info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2023-11-22

Дугаар 14

Улаанбаатар хот

           

Шүүгчид сахилгын шийтгэл

оногдуулсан магадлалын тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга А.Номин, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг /цахимаар/  нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

  Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ /2023/0111 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч Б.Алтанцэцэгийн гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0111 дүгээр магадлалаар: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Шүүгч Б.Алтанцэцэг магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо: “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг миний бие Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 сарын 10-ны өдрийн CXM/2023/0111 дугаартай "Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай" магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус магадлалын үндэслэх хэсэгт" шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д "хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" гэж заасныг зөрчсөн тул түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4-т заасны дагуу шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй..." гэж дүгнэсэн. Гэтэл сахилгын хорооны уг магадлал нь Шүүхийн тухай хууль /цаашид "ШтХ" /-ийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт "Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна." гэх заалтыг удирдлага болгон зохих ёсоор хэрэглээгүй буюу зөрчилд тохироогүй хэт хүнд шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгч миний холбогдсон сахилгын зөрчил нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт заасан зөрчил байх бөгөөд тухайн зөрчилд оногдуулах хариуцлагыг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт "нээлттэй сануулах" эсхүл “шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах" гэж тодорхойлсон. Харин магадлалаар оногдуулахаар тогтоосон "шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах" сахилгын шийтгэл нь эрх зүйн хариуцлагыг хөнгөнөөс хүнд рүү шилжих дарааллаар байрлуулсан хуулийн системчлэлийн дагуу Шүүхийн тухай хуульд заасан 5 төрлийн сахилгын шийтгэлээс хамгийн хүнд буюу огцруулах шийтгэлийн өмнө орох шийтгэл байна. Хугацааны хувьд зөрчлийн шинжээс шалтгаалан "гурав хүртэлх сар" буюу 1 хоногоос 90 хүртэлх хоногоор ногдуулахуйц байна. Эрх зүйн онолын хүрээнд "аливаа эрх зүйн хариуцлага нь тухайн эрх зүйн зөрчилд тохирсон" байх гэх агуулга бүхий шударга ёсны зарчим нийтлэг үйлчилдэг. Гэтэл дор дурдсанчлан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагавар, шүүгч миний хувийн байдал зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор авч үзэлгүйгээр ийнхүү хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хуульд заасан хамгийн дээд хугацаагаар ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал,

1.Сахилгын зөрчлийн шинж чанар, түүний улмаас үүссэн үр дагаврын тухайд: ШТХ-ийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт хуульчилсан "Хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" зөрчил нь 1) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын аль нэг талтай, 2) нөгөө талыг нь байлцуулахгүйгээр, 3) уулзах, харилцах бүрэлдэхүүнтэй байна. Энэхүү зөрчил нь субьектив шинж болох уулзсан, харилцсан санаа зорилго, объектив шинж болох үргэлжилсэн хугацаа, харилцааны агуулга, эргээд үүсгэж буй үр дагавраас тус тус хамаарч хэр зэрэг "ноцтой" болох нь тодорхойлогдоно. Миний хувьд тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан Б.Б-н нэхэмжлэлтэй Ц.Ц холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б-н  9400,,,,утасны дугаарт залгаж, шүүх дээр ирж уулзах боломжтой эсэхийг тодруулсан болно. Ийнхүү холбогдсон зорилго нь шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид шүүх бүрэлдэхүүнээс гаргасан захирамжийн агуулгыг танилцуулах, түүний хуулиар олгогдсон эрх, үүргийг нь тайлбарлан өгөх байсан ба өөрийн мэргэжлийн нэр хүндийг ашиглан өөртөө болон бусдад аливаа хэлбэрээр давуу байдал олгох гэсэн зүйлгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг "Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө" гэж заасан чиг үүргээ шүүх хуралдаан даргалагчийн хувиар хэрэгжүүлэх, хэргийн оролцогчийн мэдэх эрхийг нь хангах зорилготой байсан. Нөгөөтээгүүр миний бие хэргийн зохигч, бусад оролцогчдыг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй, садан төрлийн холбоогүйн дээр тухайн хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр хуваарилагдсан шүүгч биш учир анхан шатны шүүхээс гарах шийдвэр нь надаас үл шалтгаална. Үүний дээр 1 минут орчим үргэлжилсэн уг утсаар харилцсан яриа нь аливаа хэлбэрээр хэн нэгнийг гутаан доромжилсон, сүрдүүлсэн болон хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувийн ашиг сонирхлоор хандсан агуулгагүй байсан.

2.Шүүгчийн хувийн байдал, зан байдлын тухайд: Миний бие Монгол улсын шүүхийн байгууллагад нийт 32 дахь жил, анхан шатны шүүхийн шүүхэд (аймаг дахь сум дундын шүүх болон алслагдсан сум дундын шүүхэд 18 жил шүүгчээр, сүүлийн 9 жил ерөнхий шүүгчээр) шүүгч, ерөнхий шүүгчээр 27 дахь жилдээ ажиллаж байна. Ийнхүү ажиллах хугацаандаа хуулиар хүлээсэн чиг үүргээ шударгаар, хариуцлагатайгаар гүйцэтгэж аливаа хэрэг маргааныг гагцхүү хуульд захирагдаж, хараат бусаар хянан шийдвэрлэсээр ирсэн. Иймдээ ч би өмнө нь аливаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүйн зэрэгцээ ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр тууштай ажиллаж ирсэн минь үнэн болно. Мөн түүнчлэн, хэрэв миний холбогдсон тус зөрчил нь "хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" сахилгын зөрчлийн төрөлд ногдуулах хариуцлагын хамгийн хүнд шийтгэлийг, хамгийн урт хугацаагаар оногдуулахуйц “ноцтой" үйлдэлд тооцогдохуйц юм бол илүү ноцтойгоор илрэн гарах хэлбэрт ямар "ноцтой" шийтгэл ногдуулах нь тодорхойгүй үлдэнэ. Жишээлбэл, 1) хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч өөртөө эдийн болон эдийн бус давуу байдал үүсгэх зорилгоор 2) ажлын бус цагаар 3) шүүхийн байрнаас өөр газарт 4) хэргийн оролцогчтой урт хугацаатайгаар "биечлэн уулзсан" тохиолдолд шүүхийн сахилгын хорооны магадлалаар надад оногдуулсантай адил шийтгэл ногдуулах нь мэдээжээр шударга бус болно. Энэ нь эргээд хууль батлах үед практикт гарч болох бүхий л хууль бус үйлдэл, эс үйлдлийг тодорхойлон тус бүрд харгалзах шийтгэлийг нэг бүрчлэн тоочихын оронд ногдуулж болох ерөнхий хариуцлагын төрөл, хэмжээ заагийг тодорхойлж маргааныг хянан шийдвэрлэх субъектэд сонголтыг үлдээх замаар "шударга ёсны зарчим". "энэрэнгүй байх зарчим", "тэгш хандах зарчим”-ыг хангуулах хууль тогтоогчийн хүсэл зоригтой зөрчилдөх болов уу гэсэн бодрол байна. Миний бие шүүгчийн хувьд аливаа сахилга, ёс зүйн асуудлаас үргэлж зайлсхийж, шүүгчийн нэр хүндийг эрхэмлэн явахыг амьдралын чиг шугамаа болгож явдаг боловч ийм сахилгын зөрчил гаргасандаа туйлаас эмзэглэж, гэм зэмийг өөртөө агуулж явна. Мэдээжээр шүүгч, шүүхийн нэр хүнд хувь шүүгчээс, түүний хувийн дархлаанаас хамаардаг амьдралын алтан дүрэм миний энэхүү үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Гомдлын шаардлага.

Иймд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 сарын 10-ны өдрийн СХМ/2023/0111 дугаартай "Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай" магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг надад оногдуулсан шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж хөнгөн сахилгын шийтгэл оногдуулсан өөрчлөлтийг магадлалд оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СХМ/2023/0111 дүгээр магадлалд шүүгч Б.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг хангаж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 149/ШЗ2023/00817 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г-с  гаргасан хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, хариуцагчаас нотлох баримтыг албадан гаргуулж хэрэгт хавсаргах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хариуцагч Ц.Ц  нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг олгож, харин тухайн маргааны зүйлийг худалдах, бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, барьцаанд тавихыг хориглож шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-с гомдол гаргаж, тус гомдлыг хянан шийдвэрлэх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Алтанцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нар томилогдсон байх бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149/ШТ2023/00013 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Гомдлыг хянан шийдвэрлэх хуралдааны даргалагч шүүгч Б.Алтанцэцэгт холбогдуулан өмгөөлөгч А.Г Монгол Улсын шүүхийн Сахилгын хороонд гомдол гаргасныг Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ГНД/2023/0021 дугаар нотлох дүгнэлтээр шүүгч Б.Алтанцэцэгийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж дүгнэж,

Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0111 дүгээр магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд холбогдох шүүгч Б.Алтанцэцэг нь энэхүү зөрчлийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, оногдуулсан сахилгын шийтгэл болох шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасан сахилгын шийтгэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгөхийг хүсжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүгч Б.Алтанцэцэгийн гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасныг тус тус харгалзан түүний гомдлыг хангаж оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэн “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон өөрчилж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгийн гомдлыг бүхэлд нь хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СХМ/2023/0111 дүгээр магадлалын 1 дэх заалтын “шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

 

            ДАРГАЛАГЧ                                               Д.МЯГМАРЦЭРЭН 

            ГИШҮҮН                                                       О.НОМУУЛИН 

                                                                                   Б.СУГАР