info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-02

Дугаар 116

Улаанбаатар хот

 

    Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

                                   

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар өмгөөлөгч Ц.Г-ийн өргөдлөөр, .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0105 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

А.Б, Д.Т нар нь Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн багш ажилтны гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж .... акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах .... акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан нь .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А-д  2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуваарилагдсан байна.

Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4423 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Г 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тайлбар ирүүлсэн байна.  Шүүгч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4750 дугаар захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

.... хэргийн давж заалдах шатны шүүх дээрх захирамжид гаргасан  өмгөөлөгч Ц.Г-ийн  гомдлыг хянан хэлэлцээд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0573 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон, өмгөөлөгч Ц.Г нэхэмжлэлээ дахин ирүүлсэн, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5959 дугаар захирамжаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг .... хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд  0695 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

1.“... шүүгчийн 5959 тоот захирамжид нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэтээр илт худал зүйл бичсэн” гэх гомдлын талаар.

Нэхэмжлэгч нарын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар дээр дурдсанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0573 дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгосныг шүүгч хүлээн аваад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна. Үүний дагуу өмгөөлөгч Ц.Г 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж” ирүүлснийг .... хэргийн шүүхийн нэгдсэн системд бүртгэсэн, шүүгч мөн өдөр хүлээн авчээ.

Шүүгч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5959 дугаар захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авсан” гэж дурдсан нь “... илт худал” гэж үзэх үндэслэлгүй.

2.”... шүүгч анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах субьектив санаа зорилго агуулсан, маргаж буй асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа хожих оролдлого хийсэн”  гэх гомдлын талаар:

.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нэхэмжлэлд тусгах ба энэхүү шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч  7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгох, нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг буцаахаар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т зохицуулжээ.

Шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг 2 удаа тогтоож, улмаар 4750 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж маргааны зүйл нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой харилцаа байх тул .... хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Уг захирамжийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл буюу хариуцагч хуульд хэрхэн заасан ямар үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нэхэмжлэлд тусгагдаагүй, мөн хэзээ өгсөн өргөдөл, хүсэлт, шаардлагыг шийдвэрлээгүйтэй маргасан эсэх нь, хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, эсхүл хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж зөрчигдсөн, нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нарын эрх нь хэрхэн сэргэх нь тодорхой бус байхад шүүх бүрдүүлбэр хангуулах замаар нэхэмжлэлийн шаардлага,түүний үндэслэлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, ...” гэж дүгнэжээ.

Харин  5959 дүгээр захирамжаар  “... нэхэмжлэл гаргах эрхгүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүх захирамжийг хэвээр үлдээхдээ   “...иргэн нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд маргаж буй акт нь шүүхэд хандаж байгаа этгээд болох нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байх тухайн актын улмаас нийтийн эрхзүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхыг шаардах бөгөөд хуулийн энэхүү шаардлага хангагдаагүй нөхцөлд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хугацаа тогтоох, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас авахаас татгалзах үндэслэлийг хуульд тодорхой зохицуулсан тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хориглолтод хамаарахгүй.

Түүнчлэн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу хянасан, захирамж хүчинтэй байна. 

3.“...5959 тоот захирамжид  “ТОДОРХОЙЛОХ”  хэсэг бичигдээгүй,  “ХЯНАВАЛ” хэсэгтэй албажуулсан нь .... хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, онолын ноцтой алдаатай, .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0695 тоот тогтоолд энэ нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй” гэх гомдлын талаар.

.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-т "шүүгчийн захирамж" гэж .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг ойлгоно гэж тодорхойлсон.

Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1.-т заасан,  харин  шүүгчийн захирамж ямар бүтэцтэй байхаар хуульд нарийвчлан зохицуулаагүй байна.

Дээрх үндэслэлээр .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.

 

.... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А тайлбартаа: “ ... иргэн А.Б, Д.Т нараас Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн багш, ажилтны гаргасан хүсэлт гомдлыг шийдвэрлэж .... акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах .... акт гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах” нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4423 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон.

Нэхэмжлэл гаргагч нарын өмгөөлөгчийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах эрхтэйг хангалттай нотолж чадаагүй тул 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4750 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж уг захирамж нь нэхэмжлэл гаргагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0573 дугаар тогтоолоор хүчингүй болсон.

Дээрх давж заалдах шатны шүүхийн тогтоолын Хянавал хэсгийн 2.2-т заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоон, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийсэн.

Нэхэмжлэл гаргагч нарын өмгөөлөгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамжид заасан асуудал тодорхой болоогүй тул нэхэмжлэл гаргагч нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн 2023 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 5959 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0695 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн бөгөөд уг тогтоолын Хянавал хэсгийн 2.1-д "... нэхэмжлэл гаргагч нараас гаргасан ...шаардлагаар .... хэрэг үүсгэх эрх зүйн боломжгүй”, 3.1-д “...иргэн нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд маргаж буй акт нь шүүхэд хандаж байгаа этгээд болох нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байх, тухайн актын улмаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхыг шаардах бөгөөд хуулийн энэ шаардлага хангагдаагүй нөхцөлд түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.”, 4.1-д “... нэхэмжлэл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсгэхгүй, тэдгээрт чиглэсэн үйлчлэлгүй, ... үр дагавар бий болгохгүй, ... хуульд заасан ... зорилтод нийцэхгүй гэж дүгнэжээ. 

Гомдол гаргагчийн “... 5959 дүгээр захирамжид худалд зүйлийн бичсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4750 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0573 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо уг тогтоолын Хянавал хэсгийн 2.2-т заасан асуудлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсний дагуу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5673 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоон, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийсэн.

Уг захирамжийн дагуу нэхэмжлэл гаргагч нарын өмгөөлөгчөөс 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн байна.

Түүнчлэн гомдол гаргагчаас уг захирамжийг Хянавал хэсэгтэйгээр бичигдсэн нь .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн талаар гомдолд дурдсан.

Харин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 5959 дүгээр захирамжийг гаргахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан .... хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчөөгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлахгүй, 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг баримталсан. Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчөөгүй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ц.Г-ээс шүүгч Б.А-д холбогдуулан “ ... .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг ноцтой зөрчсөн, мөн илт худал зүйлийг 5959 тоот захирамж гаргахдаа бичсэн. ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан ... ” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авч, .... хэргийн шүүхийн нэгдсэн системд үзлэг хийн, мөн шүүгч Б.А нь тайлбараа ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

А.Б, Д.Т нар нь Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн багш ажилтны гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж .... акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шаардагдах .... акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.

Тус нэхэмжлэлийг .... дэх .... хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4423 дугаар захирамжаар “ ... Ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захиралд хариуцлага хүлээлгэх талаарх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан эсэхийг тодруулахгүйгээр .... хэрэг үүсгэх боломжгүй ... “ гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар тогтоожээ.

Дээрх захирамжийн дагуу өмгөөлөгч Ц.Г 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тайлбар гаргасан, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4750 дугаар захирамжаар “ ... нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй маргааны зүйл нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой харилцаа байх тул .... хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй ... “ гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Өмгөөлөгч Ц.Г нь дээрх захирамжид давж заалдах гомдол гаргаж,  .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 573 дугаар тогтоолоор .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4750 дугаартай захирамжийг хүчингүй болгож, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Үүний дараа нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5673 дугаар захирамжаар “ ... Боловсрол, шинжлэх ухааны сайд нь нэхэмжлэл гаргагч А.Б, Д.Т нарын хэзээ гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй гэж маргаж байгаа, хариуцагчаар тодорхойлсон этгээдээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа, уг шийдвэр гарснаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар тодруулах, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд хариуцагч хуульд хэрхэн заасан ямар үүргээ биелүүлэхгүй байгаа талаар тусгах шаардлагатай ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

Өмгөөлөгч Ц.Г нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5959 дүгээр захирамжаар “ ... А.Б, Д.Т нараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх захирамжийг өмгөөлөгч Ц.Г  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0695 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээжээ.

.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заажээ.

Холбогдогч шүүгч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5673 дугаар захирамжаар нэхэмжлэгчид бүрдүүлбэр хангуулж ирэх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар тогтоосныг өмгөөлөгч Ц.Г нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүрдүүлбэрээ хангуулж шүүхэд баримтаа ирүүлсэн нь “анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн 631 дүгээрт тэмдэглэгдсэн[1], мөн .... хэргийн шүүхийн нэгдсэн системийн “Хүлээн авсан огноо” хэсэгт “2023-07-17” гэж бүртгэгдсэн[2] зэргээр нотлогдоно.

Иймд холбогдох шүүгч нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5959 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “ ... нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авсан” гэж дурдсан нь “...илт худал” гэж үзэх үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгчийн 4423 тоот захирамжид дурдсанаас өөр үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4750 тоот захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар хугацааг тогтоож буй үндэслэл өөр, түүнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарласан үйл баримт өөр байхад үүнийг дүгнэсэн шүүхийг буруутгах үндэслэл холбогдох хуульд тусгагдаагүй. 

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хугацаа тогтоох, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас авахаас татгалзах үндэслэлийг .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “.... хэргийн харьяаллын бус”, 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж тодорхой зохицуулсан тул шүүгчийн энэхүү зохицуулалтын хүрээнд хийсэн үйлдэл хууль зөрчөөгүй байна. 

Түүнчлэн .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 573 дугаар тогтоолд “... нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл буюу хариуцагч хуульд хэрхэн заасан ямар үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нэхэмжлэлд тусгагдаагүй, мөн хэзээ өгсөн өргөдөл, хүсэлт, шаардлагыг шийдвэрлээгүйтэй маргасан эсэх нь, хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, эсхүл хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж зөрчигдсөн, нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгч нарын эрх нь хэрхэн сэргэх нь тодорхой бус байхад шүүх бүрдүүлбэр хангуулах замаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй ...” гэж дүгнэн 4750 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5959 дүгээр захирамжид “ ... А.Б, Д.Т нараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус захирамжийг давж заалдах шатны шүүхээс хянаж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтаар шүүгчийн хуульд нийцсэн үйлдэл тогтоогдож байна.

Холбогдох шүүгч нь “ ... 5959 тоот захирамжаар ХЯНАВАЛ хэсэгтэйгээр албажуулсан ... “ гэжээ.

.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж зааснаас шүүгчийн захирамжийн бүтцийг тухайлан зохицуулаагүй тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, илт тодорхой заалт гэдэг нь хуульд тусгагдсан, түүнийг өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй байхыг ойлгоно.

Нөгөө талаас уг шүүгчийн захирамжийн бүтцийг ҮНДЭСЛЭХ эсвэл ТОДОРХОЙЛОХ нь гэж бичсэнээс хамаарч эрх зүйн үр дагавар нь өөрчлөгдөхгүй бөгөөд тус захирамжид техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр байна.

Дээрхийг нэгтгэвэл, .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А-д холбогдох өргөдлийн, шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2023/0105 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, .... дэх .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ                                                  Ц.ДАВХАРБАЯР

             ГИШҮҮН                                               Х.ХАШБААТАР

                                                                            С.ЭНХТӨР

 

[1] Сахилгын хэргийн 46 дугаар тал

[2] Сахилгын хэргийн 47 дугаар тал