info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2023-05-16

Дугаар 8

Улаанбаатар хот

Магадлалд өөрчлөлт оруулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, сахилгын хэргийн оролцогч Г.Ариунаа нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгчийн гомдлоор, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаад холбогдох сахилгын хэргийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХМ/2023/0049 дүгээр магадлалаар: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20,  57 дугаар зүйлийн 57.1.2, 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Бяангол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаад “нээлттэй сануулах”, “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгч Г.Ариунаа сахилгын хороонд гаргасан гомдолдоо: “...Нэг. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцсан” гэж заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаар: Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”-ыг хориглосон заалт гэдгийг шүүгч миний бие сайн ойлгож, аливаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд мөрдөж ажилладаг. “Н з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О к” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, 102/ШШ2022/00525 дугаартай шийдвэр гаргаснаар дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч “Н з” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О к” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч надад шүүхийн хэрэг хуваарилах цахим системээр хуваарилагдан ирж, “Иргэний хэрэг үүсгэх” эсэхийг шийдвэрлэх цаг үеэс эхлэн тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00525 дугаартай шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, шүүх хуралдааныг хааснаар тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч миний хувьд хэргийн оролцогчдын эрх зүйн байдал дуусгавар болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн шатны шүүхэд хянан шийдвэрлэж байгаа хэргийн ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдал гэдэг нь цаг хугацааны хувьд хязгааргүй үргэлжлэх үйл явц уу? эсвэл тодорхой хугацаанд эхэлж, өөр тодорхой цаг хугацаанд дуусгавар болох учиртай хууль зүйн ойлголт уу? гэдэгт хууль зүйн дүгнэлт хийнэ үү? гэж хүсэж байна. Эсвэл “хэргийн оролцогч” гэдэг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж шүүхийн шийдвэр албажсаны дараа “оролцогч” гэсэн эрх зүйн байдал хэвээр үргэлжлэх үү? гэдэгт хууль зүйн дүгнэлт хийнэ үү? гэж хүсэж байна. Түүнчлэн шүүгч миний зүгээс хэргийн нэг талтай уулзсан гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь: Тухайн цаг мөчид гомдол гаргагч Э.Д /өмгөөлөгч/ шүүгч, шүүгчийн туслах нарыг ажлын байрандаа, ажлын цагаар ажиллаж байх үед эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө эзэмшлийн гар утсаараа бидний гэрэл зургийг дарж Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо хавсаргаж өгсөн байдаг. Сахилгын хэрэгт авагдсан гэрэл зургаар гомдол гаргагч Э.Д /өмгөөлөгч/ өөрөө биечлэн гэрэл зургийг дарснаас харахад хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцах” гэж заасан Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсгийн заалтыг шүүгч би зөрчөөгүй гэж үзэж байгаа тул та бүхнийг хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Учир нь: Шүүгч, шүүгчийн туслах, гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /өмгөөлөгч/ нар хамт байсан гэж үзэж байна.

Хоёр. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаар:

2021 оны 12 дугаар сарын 09, 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдийн шүүх хуралдааны бичлэгээс харахад шүүгч миний бие хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, зүй бусаар харилцсан гэх зөрчлийг гаргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 97 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эрх, үүргийг хэрэгжүүлэн тус хэргийг хянан шийдвэрлэсэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00525 дугаартай шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00666 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2022/00510 дугаартай Тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/Ш32022/10413 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймээс Монгол улсын Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХ/2023/0019 /49/ дугаартай Магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

         Шүүгч Г.Ариунаа сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн магадлалыг зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулах гомдол гаргасан байгаа. Тус магадлалд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн гэж үзсэнийг 3 үндэслэлээр няцааж байна. Нэгдүгээрт, шүүгч миний хянан шийдвэрлэсэн “Н з” компанийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч буюу гомдол гаргагч н.Даваасүрэнгээс Шүүхийн сахилгын хороонд гаргаж өгсөн илт хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд надад хариуцлага хүлээлгэснийг хууль зүйн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүхийн бие даасан зарчмыг алдагдуулсан үйлдлийг сахилгын хороо хууль ёсны эсэх талаар алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Мөн шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл мөрдөн мөшгөх, тагнах үйл ажиллагаа явуулж захиргааны ажилтнуудын албан өрөө, тасалгаанд зөвшөөрөлгүй гэрэл зураг авсан. Энэ гэрэл зураг авсан үйлдлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тус дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, цагдаагийн байгууллагын зөрчлийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан хянаж үзээд гомдол гаргагч н.Д-г зөрчил гаргасан ч зөрчилд хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэж шийдвэр гаргасан. Гэтэл сахилгын хороо үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй. Хоёрдугаарт, шүүхийн захиргааны ажилтнуудын байранд би тохиолдлын чанартай очихдоо нэхэмжлэгч талтай тааралдсан байхад хариуцагч тал мөн өөр шүүгчээс нэхэмжлэл аваад байж байсан байх. Түүнийг би мэдээгүй. Гэхдээ хариуцагч тал аль аль нь байгаад гэрэл зураг авсныг шүүгчийн зүгээс хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тохиолдлын чанартай үйл явдлыг зөвхөн шүүгчтэй холбоотой үйлдлийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа тохиолдлын чанартай хариуцагч талын тааралдсан үйл явдалд дүгнэлт өгөөгүй. Үүнийг магадлалд аль нь хууль ёсны байхыг дүгнээгүй. Няцаасан, харьцуулсан баримт байхгүй. Бичлэгээс гомдол гаргагч зураг авч байгаа нь харагдаж байгаа. Гэтэл шүүгчийг нэг талд байсан гэчхээд тухайн цагт шүүгч, шүүгчийн туслах, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч өөрөө дэргэд зураг аваад байж байхад зөвхөн шүүгчийг байсан, хариуцагчийг байхгүй байсан гэж дүгнэж байгааг буруу гэж үзэж байгаа.  Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан зүй бус авирласан гэх зөрчилд шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлүүдээр үгүйсгэж няцааж байна. Зүй бус авирласан гэх 3 удаагийн шүүх хуралдааны бичлэгээс 2 удаагийн бичлэг шүүх хуралдааныг хойшлуулах бичлэг, нэг нь хэргийг хянан хэлэлцээд шийдвэр гаргасан шүүх хуралдааны бичлэг. Хоёр шүүх хуралдааныг хойшлуулсан бичлэгт ямар асуудал яригдсан бэ гэхээр 12 дугаар сарын 09-ний бичлэгт нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Энэ явцад намайг зүй бус авирласан гэж байгаа. Шүүгчийн зүгээс зүй бус авирлаагүй. Намайг яг ямар нөхцөлд зүй бус авирласан гэдгийг дүгнээгүй. Нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх тухай 4 хуудас хүсэлт бичиж ирсэн. Шүүгчийн зүгээс нэгэнт хүсэлт шийдвэрлэх шатанд байгаа учраас бэлдээд ирсэн хүсэлтээ бүгдийг уншаад хэрэггүй. Зөвхөн тодорхой ямар асуудал шийдүүлэх гэж байгааг асууж таслан зогсоосон. Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олгогдсон эрх байгаа. Шүүх хуралдаанд аль нэгнийх нь эрхийг хязгаарлаж, асуудлыг шийдвэрлээгүй юм уу эсхүл зүй бус авирлаж шүүх хуралдааны танхимаас гаргах юм уу, бүдүүлэг авир гаргах асуудлыг шүүгчийн зүгээс хуралдаанд гаргаагүй гэж үзэж байна. 12 дугаар сарын 24-ний өдрийн бичлэгт хариуцагчийн өмгөөлөгч босож ирээд өмнө шийдсэн үзлэг хийлгэх асуудлыг тавьдаг. Шүүгч нэгэнт шийдсэн асуудлыг дахин шийдэхгүй гэсэн. Энэ хооронд талуудын бие биеэсээ асуух асуулт, хариулт бүгд явагдсан байгаа. Тэгэхээр хууль ёсны дагуу хүсэлт шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэ асуудалд шүүгч хууль зөрчсөн, зүй бус авирлаагүй гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу нээж, хүсэлт, ирц, татгалзлыг асууж, талуудын тайлбарыг сонсож, нотлох баримтыг шинжлэн судалж, өмгөөлөгчийн үг хэлж шийдвэр гарч завсарлаж байгаа процедуртай явагдаж байгаа. Энд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Хуулийн дагуу явуулах мөчид хариуцагч талаас гаргасан зүй зохисгүй байдлыг шүүгч хуульд заасны дагуу дэг сахиулж, сануулж тайлбарласны дагуу таслан зогсоосон үйлдэл явагдаж байгаа. Гэтэл хариуцагчийн шүүх хуралдааны дэг зөрчиж хуралдааныг хойшлуулах, хийлгэхгүй байх зохисгүй үйлдлүүдийг гаргаж байхад шүүгч хуульд заасан үүргээ гүйцэтгэж байхад намайг шүүгч та зүй зохисгүй авирласан байна гэж дүгнэж байгааг буруу гэж үзэж байна. Шүүгч хэрэг хэлэлцэх шатанд хоёр талын тайлбарыг сонсож, нэмэлт тайлбар тавьж, сөрөг нэхэмжлэлийг ярьж, дахин нэмэлт тайлбар ярьж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас эхэлсэн хуралдаан орой 20 цаг 30 минутад дууссан. 30 хуудас тэмдэглэлтэй, 20 хуудастай шийдвэр гарсан. Энэ хугацаанд шүүгчийг ерөөсөө нэг талыг байлцуулж хуралдаан хийсэн юм шиг агуулга харагдаж байна. Гэтэл шүүгч тэр болгоны эрхийг хангасан. Талууд тайлбараа хэлж байхад шүүгчээс таслан зогсож үг хэлүүлэхгүй байх үйлдэл гаргаагүй нь хуралдааны бичлэгээс харагдана. Тэгэхээр хуралдааны яг хэдэн минутад шүүгчийг ямар зүй бус авирласанд ерөөсөө дүгнэлт хийгээгүй. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байхад хариуцагч тал дундуур босож ирээд би тайлбар хэлэхгүй, шүүгчээс, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, стратегийн өмгөөлөл хийх үүднээс би гэрч асуулгана, шинжээч томилуулна гэж өмгөөлөгч хэлж хурал үймүүлж байгаа процесс явагдсан. Үүнийг даргалагчийн зүгээс зогсоож байгаа. Энэ үйлдлийг хариуцагч талд сануулсан байгаа. Өмгөөлөгчид торгуулийн арга хэмжээ авагдсан. Миний тайлбарласан агуулга бүхий хууль зүйн үндэслэлүүдээс үзэхээр сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дугаартай магадлал бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Түүний үр дүнд бий болж байгаа шийдвэр нь хууль ёсны зарчимд нийцээгүй учраас хүчингүй болгож өгнө үү. Нэмэлтээр хэлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалтыг баримталж хариуцлагыг сонгож оногдуулах ёстой байсан. Гэтэл үүнийг сонгож оногдуулаагүй. Энэ сонгох төрлийг бичээгүй байна гэдэг магадлал бас хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэсэн үг. Ийм учраас надад оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Бас нэг зүйлийг гайхаж байна. Эрүүгийн хуульд жишээлбэл хүн амины хэрэг үйлдсэн хүнд шийтгэл оногдуулахдаа нэмж нэгтгэдэг байтал шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа давхардуулаад хоёр шийтгэлийг цуг оногдуулсныг гайхаж байгаа. Үүнийг анхаарч өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХМ/2023/0049 дүгээр магадлалд шүүгч Г.Ариунаагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.5, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О к” ХХК-с 2.546.014.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н з” ХХК-д олгож, хариуцагч М.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “О к” ХХК-ийн “2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2017 дугаартай “Төлбөр тооцоо барагдуулах гэрээ”-ний 2 дахь заалт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/2018 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний “...хөрөнгө оруулалтын 1.500.000.000 төгрөгт сарын 1.2 хувийн хүү бодогдож, хүүг бартераар тооцож болно” гэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Г.Ариунаад холбогдуулан хариуцагч “О к” ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нараас 13 төрлийн зөрчил нэрлэн зааж гомдол гаргаснаас Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар нотлох дүгнэлтээр шүүгч Г.Ариунааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 50.1.23 дахь хэсгүүдэд заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн, харин Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр магадлалаар нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгч Г.Ариунаад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20 дахь хэсэгт заасан зөрчилд “нээлттэй сануулах”, “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл тус тус  оногдуулсан байна.

 

  1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дугаар

зүйлд заасан зөрчлийн тухайд:

Шүүгч Г.Ариунаа нь шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарснаас хойш буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслахуудын өрөөнд, 19 минут 48 секундийн үргэлжилсэн хугацаанд нэхэмжлэгч “Н з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай уулзаж, шүүхийн шийдвэрт зөрүүтэй бичигдсэн асуудлыг ярилцсан болох нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 давхарт байрлах шүүгчийн туслах нарын суудаг заалны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 минут 02 секундийн хугацаатай дүрс бичлэг, гэрч Г.Г, Н.У нарын мэдүүлэг, ийнхүү уулзсан болохоо хүлээн зөвшөөрсөн шүүгч Г.Ариунаагийн тайлбаруудаар нотлогджээ.

          Дээрх дүрс бичлэгийг өргөдөл гаргагч нь тус шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж авсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай уулзаж, шүүхийн шийдвэрт зөрүүтэй бичигдсэн асуудлыг ярилцсан болохоо шүүгч өөрөө хүлээн зөвшөөрсөн энэ тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчлийг хууль бус нотлох баримтад үндэслэн тогтоосон гэж үзэх боломжгүй бөгөөд сахилгын хэргийн оролцогчийн “...хариуцагч талаас Шүүхийн сахилгын хороонд гаргаж өгсөн илт хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааны үр дүнгээр надад хариуцлага хүлээлгэсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж эхэлсэн бол түүнээс хойших хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хууль бус гэж дүгнэх нь “хууль ёсны байх” үндсэн зарчмын тулгуур шинж” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

         Өөрөөр хэлбэл, илтгэгч гишүүн өргөдөл мэдээлэл гаргагчаас ирүүлсэн шүүхийн байранд зохих зөвшөөрөлгүй авсан гэх гэрэл зургийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд ... дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор “зөрчлийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь шүүгч Г.Ариунаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай уулзаж, шүүхийн шийдвэрт зөрүүтэй бичигдсэн асуудлыг ярилцсан гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна” гэж заасан бөгөөд иргэний хэрэг үүсгэснээс хойш тухайн хэрэг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянагдаж дуусах хүртэл аливаа хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй учир шийдвэрлэгдээгүйд тооцогддог тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн оролцогч биш гэж үзэхгүй, энэ талаар “...шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, шүүх хуралдааныг хааснаар тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч миний хувьд хэргийн оролцогчдын эрх зүйн байдал дуусгавар болсон...” гэх гомдол үндэслэлгүй.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан нь шүүгчийн төвийг сахисан байдлыг хамгаалдаг зохицуулалт бөгөөд шүүгч хэргийн нэг талтай нөгөө талыг байлцуулалгүй уулзсанаар зөвхөн нэг талын үндэслэлийг сонсдог, уг үндэслэлийг нөгөө талаас няцаах боломж олгодоггүй тул алдаатай дүгнэлт гаргах бодит эрсдэлийг бий болгодог бол нөгөө талаас авч үзвэл авлига эсхүл бусад зүй бус нөлөөнд автах, олон нийтэд тийнхүү ойлгогдох, хардлага төрүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийх үр дагаврыг бий болгодог тул эрх зүйт төртэй улс оронд хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзахыг хориглодог.

         Гэтэл шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад шүүгч өөрийн шийдвэрлэсэн хэргийн нэг оролцогчтой 19 минут 48 секундийн хугацаанд уулзаж ярилцсан, үүний улмаас хэргийн нөгөө оролцогчид хардлага сэжиг бий болж шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлсөн байх ба энэ тохиолдлыг шүүгч хэргийн оролцогчтой мэндлээд өнгөрөх, асуултад хариулах зэрэг тохиолдлын чанартай уулзалттай адилтган ойлгох боломжгүйн зэрэгцээ тухайн цаг хугацаа, газарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байж шүүгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уулзаж байгааг харсан нь тэдний уулзалтад хамтдаа оролцсон, байлцсан гэж үзэх боломжгүй билээ.

Иймд шүүгч Г.Ариунааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт заасан зөрчлийн тухайд:

Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09, 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгүүдээс үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 03:25, 07:18, 16:50 дахь минут, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 04:58, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 3 дахь хэсгийн 18:05, 20-25, 36:56, 44:18-47:05, 47:47-49:27, 1:01:07-1:04:30, 1:09:24 дэх минутад шүүгч Г.Ариунаа нь хэргийн оролцогч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчтэй харилцахдаа үгийг нь таслан өөрөө тайлбар хэлэх, тайлбар хэлэхэд дургүйцсэн байдал гаргах, хариуцагчийн тайлбарыг зогсоох, бичгийн хэлбэрээр гаргасан хүсэлтээ уншихгүйгээр товчхон ярихыг шаардах зэргээр зохисгүй байдал гаргасан нь тогтоогджээ.

        Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, дэгтэй, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд тэвчээртэй хандах, эелдэг дөлгөөн, хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

         Гэвч шүүгчийн шүүх хуралдаанд гаргасан зохисгүй харьцаа хандлага нь хариуцагч талаас шүүхийн урьд шийдвэрлээд хангаагүй хүсэлтийг удаа дараа гаргах, хүсэлт хангаагүйтэй холбоотойгоор шүүгчийг татгалзах, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хуульд заасан хугацааг авах эрхээ эдлэхгүй, шүүх хуралдаанд тайлбараа гаргаад явах боломжтой гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үл тоож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэл зоригоо илтэд илэрхийлэх, шүүх хуралдааны дэг зөрчиж удаа дараа зөвшөөрөлгүй тайлбар гаргах зэргээр шүүхийг үл хүндэтгэсэн харилцаатай холбоотой болох нь хуралдааны бичлэгүүд болон тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Гомдол хянан хэлэлцэх тухай” 138 дугаар тогтоолоор нотлогдож байна.  

         Иймд шүүгч Г.Ариунааг шүүх хуралдааны дэгийг сахиулахдаа зохистой арга хэлбэрээр хэрэгжүүлж чадаагүй, захиран тушаах зан байдлын төлөвийг илүүтэй гаргасан гэж үзсэн ба энэ тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “зүй бус авирлах” гэдэгт хамааруулан ойлгож сахилгын шийтгэл хүлээлгэхүйц хэмжээний зөрчилд тооцох боломжгүй гэж хяналтын хуралдааны бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгч Г.Ариунаагийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан хэсгийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн харьцаа хандлагын зохисгүй байдал нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, шүүхийн талаар таагүй үнэлэмжийг бий болгодог тул цаашид шүүх хуралдааныг удирдан явуулахдаа шүүгчийн ёс зүйн зарчмаа чанд баримталж ажиллах үүрэгтэйг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаад анхааруулах нь зүйтэй.

Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар нэрлэн заасан сахилгын зөрчилд оногдуулах шийтгэлийг нарийвчлан заасан хуулийн 57 дугаар зүйлийн зохих хэсгийг магадлалд баримталсан байх тул сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсон хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлах шаардлагатай гэж үзэхгүй, энэ талаар гаргасан шүүгчийн гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, магадлалын тогтоох хэсэгт илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн огноо, дугаарыг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул хянан үзэх хуралдаанаас засварлах боломжтой гэж үзсэн болно.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаагийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СХМ/2023/0049 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч,  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай” гэж өөрчилсүгэй.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хуульд тусгайлан заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                           С.Энхтөр  

Д.Мягмарцэрэн