info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-30

Дугаар 77

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хэргийн оролцогч шүүгч С.Х, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0058 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... Иргэн С.Б-с ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж зогсонги байдалд оруулж, хариуцагчид давуу байдал бий болгосон, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног... шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш нийт 4 сар 12 хоног буюу 134 хоногийн хугацаа өнгөрсөн байхад шүүх хуралдаанаа товлоогүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд С.Б-н нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох 11,615,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд ... шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8037 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14498 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр товлон зарласан байх ба тус өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-н “үзлэг хийлгэх тухай”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох тухай” хүсэлтүүдийг хангаж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15112 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр захирамжаар хариуцагч “Д” ХХК нь 8.770.334 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгоно.

Дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасан зохицуулалт нь хуулийн илт тодорхой заалт мөн боловч  шүүгч С.Х-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасанд тооцох боломжгүй гэж илтгэгч гишүүн үзлээ. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүгч томилолтоор ажиллуулах санал хүргүүлэх тухай” 617 дугаар тогтоолоор 3 шүүгч томилолтоор ажиллуулах санал, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүгч хүсэх тухай” 578 дугаар тогтоолоор 2 шүүгч томилолтоор ажиллуулах санал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1649 дүгээр албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” 42 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч 1, шүүгч 13 орон тоотой ажиллахаар тогтоосон боловч ...8 шүүгч тасралтгүй шүүн таслах ажиллагааг явуулж байна. Тус шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн тоо өндөр, маргааны төрөл нь ээдрээ төвөгтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт томоохон аж ахуйн нэгжүүд олноор байрладаг төр захиргааны төв байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг зэрэг бодит нөхцөл байдлууд тус шүүхийн хэргийн ачаалал ихсэхэд нөлөөлж байдаг. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 832 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байгаагаас хугацаа хэтэрсэн хэрэг 320 буюу 40.9 хувийг эзэлж, нэг шүүгчид дунджаар 76 хэрэг, нэхэмжлэлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гээд 3 шүүгчийг сэлгэн томилж ажиллуулах хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2986 дугаар албан бичгээр “...Тус шүүхэд одоогоор 8 шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар тус шүүхэд 1110 хэргийн, 135 нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд дунджаар нэг шүүгч 156 хэрэг, нэхэмжлэлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Энэ тоон үзүүлэлт нь шүүгчийн ажиллах цаг хугацаа, бие махбодын чадамжийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй хирээс хэтэрсэн их ачаалалтай байгааг харуулахаас гадна Нийслэлийн иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаа бусад дүүргүүдийн шүүхүүдийн нэг шүүгчээс маш их ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна. Шүүгч нарын хувьд хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг анхаарч хүч бололцоогоо дайчлан амралтын өдрүүдэд болон ажлын цагаа өдөр бүр сунган 21 цаг хүртэл ажиллаж байгаа боловч 1 шүүгчийн гар дээрх хэргийн тоо ихээс хамаарч олон шүүх хурал зарлаж, улмаар хойшлогдсон шүүх хурал 21-28 хоногт дахин товлогдож байгаа, хэргийн оролцогч нараас маш их хүсэлт, гомдол гаргаж байгаа, шүүгчийн туслахууд олон хэрэгт нэгэн зэрэг ажиллагаа хийх боломжгүй байгаа гэх мэт тодорхой шалтгааны улмаас хэргийн хугацаа хэтрэлт ихсэж байна. 2020 онд дунджаар 1 шүүгч 67 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бол одоо дунджаар 1 шүүгч 159 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2, 3 дахин их ачаалалтай ажиллаж байна” гээд 5 шүүгч сэлгэн томилж ажиллуулах хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3541 дүгээр албан бичгээр дахин 5 шүүгч сэлгэн томилж ажиллуулах хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга хүргүүлэх тухай” 161 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тус шүүх 1274 хэргийн үлдэгдэлтэй, нэг шүүгчид дунджаар 159,2 хэрэг, нэхэмжлэл ногдож байна. Шүүгчдийн хувьд хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг анхаарч хүч бололцоогоо бүрэн дайчлан ажиллаж байгаа боловч нэг шүүгчид ногдох хэргийн тоо огцом өссөнөөс олон хэрэгт ажиллагааг явуулж байгаа, олон шүүх хуралдаан зэрэгцэн зарлагдаж улмаар нэг хэргийн шүүх хуралдаан 21-28 хоногийн давтамжтай, түүнээс урьд товлон зарлах боломжгүй байхаас гадна зарим тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх гэх зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд үүсэж байна” гээд 6 шүүгч сэлгэн томилж ажиллуулах захиалгыг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга хүргүүлэх тухай” 1283 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “...тус шүүх өнөөдрийн байдлаар 1519 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байгаа тул дунджаар нэг шүүгч 100-190 хэрэг, нэхэмжлэлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн ажиллах цаг хугацаа, ажиллах чадамжийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах боломжгүй, их ачаалалтай байна. ...Шүүгч нарын хувьд дунджаар 80 хэрэг, нэхэмжлэлтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах боломжтой гэж үзэж байна. Гэтэл 2, 3 дахин их хэрэг, нэхэмжлэлтэй байгаа тул тус шүүхэд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан 14 шүүгчийн орон тоогоор шүүгч ажиллуулах зүй ёсны шаардлага үүсээд байна” гээд 2 шүүгч сэлгэн томилж ажиллуулах захиалгыг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга хүргүүлэх тухай” 1896 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “...Шүүгч нарын хувьд хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг анхаарч, хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа боловч хугацаа хэтэрсэн хэргийн тоо 715 буюу нийт хэрэг, нэхэмжлэлийн 39,3%-ийг эзэлж байна. Тус шүүх өнөөдрийн байдлаар 1819 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэй байгаа тул дунджаар нэг шүүгч 108-210 хэрэг, нэхэмжлэлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн ажиллах цаг хугацаа, бие махбодын чадамжийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах боломжгүй их ачаалалтай байна” гээд 2 шүүгч сэлгэн томилж ажиллуулах захиалгыг тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн”, 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 70.2.2 “шүүхийг хүний нөөцөөр хангах” гэж заасан чиг үүргийнхээ дагуу ... анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлттэй шүүгчдийг хүсэлтээ ирүүлэхийг хүссэн зарыг удаа дараа өөрийн сайтдаа байршуулж байсан байх бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шүүгч Ж.Л, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар тогтоолоор шүүгч Б.Б, тус өдрийн 46 дугаар тогтоолоор шүүгч Н.Б нарыг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэвч ... шүүхийн тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 431 дүгээр албан бичгээр ирүүлсэн ... шүүхийн шүүгчдийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31, 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэсэн дэлгэрэнгүй судалгаанаас үзэхэд 2022 оны сүүлийн хагас жилийн байдлаар 1 шүүгч хамгийн ихдээ 348 нэхэмжлэл хүлээн авч, 180 хэргийн үлдэгдэлтэй, 2023 оны эхний улирлын байдлаар 1 шүүгч хамгийн ихдээ 178 нэхэмжлэл хүлээн авч, 204 хэргийн үлдэгдэлтэй, тухайн шүүх нийт 705 хугацаа хэтэрсэн хэрэгтэй, шүүгч С.Х-н тухайд сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 705 нэхэмжлэл хүлээж авснаас өргөдөл гаргагч С.Б-н нэхэмжлэл гаргасан цаг хугацаа буюу 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 345 нэхэмжлэл хүлээн авчээ. /хх2-43, 44-р тал/ 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/671 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2018 оны “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”-аас үзэхэд “...2017 оны 12 дугаар сарын байдлаар ... анхан шатны шүүхийн /12 шүүгчтэй/ нэг шүүгчид оногдох хэргийн тоо 345.7 гарсан байх ба дунджаар дүүргийн нэг шүүгч 310 хэргийг шийдвэрлэхэд 323 өдөр зарцуулж байгаа нь ачаалал харьцангуй ихийг харуулж байна, 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна...” гэж дүгнэсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөл, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн судалгааны багтай хамтран гаргасан шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал тооцох 2022 оны судалгаагаар “...иргэний хэргийн шүүгч жилд 209 иргэний хэрэг хянан шийдвэрлэх нь нэг шүүгчийн нэг жилд авах зохист ачаалал...” гэж санал гаргасан байна.

Дээрхээс үзвэл ... анхан шатны шүүх батлагдсан орон тооноос дутуу орон тоогоор ажиллаж байгаа, тухайн шүүхэд 3 шүүгч сэлгэн ажиллаад ч их хэмжээний ачаалал буураагүй,  жилд 209 иргэний хэрэг хянан шийдвэрлэх нь нэг шүүгчийн нэг жилд авах зохист ачаалал гэж үзвэл хагас жилийн хугацаанд 345 нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд тухайн хэргийг хуульд заасан хугацаандаа шийдвэрлээгүйг хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” болон “удаа дараа” зөрчсөнд хамааруулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай. 

         Хэдийгээр шүүгч шийдвэрлэж байгаа бүх хэрэгтээ чин сэтгэл гаргаж, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн тулд хүчин чармайлт гаргаж, зохион байгуулалттай шуурхай ажиллах нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг тогтоох, тухайн шүүгчид төдийгүй шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог ч хүний нөөцийн хангалтгүй шалтгааны улмаас хэтийдсэн их хэмжээний ачаалалтай ажиллаж, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлэх шалтгаан болж байгаа тохиолдолд хувь шүүгчээс өөрөөс нь хамаарсан гэж үзэх, шүүгчийг ур чадвартай, хичээл зүтгэлтэй ажиллах ёс зүйн зарчмаа зөрчсөнд буруутгах үндэслэлгүй билээ.

 Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1. “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1413 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ. 

Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ... шүүхийн шүүгч С.Х нь “Д” ХХК-д холбогдуулан гаргасан С.Б-н нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 181/ШЗ2022/08037 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 181/ШЗ2022/14498 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарлажээ.

Хэргийг хэлэлцүүлэхээр товлосон хугацаанд шүүх хуралдааныг явуулсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад хэргийн зохигч талуудаас гаргасан үзлэг хийлгэх, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байна. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/00059 дугаар захирамжаар “...Захирамжлах нь: 1.Нэхэмжлэгч С.Б хариуцагч "Д" ХХК-д холбогдуулан 11,615,615,000 /арван нэгэн сая зургаан зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагын 2,844,666 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч "Д " ХХК нь үлдэх 8,770,334 /найман сая долоон зуун далан мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж зохигчийн харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч С.Б өргөдөлдөө “...хариуцагчид давуу байдал бий болгож, ашигтайгаар тайлбарлан ашиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, үндэслэлгүйгээр сунгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна...” гэж дурджээ.

Шүүгч С.Х нь ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор баталсан  тухайн оны ээлжийн амралтын хуваарийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд амарч ажилдаа орсон, тухайн дүүргийн шүүхийн ачаалал маш их, холбогдох шүүгч 2022 оны 12 дугаар сарын байдлаар тухайн онд 703 нэхэмжлэл хүлээн авсан мөн шүүх хуралдааныг хэрэг үүссэн дарааллын дагуу товлон зарладаг болох нь шүүгчийн тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн сахилгын хэрэгт авагдсан баримтаар, С.Б-н нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох хэргийг 2022 оны 6 дугаар сарын 9-нд үүсгэж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг гардуулснаас хойш 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Гэвч иргэний хэргийн маргааны зохигч талууд тухайн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хөндсөн үр дагавар үүсээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан байх тул ноцтой гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай буюу хэрэг үүсгэсэн захирамж гарснаас хойш 94 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног...шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд тооцогдоно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж заасан заалтад хамаарах зөрчил нь ноцтой, эсвэл удаа дараа байх ёстой. Холбогдох шүүгч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн хэдий боловч дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд тухайн нөхцөлд гаргасан уг зөрчлийг ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд тухайлан заасан бусад зөрчлийг гаргасан гэж үзэхгүй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                              Б.СУГАР

ГИШҮҮН                                    Д.АРИУНТУЯА

 Ц.ДАВХАРБАЯР