info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-07

Дугаар 81

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, ...шүүхийн шүүгч А.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2023/0068 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг тус Хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч А.М тайлбартаа: “...шүүхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 000/Ш32023/02129 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай нэхэмжлэлийг дээрх хуулийн заалтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Учир нь шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхойгүй, шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Нэхэмжлэгч  2023 оны 01 сарын 26-ны өдрийн 000/Ш32023/02129 дугаартай шүүгчийн захирамжид заасан зөрчлөө арилгах үүргээ биелүүлэхгүй дахин нэхэмжлэлээ гаргасан тул 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 000/Ш32023/04563 дугаартай шүүгчийн захирамжаар дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

Гомдол гаргагч С.Ө нь “...татгалзсан захирамжаа гаргаж өгөхгүй, захирамжийг хэчнээн дахин шаардсан” гэж гомдолдоо бичжээ. 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 000/Ш32023/02129 дугаартай, 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 000/Ш32023/04563 дугаартай шүүгчийн захирамжууд хугацаандаа гарсан болох нь “Иргэн 2014” программын нэхэмжлэлийн дэлгэрэнгүй бүртгэл цонхны чеклэгдсэн хугацаагаар тодорхой харагдана.

Шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний хэрэгсэхгүй болгох саналд: 1.”Э” ХХК нь төлбөрийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэл гаргажээ.

... шүүхийн шүүгч А.М 2023.01.26-ны өдөр 2129 дүгээр захирамж гарган, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

2. “Э” ХХК  дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023.03.13-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь тогтоогдож байна. 

Холбогдох шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгасан байх шаардлагатай ба нэхэмжлэл энэхүү шаардлагыг хангаагүй бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан.

            Шүүгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг 2 удаа хүлээн авахаас татгалзахдаа ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлийг захирамжид тодорхой  тусгасан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй бол шүүгч захирамж гарган хүлээн авахаас татгалзах эрхтэй тул энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Харин Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.

2. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгчийн 2023.01.26-ны өдөр 2129 дүгээр захирамж 2023.02.02-ны өдөр, 2023.03.13-ны өдрийн 4563 дугаар захирамж 2023.03.17-ны өдөр “Иргэн-2014” программд бүртгэгджээ. Дээр дурдсанаас үзвэл, шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 7 хоногийн дотор гаргасан байх тул “...захирамжаа гаргаж өгөхгүй хугацаа алдсан, олон дахин шаардаж байж 3 сарын 22-нд хүлээж авсан..” гэх гомдол үндэслэлгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗҮ/2023/0046 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өгийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...Э” ХХК нь дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүгч А.М 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000/Ш32023/02129 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэлд хавсаргасан зарим баримтууд нь хуулбар хувь гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлдээ зарим төрийн байгууллагын тодорхойлолтыг дутуу ирүүлсэн байх бөгөөд түүнтэй холбоотой баримтыг бүрэн гүйцэд ирүүлээгүй болохыг дурдаж байна” гэж үндэслэлгүй зүйл дурдсан байсан. 2023 оны 03 сарын 06-ны өдөр хүсэлтээ дахин гаргасан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32023/04563 дугаар захирамжаар дахин хүлээн авахаас татгалзсан. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэсэн байхад “зарим  төрийн байгууллагын тодорхойлолт” гэсэн учир битүүлэг үг хэллэгийг дахин дахин хэрэглэж зөрчлийг арилгах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж хайран цаг хугацааг минь алдагдуулж байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Э” ХХК-иас төлбөрийн чадваргүй болсон учир дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр  гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000/ШЗ2023/02129 дугаар захирамжаар, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэл гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/04563 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас тус тус татгалзаж шийдвэрлэжээ.

Ийнхүү шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг ...” шүүхэд ирүүлэхээр хуульчилсан нь нэхэмжлэлд хавсаргасан зарим баримтууд нь хуулбар хувь гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь нэхэмжлэлдээ зарим төрийн байгууллагын тодорхойлолтыг дутуу ирүүлсэн” гэж дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна”, 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл шүүгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон нотлох баримт нь дутуу, шаардлага хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхийг шүүгчид хуулиар олгосон тул шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлээр түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөл гаргагч “... шүүгч захирамжаа гаргаж өгөхгүй хугацаа алдсан ба олон дахин шаардаж байж 3 сарын 22-нд хүлээж авсан” гэж дурджээ.

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000/ШЗ2023/02129 дугаар захирамжийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/04563 дугаар захирамжийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус албажуулан гаргасан нь “Иргэн-2014” программ болон шүүгчийн туслах Г.Г  гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Г.Г  “нэхэмжлэл өгөхдөө нэг удаа, хүлээн авахаас татгалзсаны даруу 1 удаа тус тус уулзсан. Тэгэхдээ нэхэмжлэлийн талаар асуусан, татгалзсан гэдгийг хэлсэн, захирамж гарсан уу гэхэд одоохондоо гараагүй байна, хуулийн хугацаанд гарна гэдгийг хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг олон дахин шаардаж байж авсан гэх өргөдлийн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон      ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2023/0068  дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                 О.НОМУУЛИН  

Х.ХАШБААТАР