримтын талаар тайлбарлах гэснийг илтгэгч шүүгчээс зогсоосон байна. Энэ нь асуусан асуултдаа хариулт авах гэсэн агуулга илэрхийлснээс бус илтгэгч шүүгч хөтөлж буюу тулгаж асуусан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул иргэн Б.Н-ын “...илтгэгч шүүгч Э.Э нь өөрийн дотоод итгэл үнэмшлээ ил гаргаж, хариуцагчийн талд хэргийг шийдвэрлэхэд хөтөлсөн асуулт асуусан ... Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хуурамч болохыг нотолсон баримтад үл итгэсэн байдалтай “ажлаас халсан тушаалыг анх хэзээ харсан бэ? гэж асуусан, ... илтгэгч шүүгч Э.Э-ийн шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдлээс улбаатай ба тухайн шүүх хурал болохоос өмнө нь хэргийг аль хэдийн хариуцагчийн талд шийдсэн байсан учраас дээрх асуултыг асуусан гэж үзэж байна...” гэх өргөдөл үндэслэлгүй. 3. Иргэн Б.Н-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хэлсэн зарим үг бүтэн агуулгаар тусгагдаагүй гэж “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай” хүсэлт гаргажээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/00064 дүгээр захирамжаар “... шүүх хуралдааны бичлэгтэй танилцаж үзэхэд Б.Н-ын хүсэлтэд дурдсан хариулт яригдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, шүүгчийн асуултад хүсэлтэд дурдсан байдлаар хариулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хангахгүй орхив...” гэж дүгнэн шийдвэрлэжээ. Мөн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд, нэхэмжлэгчийн хэлсэн үгийг хассан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “...Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч миний хэлсэн үгний гол хэсгийг оруулалгүй хассан...” гэх өргөдөл үндэслэлгүй. 4. “ ... магадлалын хянавал хэсгийн 6.3-т “2019 оны 10 дугаар сарын 06” гэж огноог засварлаж тусгаж оруулсан...” гэж өргөдөлд дурджээ. Тус шүүх хуралдааны тэмдэглэлд “...Мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний хүлээлцэх акт үйлдсэн үү гэж асуусанд, нэхэмжлэгч тал “хүлээлцэх акт үйлдээгүй гэж”, харин хариуцагч тал “тийм, СӨХ-ийн байрны гадна лифтний тамга тэмдэг гэрчилгээг хүлээлцсэн ...” гэж тэмдэглэгдсэн байна. Магадлалын хянавал хэсгийн 6.3-т “Лифтний гэрчилгээ хүлээн авсан тухай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн актаар...” гэж тусгагдсан байна. Хавтаст хэрэгт лифтний гэрчилгээ хүлээн авсан акт гэх 2019 оны 10 дугаар сарын 6 гэсэн огноотой баримт /сх-ийн 29/ байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж тус тус заасныг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.” гэжээ.

Шүүгч Э.Э тайлбартаа: “...Тус гомдолд хариуцагчийн талд шийдвэрлэхэд хөтөлсөн асуулт асуусан ... нэхэмжлэгчийн хэлсэн үгийн гол хэсгийг тэмдэглэлд оруулаагүй ... хэргийг аль хэдийн хариуцагчийн талд шийдсэн байсан гэх агуулгыг дурджээ. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “З Э” СӨХ-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны тэмдэглэлд завсар оруулах хүсэлт гаргасныг үндэслэн хүсэлтийн агуулгыг шүүх хуралдааны бичлэгтэй харьцуулан үзээд тэмдэглэлд засвар оруулах үндэслэлгүй талаар хариу өгсөн байна. Иргэн Б.Н-ын гомдолдоо дурдсан “хариуцагчийн талд шийдвэрлэхэд хөтөлсөн асуулт асуусан ... нэхэмжлэгчийн хэлсэн үгийн гол хэсгийг тэмдэглэлд оруулаагүй” гэх агуулгатай гэж ойлгохоор бөгөөд миний бие дурдсан зөрчлийг гаргаагүй болно. Шүүх хуралдаанд хэргийг хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэх, мөн хөтөлсөн агуулга бүхий асуултыг илтгэгч шүүгч асуусан, нэхэмжлэгчийн хэлсэн үгийн гол хэсгийг тэмдэглэлд оруулаагүй орхигдуулсан эсэхийг тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харах боломжтой. Мөн шүүх “хэргийг аль хэдийн хариуцагчийн талд шийдсэн байсан” гэх гомдлын талаар тухайлсан тайлбаргүй буюу шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдолд үндэслэн талуудын гомдол, тайлбарыг сонсож, хуулийн хүрээнд гомдлыг хянаад магадлал гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хардах эрхээ хэрэгжүүлснийг нь үгүйсгэх, нөгөөтээгүүр “хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргаагүй байсан” гэх мэтээр тайлбарлах нь илүүц биз ээ. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдөл гаргагч Б.Н-аас “...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн, шүүх хуралдаанд хөтөлж асуусан, шүүх хуралдааны тэмдэглэлд хэлсэн үгийг оруулаагүй, магадлалын хянавал хэсэгт огноо засварлаж бичсэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Н-ын нэхэмжлэлтэй, “З Э” сууц өмчлөгчийн холбоонд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2022/02755 дугаар шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ыг “З Э” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, 1,012,044 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,987,956 төгрөгийг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Ц, Э.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, .../МА2023/00034 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх магадлалыг нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Э нар эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Нэг. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .../МА2023/00034 дугаар магадлалын хянавал хэсгээс үзвэл “ ...... Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан Б.Н-ын өргөдөл, нэхэмжлэгч Б.Н-аас “З Э” СӨХ-ны удирдах зөвлөлийн нийт гишүүдэд гаргасан өргөдөл, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Лифт хүлээн авсан акт, Г.Н-д “З Э” СӨХ-ны холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөр гаргасан тодорхойлолт” гэх баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн байна. Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийхэд магадлалд дурдан үнэлж шийдвэрлэсэн дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан болох нь тогтоогдсон байна.

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх ба өргөдөлд дурдсанчлан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудад үндэслэж магадлал гаргасан гэх байдал тогтоогдсонгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Хоёр. Шүүх хуралдаанд хөтөлж асуусан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Шалгах ажиллагааны явцад цугласан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд  үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд,

Бичлэгийн ...0:08:07-0:08:10 минутад Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн асууж тодруулах зүйл байна уу гэхэд, 0:08:11-0:08:17 минутад Илтгэгч шүүгчээс: Нэхэмжлэгчээс асууя. Ажлаас халсан тушаал гэх баримт бичгийг хамгийн анх та хэзээ харсан бэ гэхэд, 0:08:19-0:08:43 минутад Нэхэмжлэгчээс: Ажлаас халсан тушаалыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол өгсөн. Тэгэхэд 4 дүгээр сарын 06 байна уу 07-ны өдөр байна уу хариуцагч Г.Н гэдэг хүн ажлаас чөлөөлөх тушаалыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг хараад 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэв, 0:08:45-0:08:56 минутад Илтгэгч шүүгчээс: Талуудын хэн алинаас нь асууя. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэх акт гэх баримтыг та нар үйлдсэн үү. Тийм зүйл болсон уу. Нэхэмжлэгч эхэлж хариулаад, дараа нь хариуцагч хариулна уу гэхэд, 0:09:06-0:09:11 минутад нэхэмжлэгчээс: 10 дугаар сарын 01-ний өдрийн хүлээлцэх акт гэж байхгүй. /нэхэмжлэгчээс: 10 дугаар сарын 06-ны өдөр яасан бэ гэхээр гэж нэхэмжлэгчийг хэлтэл ... Илтгэгч шүүгч нэхэмжлэгчийн тайлбарыг зогсоов/ 0:09:12 минутад Илтгэгч шүүгчээс: Тэр асуудал биш. Хариуцагчаас хариул гэв, 0:09:13-0.09:15 минутад Хариуцагчийн өмгөөлөгч А.С: Хүлээлцэх акт гэж байгаа гэв, 0:09:16-0:09:18 минутад Илтгэгч шүүгчээс: Он сар нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийнх, 10 дугаар сарын 06-ны өдрийнх биш шүү гэхэд, 0:09:19-0:09:21 минутад хариуцагчийн өмгөөлөгч А.С: Зөв. Хүлээлцэх акт гэж байгаа гэв, 0:09:22-0:09:24 минутад Илтгэгч гишүүн: Юу хүлээлцсэн юм бэ гэхэд, 0:09:25-0:09:34 минутад Хариуцагчийн өмгөөлөгч А.С: Лифтний тамга, тэмдэг, гэрчилгээг хүлээлцээд СӨХ-ны байрны гадаа хүлээлцсэн. Түүндээ тамга тэмдэг бүх зүйлээ хүлээлгэж өгсөн. Үүгээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа өөрөө мэдэж байсан гэв, 0:09:35-0:09:40 минутад Даргалагчаас: Өөр асуулт байна уу гэхэд байхгүй гэснээр шийдвэр гаргахаар зөвлөлдөхөөр шүүх хуралдаан завсарлажээ.

Дээрхээс үзвэл, шүүгч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос хөтөлж асуусан гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж, илтгэгч шүүгч хэрэгт хамаарал бүхий үйл баримтыг тодруулахаар хэргийн оролцогчоос асуусан байна.

Гурав. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч талын хэлсэн үгийг оруулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад түүнд үзлэг хийсэн тэмдэглэлийг мөн өдрийн .../ТМ2023/0046 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд хэлсэн үг тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй гэх байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлд бичигдсэнээс зөрөхгүй байна.

Түүнчлэн, Б.Н-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хэлсэн зарим үг бүтэн агуулгаар тусгагдаагүй гэж “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай” хүсэлт гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/00064 дүгээр шүүгчийн захирамжаар “... шүүх хуралдааны бичлэгтэй танилцаж үзэхэд Б.Н-ын хүсэлтэд дурдсан хариулт яригдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, шүүгчийн асуултад хүсэлтэд дурдсан байдлаар хариулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хангахгүй орхив...” гэж дүгнэн шийдвэрлэжээ.

Дөрөв.  “ ... Магадлалын хянавал хэсгийн 6.3-т “2019 оны 10 дугаар сарын 06” гэж огноог засварлаж тусгаж оруулсан...” гэж өргөдөлд дурджээ.

Тус шүүхийн .../МА2023/00034 дугаар магадлалын хянавал хэсгийн 6.3-т “Лифтний гэрчилгээ хүлээн авсан тухай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн актаар ...” гэж бичигджээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийж, ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан авсан байна. Тухайн иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан байсан лифтний гэрчилгээ хүлээн авсан акт гэх 2019 оны 10 дугаар сарын 6 гэсэн огноотой баримт сахилгын хэргийн 29 дүгээр талд авагдсан байна. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан тус баримтыг үнэлж магадлалдаа тусгасныг буруутгах боломжгүй бөгөөд магадлалд “2019 оны 10 дугаар сарын 06” гэж огноог засварлаж бичсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Шүүгч Э.Э нь хуульд заасан журмын дагуу хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд илтгэж, шүүх бүрэлдэхүүнд оролцон магадлал гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2023/0038 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Б.Н-ын өргөдлийн дагуу ...  шүүхийн шүүгч Э.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

 ГИШҮҮД                                                        Д.АРИУНТУЯА

Д.ЭРДЭНЭЧУЛУУН