info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-30

Дугаар 76

Улаанбаатар хот

    Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.М, О.Номуулин, нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн даргаар Б.Анхзаяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар өмгөөлөгч О.А-ын өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Ч.О-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0064 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“...Өргөдөл гаргагчаас “...шүүгч Ч.О 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөлгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.Э-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 310/6 дугаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/293 дугаар албан бичгээр ... шүүхэд шилжүүлсэн байна.

... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЕШЗ/хх дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ч.О-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Тус шүүхийн шүүгч Ч.О-ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ххх дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлосон байна.

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хохирогч Э.М өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасны дагуу хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулж, 2023/ШЗ/ххх дугаар шүүгчийн захирамж гаргажээ.

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцогч нарын ирц, хүсэлт шийдвэрлэх шатанд улсын яллагч Б.Б, хохирогч Э.М, түүний өмгөөлөгч Ш.М, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Х.С, гэрч Ш.Т, иргэний нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч О.А, Г.П, шүүгдэгч Т.Э нар оролцсон байх ба шүүгдэгч Т.Э-аас төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах, улсын яллагчаас шүүгдэгчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулах, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А-аас шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг тус тус гаргасан болох нь 2023/ШЗ/ххх дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхтэй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6-д “төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” талаар хуульчилсан.

Дээрх зохицуулалтын хүрээнд, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/ххх дугаар шүүгчийн захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно, 1.1-т “шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй”, 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, харин шүүгдэгчийг өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох нь үндэслэлгүй гэж үзэж хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1-д зааснаар ажлын цаг дууссан, төлөөлөн мэтгэлцэж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай, өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан, энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан; бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол тодорхой хугацаагаар завсарлуулж болохоор, зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлыг мөн хуулийн 35.27 дугаар зүйлийн 1-т “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ.” гэж, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана.”, 5 дахь хэсэгт Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ, 5.1-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, 5.2-т тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, 5.3-т шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, 5.4-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хуралдааныг завсарлуулах үндэслэлд өргөдөлд дурдсан хүсэлт шийдвэрлэх тохиолдол хамаарахгүй байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс өмнөх үе шатанд буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлээгүй байхад оролцогчоос гаргасан санал, хүсэлтийг шүүх хангах эсэх талаар захирамж, тогтоол гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх тухай хуульчлаагүй байна.

Иймд шүүгч Ч.О нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцээгүй, шүүх хуралдааныг завсарлуулаагүй гэх үйл баримт нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, илт тодорхой заалт гэдэг нь хуульд тусгагдсан байх ба өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй байхыг ойлгох юм.

Түүнчлэн, өргөдөлд дурдсан үйл баримтаас хойш дээрх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/ххх дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Т.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч -Т.-Эыг 3 жил, 6 сар хорих ялаар шийтгэж, ...шүүгдэгч Т.Э-аас нийт 577,600,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 375,000,000 төгрөг, хохирогч Д.С-д 182,600,000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.У-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж...” шийдвэрлэжээ.

Шүүгч Ч.О нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.

...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.О тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ямар дэс дараалал, журмаар явуулахыг нарийвчлан зохицуулсан. Мөн хуулийн 35 дугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан ба үүнд шүүх хуралдааныг нээхээс эхлэн тогтоол гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл ажиллагааг зохицуулсан. Мөн хуулийн 35.27 дугаар зүйлд “...шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана” гэсэн хуулийн зохицуулалт нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар оролцогч нарын мэтгэлцсэн мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцэж дуусган шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол гаргахдаа баримтлах хуулийн зохицуулалт байна. Тус хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5-д “шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ” гэж заасан ба хэлэлцэх асуудлыг нарийвчлан зохицуулсан. Гомдол гаргагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д заасан шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана гэсэн заалтыг шүүх аливаа шийдвэр бүрийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх ёстой гэж тайлбарлан гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүгчээс шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргахаас бусад асуудлаар гаргах шийдвэр буюу захирамж, тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шийдвэрлэх талаар тусгайлан заасан зохицуулалт огт байхгүй болно. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.2-т “Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах, шинжилгээ хийлгэх тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэсэн тусгайлан зохицуулалт байсан ба шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зохицуулалтыг хууль тогтоогчоос оруулаагүй байна. Гомдол гаргагчаас гаргасан гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлүүлэх эрхээр хангуулах тухай хүсэлт гаргасан ба шүүх Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүрэгтэй. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч авахгүй гэж хэлж байсан үндэслэлээр түүнд торгох болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах үндэслэл гаргасан. Шүүгч хэргийг дангаар шийдвэрлэж байсан ба улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул энэ талаарх хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрээ шууд гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байгаа үндэслэлээр тайлбар гаргалаа...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0064 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэлэлцэв.

Өргөдөл гаргагч О.А-аас шүүгч Ч.О-т холбогдуулан “...шүүгч Ч.О нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөлгүйгээр шийдвэр гаргасан үйлдэл нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт үзлэг хийн, сахилгын хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авсан, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн, мөн шүүгч Ч.О нь тайлбараа ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

...шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/ххх дугаартай захирамжаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад товлосон” байна.

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан “шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан”, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан “шүүгдэгч өмгөөлөгчөө сольж, улсын өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргасан, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан “шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт гаргасан, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан “шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзах” тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч дээрх үндэслэлүүдээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байна.

...шүүх 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 2023/ШЦТ/ххх дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Т.Э-ыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Т.Э-ыг 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбогдогч шүүгчийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг шүүх хуралдааныг завсарлуулаагүй буюу зөвлөлдөх тасалгаанд зөвлөлдөлгүй шууд шийдсэн үйлдэл нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэжээ.

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э-аас “...Улсын өмгөөлөгч томилж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү...”, улсын яллагч Б.Б-ээс “...шүүгдэгч нь шүүх хуралдаанд санаатай саад учруулж байх тул Зөрчлийн тухай хуульд зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох санал гаргасан...”, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А-аас “...шүүгдэгч нь шүүх хуралдаанд санаатайгаар саад учруулж байх тул шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан. Мөн зүйлийн 14-т “...хууль зүйн туслалцаа авах, ...эрхтэй...” гэж зааснаар түүнийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, харин өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасантай нь холбогдуулан түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэж түүнд торгуулийн арга хэмжээ авхуулах прокурорын санал болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана...”, мөн зүйлийн 5-д “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлыг зохицуулсан ба 5.1-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх”, 5.2-т “тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх”, 5.3-т “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх”, 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” эсэх асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүн шийтгэх, цагаатгах тогтоол гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно. Мөн зүйлийн 1-д “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба шүүх хуралдаан даргалагч энэ тухай зарлан мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл шүүх шийтгэх, цагаатгах тогтоол гаргах буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах, хохирол болон иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэж, шийтгэх, цагаатгах тогтоолын аль нэгийг гаргахаар зөвлөлдөх тасалгаанд зөвлөхөөр хуульчилсан байна.

Иймд илтгэгч гишүүний шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээс өмнөх үе шатанд буюу шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлээгүй байхад оролцогчоос гаргасан санал, хүсэлтийг шууд хангах эсэх талаар захирамж, тогтоол гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх тухай хуульчлаагүй тул шүүгч Ч.О нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд, ...шүүхийн шүүгч Ч.О-т холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул   сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГС/2023/0064 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ч.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                          Д.МЯГМАРЦЭРЭН

О.НОМУУЛИН