info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-09-23

Дугаар 106

Улаанбаатар хот

 

Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,

шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, сахилгын хэргийн оролцогч Н.Д, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан ... шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ: “...Шүүгч Н.Д нь хариуцагч Улсын ... эмнэлгийн  өмгөөлөгч Д.Э болон гуравдагч этгээд “Ч” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э-тэй шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц хувийн дотно харилцаатай гэж бид байнга харддаг...” гэх үндэслэлийн тухайд шүүгч Н.Д-с ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас шүүгч Н.Д өмгөөлөгч Д.Э-тэй хувийн дотно харьцаатай гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

“...нээлттэй тендер шалгаруулалт хууль бус явагдсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан маш олон нотлох баримтаар тогтоогдсоор байтал, улмаар шүүхийн шийдвэртээ “тендер шалгаруулалт хууль бус” гэж шийдвэрлэсэн хэр нь тэднийг хамгаалж “У ба Ч” ХХК хоёр хоорондоо тендерийн гэрээ байгуулсан нь хууль ёсны” гэж үзэж шийдвэрлэсэн...”, “...шүүгч Н.Д нь үл тоон ... дээр дурдсан хуулийн илт тодорхой заалтуудыг мэдсээр байж дахиад л ноцтой зөрчсөн... шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэр нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 01-ны өдөр нэхэмжлэлээ багасгаж 2 шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 34 үндэслэл хэлэлцүүлж байхад зөвхөн 1 үндэслэлд шүүх дүгнэлт өгч, бусад 33 үндэслэлд дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан...” гэх үндэслэлүүдийн тухайд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин дээрх үндэслэлүүдийг нэхэмжлэгч дээд шатны шүүхээр хянуулах нь зүйтэй байна.

Харин “Шүүгч Н.Д нь 2021 оны 12 сарын 15-ны 872 дугаартай шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийн агуулгыг бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэл шийдвэрийн Үндэслэх хэсэгт огт байхгүй...” гэх үндэслэлийн тухайд ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0872 дугаар шийдвэртэй шүүх хуралдааны бичлэг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ТМ2021/3496 дугаар  шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр иргэн М.А оролцсон байх бөгөөд шүүх хуралдааны ирцэд танилцуулагдан, тангаргаа өргөж, мөн шүүх хуралдааны 02:16:33 секундэд дүгнэлтээ уншиж танилцуулсан болох нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт авагдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийн агуулгад заавал тусгах зүйлсийг заахдаа: 107 дугаар зүйлийн 107.1-т “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гээд 107.3-т “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана гэж тусгайлан заасан байна.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд  заасан шүүгчид хориглох  зүйлийн 50.1.40-д “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заажээ.

Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д: “Агуулга” гэдэг нь - үйл ажлын мөн чанар; ярианы гол санаа, сэдэв, утга агуулга гэж тайлбарласан,  “Тодорхой” гэдэг нь  -илт, илэрхий, тод; тодорхой ухагдахуун; саналаа товч бөгөөд тодорхой хэлэх; утга учир нь тодорхой; тодорхой санагдах; нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй; тодорхой ярих; тодорхой мэдэх; бодитой; тодорхой арга хэмжээ авах; тодорхой жишээ гэж тодорхойлсон байна.

... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0872 дугаартай  шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар гэх зэргийг тусгаж, иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийн агуулгыг буюу тайлбар тольд тайлбарласнаар дүгнэлтийн гол утга санааг бичээгүй байна.

Мөн дүгнэлтийн талаарх үндэслэлээ Үндэслэх хэсэгт тодорхой буюу толь бичигт тайлбарласнаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй тусгаагүй байна.

Шүүгч Н.Д шүүхийн шийдвэрийн төслийг боловсруулахдаа дээрх хуульд заасан тодорхойлох болон үндэслэх хэсэгт шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, дүгнэлтийн агуулгыг тусгаагүй байгааг бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Б, С.Г нар хянаж, засах үүргээ биелүүлээгүй байх ба шүүхийн шийдвэр хамтын шийдвэр тул бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар нэгэн адил зөрчил гаргасан гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан баримт, шүүгчдийн тайлбар зэргээс шүүгч Н.Д, М.Б, С.Г нар нь бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ... шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт шүүгчийн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч Н.Д Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч М.Б, шүүгч С.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргаж, шүүхийн шийдвэрийг бичиж боловсруулан, шүүх бүрэлдэхүүний саналыг тусган гарын үсэг зуруулж ёсчлуулсан байна. Шүүгч миний бие нь өмгөөлөгч Д.Э-г шүүгчээр ажиллаж байх үеэс таних боловч аливаа хэлбэрээр хувийн харилцаагүй бөгөөд тус хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэх бүх төрлийн нөхцөл байдал болон өөрөө татгалзан гарах хуульд заасан үндэслэл байгаагүй болно. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх  хуралдаан дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэж байсан. Тус шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, хэргийн оролцогчдын үндэслэлд дурдсан баримтуудыг шинжлэн судалсан ба шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдын тайлбарт дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч дүгнэсэн байдал, ямар үндэслэл, дүгнэлтийг тусгайлан заавал дүгнэн бичих шаардлагагүй талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн болно. Миний бие нь шүүхийн шийдвэрийг боловсруулахдаа иргэдийн төлөөлөгчийн (цахимаар оролцсон) шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийг бичээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн бөгөөд шүүхийн шийдвэрт бичсэн үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсан асуудлыг дүгнэн бичсэн болно...” гэжээ.

Шүүгч М.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шүүгч М.Б би “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд шүүх бүрэлдэхүүнд орсон байна. Тус хэрэг нь Н.Д шүүгчид хуваарилагдсан хэрэг бөгөөд тус хэргийн илтгэгч бөгөөд даргалагч нь шүүгч Н.Д байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн хэрэг хуваарилагдсан даргалагч шүүгч болон даргалагч шүүгчийн туслах бэлтгэдэг бөгөөд шүүгч М.Б би даргалагч шүүгчээс бичиж бэлдсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтэй танилцаж, хянаад тус шүүхийн шийдвэрт гарын үсэг зурсан болно. Тухайн хэрэг хуваарилагдсан шүүгчийн туслахын үйл ажиллагаанд тухайн шүүгч өөрөө хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч даргалагч шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг байхгүй. Бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн төслийг тухайн хэрэг хуваарилагдсан даргалагч шүүгч, даргалагч шүүгчийн туслах боловсруулж бэлтгэх чиг үүрэгтэй бөгөөд бүрэлдэхүүнд орсон шүүгч нарын тухайд үндэслэх хэсгийг хянаад гарын зурдаг болно. М.Б миний бие тус хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-тэй огт хамт ажиллаж байгаагүй бөгөөд танихгүй болно...” гэжээ.

Шүүгч С.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шүүгч С.Г би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон. Тус хэрэг нь дахин хэлэлцүүлэхээр ирж хуваарилагдахдаа шүүгч Н.Д-д хуваарилагдсан бөгөөд тус хэргийн илтгэгч, даргалагч нь шүүгч Н.Д байсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ миний бие хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд оролцож, хамтын зарчмаар зөвлөлдөх тасалгаанд шийдвэрийг гаргаж, даргалагч буюу илтгэгч шүүгчээс бичиж бэлдсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтэй танилцаж, хянаад шүүхийн шийдвэрт гарын үсгээ зурсан болно. Миний бие тус хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-тэй хамт ажиллаж байгаагүй бөгөөд танихгүй болно. Бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн төслийг тухайн хэргийн илтгэгч шүүгч, шүүгчийн туслах боловсруулдаг бөгөөд бүрэлдэхүүнд орсон шүүгч нарын тухайд үндэслэх хэсгийг хянаад гарын үсэг зурдаг болно. Тухайн шүүхийн шийдвэрийн тухайд тодорхойлох хэсэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийн бичилгүй орхигдуулсан байсныг анзааралгүй гарын үсэг зурсан байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар бичиж, дүгнэх асуудал нь шүүх хуралдаан даргалагч буюу илтгэгч шүүгчтэй холбоотой асуудал юм. Миний бие тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.40-д заасан шүүгчид хориглолттой заалтыг зөрчсөн үйл ажиллагаа, үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

            Шүүгч Н.Д Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө гаргасан тайлбаруудаа дэмжиж байна. Буруутгаж байгаа үндэслэлийн хүрээнд мэтгэлцэн оролцож байгаа энэ талаар гаргасан бүх үндэслэл тайлбараа дэмжиж байна. Бүрэлдэхүүн солигдоогүй байгаа учраас өмнөх үндэслэл, тайлбарыг анхаарч үзнэ үү. Тодорхойлох хэсэгт хүүрнэсэн байдлаар бичээгүй. Энэ үйлдэл нь субьектив санаатай, иргэдийн төлөөлөгчийг үл тоосон агуулга байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал, ажлын ачааллаас үүдэн орхигдсон. Үндэслэх хэсэгт харгалзаж дүгнэсэн, хүлээн авсныг бичсэн. Иргэдийн төлөөлөгч гэж үг оруулж бичээгүй ч гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт давхцаж дүгнэгдсэн байдаг. Сүүлийн үед практикт “иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь дээрх дүгнэлтүүдээр тогтоогдож байна” гэж бичдэг болсон. Тэгэхгүй бол дахин давтан бичих болдог. Энэ шийдвэрийн тухайд дүгнэгдсэн гэж үзэх боломжтой. Тодорхойлох хэсэгт бичээгүй гэж үзэн зайлшгүй сахилгын арга хэмжээ авна гэж үзэж байвал даргалагч шүүгч Н.Д надад арга хэмжээ авч өгөхийг хүсье. Субьектив санаатай үйлдэл биш тул оролцогч шүүгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Л.Б нар нь ... шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдуулан “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 50.1.23, 50.1.40-д заасныг тус тус зөрчсөн” гэж өргөдөл гаргажээ.  

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад өргөдлийн зарим хэсэгт хамаарах үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасныг зөрчсөн зөрчил гэж үзэж, нотлох дүгнэлт гаргасан байна.

“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 50.1.23-т заасныг зөрчсөн” гэх тухайд:

Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын ... эмнэлэгт холбогдох захиргааны хэргийг ... шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 12/ШШ2020/0199 дүгээр шийдвэрээр “...маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэснийг ... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаар тус хэргийг ... шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч нь “...шүүгч Н.Д нь өмгөөлөгч Д.Э-тэй шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц хувийн дотно харилцаатай (МУШТ 50.1.19) гэж байнга харддаг, ...шүүгч нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж ...давуу байдал бий болгосон (МУШТ 50.1.1), ...хуулийн илт тодорхой заалтыг мэдсээр байж дахиад л ноцтой зөрчиж (МУШТ 50.1.23), нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...шүүх хуралдаанд 34 үндэслэл хэлэлцүүлж байхад зөвхөн 1 үндэслэлд дүгнэлт өгсөн... гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан бөгөөд илтгэгч гишүүн дээрх үйл баримтад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Шүүгч нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргасан, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тул, хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн өргөдөлд, шүүгч Н.Д өмгөөлөгч Д.Э-тэй шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц хувийн дотно харилцаатай гэж байнга харддаг гэж дурдсан байх бөгөөд мөн өргөдөлдөө энэ талаар шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзсан талаараа дурджээ. Харин шүүгч Н.Д өргөдөлд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч талаас гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаныг хуульд заасан үндэслэл журмын дагуу Ерөнхий шүүгч  шийдвэрлэсэн гэжээ.

Дээрхээс үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан шүүх, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-т заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байх бөгөөд татгалзан гарах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-т заасан зөрчилд тооцогдохгүй. 

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчил буюу Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгаагүй гэх тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж, мөн хуулийн 66.9-д “Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж тус тус заажээ.

... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.А нь цахимаар оролцож  “Нэхэмжлэгчийн тендерийн багцад өгсөн үнийн дүн гуравдагч этгээдийн үнийн дүнгээс бага байсан. Мөн тендерийн үнэлгээний хороо хуралдахдаа амралтын өдөр хуралдсан гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна” гэж дүгнэлтээ хэлснээр шүүх хуралдаан завсарлаж байгаа нь 128/ТМ2021/3496 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл болон тус хуралдааны дуу, дүрсний бичлэгт бичигджээ.

Харин 0872 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэлээ” гэж бичсэн хэдий ч шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга дурдагдаагүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүх бүрэлдэхүүн нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй нь буюу  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, зөрчилд холбогдох шүүх хуралдааныг даргалсан ... шүүхийн шүүгч Н.Д-д сахилгын шийтгэл оногдуулж, харин шүүгч М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, ... шүүхийн шүүгч С.Г, М.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40, 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Н.Д-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай. 

3.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ                                   Х.ХАШБААТАР

            ГИШҮҮН                                  Ц.ДАВХАРБАЯР

                                            Б.СУГАР