info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2023-11-23

Дугаар 15

Улаанбаатар хот

Эсэргүүцлийг хангахгүй орхиж,

магадлалыг хэвээр үлдээх тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, холбогдох шүүгч С.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлалыг эс зөвшөөрч, илтгэгч гишүүний гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн эсэргүүцэлдээ: ...Сахилгын хэргийн холбогдох шүүгч М.Б, С.Г, Н.Дамдинсүрэн нарт холбогдох зөрчлийн хувьд ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0...2 дугаар шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар гэх зэргийг тусгасан байх боловч иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийг огт тусгаагүй.

Тус 0...2 дугаар шийдвэртэй шүүх хуралдааны бичлэг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .../ТМ2021/...6 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр иргэн М.А  оролцсон байх бөгөөд шүүх хуралдааны ирцэд танилцуулагдан, тангаргаа өргөж, мөн шүүх хуралдааны 02:16:33 секундэд дүгнэлтээ уншиж танилцуулсан болох нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан тэмдэглэл, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт авагдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулгад заавал тусгах зүйлсийг заахдаа 107.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3 дахь хэсэгт “тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж тусгайлан заасан.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “шүүгчид дараах зүйлийг хориглоно” гээд 50.1.40-д “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй”, тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заажээ.

Я.Ц-ийн “Монгол хэлний тайлбар толь”-д “агуулга” гэдгийг үйл ажлын мөн чанар; ярианы гол санаа, сэдэв, утга агуулга гэж тайлбарласан, “тодорхой” гэдгийг  илт, илэрхий, тод; тодорхой ухагдахуун; саналаа товч бөгөөд тодорхой хэлэх; утга учир нь тодорхой; тодорхой санагдах; нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй; тодорхой ярих; тодорхой мэдэх; бодитой; тодорхой арга хэмжээ авах; тодорхой жишээ гэж тодорхойлсон байна.

Мөн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ Үндэслэх хэсэгт тодорхой буюу толь бичигт тайлбарласнаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй тусгаагүй байх бөгөөд “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ” гэж товч тусгасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйл заасан шүүгчийн нийтлэг бүрэн эрхийн 16.1.4-т “хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох”, 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”,  22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна”, 22.7 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна”, 22.11 дэх хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана”, 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж тус тус зохицуулсанчлан шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгч нар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлсний үр дүнд гарч буй эрх зүйн үндсэн акт болох шүүхийн шийдвэрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн гаргах нь зүй ёсны шаардлага юм.

Шүүгч Н.Дамдинсүрэн дээрх шүүхийн шийдвэрийн төслийг боловсруулахдаа хуульд заасанчлан тодорхойлох болон үндэслэх хэсэгт шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, дүгнэлтийн агуулгыг тусгаагүй байгааг бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Б, С.Г нар хянаж засах үүргээ биелүүлээгүй байх ба шүүхийн шийдвэр хамтын шийдвэр тул бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар нэгэн адил зөрчил гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн шүүгч С.Г-ын Сахилгын хороонд ирүүлсэн тайлбарт “тухайн шүүхийн шийдвэрийн тухайд тодорхойлох хэсэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг бичилгүй орхигдуулсан байсныг анзааралгүй гарын үсэг зурсан байна” гэх, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хуралдаан даргалагчийн асуусан асуултад шүүгч Н.Дамдинсүрэнгийн “...тийм. Дүгнэлтийг үндэслэх ёстой, тодорхой бичээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа, үүн дээр маргахгүй” гэж хариулсан хариулт,  2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .8 дугаар хянан үзэх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгч М.Б-ийн “тусгах ёстой, энэ бол яалт ч гүй алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэх тайлбар, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанд шүүгч С.Г-ын “...тухайн  үед шинэчилсэн хууль мөрдөж басан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт байгаа эсэхийг онцолж хараагүй...”, шүүгч М.Б-ийн “...миний бие тодорхойлох хэсгийг хянаагүй нь үнэн...” зэрэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тодорхой бичээгүй гэдгээ холбогдох шүүгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд Улсын дээд шүүх 2 удаа Шүүхийн сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолыг хүчингүй болгож буцаахдаа шүүгч нарын гаргасан сахилгын зөрчлийг дүгнээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой буюу сахилгын хэргийн оролцогчийн сахилгын хэрэгтэй танилцуулах эрхийг бодитойгоор эдлүүлэх, сахилгын хорооны магадлалыг гардуулах ажиллагаанд гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулахтай холбоотойгоор хүчингүй болгосон.

Иймд сахилгын хэргийг хянан шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримт, 2 удаагийн сахилгын хорооны хуралдааны магадлал, 2 удаагийн Хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолоор холбогдох шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нар нь бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д "энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж, 66 дугаар зүйлийн 66.7-д “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж тусгасан нь шүүх бүрэлдэхүүн гэж тусгайлан заасан. Мөн  иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй байх тул дээрх зохицуулалтын дагуу бүрэлдэхүүнд орсон шүүгч нар болох С.Г, М.Б нар дээрх хуульд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг шүүгч Н.Дамдинсүрэнтэй нэгэн ижил гаргасан гаргасан байна гэж Шүүхийн сахилгын хорооны 2 удаагийн магадлал, 2 удаагийн хянан үзэх тогтоолоор дүгнэсэн. 

Гэтэл Сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлалын үндэслэх хэсэгт “...Дээрх нотлох баримтуудаас  үзэхэд шүүх бүрэлдэхүүн нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул...” гэж дүгнэсэн атлаа шүүгч Н.Дамдинсүрэнд сахилгын шийтгэл оногдуулж, шүүгч С.Г, М.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г, М.Б нарыг шүүхийн шийдвэрийг бүрэлдэхүүнээрээ шийдсэн, хамтын шийдвэр байсны хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчлийг бүгд гаргасан гэж үзэж байна.

Иймд эсэргүүцлийг Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүн хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцэл нь шүүгч нар шийдвэр гаргахдаа шүүх бүрэлдэхүүнээрээ хамтын шийдвэр гаргасан учраас бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээнэ гэдэг зарчим дээр тулгуурласан байгаа.

Тухайн сахилгын хэрэгт 2 удаагийн магадлал, 2 удаагийн хяналтын тогтоол гарсан. Мөн шүүгч нар нь өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасныг шүүх бүрэлдэхүүнээрээ гаргасан гэж үзэж байна. Шүүхийн сахилгын хорооны 2023 оны СХМ/2023/...6 дугаар магадлалаар шүүгч М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэж эсэргүүцэл гаргасан юм.

Нэмж хэлэхэд уг сахилгын хэргийг олон удаа хэлэлцэж байсан ба энэ хугацаанд гарсан үр дагавар нь захиргааны хэргийн шүүх шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийг дүгнэлтийг бүрэн хэмжээгээр нь оруулдаг практик тогтсон гэж харж байна. Тийм учраас эдгээр хүмүүсийн цаашид алдаа гаргахгүй байх тал дээр бүрэлдэхүүн өмнө нь дүгнэсэн. Миний хувьд сайн практик тогтсонд авууштай зүйл болсон гэж бодож байгаа гэв.

Холбогдох шүүгч С.Г хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх сахилгын хорооны хуралдаануудад гаргаж байсан тайлбаруудаа дэмжиж байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэрийг бүрэлдэхүүн үндэслэл хэсгээс хойшоо хэвлэгдсэн байдлаар цаасан хэлбэрээр хянасан юм. Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаад хязгаарлах заалтууд орсонтой холбогдуулаад иргэдийн төлөөлөгчийн дүгнэлттэй холбоотой бид хэд алдаа дутагдал гаргасан маань үнэн. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийг бичгээр авч хяналгүйгээр шийдвэрт гарын үсэг зурсан. Дахин алдаа гаргахгүй байх тал дээр цаашид анхаарч ажиллах болно. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны СХМ/2023/...6 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүний эсэргүүцлийг хянан үзэх хуралдаанаар хэлэлцээд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20 дахь хэсэгт заасан “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх...” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

1. Сахилгын хэргийн тухайд:

“С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Л.Б нар шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нарт холбогдуулан өргөдөл гаргажээ.

Өргөдөл нь зохих журмын дагуу Шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнд хуваарилагдаж, гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна. /1 дүгээр с.х-ийн 20-21 тал/

Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлт гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, 1..7 дугаар магадлалаар нотлох дүгнэлтийг хүлээн авч, шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр с.х-ийн 131-137 тал/

Холбогдох шүүгч нар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн, .8 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. /1 дүгээр с.х-ийн 140-144, 164-168 тал/

Холбогдох шүүгч нар хяналтын тогтоолыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар  хэлэлцэн, .../СХХТ2022/...4 дүгээр тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2022  оны 1..7 дугаар магадлал, .8 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасан байна. /1 дүгээр с.х-ийн 170-171, 216-225 тал/

Улмаар Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хорооны  хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж, СХМ/2023/...9 дүгээр магадлалаар шүүгч Н.Дамдинсүрэнд “нээлттэй сануулах”, шүүгч М.Б, С.Г нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл тус тус оногдуулжээ. /2 дугаар с.х-ийн 12-18 тал/

Магадлалыг эс зөвшөөрсөн шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нар хяналтын гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн, ХТ/2023/...5 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. /2 дугаар с.х-ийн 21-24, 26-27, 69-76 тал/

Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг эс зөвшөөрсөн холбогдох шүүгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар  хэлэлцэн, .../СХХШТ2022/...3 дугаар тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2023 оны СХМ/2023/...9 дүгээр магадлал, ХТ/2023/...5 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. /2 дугаар с.х-ийн 78-79, 124-129 тал/

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж СХМ/2023/...6 дугаар магадлалаар “...шүүгч нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд шийдвэр гаргахдаа нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргасан, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан шүүх, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт заасныг дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байх бөгөөд татгалзан гарах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан зөрчилд тооцогдохгүй. Харин ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул...” гэж дүгнээд харин шүүгч Н.Дамдинсүрэнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж, шүүгч М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /2 дугаар с.х-ийн 168-173 тал/

2. Сахилгын хэргийн оролцогч шүүгч нарын холбогдох зөрчлийн тухайд:

“С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Л.Б нар “шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0...2 дугаар илт хууль бус шийдвэр гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 50.1.23, 50.1.40, 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ. /1 дүгээр с.х-ийн 2-4, 19 тал/

Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаар “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтээр шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 50.1.23-т заасныг зөрчөөгүй, харин шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасныг зөрчсөн гэж үзсэн. /1 дүгээр с.х-ийн 113-118 тал/

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны .../ТМ2021/...6 дугаар тэмдэглэл, мөн өдрийн 0...2 дугаар шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан, мөн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргийг авч сахилгын хэрэгт хавсаргажээ.

Шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .../ТМ2021/...6 дугаар тэмдэглэлийн 15 дугаар талын 2 дахь догол мөрөөс даргалагч “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсъё” гэхэд иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгчийн тендерийн багцад өгсөн үнийн дүн гуравдагч этгээдийн үнийн дүнгээс бага байсан. Мөн тендерийн үнэлгээний хороо хуралдахдаа амралтын өдөр хуралдсан гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй санагдаж байна” гэх дүгнэлтээ танилцуулсан талаар тусгагдсан байна. /1 дүгээр с.х-ийн 96-111 тал/

Мөн шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх ба тус бичлэгийн 02 цаг 16 минут 33 секундээс даргалагч “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсъё” гэж, 02 цаг 15 минут 50 секундээс иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ танилцуулж байгаа нь бичигджээ. /1 дүгээр с.х-ийн 112 тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр М.А  цахимаар оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар 75.3 дахь хэсэгт “энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно” гэж зааснаар дүгнэлтээ танилцуулсан байх боловч шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “шүүх хуралдаанд ...иргэдийн төлөөлөгч М.А... нар оролцов” гэж тусгаж, ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга дурдагдаагүй, харин ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэлээ” гэж оруулснаас өөрөөр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гээд мөн зүйлийн 107.2 дахь хэсэгт “удиртгал хэсэгт”, 170.3 дахь хэсэгт “тодорхойлох хэсэгт”, 107.4 дэх хэсэгт “үндэслэх хэсэгт” юу тусгах, 107.5 дахь хэсэгт “тогтоох хэсэгт” юу тусгах талаар нэг бүрчлэн тус тусад нь тодорхой хуульчилсан.

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 4.1-д “анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэвэр, ...бичих арга зүйг тус тусын аргачлалаар нарийвчлан зохицуулна”, 4.3-т “шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг бүх шатны шүүхийн шүүгч хэлбэрэлтгүй баримталж, шүүхээс гарч буй аливаа эрхийн актын боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй”, тус тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын “Хоёр.Шийдвэрийн тодорхойлох хэсэг”-ийн 2.9-д “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бол дүгнэлтийн агуулгыг тусгана”, “Гурав.Шийдвэрийн үндэслэх хэсэг”-ийн 3.5-д “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгана” гэжээ.

Нэр бүхий шүүгч нар ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0...2 дугаар шийдвэрт иргэдийн төлөөлөгчийг дүгнэлтийг тусгаагүй нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ыг зөрчөөгүй. Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана”, 66.9 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж заасныг зөрчсөн байна.

Гэвч холбогдох шүүгч Н.Дамдинсүрэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “...Миний бие нь шүүхийн шийдвэрийг боловсруулахдаа иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтийг бичээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй боловч хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн. Шүүхийн шийдвэрт бичсэн үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсан асуудлыг дүгнэж бичсэн болно...” гэх,

шүүгч М.Б-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...даргалагч шүүгчээс бичиж бэлдсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтэй танилцаж хянаад гарын үсэг зурсан. Тухайн хэрэг хуваарилагдсан шүүгчийн туслахын үйл ажиллагаанд тухайн шүүгч өөрөө хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч даргалагч шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг байхгүй...” гэх,

шүүгч С.Г-ын мөн өдрийн “...шүүхийн шийдвэрийн тухайд тодорхойлох хэсэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичилгүй орхигдуулсан байсныг анзааралгүй гарын үсэг зурсан байна. ...Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичиж, дүгнэх асуудал нь шүүх хуралдаан даргалагч буюу илтгэгч шүүгчтэй холбоотой асуудал юм” гэх тус тус хариу тайлбарууд,

шүүгч Н.Дамдинсүрэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1..7 дугаар сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар талд “иргэдийн төлөөлөгчийн асуудалд хайнга хандаж, дутуу хандсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтийг үндэслэх ёстой, тодорхой бичээгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр маргахгүй” гэх, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдааны .8 дугаартай тэмдэглэлийн 10 дугаар талд “тодорхойлох хэсэгтээ яалт ч үгүй орхигдсон байгаа зөвшөөрч байгаа” гэх, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар талд “...шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй нь миний хайхрамжгүй байдлаас болсон. Үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн үгээр нь бичээгүй боловч ерөнхий үндэслэлүүдийг дүгнэсэн гэж тайлбарлаж байгаа...”, “...дүгнэхдээ иргэдийн төлөөлөгчийн үгээр бичээгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр дүгнэгдсэн...”, 8 дугаар талд “...үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд хариу өгсөн гэх байдлаар бичээгүй боловч дүгнэсэн. Тодорхойлох хэсэгт бичээгүй нь сахилгын шийтгэл оногдуулах ёстой гэж үзвэл энэ нь миний буруу” гэх, 

шүүгч М.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдааны .8 дугаартай тэмдэглэлийн 4 дүгээр талд “тодорхойлох хэсгийг хянаагүй нь үнэн, үүнийг шүүгч Н.Дамдинсүрэнгийн туслах хуулж тавих юм байсан...”, 8 дугаар талд “шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгах ёстой, энэ бол яалт ч үгүй алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэх, 10 дугаар талд "...Гарын үсгээ зурж байгаа юм чинь тухайн цаг үед хариуцлагагүй хандсан байна гэж үзэж байна” гэх, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талд “...шүүх хуралдаанд орох гээд завгүй байсан учраас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг хэвлээд ир гээд хянасан, тодорхойлох хэсгийг хянаагүй. Илтгэгч шүүгч буюу даргалагч шүүгчийн туслах тодорхойлох хэсгийг бэлдэж нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг хуулж тавьдаг. Тодорхойлох хэсгийг хянаагүй нь үнэн, үндэслэх хэсгийн эхэнд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн гэж бичсэн байсан...” гэх, 10 дугаар талд “аливаа зүйл сайн болон муу талтай байдаг. Бид шийтгэл хүлээсний сайн тал нь манай шүүх үүнд онцгойлон анхаардаг болсон. Бусад шүүгчид алдаа гаргахгүй урьдчилан сэргийлэх болсон нь сайн. Бидний хувьд сөрөг үр дагавар үүссэн боловч сайн тал байсан” гэх,

шүүгч С.Г-ын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар талд “...бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарын тухайд үндэслэх нь хэсгийг хянасан...”, 6 дугаар талд “шийдвэрийн үндэслэх хэсгийг хянаж гарын үсэг зурсан. Тодорхойлох хэсгийг хянаагүй” гэж тус тус хэлсэн тайлбаруудаас дүгнэхэд шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийг даргалагч шүүгч бичих бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана...” гэж зааснаар хамтын шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүний шүүгч нар шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгүүдийг хянасан байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Н.Дамдинсүрэн, М.Б, С.Г нар нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ тусгаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан зөрчил мөн гэж үзнэ.

Харин Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлалд зөрчил гэж дүгнэсэн атлаа шүүгч М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь буруу байх бөгөөд нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байх тул хяналтын тогтоолоор дүгнэлт хийх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,

Хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн зөрчилд холбогдогч шүүгчийн идэвхтэй үйлдлээр илэрч, үйлдэл болон гэм буруугийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байж зөрчилд тооцогдох учиртай. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй даргалагч шүүгчийн үүрэг бол бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар тухайн шүүхийн шийдвэрийг хянах үүрэгтэй гэж ойлгохоор байна.

Энэ хэргийн тухайд бүрэлдэхүүний шүүгч нар шүүхийн шийдвэрийг хянах үүрэгтээ хайнга хандсан байх боловч уг үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40 “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж заасан зөрчилд шууд гэм буруутай, үйлдэл гэм буруугийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, шүүгч нар өөрсдийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж бүрэлдэхүүний шүүгч М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж бүрэлдэхүүн дүгнээд илтгэгч гишүүний эсэргүүцлийг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХМ/2023/...6 дугаар магадлалыг хэвээр үлдээж, илтгэгч гишүүний эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                      ГИШҮҮН                   О.НОМУУЛИН

                                                       С.ЭНХТӨР