info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-09-27

Дугаар 14

Улаанбаатар хот

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.

Магадлал хэвээр үлдээх тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” ... дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ж-ийн гомдлыг  тус хорооны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлалаар: Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзэж, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ж-д “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Шүүгч С.Ж магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ж нь хариуцагч “А...” ХХК-ийн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Б нарт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулж, хэргийн материалтай танилцуулж, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан. Зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч “А...” ХХК-ийн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Б нарын шүүхэд ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “...эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцна" гэсэн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1../ШШ2017/00... дүгээр захирамжаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хариуцагч “А...” ХХК-ийн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Б нарт 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гардуулж, танилцуулсан байна. Уг шүүгчийн захирамж гарснаас хойш 2 жилийн дараа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасныг шүүгч болон шүүх бүрэлдэхүүн тухай бүр нь хянан шийдвэрлэж, хариу өгсөн.

Дээрх зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хянан шийдвэрлэсэн. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1../ШТ2022/00... дугаар тогтоолоор “...хоорондоо харилцан хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн...” гэж дүгнэн, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1../ШШ2017/00... дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Хэргийн оролцогчоос дээрх 3 гэрээг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүхэд мэдэгдээгүй тул уг гэрээ байгуулагдсан эсэхийг шүүгч С.Ж мэдэх боломжгүй юм Хариуцагч нарын болон нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1../ШШ2017/00... дүгээр захирамжаар “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчөөгүй тул шүүгч С.Ж-д сахилгын шийтгэл оногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгч С.Ж-ийн гомдлыг хангахгүй орхиж, сахилгын шийтгэл оногдуулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлалаар холбогдох шүүгчид “цалингийн хэмжээг гурван сараар 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байх ба шүүгч С.Ж-д магадлалыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, гомдлоо 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр огноолж ирүүлснийг Шүүхийн сахилгын хороо 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагт дардас даран хүлээж авсан нь шүүгчийн гомдол, түүнийг хүлээн авсан бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д “Сахилгын хорооны тогтоол, магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлнэ”, 112.7-д “Энэ хуулийн 112.6-д заасны дагуу хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болно”, 112.8-д “Энэ хуулийн 112.7-д заасны дагуу Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Сахилгын хороонд гаргаж болно” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл сахилгын хэргийн оролцогч нь магадлалыг гардан авсан 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж ойлгох бөгөөд уг хугацаа нь бүх нийтээр амрах өдөр буюу 07 дугаар сарын 15-ны өдөр дуусч байх тул дараагийн ажлын өдөр болох 07 дугаар сарын 18-ны өдрийн дотор гомдлоо гаргах байжээ.

 Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9-д зааснаар хугацаа сэргээлгэх хүсэлт өгөөгүй, уг хугацаа сэргээгдээгүй байна.

 Иймд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд энэ тохиолдолд магадлалын хууль зүйн үндэслэл, сахилгын зөрчил мөн эсэх үйл баримтад дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ж-ийн гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хуульд тусгайлан заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ                                           Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                            О.НОМУУЛИН 

                                                                                    С.ЭНХТӨР 

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.