info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-10-09

Дугаар 110

Улаанбаатар хот

 

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин, ажиглагчаар өргөдөл гаргагч “С” ХХК-ийн захирал Н.Г нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

“С” ХХК-ийн захирал Н.Г-ын ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М, ....Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д, Ш.О, Ч.Ц нарт холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч хянаад, шүүгч Б.М, Г.Д нарт 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2023/...70 дугаар захирамжаар, шүүгч Ш.О, Ч.Ц нарт холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч хянаад мөн өдрийн ГЗБ/2023/0...8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасны дагуу гишүүний 2023 оны 6 дугаар сарын 21-ний ГЗБ/2023/0...4 дүгээр захирамжаар дээрх нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргүүдийг нэгтгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2023/0...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын өргөдлөөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М, ....Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д, Ш.О, Ч.Ц нарт сахилгын хэрэг үүсгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан шалгах ажиллагааг явууллаа.

  1. Шүүгч Б.М-ын хувьд: “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М нь хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна, 8.2-т Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй”, “... Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгчийг хуралд биечлэн оролцох мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх хурал болохоос нэг цаг гаруйн өмнө шүүгчийн туслах болон хариуцагч С.Х-д эхнэрийн зүрх зогссон талаар талаар мэдэгдэж, хуралд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалгаан үүссэн талаар мэдэгдсэн байдаг. Тухайн цаг хугацаанд эхнэр нь нас барсан байхад шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдэхгүй өөр зүйлийн талаар ярьсан байх боломжгүй...” гэх үндэслэлүүдийн тухайд:

Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2..8 тоот магадлалаар дээрх үндэслэлийг дүгнэсэн байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд илтгэгч сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана”, 106 дугаар зүйлийн 106.9-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус зохицуулсанчлан дээрх үндэслэлийг дахин дүгнэх, нотлох шаардлагагүй байна.

2. “... шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулж, архивт хадгална, 16 дугаар зүйлийн 16.1.3-т шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах гэх мэт хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл эс үйлдэхгүй гаргаж, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болго 50 дугаар зүйлийн 50.1.23-д хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан ...” гэх үндэслэлийн тухайд:

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйл “Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” зүйлийн 12.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулж, архивт хадгална”, 16 дугаар “Шүүгчийн нийтлэг бүрэн эрх” зүйлийн 16.1.3-т “шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах” гэж тус тус зохицуулжээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын 1.1-д “Шүүх хуралдааны танхимын камерыг /цаашид "камер" гэх/ зүй зохистой ашиглах, камерын компьютер, программ хангамжийн хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах, бичлэг хадгалахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 1.2-т “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газрын дарга хяналт тавин ажиллах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ. Дээрх хууль болон холбогдох журмын зохицуулалтаас үзвэл шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүргийг мэдээллийн технологийн мэргэжилтэн, түүнд хяналт тавин ажиллах үүргийг Тамгын газрын дарга хариуцахаар байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референт Б.А, Программ хангамж хариуцсан референт М.З нараас шүүх хуралдааны танхимыг бичлэгүүд устсантай холбоотой тодруулга авахад ирүүлсэн тайлбарт дурдагдсанаар “Мэдээллийн технологийн мэргэжилтэн нар ажлын хариуцлага алдсанаас болж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрсний бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын хэрэгжилтийг хангаж чадаагүй байна... мөн хүний нөөцийн тогтворгүй байдал нөлөөлсөн гэж үзэж байна... Удирдах албан тушаалтан тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга нарын шүүх хуралдааны бичлэг тогтмол хийгдэж байгаа эсэхэд байнгын хяналт сул, холбогдох журмын хэрэгжилт хангалтгүй байна” гэжээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ГЗБ/2023/...3 дугаар захирамжаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК, С.Х нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны бичлэгийг агуулж буй хатуу дискийг тус шүүхийн Тамгын газраас нотлох баримтаар гаргуулан авч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ГЗБ/2023/0...9 дүгээр гишүүний захирамжаар тус хатуу дискэнд мэдээлэл хадгалагдаж байгаа эсэх, сэргээх боломжтой эсэх, устгагдсан бол ямар шалтгааны улмаас устгагдсан талаар тодруулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд

А. Хурал-3, хурал-5 гэсэн тэмдэглэгээ бүхий хард дискийн хуваалтын хүснэгт буюу /disk partition/ устсан, мэдээлэл байхгүй хоосон. Хард-2 гэсэн тэмдэглэгээ бүхий хард диск техникийн гэмтэл байна.

Б. Шинжилж буй хурал-2, хурал-3, хурал-5 гэсэн хард дискүүдийн устгагдсан мэдээллийн шалтгаан, гадны нөлөө, хүний оролцоотой устсан эсэхийг тогтооход тухайн хард дискүүдэд мэдээлэл анх боловсруулсан хяналтын камерын төхөөрөмж байхгүй тул тогтоох боломжгүй.

          В. Хурал-3, хурал-5 гэсэн хоосон хард дискийг тусгай зориулалтын техник, программ хангамж, дүрс бичлэгийн мэдээлэл сэргээх аргачлал ашиглан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг хадгалагдаж байсныг илрүүлэх “jpg өргөтгөлтэй” нийт 138 ш зураг, 17 ш дүрс бичлэг сэргээж DVD дискид хуулбарлав” гэсэн байх ба тус хуулбарлан ирсэн дискэнд дуу чимээгүй бичигдсэн, нотлох баримтаар үнэлэх боломжгүй бичлэгүүд хадгалагдаж байсан болно.

Харин шүүгчийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах нийтлэг бүрэн эрхтэй гэж заасан, шүүгчийг үүрэгжүүлсэн заалт биш байх тул дээрх үндэслэлд шүүгчийг холбогдуулан шууд буруутгах боломжгүй байх хэдий ч шүүгч  нь хууль тогтоомжид заасны дагуу шүүн таслах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэний хэргийн оролцогчдын хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хангаж, шүүх хуралдаан явагдахад дуу-дүрсний бичлэг хийгдэж байгаа эсэхэд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байсныг дурдах нь зүйтэй.

3. “...Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Д нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус өмгөөлөгчөөр оролцож байсан бөгөөд хуулиар түүнд хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрх олгогдоогүй байхад Өмгөөллийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаа “С” ХХК-иас гаргуулахаар тодруулж, хариуцагч С.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байдаг үүнийг шүүх хүлээн авч зөвхөн “С” ХХК-иас нэхэмжилсэн шаардлагыг гаргуулж шийдвэрлэсэн...”, “хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчаас татгалзсан хууль бус хүсэлт гаргасан байхад шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан... нэхэмжлэлийн бүх шаардлагыг манай компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байхад тайлбар, нотлох баримт гаргах эрхийг минь хэрэгжүүлээгүй хуулийн илт тодорхой заасан зүйл заалтыг ноцтой зөрчсөн...” гэх үндэслэлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна”, 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, 34.2-т “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагчийн нэгнээс татгалзахдаа нэхэмжлэгчийн хажууд түүний зөвшөөрөлтэйгөөр татгалзсан, нэхэмжлэгч нь өмгөөлөгчийнхөө санал, зөвлөгөөг эсэргүүцээгүй болох нь тус ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1...3 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь нүүрэнд тэмдэглэгдсэн тэмдэглэлээс тогтоогдож байна.

Түүнчлэн, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0041/ШХТ2022/0...9 дүгээр тогтоолоор тус иргэний хэргийн магадлалд гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд өргөдөл гаргагч өмгөөлөгчтэй холбоотой гомдлоо шалгах эрх бүхий зохих байгууллагад хандан гаргах нь зүйтэй байна.

4. “... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар нь тус хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 тоот магадлалаар дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасанчлан ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/0...3 тоот шийдвэрийг гомдол гаргагчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн болох нь холбогдох шүүгчдийн тайлбар болоод ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 тоот магадлалаар тогтоогдож байна. Мөн тус магадлалд гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0041/ШХТ2022/0...9 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж зохицуулсанчлан шүүгчийн гаргасан шийдвэрийг хянах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээ эрх шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.

Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулахад өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Д, Ш.О, Ч.Ц нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Б.М тайлбартаа: “1.“С” ХХК-ийн захирал Н.Г-ын гомдолтой ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М надад холбогдох гомдлыг Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2..8 тоот магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, гомдол гаргагч Н.Г-ын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гомдолд дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна” гэж, 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж тус тус заасныг шүүгч намайг зөрчиж “С” ХХК- ийн гүйцэтгэх захирал Н.Г-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн утгатай гомдлыг урьд өмнө хянан шийдвэрлэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож дууссан тул миний бие Та бүхэнд гомдол гаргагчийн өмнө нь өгсөн гомдолд хариу тайлбар бичиж өгснийг үүгээр нотлох баримтаар хүргүүлж байна.

2. Мөн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь эхнэр нь нас барсан үйл баримттай холбоотой шүүгч, шүүгчийн туслахыг энэ талаар мэдсээр байж шүүх хуралдааныг хийсэн гэсэн агуулга бүхий гомдлыг мөн адил дурджээ. Гэвч уг гомдлыг Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16- ны өдрийн 2..8 дугаар магадлал, мөн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1..9 дүгээр саналд чухам юу болж өнгөрсөн талаар холбогдох нотлох баримтад үндэслэж хянан шийдвэрлэсэн байтал тэрээр дахин ийм агуулгатай гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгч би, гомдол гаргагч Н.Г-ын урьд өмнө гаргасан гомдолд болоод өнгөрсөн бүх зүйлийн талаар нотлох баримтын хүрээнд дэлгэрэнгүй тайлбар өгсөн тул Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2..8 дугаар магадлал бүхий хэргээс тухайн тайлбар болон бусад баримтыг энэхүү гомдолд нотлох баримтаар үнэлүүлэх хүсэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд гомдол гаргагч Н.Г-ын гомдлыг үзвэл шүүгч намайг 168.1.2-т “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж, 168.1.3-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн агуулга харагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК, С.Х нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119.810.355,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01...3 дугаар шийдвэрийг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 дүгээр магадлалаар хянаад өөрчлөлт оруулсан бөгөөд тус магадлалд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын одоо надад холбогдуулан гаргасан сахилгын гомдолд дурдсан хянан шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, дээд шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 39.936.758,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, харин анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах болон хуулиар олгогдсон бусад эрхийг зөрчөөгүй гэсэн бөгөөд Улсын Дээд Шүүхэд гаргасан хяналтын гомдлыг хүлээж аваагүй болно. Тиймээс миний бие ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 тоот магадлалыг уг гомдолд нотлох баримтаар үнэлүүлэх хүсэлтэй байна.

4. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г-ын гомдолд шүүгч Б.М намайг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгийг зориуд санаатайгаар устгасан гэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулж, архивт хадгална” гэж, мөн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах” гэж тус тус заажээ. ... Иргэний хэргийн анхан шатны шүүх нь тухайн үед шүүх хуралдааны 5 танхимтай байсан ба уг хэрэг явдал болсны дараагаар Н.Г-ын гомдлоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хяналт шалгалт явуулахад хэд, хэдэн шүүх хуралдааны танхимын бичлэг техникийн шаардлага хангаагүйгээс болж устсан гэсэн байсан.

Тодруулбал, зөвхөн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны танхимын дуу-дүрсний бичлэг устаагүй, үүнд хөндлөнгийн этгээд нөлөөлөөгүй бөгөөд шүүгч би техникийн мэргэжил, мэдлэгтэй биш учир ажиллаж байгаа дуу, дүрсний төхөөрөмж нь бичиж байгаа эсэх мэдэхгүй, тийнхүү бичигдсэн нь хожим устаж үгүй болох нөхцөл байдлын талаар мэдэх боломжгүй юм. Ийм учир Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референт Б.А, Программ хангамж хариуцсан референт М.З нараас ямар учир шалтгааны улмаас тус шүүхийн шүүх хуралдааны танхимын бичлэгүүд устсан талаар тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна.

5. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц нь өөрийн өмгөөлөгч Б.Д-ын хамт оролцсон бөгөөд хамтран хариуцагч С.Х-аас татгалзаж байгаагаа илэрхийлсэн өмгөөлөгчийнхөө санал, зөвлөгөөг нэхэмжлэгч тэрээр хүлээн зөвшөөрсөн учир татгалзаагүйн сацуу энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэйгээс гадна 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагчийг тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд үүнд хариуцагчийн зөвшөөрөл шаардагдахгүй.

Харин Өмгөөллийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд тус тус зааснаар өмгөөлөгч нь шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй бөгөөд хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хамтран хариуцагчийн нэгнээс татгалзаж байна гэсэн боловч тэрээр нэхэмжлэгчийн хажууд түүний зөвшөөрөлтэй хийсэн үйлдэл байсан, нэхэмжлэгч нь өмгөөлөгчийнхөө санал, зөвлөгөөг эсэргүүцээгүй тул энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнд тооцогдохгүй.

Тийм ч учраас ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 тоот магадлалаар дээр дурдсан хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/0...3 тоот шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж дүгнээгүй болно.

6. Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүгч миний бие хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хуваарилах журмын дагуу хүлээн авч, улмаар 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүгч С.А-ийн бүрэн эрх сэргэсэн байсан учир түүнд тус хэргийг шилжүүлсний дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хамтран хариуцагчаар С.Х-ыг оролцуулсан байдаг. Тодруулбал, хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь анхнаасаа энэ хэргийн хариуцагч этгээд хэн болох, тухайн компанийн эсрэг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 119.810.355,00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүссэн гэдгийг тус тус мэдэж байсан. Тус хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбараар арилжаа /аж ахуйн/-ны шинжтэй хэлцлийн харилцаанд компанийн ажилтан С.Х-ыг нэхэмжлэгч Ш.Ц нь хамтран хариуцагчаар оролцуулсан боловч хожим түүнээс татгалзан нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК, С.Х нараас 119.810.355,00 төгрөгийг тодорхой ногдох ХЭСЭГ буюу хувь зааж тэдгээрээс нэхэмжлээгүй, харин бүхэлд нь шаардаж байсан тул энэхүү нэхэмжлэл нь тэдгээрийн хэн алинд нь шууд хамааралтай. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хамтран хариуцагчаас татгалзах санал гаргахгүй гэж, үүнийг нэхэмжлэгч нь зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн үүнээс болж хариуцагч “С” ХХК нь дангаараа 79.870.573,00 төгрөгийг хариуцах болсон гэсэн нь ор үндэсгүй зүйл бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалын талаар маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 дүгээр магадлалаар дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянасан тул анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй. Нэмж тайлбарлахад Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын гадаад болон дотоод харилцааны талаар тодорхой зохицуулсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийг хамтран хариуцагч нараас бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардаж болно. Хэрэв нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК, С.Х нараас 119.810.355,00 төгрөгийг тодорхой ногдох хэсэг буюу хувь зааж нэхэмжилсэн бол аль нэг үүрэг гүйцэтгэгчээсээ татгалзаж, түүнд ногдох хэсгийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлэх тохиолдолд нөхцөл байдал өөрчлөгдөнө. Гэвч нэхэмжлэгч нь хамтран хариуцагч нараас 119.810.355,00 төгрөгийг тодорхой хэсгээр нэхэмжлээгүй, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь тэдгээрээс шаардаж байсан тул хариуцагч нарын хэн алинд нь шууд хамааралтай учраас хариуцагч нарт тодорхой хувь хэмжээ ногдох, ногдуулсан гэж ойлгох учиргүй. Энэ талаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус тодорхой заасан байдаг.

8. Эцэст нь учирлан тайлбарлахад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар шүүгч хүн аливаа хэрэг маргааныг үнэнч шударга, ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэснийхээ төлөө, энэ нь дээд шатны шүүхийн магадлал, тогтоолоор хянагдсан байхад хэргийн зохигч энэ мэтээр шүүгчид гомдол гаргаж байгааг туйлын ихээр гайхаж байна.

Тодруулбал, хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд шүүгч намайг болон тус шүүхийн Тамгын газарт ажилладаг ажилтан, албан хаагч нарт холбогдуулан удаа дараа үндэслэлгүй гомдол гаргаж, айлган сүрдүүлж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн талаар маргаж, шүүгч, шүүгчийн туслах, захиргааны ажилтнуудын тухай үнэн бодит байдалд огт нийцэхгүй зүйл ярьж, өш хонзон санасан мэт үйлдэл гаргаж, бидний тухай хүмүүст буруу ойлголт төрүүлж байгаад эмзэглэж байна.

Иймд Та бүхэн дээр дурдсан тайлбар болон холбогдох нотлох баримтыг үндэслэн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Г.Д тайлбартаа: “Шүүхийн сахилгын хороонд гаргасан “С” ХХК-ийн захирал Н.Г-ын гомдлыг хүлээн авч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК, С.Х нарт холбогдох хэргийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, 01...3 дугаар шийдвэр гаргажээ.

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч /захирал/ Н.Г-ын гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж 1..4 дүгээр магадлал гаргасан бөгөөд шүүгч Г.Д миний бие дээрх хэргийг илтгэсэн болно. Шүүгч би тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн ёс зүй болон Шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, бусдад давуу байдал олгоогүй. Анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд: “С” ХХК-иас 119.810.355 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагч “С” ХХК-ийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд: хариуцагчийн гомдлыг хангаж, “С” ХХК-иас 79.873.570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.936.785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулсан.

Дээрх хэргийн нэхэмжлэлд ...дүүргийн шүүх 2020 оны 5 дугаар сарын 21-ний иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэргийг 1 жил 19 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх журамтай боловч анхан шатны шүүх ковидын нөхцөл байдал болон хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Дээрх жил гаруй хугацаанд хариуцагч буюу “С” ХХК-ийн захирал Н.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж байсан бөгөөд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор “С” ХХК-ийн захирал Н.Г-ын гомдлоор Шүүхийн сахилгын хороо 2022 онд сахилгын хэрэг үүсгэн шалгаад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх суурь зарчим бол диспозитив буюу талуудын тэгш байх зарчим юм. Гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх нь давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй гэх гомдол үндэслэлгүй, шүүгч Г.Д би шүүгчийн ёс зүй болон Шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, бусдад давуу байдал олгоогүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Ш.О тайлбартаа: “Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119.810.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч Ш.О миний бие даргалагч шүүгчээр оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн нь тухайн хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан хэлэлцсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд 1 жил 19 хоног үргэлжилсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гаргахыг хуулиар хориглодог бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан үзэж үнэлэлт, дүгнэлт өгдөг. Анхан шатны шүүхээс С.Х-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох журамд нийцсэн” гэжээ.

Шүүгч Ч.Ц тайлбартаа: “... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01...3 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй “С" ХХК, С.Х нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд 1..4 дугаартай магадлал гаргасан. Шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно. Шүүгч Ч.Ц миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан эрхийн хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцож, гагцхүү хуульд захирагдаж хэргийг хянан шийдвэрлэсэн, хууль зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “С” ХХК-ийн захирал Н.Г “... шүүгч Б.М нь хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар сарын 8.1, 8.2, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчиж “С” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон. Шүүх хуралдаан болохоос 1 цаг гаруйн өмнө шүүгчийн туслах болон хариуцагч С.Х нарт эхнэрийн зүрх зогссон талаар мэдэгдэж, хуралд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн талаар мэдэгдсэн. Шүүгчийн туслахтай утсаар ярилцаж байх цаг хугацаанаас өмнө эхнэр маань нас барсан болно; нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хариуцагч С.Х-аас татгалзсаныг шүүх хүлээн авч “С” ХХК-иас нэхэмжилсэн шаардлагыг гаргуулж шийдвэрлэсэн; шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариуцагчаас татгалзсан эсэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзсан эсэхийг дуу-дүрсний бичлэгээс харах гэтэл тус хурал болсон танхимд бичлэг хийгдээгүй эсвэл зориуд санаатайгаар устгасан; шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа нэхэмжлэгчээс хариуцагч С.Х-аас татгалзах хүсэлт гаргасан мэтээр бичигдсэн;  шүүгч Г.Д, шүүгч Ш.О, Ч.Ц нар нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хариуцагчаас татгалзах эрхгүй этгээд татгалзсан... гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлээгүй зэрэг хуульд заасан тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байна.

1. Шүүгч Б.М-ын тухайд:

1.1. Шүүх хуралдаан болохоос 1 цаг гаруйн өмнө шүүгчийн туслах болон хариуцагч С.Х нарт эхнэрийн зүрх зогссон талаар мэдэгдэж, хуралд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн талаар мэдэгдсэн. Шүүгчийн туслахтай утсаар ярилцаж байх цаг хугацаанаас өмнө нас барсан болно гэх тухайд:

“С” ХХК-ийн захирал Н.Г 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд “... Шүүгч Б.М, Г.Д нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосноос Н.Г миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын дагуу эрхээ эдлэх боломжоор хангагдаагүй, шүүх хуулийг хэрэгжүүлээгүйгээс хэргийн нэг оролцогч хохирч, нөгөө оролцогчид давуу байдал үүсгэсэнд туйлын гомдолтой байна. ...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанаас өмнө буюу мөн өдрийн 13 цаг 40 минутад эхнэр Л.Э минь өвчний учир нас барсан. Энэ тухай шүүгчийн туслах М.Д, хамтран хариуцагч С.Х нарт утсаар мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эргэж надтай холбоо бариагүй, шүүгчийн туслах Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д заасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй. Тус шүүхийн шүүгч Б.М намайг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг явуулж, 01...3 дугаар шийдвэр гаргаж, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй эрхийг минь зөрчсөн...” гэх агуулгатай өргөдөл гаргаж байжээ. Уг өргөдөл нь тус хороонд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлтэй ижил агуулга бүхий байна.

Тухайн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдөлд гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1214 дүгээр захирамжаар шүүгч Б.М, Г.Д нарт сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1..9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргажээ.

Илтгэгч гишүүний саналыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэн, 2..8 дугаар магадлалаар шүүгч Б.М, Г.Д нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын  шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана” гээд 104.1.2-т “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэж заасан. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2..8 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тул дахин үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хариуцагч С.Х-аас татгалзсаныг шүүх хүлээн авч “С” ХХК-иас нэхэмжилсэн шаардлагыг гаргуулж шийдвэрлэсэн гэх тухайд:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч С.Х нар оролцсон байгаа нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр талын 3 дахь догол мөрт тэмдэглэгдсэн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар талын 18 дугаар догол мөрөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж, хариуцагч С.Х-аас татгалзжээ.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан эрхийг нэхэмжлэгч Ш.Ц эдлэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хариуцагч С.Х-аас татгалзаж байх үед нэхэмжлэгч Ш.Ц хамт байсан байна.

Түүнчлэн ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 дүгээр магадлалын 5 дугаар талын ХЯНАВАЛ хэсэгт “нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч “С” ХХК болон С.Х нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 119.810.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х-д холбогдох шаардлагаасаа татгалзан, хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ” гэж дүгнэжээ.

Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг дээд шатны шүүх буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн, хариуцагч С.Х-аас татгалзсан эсэхийг дүгнэсэн байна.

Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй болно.

1.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчаас татгалзсан эсэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзсан эсэхийг дуу-дүрсний бичлэгээс харах гэтэл тус хурал болсон танхимд бичлэг хийгдээгүй эсвэл зориуд санаатайгаар устгасан болон шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа нэхэмжлэгч хариуцагч С.Х-аас татгалзах хүсэлт гаргасан мэтээр бичигдсэн гэх тухайд:

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад гишүүний 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ГЗБ/2023/0...9 дүгээр захирамжаар “ Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байна. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, математик-программ хангамжийн инженер, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Д “Ш.Ц-ийн  нэхэмжлэлтэй, “С” ХХК, С.Х нарт холбогдох иргэнийг хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны бичлэг бүхий дискүүдэд бичлэг мэдээлэл хадгалагдаж байгаа эсэх, тус дискүүдэд бичигдсэн бичлэг устгагдсан тохиолдолд хэзээ, ямар шалтгааны улмаас устгагдсан, гаднын нөлөө буюу хүний оролцоо байсан эсэх, бичлэгийг сэргээж болох эсэх”-д дүгнэлт гаргажээ.

Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2...2 дугаар дүгнэлтээр:

  • ... шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хард дискийг тусгай зориулалтын төхөөрөмжид ажиллагаа хэвийн эсэх, мэдээлэл байгаа эсэхийг шалгахад хурал-3 гэсэн хард дискийн мэдээлэл хадгалах хуваалтын хүснэгт устсан, мэдээлэл байхгүй хоосон, хурал-5 гэсэн хард дискийн ажиллагаа хэвийн, мэдээлэл байхгүй хоосон, хурал-2 гэсэн хард диск тусгай зориулалт бүхий төхөөрөмжид уншигдахгүй тэжээлийн холболтын дохио байхгүй эд ангийн гэмтэлтэй,
  • ... устгагдсан мэдээллийг сэргээх зорилгоор тусгай зориулалтын программ хангамж ашиглан мэдээллийг боловсруулахад хурал-3 гэсэн хард дискинд 2021  оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүрс бичлэг хадгалагдаж байсныг илэрхийлэх камерын дэлгэцийн цагаар 2021-06-10 гэсэн тэмдэглэгээ бүхий 15 ширхэг “jpg өргөтгөлтэй зураг, 11 ширхэг manifest өргөтгөлтэй дүрс бичлэгийн мэдээлэл агуулах файл, Хурал-5 гэсэн хард дискнээс ...123 ширхэг “jpg өргөтгөлтэй зураг, 5 ширхэг manifest өргөтгөлтэй дууг сэргээх боломжгүй, дүрс бичлэгийн мэдээлэл агуулах файл. Хурал-2 гэсэн хард диск нь эд ангийн гэмтэлтэй байх тул программ хангамжийн түвшинд мэдээлэл сэргээх боломжгүй,
  • Хурал-2, хурал-3, хурал-5 гэсэн хард дискүүдийн устгагдсан мэдээллийн шалтгаан, гаднын нөлөө, хүний оролцоотой устсан эсэхийг тогтооход тухайн хард дискүүдэд мэдээлэл анх боловсруулсан хяналтын камерын төхөөрөмж байхгүй тул тогтоох боломжгүй” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “шүүгч нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах нийтлэг бүрэн эрхтэй” гэж заасан нь шүүгчид үүрэг болгосон зохицуулалт биш юм. Иймд шүүгч Б.М-ыг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хийгээгүй, эсвэл санаатайгаар устгасан, шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа нэхэмжлэгчээс хариуцагч С.Х-аас татгалзах хүсэлт гаргасан мэтээр бичсэн гэж буруутгах боломжгүй.

2. Шүүгч Г.Д, Ш.О, Ч.Ц нарын тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгч Ш.О уг шүүх хуралдааныг даргалж, Г.Д илтгэгч шүүгчээр, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Ц нарыг оролцуулан хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Тодруулбал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлан өөрсдийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэх эсэх, олонхын саналаар хэргийг хэрхэн шийдвэрлэх нь тэдэнд хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт болон давж заалдах гомдолд хавсаргасан баримтуудаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хариуцагчаас татгалзах эрхгүй этгээд татгалзсан, шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн байхад эзгүйд шийдвэрлэсэн гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлээгүй зэрэг хуульд заасан тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” гэжээ.

... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 дүгээр магадлалын 7 дугаар талын 2 дахь догол мөрөөс “... иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 жил, 19 хоногийн дараа...хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж , хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ. Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь эхнэрийн бие муудаж, нас барсан гэх агуулгаар гомдол гаргаж, холбогдох баримтыг давж заалдах гомдолд хавсаргасан байх боловч анхан шатны  шүүх хуралдаан болох өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд шүүх мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй” гэж дүгнэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5  дахь хэсэгт “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй...”, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэн өөрсдийн дотоод итгэлээр шийдвэрлэснийг зөрчил гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч “С” ХХК-ийн захирал Н.Г “шүүхийн шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлтийг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 210/ШТ2023/0..5 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж,  ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/01...3 дугаар шийдвэр, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1..4 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Б.М, Г.Д, Ш.О, Ч.Ц нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2023/0...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д, шүүгч Ш.О, Ч.Ц нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нарын болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                                                                                       ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

                                                                                                                                                                          О.НОМУУЛИН