info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-22

Дугаар 89

Улаанбаатар хот

   2023.06.22                                                   СХМ/2023/0089

 

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ыг байлцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

НДЕГХШГ-ын дарга Д.Г нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн О.Номуулин хүлээн авч хянаад, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗТ/2023/0014 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2023/0041 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг шүүхийн сахилгын хорооны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн СХТ/2023/0050 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

Илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2023/0083 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын  хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “НДЕГХШГ-ын дарга Д.Г-ийн мэдээлэл нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирсэн, уг мэдээлэлд дурдагдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, харин 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд “Шүүгчид хориглох зүйл”, 28 дугаар зүйлд “Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт”, 29 дүгээр зүйлд “Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил”, 30 дугаар зүйлд “Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Өргөдөл, мэдээллийн агуулгаас үзвэл иргэн З.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан байх ба энэ үндэслэл нь  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна. Тодруулбал,

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1..3 дугаар шийдвэрээр хүсэлт гаргагч З.Б-ыг 1980 оны 6 дугаар сараас 1995 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэжээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж тус тус заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хуулийг хэрхэн хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэрлэсэн байдалтай холбоотой шүүгчийн үйл ажиллагааг ёс зүйн зөрчилд тооцохгүй талаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан зөрчил гарсан эсэхэд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Түүнчлэн, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/..8 тоот албан бичгээр иргэн З.Б-ын шүүхийн шийдвэрт залруулга, тайлбар хийлгэх хүсэлтэд хариу хүргүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нэрлэн заасан зөрчлийн  шинжийг агуулаагүй байна.

Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Ш.О тайлбартаа: “Шүүгч би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэн З.Б-ыг урьд өмнө танихгүй, найз нөхөд садан төрлийн ямар нэг хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн З.Б ...1978-1981 он хүртэл мал дээр ажиллаж байхдаа тракторын курс төгсөөд цэргийн албанд явсан 1984 онд цэргийн албанаас ирээд 1984-1995 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан гэж бичсэн нь ...1980 оны 6 дугаар сараас 1995 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай... гэсэн зөрүүтэй байна гэх үндэслэлээр тэтгэврийг зогсоосон тул шүүхийн шийдвэрийг засаж залруулга хийх тухай хүсэлтийг бичгээр гаргасан ба хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг засаж залруулга хийх гэсэн хуулийн үндэслэл журам байхгүй хууль зөрчсөн асуудал тул энэ талаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ... дүүргийн Прокурорын газрын прокурор 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд ... хэргийн материалтай танилцахад ажилласан жилийг тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хүсэлтээсээ татгалзаж байна... гэх хүсэлт гаргасныг, гомдлыг хэлэлцээд хүсэлт гаргаагүйд тооцсон 2022 оны 6 дугаар сарын 17- ны өдрийн дугаар 1../ШТ2022/...10 шүүхийн тогтоол гарсан байна.

Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох хуульд заасан журмын дагуу дээрх гомдол мэдээллийн талаар төрийг төлөөлж прокурор хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан.

Зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар шүүхэд хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн, шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон хэн нэгэнд давуу байдал олгох гэсэн санаа зорилго огт байхгүй бөгөөд хуулиар хүлээсэн ажил үүргээ зохих хууль журмын дагуу гүйцэтгэсэн.

Ш.О би шүүгчийн ажил албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох гэсэн хуулийн хориглосон заалтыг зөрчөөгүй тул НДЕГХШГ-ын даргын гомдол мэдээллээр сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээн хамгаалж өгнө үү” гэжээ.

Шүүгч Ш.О нэмэлт тайлбартаа: “... Гомдол, мэдээлэл гаргагч нь З.Б-ын цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг ажиллаж байсан байдалд оруулж тооцохгүй байх хуулийн үндэслэлээ тодорхой ойлгомжтой тайлбарлаагүй ба энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт ”Хугацаат болон цэргийн гэрээт алба хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцно” гэсэн хуулийг зөрчөөгүй.

Цэргийн алба хаасан хугацааг ажилласан жилд оруулан тооцох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд шүүхийн практик ч байгаа, мөн төрийг төлөөлж шүүхэд хүсэлт гаргасан прокурор “...шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна ...” гэсэн тайлбар гаргасан.

Иргэний ажиллаж байсан байдалтай холбоотой бүхий л баримт бичгийг төр өөрийн архив мэдээллийн санд бүрэн гүйцэд оруулан хадгалж хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ хангалттай зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн ажиллаж байсан байдлаа үнэн зөв шударгаар тогтоолгож чадахгүй хохирох учир шүүх иргэний энэхүү зөрчигдсөн эрхийг хуулийн хүрээнд сэргээн хамгаалах үүрэгтэй.

Шүүгч би хуулиар олгогдсон шүүгчийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж эрхээ хэрэгжүүлэн хууль хэрэглэж шийдвэр гаргасан.

Шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоох ба хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилласан эсэхийг тогтоогоогүй, хөдөлмөрийн нөхцөл, өндөр насны тэтгэвэр тогтоох асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал болно.

Иргэн З.Б-ыг шүүгч би огт танихгүй найз нөхөд садан төрлийн аливаа нэг харилцаа холбоо огт байхгүй бөгөөд шүүгчийн албан тушаалаа эрх нөлөөгөө урвуулан ашигласан, хэн нэгэнд давуу байдал бий болгох гэсэн хандлага сэдэл үйлдэл огт байхгүй.

Гомдол мэдээлэл гаргагч нь 2019 онд шүүгчийн гаргасан шийдвэрт 2021 оны 01 сарын 15-ны өдрийн Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглох “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн зүйлийг зөрчсөн гэж гомдол гаргаж байгаа үндэслэл /урвуулан ашигласан/, нөхөн хариуцлага хүлээлгэх гэж байгаа хуулийн үндэслэлээ тодорхой ойлгомжтой тайлбарлаж нотлох баримтаар нотлоогүй.

Шүүгч Ш.О би хууль болон ёс зүйн дүрэмд тусгайлан заасан ёс зүйн зөрчил гаргаагүй тул сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, асуудлыг тал бүрээс нь хянан үзэж шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

НДЕГХШГ-ын дарга Д.Г нь “шүүгч Ш.О нь шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэр гаргахдаа иргэний хэргийн хүсэлт гаргагч З.Б-т давуу байдал бий болгон түүний ажилласан жилийг 14 жил 7 сар гэж тогтоосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргажээ. 

1. Иргэний хэргийн тухайд:

Иргэн З.Б ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1../ШЗ2019/0...4 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. /с.х-ийн 35 тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэрээр З.Б-ыг 1980 оны 6 дугаар сараас 1995 он хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоожээ. /с.х-ийн 41-42 тал/

Иргэн З.Б 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тус шүүхийн 2019 оны 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэрийг засаж залруулга, тайлбар хийх тухай” хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд шүүгч Ш.О-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/...8 дугаар албан бичгээр “...таны 2019 оны ...хүсэлтдээ ...миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хүсэлтээ тодруулж тайлбарлахдаа ...1980-1995 он хүртэл хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэсэн нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Шүүх таны хүсэлтээс зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ...” гэх хариу өгчээ. /с.х-ийн 44, 47 тал/

Түүнчлэн ... дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Н “2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 27 өдөр гаргасан байна. Прокурор Б.Н уг хүсэлтээсээ татгалзсаныг тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1../ШТ2022/...10 дугаар тогтоолоор түүнийг хүсэлтийг гаргаагүйд тооцож шийдвэрлэжээ. /с.х-ийн 48, 53-55 тал/

2. Сахилгын хэргийн тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.

Холбогдох шүүгчийн сахилгын зөрчил гаргасан эсэх талаарх үйл баримт нь 2019 оны 5 дугаар сарын 27 -ны өдрийн буюу дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн зүйлийн 135.2 дахь хэсэгт “эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал тогтоох” гэж тус тус зааснаар шүүгч Ш.О нь иргэн  З.Б-ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэжээ.

Мэдээлэл гаргагч шүүгч Ш.О нь “...иргэн З.Б-ын ажилласан жилийг тогтоохдоо цэргийн алба хаасан 3 жилийг хасаж, тракторын жолоочоор ажилласан хугацаа нь 11 жил 7 сар байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил, 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүртэл,...” гэх заалтыг ноцтой зөрчиж ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэрээр 14 жил 7 сар гэж тогтоосон” гэжээ.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэрт “...З.Б нь 1980 оны 6 дугаар сараас 1995 он хүртэл Завхайн аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05/504 тоот лавлагаа,  Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2..1 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7..4 дугаар лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/..8 дугаар тодорхойлолт, Д.Ц-ийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, гэрч С.Л-ийн мэдүүлэг, З.Б-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан шагнал, урамшууллын талаарх баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дурдсан байна. /с.х-ийн 41-42 тал/

Мөн иргэний хэргийн хүсэлт гаргагч З.Б-ын нэхэмжлэл, хавсралт баримтууд болон тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд З.Б 1978 оноос мал маллаж байхдаа 1980 онд тракторын  курс төгсөж, сар гаруй хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдан, 1984 онд цэргийн албаас халагдаж ирээд, 1984 оноос 1995 он хүртэл тракторын жолоочоор Завхан аймгийн Алдархаан сумын “Партизан Чойбалсан” мал аж ахуй, газар тариалан хосолсон нэгдэлд  ажиллаж байсан нь тогтоогдож байна. /с.х-ийн 14-34, 39-40 тал/

Цэргийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “хугацаат болон цэргийн гэрээт алба хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцно” гэж заасан.

Дээрхээс үзэхэд шүүгч Ш.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл илтгэгч гишүүний “...шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хуулийг хэрхэн хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэрлэсэн байдалтай холбоотой шүүгчийн үйл ажиллагааг ёс зүйн зөрчилд тооцохгүй талаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан зөрчил гарсан эсэхэд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй...” гэх санал хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзнэ.

Түүнчлэн ... дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Н 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ШШ2019/01..3 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлт гаргажээ. Прокурор тухайн иргэний хэрэгтэй танилцаад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах тухай хүсэлтээсээ татгалзах тухай” хүсэлт гаргасан байна. /с.х-ийн 53 тал/

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1../ШТ2022/...10 дугаар тогтоолоор прокурор дээрх  шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул түүнийг хүсэлт гаргаагүйд тооцож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 54-55 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан.

Шүүгч Ш.О нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчийн хараат бус байх, бүрэн эрхэд хамаарна.

Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Ш.О-д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2023/0083 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Ц.ДАВХАРБАЯР

Б.СУГАР