info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-27

Дугаар 91

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2023/0078 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Д.Э, Б.М, “У” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/684 дүгээр Шийтгэх тогтоолоор шийдвэрлэж шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Б.М-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/167 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/684 дүгээр Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор тус хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “Дараах үндэслэл бий болсон тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож Сахилгын хороо шийдвэр гаргана”, 56.8.2-т “гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу ... шүүхийн шүүгч Д.Э, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2023/0016 дугаар тогтоолоор шүүгч нарыг шүүгчийн албан тушаалаас огцорсонд тооцсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж,

тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж,

тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хуулийн 55.1-д заасан сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээлэл /цаашид “өргөдөл, мэдээлэл” гэх/-ийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус зохицуулсанчлан Д.Э, Б.М нар нь Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2023/0016 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалаас огцорсон байх тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүгдэгч Д.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэж 2022/ШЦТ/684 дүгээр “Шийтгэх тогтоол” гарчээ.

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/167 дугаар магадлалаар дээрх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/684 дүгээр Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор тус хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор сахилгын хэргийн оролцогч болох шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗТ/2023/0016 дугаар тогтоолоор ... шүүхийн шүүгч Б.М, Д.Э нарыг шүүгчийн албан тушаалаас огцорсонд тооцсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж хуульчлан заасан байх бөгөөд холбогдох шүүгч нар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, тэдэнд ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдов.

Иймд илтгэгч гишүүний шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                            Б.СУГАР

ГИШҮҮН                                                  Д.АРИУНТУЯА

Ц.ДАВХАРБАЯР