info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2023-04-11

Дугаар 6

Улаанбаатар хот

Магадлалыг хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаах тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, холбогдох шүүгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүгч Н.Б-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“А” ХХК-ийн ерөнхий захирал С.П-ийн гомдлоор ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-д илтгэгч гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГНД/2023/0003 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлт үйлджээ.

Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлалаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, шүүгч Н.Б-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д  зааснаар “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Шүүгч Н.Б магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо: ...”А” ХХК-ийн гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж байх явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “сахилгын хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг... шаардан гаргуулж болохгүй” гэж илтгэгч гишүүний ажиллагаанд хязгаарлалт тогтоож хориглосон. Өөрөөр хэлбэл илтгэгч гишүүн санаачилгаараа хэрэг үүсгэх, шүүгчид холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгах агуулгаас хазайхыг хориглосон. Гэтэл илтгэгч гишүүн нь гомдлын агуулгад хамаарахгүй хэрэгт ач холбогдолгүй хуулиар хориглосон нотлох баримт болох Хөрөнгө орлогын мэдүүлэг татан авч, нэг үйлдэлд хэд хэдэн сахилгын хэргийг санаачилгаараа үүсгэсэн байгаа нь илтгэгч гишүүн шалгах ажиллагааны ноцтой зөрчил бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

“М” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу мөн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байгаа нь шүүгчийн нэг зөрчилд хэд хэдэн хариуцлага хүлээлгэх санаатайгаар хэргийг нэгтгэхгүй байгаа илтэд ашиг сонирхолтой, хэрэгт шударгаар хандаж хуулийг нэг мөр хэрэглэхгүй байна. Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэж, хэргийг тусгаарлах ажиллагааг нэг эрхийн актаар гүйцэтгэхдээ хэргийг тусгаарлах хэрэгцээ шаардлага, тусгаарлах үндэслэл хуулиар бий болсон зэргийг огт анхаарч дүгнэлт өгөөгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт хэргийг тусгаарлах талаар заасан. Өөр утга агуулгатай өргөдлийг тусгаарлаж болохоор хууль тогтоогч хуульчилж нэг утга агуулга бүхий үйлдлийг тус бүрд нь дур зоргоор тусгаарлаж болохгүйгээр зохицуулсан байхад илтгэгч гишүүний уг үйлдэл дур зоргын болж байна. Нөгөө талаар тусгаарлаж шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад тусгаарласан нь хууль бус болсон талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтгэгч гишүүнд нэгтгэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтэд хариу өгөхдөө хэрэг тусгаарласан үндэслэл, хууль хэрэглээний агуулга бүхий нэг ч тайлбар бичилгүй хүсэлт хангахаас татгалзлаа гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ дүгнэлт бичих хуульд үндэслэх, хуулийг хэлбэрэлтгүй дагах, мэргэжлийн оролцогчийн үндэслэл бүхий хариуг авч чадаагүй.

Сахилгын хэргийн хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэгтгэх хүсэлтийг дахин гаргасан, гэтэл магадлалд “... зөвхөн илтгэгч гишүүнд олгогдсон үндэслэлээр хангахаас татгалзсан” уг дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасан эрхийг Шүүхийн сахилгын хороонд олгосон.

Сахилгын хорооны хуралдаанд хэргийг буруу тусгаарласан, нэгтгэсэн, шалгах ажиллагаа дутуу, шалгах ажиллагааны явцад процессын зөрчил гаргасан зэргийг залруулах эрх байсан тул эл үндэслэлээр хянан үзэх гомдлыг гаргаж байна. Шүүгч би хуралдаанд хэргүүдээ нэгтгэн шалгуулах талаар үндэслэл болон сахилгын хэрэг үүсгэсэн хэргийн талаар нэг бүрчлэн тайлбар өгч мэдүүлсэн. Иймд Шүүхийн сахилгын хорооны СХМ/2023/0041 дүгээр магадлалыг хүчингүй болгож, “А” ХХК, “М” ХХК-ийн гомдлуудыг /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.11/, Илтгэгч гишүүний санаачилгаараа үүсгэсэн /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52.1/ шүүгчийн нэг үйлдэлд хэд хэдэн зөрчлийн хэрэг нээж тусгаарлан шалгаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг нэг мөр зөв хэрэглэж,  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4-т заасны дагуу дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж өгнө үү гэжээ.

Холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч Н.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан аж ахуйн үйл ажиллагаанд өөрийн дансаар оролцсон үйлдэлдээ маргахгүй байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлээ “зөрчил мөн” гэдэгт маргахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүгч Н.Б-ийн нөхөр, шүүгчийн дансыг ашиглаад интернэт банк, карт ашигласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан “аж ахуйн үйл ажиллагаанд оролцсон” гэх хориглосон зохицуулалт юм байна. Тиймээс энэ шүүгч Н.Б-ийн зөрчил мөн гэдгийг туйлын тодорхой илэрхийлсэн. Харин шүүгч зохион байгуулалтад оролцсон зүйл огт байхгүй. Энэ талаар магадлалд тусгайлан дүгнэсэн дүгнэлт байхгүйг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. 

Магадлалд гаргаж байгаа гомдол нь сахилгын хэргийг нэгтгэн шалгах ёстой гэсэн агуулгатай. Тодруулбал нотлох дүгнэлт болон магадлалд дурдсан 3,7 тэрбум төгрөгийн аж ахуйн үйл  ажиллагаанд оролцсон нэг үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн, шалгасан. Тэгвэл 1 үйлдэлд хэд хэдэн хэргийг тусгаарлаж шалгаж болохгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг тусгаарлах хэрэгцээ шаардлага нь хуульд 2 үндсэн нөхцөлийг заасан. Тэр нь гомдлын агуулга өөр, өөр байхыг хууль тогтоогч шаардсан. “А” ХХК-ийн өргөдөл бол шүүгч 3,7 тэрбум төгрөгийн аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэж гаргасан. Гэтэл энэ 3,7 тэрбум төгрөгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нь бас сахилгын хэрэг мөн гэж илтгэгч гишүүн үзэж тусдаа сахилгын хэрэг үүсгэсэн нь нэг үйлдлийг тусгаарлаж, 2 дахь сахилгын хэрэг үүсгэсэн явдал. Энэ бол нэгтгэн шалгаж, нэг ажиллагаагаар гүйцэтгэх ажиллагаа байтал тусгаарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн “М” ХХК-ийн өргөдөл нь шүүгч Н.Б-г тодорхой хугацаанд аж ахуйн үйл ажиллагааг гүйцэтгэсэн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн байгаа. Тэгэхээр нэг шүүгчийн нэг үйлдэлд гурван тусдаа сахилгын хэрэг үүсгэж байгааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт зааснаар тусгаарласан нь буруу гэж үзэж байна.

Харин магадлалд “тусгаарлах эрх бүрэлдэхүүнд олгогдоогүй, энэ бол илтгэгч гишүүний бүрэн эрх“ гэж дүгнэсэн. Бидний зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч Н.Б нэгтгүүлэх хүсэлтийг 3 удаа гаргасан боловч алийг нь ч хүлээн аваагүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5-д зааснаар магадлалаар нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаан залруулах боломж байсан. Сахилгын хэргийг тусгаарлан, тусад нь шалгаж байгаа нь шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Шүүгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, дордуулах зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгаагүй тул эрх зүйн ерөнхий зарчмыг удирдлага болгон бүрэлдэхүүн хандах агуулгаар гомдлыг гаргасан. Хэргүүдийг нэгтгэснээр зөрчлийн бодит байдал тогтоогдоно, гол нь ХАСХОМ мэдүүлээгүй гэх үйлдэл нь 3,7 тэрбум төгрөгийг ХАСХОМ-д бүртгэсэн үү, бүртгээгүй юу, бүртгэх ёстой байсан уу үгүй юу гэдэгт ач холбогдолтой маргаан гэж үзэж байна. Тиймээс нэг агуулга бүхий маргаан гэж үзэж байна. Тухайн 3,7 тэрбум төгрөгт 20-30 туслан гүйцэтгэгч байгууллагын мөнгө орж гарсан байгаа. Тэдгээр байгууллагууд бүгд гомдол гаргавал шүүгчид 30 удаа сахилгын хэрэг үүсгэж, шийтгэл ногдуулах уу?

Бид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан зөрчлийг нэг үйлдэлд гэдэг агуулгаар хуульчилсан гэж ойлгож байгаа. Илтгэгч гишүүн нь 105.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй өөрчлөлтийг 30 хоногийн дотор мэдүүлэх байсан буюу 3,7 тэрбум төгрөг шүүгчийн дансаар орж, гарсан учраас үүнийг ХАСХОМ-д бүртгүүлэх байсан гэдгээр тусдаа сахилгын хэрэг үүсгээд шалгаж байгааг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь нэг шүүгчид нэг үйл баримт гэдгийг үүгээр тогтоож байгаа юм.

Нотлох дүгнэлт болон магадлалд 3,7 тэрбум төгрөгийн гүйлгээг үргэлжилсэн үйлдэл гэдгийг дүгнэсэн тул энэ агуулгаараа нэг үйлдэлдээ нэг л сахилгын шийтгэл хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж өгнө үү гэв.

Шүүгч Н.Б хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын гомдлын үндэслэл, тайлбарыг дэмжиж байна. Миний хувьд гаргасан сахилгын зөрчилдөө маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, мөн сахилгын шийтгэл хүлээх дээрээ ч маргаагүй. Харин ганцхан миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул дээрдүүлж, яг адилхан агуулгатай өргөдлүүдийг нэгтгэн шийдүүлмээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргүүдийг нэгтгэн, шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

1. Үйл баримтын тухайд:

1.1. “А” ХХК-ийн ерөнхий захирал С.П шүүгч Н.Б-д холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “...шүүгч Н.Б нь нөхөр Г.Э-хаа “Т” ХХК-ийн хувь эзэмшигч ба тухайн компанитай гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцооныхоо заримыг Хаан банкны дансаараа шилжүүлэн төлчхөөд үлдэгдэл тооцоог төлөөгүй. Төлбөр тооцоо эцэслэх болохоор “надад хамаагүй” гэж хэлэн нөхөр Г.Э-гаа урдаа барьж, ард нь нуугдаж байгаа үйлдэл нь эрх мэдэл, эрх зүйн мэдлэгээ ашиглан, нөхөртэйгөө үгсэн хүмүүсийн итгэл найдвар, гачигдал дээр тоглолт хийн тэднийг залилан, хохироож байна” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан нь гишүүн Д.Мягмарцэрэнд журмын дагуу хуваарилагдан, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дүгээр захирамжаар холбогдох шүүгч Н.Б-д сахилгын хэрэг үүсгэжээ. /1 дүгээр с.х-ийн 53 тал/

1.2. Шалгах ажиллагааны явцад гишүүний 2022  оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжаар “шүүгч Н.Б-ийн 2021 оны ХАСХОМ-ыг Авлигатай тэмцэх газраас, мөн Хаан банкнаас шүүгчийн ... дугаар дансны 2021 оны гүйлгээний хуулгыг нотлох баримтаар гаргуулсан ба уг баримтуудаас үзэхэд шүүгч нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан байж болзошгүй үйл баримт илэрсэн” гэж үзэн “А” ХХК-ийн ерөнхий захирал С.П-ийн өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргээс сахилгын зөрчил байж болзошгүй үйл баримтыг тусгаарлан, сахилгын хэрэг үүсгэсэн. /5 дугаар с.х-ийн 64-65 тал/

1.3. Мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн захирал Т.П-ын шүүгч Н.Б-д холбогдуулан “А” ХХК-ийн өргөдөлтэй ижил утга агуулга бүхий өргөдөл гаргасан нь гишүүн Д.Мягмарцэрэнд  хуваарилагдаж, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2023/0036 дугаар захирамжаар шүүгч Н.Б-д сахилгын хэрэг үүсгэсэн нь илтгэгч гишүүний тайлбараар тогтоогдсон.

1.4. Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр илтгэгч гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 болон 2022  оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжаар шүүгч Н.Б-д үүсгэсэн сахилгын хэргүүдийг нэгтгүүлэх тухай хүсэлт гаргасныг гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр “Монгол Улсны шүүхийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт зааснаар илтгэгч гишүүний бүрэн эрхийн асуудал тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгчээ. /5 дугаар с.х-ийн 67 тал/

1.5. Сахилгын хорооны хуралдаанд холбогдох шүүгч Н.Б сахилгын хэргүүдийг нэгтгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн СХТ/2023/0039 дүгээр тогтоолоор “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт заасны дагуу гишүүний 1389 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийг нэгтгүүлэх хүсэлт нь мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт зааснаар сахилгын хэргийг нэгтгэх нь илтгэгч гишүүний бүрэн эрхийн асуудалд хамаарахаар байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /5 дугаар с.х-ийн 37-39 тал/

1.6.  Илтгэгч гишүүний 2022  оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05  дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2023/0040 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хэрэгт авагдаагүй ч нийтэд илэрхий үйл баримт/

1.7. Илтгэгч гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11 “өөрөө эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдсэнийг Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлалаар хүлээн авч, шүүгч Н.Б-д “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулсан. /5 дугаар с.х-ийн 40-52 тал/

2. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

2.1. Илтгэгч гишүүний 2022  оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт үйлдэгдсэн нотлох дүгнэлтийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэх үйлдэлд “шүүгч Н.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн Хаан банкны 50...1 дугаар бүхий дансаар  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний өөрчлөлтөөр мэдүүлэх хэмжээний буюу 105 саяас дээш хэмжээний мөнгөн дүн бүхий орлогын гүйлгээ 9 удаа, зарлагын гүйлгээ 1 удаа хийгдсэн” гэх үйл баримтыг хамааруулсан.

2.2. Илтгэгч гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт үйлдэгдсэн нотлох дүгнэлтийн  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11 “өөрөө эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчсөн гэх үйлдэлд “...шүүгч Н.Б нь Хаан банкны 50...1 тоот дансаар өөрийн нөхөр Г.Э-ын “Т” ХХК-ийн хариуцан бариулж буй барилгын ажлын үйл явцын материал, техник хэрэгслийн, хангамжийн болон ажилчдын цалин, хоолны төлбөр болоод холбогдох бусад зардал буюу компанийн санхүүгийн гүйлгээг 2021 оны 7-12 сард тогтмол шилжүүлэхэд ашигласан” гэх үйл баримтыг хамааруулсан.

Дээр дурдсаныг дүгнэвэл шүүгч Н.Б-ийн Хаан банкны 50...1 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн 3.737.350.322 төгрөгийн орлого орсон, 3.857.977.493 төгрөгийн зарлага гарсан үйл баримттай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан тус тус нотлох дүгнэлт үйлдэгдсэн нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7. “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасныг хэрэглэх боломжгүй болжээ. Тодруулбал,

Шүүгч Н.Б нь өөрийн Хаан банкны 50...1 тоот дансаар нөхөр Г.Э-хаа “Т” ХХК-ийн барилгын ажилтай холбоотой орлого, зарлагын гүйлгээ хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д заасан хориглосон үйлдэл буюу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн гэж буруутгасан атлаа хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүргээ зөрчсөн гэж нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй нотлох дүгнэлт үйлдэгдэн, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2023/0040 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байх атал үүнийг анхааралгүй “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн” гэж буруутган сахилгын шийтгэл оногдуулсан магадлал хууль ёсны бөгөөд ундэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, 10.4-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ”гэж зааснаас үзвэл шүүгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол мэдүүлнэ гэж ойлгохоор байх бөгөөд Хаан банкны 50...1 дугаар бүхий дансаар  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон гэж үзсэн атлаа компанийн санхүүгийн гүйлгээг 2021 оны 7-12 сард тогтмол шилжүүлэхэд ашигласан гэж өмнөх нотлох дүгнэлтээ үгүйсгэсэн, зөрчилдсөн шинжтэй дүгнэлт гаргасан байгааг Сахилгын хорооны хуралдаан залруулаагүй нь буруу байна.

Зүй нь илтгэгч гишүүн шүүгч Н.Б-ийн Хаан банкны 50...1 тоот дансаар хийгдсэн орлого, зарлагын гүйлгээнээс аль нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод хамаарах, аль нь “Т” ХХК-ийн санхүүгийн гүйлгээнд хамаарах эсэхийг нарийн ялгаж тогтоон зөрчлийг тодорхойлох нь зүйтэй байжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-т “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно...” гэж заасан бөгөөд нэг шүүгчид холбогдох нэг утга агуулга бүхий, нэг үйл баримттай холбоотой хэргийг нэгтгэн шалгах нь хуулийн 95 дугаар зүйлийн 95.13. “Сахилгын хорооны дарга, гишүүн хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга байх, төвийг сахих, хууль дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, гишүүний нэр хүндээ эрхэмлэх зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхээр байна.

Түүнчлэн, холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “гишүүний 1240 дүгээр захирамж болон 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэргүүдийг нэгтгүүлэх тухай” хүсэлт гаргасныг илтгэгч гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0...5 дугаар албан бичгээр “Монгол Улсны шүүхийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт зааснаар илтгэгч гишүүний бүрэн эрхийн асуудал тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариу өгсөн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.9-д “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийн 104.1, 104.2, 105.11-д зааснаас бусад асуудлаар гаргасан захирамжийг Сахилгын хорооны гишүүн ажлын гурван өдрийн дотор гаргаж, сахилгын хэргийн оролцогчид даруй хүргүүлэх бөгөөд сахилгын хэргийн оролцогч уг захирамжийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Сахилгын хороонд гомдол гаргах эрхтэй. Уг захирамж илт үндэслэлгүй бол түүнийг гаргасан Сахилгын хорооны гишүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан тул илтгэгч гишүүн нь “хэрэг нэгтгүүлэх тухай” хүсэлтийг эрх зүйн акт буюу захирамжаар шийдвэрлэж, уг захирамжид гомдол гаргах эрхийг нь хангах үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр сахилгын хэргийн оролцогчоос гаргасан “...нэг шүүгчид холбогдуулсан нэг зөрчилтэй хэргүүдийг нэгтгүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээн аваагүй шалгах ажиллагааны процессыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтгэгч гишүүнд нэгтгэх хүсэлт гаргасан ч уг хүсэлтэд хариу өгөхдөө хэрэг тусгаарласан үндэслэл, хууль хэрэглээний агуулга бүхий нэг ч тайлбар бичилгүй хүсэлт хангахаас татгалзлаа гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ дүгнэлт бичих хуульд үндэслэх, хуулийг хэлбэрэлтгүй дагах, мэргэжлийн оролцогчийн үндэслэл бүхий хариуг авч чадаагүй, Сахилгын хорооны хуралдаанд хэргийг буруу тусгаарласан, нэгтгэсэн, шалгах ажиллагаа дутуу, шалгах ажиллагааны явцад процессын зөрчил гаргасан зэргийг залруулах эрх байсан...” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасан тул  тухайн өргөдөл мэдээлэлд дурдагдаагүй ч сахилгын зөрчил  байж болзошгүй өөр үйлдэл, үйл баримтад сахилгын хэрэг үүсгэн шалгах нь илтгэгч гишүүнд хуулиар олгогдсон бүрэн эрх гэж үзнэ.

Иймд шүүгч Н.Б-ийн “санаачилгаараа хэрэг үүсгэх, шүүгчид холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгах агуулгаас хазайхыг хориглосон” гэх  гомдлыг хангахгүй.

Мөн “М” ХХК-ийн захирал Т.П-ын шүүгч Н.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2023/0036 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байх тул шүүгч Н.Б-ийн “уг хэрэгтэй нэгтгээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй ч энэ хэргийг дахин шалгуулахаар буцааж байгаа энэ тохиолдолд шүүгч  Н.Б-ийн ... банк дахь дансны 3,7 тэрбум төгрөгийн гүйлгээтэй холбоотой хэргүүдийг нэгтгэн шалгах нь зохистойг тэмдэглэх нь зүйтэй.

Ийнхүү нэг шүүгчид холбогдох, нэг утга агуулга бүхий, нэг үйл баримтаар үүсгэгдсэн гишүүний 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1240 дүгээр захирамжтай, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1389 дүгээр захирамжтай, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2023/0036 дугаар захирамжтай сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэх нь хуульд нэрлэн заасан зөрчлийн хэр хэмжээ, шинж байдлыг зөв тогтоох, тухайн зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг зөв тодорхойлоход ач холбогдолтой гэж дүгнээд шүүгч Н.Б-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлалыг хүчингүй болгон, илтгэгч гишүүнд дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.3, 113.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СХМ/2023/0041 дүгээр магадлалыг хүчингүй болгон, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                       О.НОМУУЛИН

Б.СУГАР