info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-09-06

Дугаар 103

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож буй Б.Б нь ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн О.Номуулин хүлээн авч хянаад, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ГЗТ/2023/....6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Гишүүний дээрх захирамжийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч, гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд СХТ/2023/...3 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт сахилгын хэрэг үүсгэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу илтгэгч гишүүн сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2023/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын  хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “Өргөдөл гаргагч Б.Б нь ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгүүдэд заасан илт тодорхой зохицуулалтыг ноцтой зөрчиж татгалзагдсан шүүгч нар өөрсдөө оролцож татгалзал шийдвэрлэсэн, Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0...3 дугаар тогтоол гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, уг тогтоолд хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Б.Б-д холбогдох эрүүгийн 21...6 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг “...яллагдагч Б.Б нь шүүх бүрэлдэхүүний олонхыг буюу Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан” гэсэн үндэслэлээр хойшлуулсан, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0...3 дугаар тогтоолоор яллагдагч Б.Б-н хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4-т “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, 7-д “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж заасан ба ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнд ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нар оролцож яллагдагч Б.Б-н татгалзлыг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, зөрчсөн гэж дүгнэх үндэслэл мөн.  

Гэвч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан байх тул шүүгч Л.Н, Н.Э нарын гаргасан зөрчилд “ноцтой” болон “удаа дараа” гэх тухайлсан шаардлага хангагдаагүй гэж илтгэгч гишүүн үзлээ. Тодруулбал,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана” гэж заасан бөгөөд ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг болох нь нийтэд илэрхий үйл баримт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан ерөнхий зохицуулалт зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн, шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой, гэм буруутай  байж зөрчилд тооцогдох  бөгөөд тухайн шүүхэд өөр шүүгч байхгүй нөхцөл байдлын улмаас татгалзагдсан шүүгч нар өөрсдөө оролцож зөвлөгөөнөө хийснийг хуулийг ноцтой зөрчсөнд тооцохгүй.

Мөн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээс үзвэл зөвлөгөөнд оролцсон шүүгч нар яллагдагч Б.Б-н шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийн талаар тодорхой дүгнэж, ярилцаж шийдвэрлэсэн байх тул  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Шүүгч зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах, санал гаргах, хуралдаанд оролцох тэгш боломжоор хангагдах бөгөөд шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, шуурхай, үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн өдрийн зөвлөгөөний 0...3 дугаар тогтоолд хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ бичээгүй нь илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1...5 дугаар захирамжаар иргэн Б.Б-ийн өргөдлийн дагуу ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулсан, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 06 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар магадлалаар хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул өргөдөлд дурдсан “...шүүх хуралдаанд оролцож болохгүй шүүгч оролцож, улмаар гомдлыг минь хэрэгсэхгүй болгосон сөрөг үр дагавар үүссэн” гэж үзэх боломжгүй, ноцтой зөрчил биш байна.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн сахилгын хороо шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байгаа нь холбогдох хуулиудад заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаардаггүй билээ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчөөгүй гэх үндэслэлээр ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Н.Э, Л.Н нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Б.Б-г оролцуулан хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Б нь “...шүүгч Л.Н, Н.Э нарт холбогдуулан сахилгын хороонд өргөдөл гаргасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар сахилгын хэрэг хэрэг үүсгэж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх нөхцөл байдалд үндэслэн мөн хуулийн 51 дүгээр зүйлд шүүгчийн ашиг сонирхолын зөрчлийн зохицуулалт гэж, мөн зүйлийн 51.1-д шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдалд байгаа бол татгалзан гарах гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, 10.1 дүгээр зүйлийн 1.4-т өөрөө шууд бусаар уг хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол гэж тус тус заасны дагуу шүүгч Н.Э, Л.Н нарыг татгалзаж байна...” гэсэн хүсэлт гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг шийдвэрлэхээр хуралдааныг завсарлуулж, яллагдагч Б.Б нь шүүх бүрэлдэхүүний олонхыг буюу Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5, 6-д тус тус заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоол гаргасан.

...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3,-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” гэж тодорхойлсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан ашиг сонирхлын зөрчил “үүсэж болзошгүй” гэдгийг ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгохоор байна.

Гэтэл Б.Б нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн гэж тайлбарлаж байсан боловч тухайн шүүх хуралдаан болох үед сахилгын хэрэг үүсгэсэн тухай захирамж болон бусад ямар нэгэн баримт ирээгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгчийг татгалзан гаргахаар заасан. Яллагдагчаас шүүгч нарт холбогдуулан сахилгын хороонд гомдол гаргасан, сахилгын хэрэг үүсгэсэн шалтгаанаар хэргийн холбогдогчид таагүй хандах, хэрэг маргааныг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа нь тухайн хүний өөрийнх нь үзэл бодол юм.

Харин үнэхээр ийм хандлага гаргасан, үүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлсэн бол энэ нь шүүх хуралдааны үед хийгдсэн бичлэг гэх мэт баримтад үндэслэгдсэн байх ёстой гэж ойлгож байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нь шүүгчийн нэн тэргүүний үүрэг болохын хувьд шүүгч нь хэрэг, маргааныг Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн хэнээс ч хараат бусаар бие даан шийдвэрлэхээ илэрхийлж, тангараг өргөдөг ба шүүгч хуулиар хүлээсэн үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөх бодитой хүчин зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлүүд хэмээн хуульчилсан. Иймд татгалзан гарах бодитой үндэслэл байхгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ.”, 10.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй”, 10.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэж тус тус хуульчилсан байдаг.

Өргөдөл гаргагч Б.Б нь Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг татгалзсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр заасан. ...аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нар ажилладаг бөгөөд эдгээр шүүгчид тухайн шүүхэд хамаардаг. Шүүгчдийн зөвлөгөөн хийхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас тодруулахад хуулийн энэ заалтыг шүүхүүд өөр өөрөөр хэрэглэж байгаа, энэ талаар тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага байгаа учраас судалгаа хийгдэж байгаа, хуулийн энэ заалтыг өөрсдөө тайлбарлаад хэрэглэж байх нь зүйтэй гэсэн. Тийм учраас хуульд заасан хугацаанд хэрэг маргаан шийдвэрлэх үүргээ биелүүлэх шаардлагатай тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хийж яллагдагч Б.Б-ийн хүсэлтийг хэлэлцсэн. Шүүгчдийн зөвлөгөөнөөр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан Ерөнхий шүүгч, бусад шүүгч ирц бүрдүүлж оролцох эсэх талаар хуульд нарийвчлан заагаагүй, энэ талаар шүүхүүд нэгдсэн ойлголт байгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дэх заалтуудыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байсан учраас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан байдаг.

Тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн талаар хуулийг нэг мөр хэрэглэх талаар нэгдсэн ойлголт байгаагүй учраас хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

Иймд сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн СХТ/2023/...3 дугаартай тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Өргөдөл гаргагч Б.Б “...Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗТ/0...3 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэгт заасан “шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзагдсан шүүгч нар нь өөрсдөө оролцохгүй байх” талаарх хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн зөрчил” гэж үзэн өргөдөл гаргасан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрүүгийн 21...6 дугаартай хэрэгт ...аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/...4 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн яллагдагч Б.Б-н гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болжээ.

Товлогдсон 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022  оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ЕШЗ/..9 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Л.Н, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Н.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулж, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1...5 дугаар захирамжаар дээрх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц-ийг томилон оролцуулсан байна.

Яллагдагч Б.Б нь тухайн өдрийн шүүх хуралдаанд “...шүүгч нарын сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаар өргөдлийг миний бие Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд уг өргөдлийн дагуу сахилгын хэрэг үүсгэж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг татгалзан гаргах хүсэлт гаргаж байна” гэжээ.

Түүний хүсэлтийг шүүх хүлээн авч ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШТ/0..9 дүгээр тогтоолоор “...яллагдагч Б.Б нь шүүх бүрэлдэхүүний олонх буюу Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарыг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5, 6-д тус тус заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэтэл шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй” гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Тодруулбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу яллагдагч Б.Б-н хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /с.х-ийн 39-43 тал/

Яллагдагч Б.Б-н татгалзлыг тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэн, 2022/ШЗТ/0...3 дугаар тогтоолоор Б.Б-н шүүгч нарыг татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй буюу хүлээж аваагүй байна.

Тухайн тогтоолд тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нар гарын үсгээ зурж албажуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх боломжтой.

Гэвч өргөдөл гаргагч Б.Б-н “...миний өргөдөлд дурдагдсан нэр бүхий хоёр шүүгчээс өөр шүүгч ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажилладаггүй гэдгийг би сайн ойлгож байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээр нэр бүхий шүүгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгүүдэд заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг зөвтгөх шалтгаан болох ёсгүй...” гэсэн байгаагаас үзэхэд тухайн шүүхэд 2 шүүгч ажилладаг буюу Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нар ажилладаг нь нийтэд илэрхий үйл баримт болно. /с.х-ийн 9-11 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Зөвлөгөөн” гэх/ ажиллана” гэж зааснаар тухайн шүүх Б.Б-н татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөрөө шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 Түүнчлэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.Б-н “шүүх бүрэлдэхүүний олонхыг татгалзан гаргах тухай” хүсэлтийг тодорхой дүгнэсэн байна. Тодруулбал, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 0...3 дугаартай тэмдэглэлд “...Ерөнхий шүүгч Н.Э нь манай шүүхэд хоёр шүүгч буюу Л.Н шүүгч бид хоёр ажиллаж байгаа. Гэтэл уг хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон та бид хоёрыг татгалзсан байхад хоёулаа шүүгчдийн зөвлөгөөнөөр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдэг асуудлыг эхлээд шийдвэрлэх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа эсвэл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай, тухайн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр хуульчилсан...гэхэд шүүгч Л.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нийт шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр хуульчилсан байгаа учир уг асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна... Ерөнхий шүүгч Н.Э нь хуульд татгалзагдсан шүүгч шүүгчдийн зөвлөгөөнд оролцон хүсэлтийг шийдвэрлэх асуудалд санал өгөх асуудлаар хуульд тодорхой зүйл байхгүй байна. ...Тухайн шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэхээр хуульчилсан байхад зөвлөгөөнөөр шийдвэрлэхгүй байж болохгүй нөхцөл байдал үүсээд байна. Бид хоёр энэ асуудлаар санал өгөх эрхгүй гэж үзвэл манай шүүхэд өөр шүүгч томилогдтол энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Ийм байдлаас болж шүүгч томилогдтол энэ асуудлыг шийдвэрлэхгүй, мөн хэргээ шийдвэрлэхгүй байх нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй үр дагавар үүсэхээр байна. Иймд яллагдагч Б.Б-ийн татгалзлыг шийдвэрлье. Шүүгч Л.Н нь хэрэг маргаанаа шийдвэрлэх үүргээ биелүүлж татгалзан гаргах хүсэлтийг зөвлөгөөнөөр шийдвэрлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэлүүдийг тодорхой тусгасан бөгөөд эдгээр үндэслэлд бид 2 хамаарахгүй байна. Иймд Б.Б-н гаргасан хүсэлтэд дурдсан асуудал нь  дээрх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир яллагдагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах саналтай байна” гэх тэмдэглэгдсэн байна.

Энэхүү зөвлөгөөний тэмдэглэлээс үзвэл өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгчдийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “шүүгч Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцах, санал гаргах, хуралдаанд оролцох тэгш боломжоор хангагдах бөгөөд шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, шуурхай, үндэслэл бүхий байна”  гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд илтгэгч гишүүний “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан байх тул шүүгч Л.Н, Ерөнхий шүүгч Н.Э нарын гаргасан зөрчилд “ноцтой болон удаа дараа” гэх тухайлсан шаардлага хангагдаагүй” гэж үзсэн саналыг хүлээн авах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2023/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Э, шүүгч Л.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

С.ЭНХТӨР