info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-21

Дугаар 127

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номинг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Э.Э ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2023/...4 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2023/....11 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагч нь “...Д.Я шүүгч уг хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй 1 жил гаран хугацаанд дарсан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .../ЕШ2021/0...9 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Э.Э-ны нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Я-ыг томилсон байх бөгөөд шүүгч Д.Я нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дараах ажиллагааг явуулжээ. Үүнд: 

     -Шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан, нөлөөллийн мэдүүлэгт хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулсан.

     -Нэхэмжлэгч Э.Э 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт ирүүлсэн.

     -2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2021/0...2 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн.

     -2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2021/0....5 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилсөн.

     -2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

     -2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчаас өмгөөлөгч оролцуулах, нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан. Тус өдрийн .../ШЗ2021/0...7 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

     -2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Ц.Б шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан.

     -2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч С.О-т эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, хэргийн материал танилцуулж, Тус өдрийн .../ШЗ2021/0...3 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

     -2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШЗ2021/...85 дугаар шүүгчийн захирамжаар Корона вируст халдварын цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдааны тов өөрчилсөн.

     -2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн .../ШЗ2021/...87 дугаар шүүгчийн захирамжаар Корона вируст халдварын цар тахалтай холбоотойгоор шүүх хуралдааны тов өөрчилсөн.

     -2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн.

     -2021 оны 5 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч Ц.Б хариу тайлбараа ирүүлсэн.

-2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2021/...80 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

-... хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар луу албан бичиг хүргүүлсэн.

-2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжид гомдол гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2021/...41 дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргаагүйд тооцсон байна.

-Улсын  ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр ирүүлсэн.

-2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2021/....27 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

-2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ц.Б-аас сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгийг хасуулах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байх бөгөөд шүүхээс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулсан.

-2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2021/...95 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

-2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс .../ШЗ2021/...95 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргасан.

-2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .../ШТ2021/...12 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

-... хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2..6 дугаар албан бичгийг “Х” ХХК-д хүргүүлсэн.

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3..2 дугаар албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4...8 дугаар албан бичгээр тус тус шинжээчийн дүгнэлтийг шаардсан.

-“Х” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/..4 дугаар албан бичгээр үнэлгээний тайлан гаргах хугацааг сунгуулах тайлбар гаргасан.

-... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2..3 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг шаардсан.

-“Х” ХХК-аас захирамжийг буцаах албан бичгийг ирүүлсэн.

-2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Э.Э-аас нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг ирүүлсэн.

-2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШЗ2022/...54 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

-2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээс хуралдааны товыг мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ222/....88 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан. 

 Шүүгч Д.Я нь тус хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 01 жил 28 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгч Д.Я-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

     Мөн өргөдөл гаргагч нь “...хэрэг маргааныг шийдвэрлэхгүй дарахдаа хариуцагчийн гаргасан хүсэлтийг бүгдийг нь хүлээн авч шийддэг хэр нь миний гаргасан хүсэлтийг огт харгалзан үздэггүй, хэт нэг талыг баримталдаг байсан болно. Тухайлбал : 2021 оны 5 дугаар сарын 25-ны хурлаар хариуцагч 777.500.000 төгрөг авчихвал болно гэж хэлсэн ба нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрвээ энэ тохиролцоог хүлээн зөвшөөрсөн бол маргаан дуусах байтал шүүгч өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдэж, шүүх хурлыг 2 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Хэргийн оролцогч нар харилцан тохиролцсон байхад дундуур нь орж ирж хэргийг будилаантуулсан гэж хэлж болно” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Б-аас “...нэхэмжилсэн байрнуудын болон компанийн үнэлгээг  мөн адил дутуу үнэлсэнтэй холбогдуулан шүүхээс шинжээч томилуулж, зах зээлийн үнэлгээг тогтоолгох” хүсэлт гаргасан. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч С.О-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгүүдийн болон компанийн хувьцааны асуудлаар үнэлгээ гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2021/...80 дугаар шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлд нэрлэн заасан 14 орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн .../ШЗ2021/...93 дугаар шүүгчийн захирамжаар ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэрлэн заасан зарим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийн талаарх лавлагаа баримтыг холбогдох байгууллагаас нэмж нотлох баримтаар гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Тус захирамжид нэхэмжлэгч Э.Э 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргаж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлоосоо татгалзсаныг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2021/...41 дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргаагүйд тооцож, дараагийн шүүх хуралдааныг  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр товлон хуралдуулж .../ШЗ2021/....27 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байна.

Дээрхээс үзвэл шүүгч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан холбогдох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг нэг талыг баримталсан, хууль зөрчсөн, хэрэг будилаантуулсан гэж буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад “...Даргалагч шүүгчээс: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал хүсэлт байна уу гэхэд Нэхэмжлэгч: Сөрөг нэхэмжлэлийн 1-4-т дугаарлагдсан хөрөнгүүдийг ногдох хөрөнгө гэж үзээд хариуцагчид өгөхийг зөвшөөрч байна гэв. Хариуцагч: Нэхэмжлэгчийн санал дээр эвлэрэх боломжгүй. Эвлэрэх саналаа ярилцаж байж хэлэхгүй бол яг одоо шууд хэлэх боломжгүй...” гэсэн нь  шүүх хуралдааны тэмдэглэлд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

Иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдоос эвлэрлийн гэрээг ирүүлээгүй болох нь тогтоогдож байх тул шүүгч Д.Я-ыг дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн өргөдөл гаргагчаас “2023 оны 6 сард дахин нэхэмжлэл гаргасан. Энэ үед шүүгч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдээгүй, тэмдэгтийн хураамжаа төлөөгүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Үүний дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэж, өөрөө тэмдэгтийн хураамжаа төлж өгсөн боловч 8 сард хэрэг үүсгэхээс татгалзан дахин буцаасан. ...хариуцагч өмнөх 2 жил шүүх хуралд ирдэггүй, гэр бүл салахыг зөвшөөрдөггүй, хэргийг шүүх дээр аль болох удаах сонирхолтой байсан гэдгийг шүүгч маш сайн мэдэж байсан. Яг энэ шалтгаанаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлагч энэ талаар тэмдэглэл үйлдсэн байхад заавал оролцуулахыг шаардсан нь ойлгомжгүй” гэжээ.

     Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Э.Э-аас Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан  байх бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүгч Д.Я хүлээн авч хянаад 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2023/....06 дугаар шүүгчийн захирамжаар “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч Э.Э-аас 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6..7 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг хавсарган Ц.Б-д холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2023/...84 дугаар захирамжаар ....../ШЗ2023/....06 дугаар шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Э.Э-аас гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШТ2023/...38 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...17 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Холбогдох шүүгч “...Нэхэмжлэгч Э.Э нь 2023 оны 5 дугаар сарын 29, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлд бидний хүүхдүүд насанд хүрсэн гэж дурдсан боловч хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч Э.Э-ны нэхэмжлэлийн агуулгад хүүхдүүд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй гэж дурдсан үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах үндэслэл байгаа болохыг тайлбарлаж, уг журмыг хэрэглэх боломжтой болохыг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид тайлбарлаж, дурдсан...” гэх тайлбарыг ирүүлснийг буруутгах боломжгүй.

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана”, 14.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал”, 65.2 дахь хэсэгт “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө”, 59.1 дэх хэсэгт “шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт хийх эрхгүй.

Мөн уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эрх зүйн үйлчлэлгүй болсны зэрэгцээ дээрх захирамжаас шалтгаалж хэн нэгэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Шүүгч Д.Я тайлбартаа:  “......хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я би Монгол Улсын шүүхийн сахилгын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн Э.Э-ны гаргасан гомдолд сахилгын хэрэг үүсгэх тухай гишүүний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2023/...4 дугаар захирамжтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

  1. Э.Э-ны нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байна.

Дээрх 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Б-ийн хаягийг ...тоот гэж тодорхойлсон бөгөөд тухайн хаягаар шүүхэд хүрэлцэн ирэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд баталгаат шуудангийн магадалгаанд “хаягт газар ийм хүн байхгүй” гэх тайлбар бичигдсэн, баг, хорооны тодорхойлолт хэсэгт “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” болохыг тухайн хорооны Засаг дарга тодорхойлсон байна.

Мөн шүүгчийн туслахаас нэхэмжлэлд дурдсан хариуцагчаар татагдсан Ц.Б-ийн 9.....0 дугаарын утас руу залгахад “ дуудлагыг аваагүй, тухайн дугаарт мессеж илгээсэн боловч хариу өгөөгүй байх тул нэхэмжлэгч Э.Э-д хариуцагчийн хаягийг тодруулж өгөх талаар мэдэгдсэнээр түүний өмгөөлөгч О.Б нь хариуцагч Ц.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .../Ш32023/....9 дугаар захирамжаар хариуцагчаар татагдсан Ц.Б-ийн оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 35 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

  1. “...2019 онд гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй 1 жил гаран хугацаанд дарсан...” гэх гомдлын тухайд:

Э.Э-ны нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зөвлөгөөний .../ЗТ2021/...51 дүгээр тогтоолын дагуу хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулснаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9 цагт, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 9 цагт, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 10 минут, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минут, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 11 цаг 30 минут, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минут, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад тус тус товлон, хэргийн оролцогч нарын хүсэлт, коронавирус цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор дээрх товлогдсон шүүх хуралдаан хойшлогдсон. Мөн хариуцагч Ц.Б-ийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, уг захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шүүхийн тогтоол гарснаар шинжээчээр томилогдсон “Х” ХХК-нд захирамжийн хувийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2..6 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна. Гэтэл “Х” ХХК нь үнэлгээ хийгдэх хөрөнгүүдийг үзүүлэх талаар нэхэмжлэгч Э.Э, түүний өмгөөлөгч нарт удаа дараа хүсэлт гаргасан боловч хөрөнгүүдийг үзүүлээгүй, үзэх боломж нөхцөлөөр хангахгүй байгаа үндэслэлээр шинжээч томилсон захирамжийг буцаах тухай 01/..8 дугаартай албан бичгийг шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч Э.Э нь нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн шүүгчийн .../Ш32022/...54 дугаар захирамж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарч, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.

“...2021 оны 5 дугаар сарын 25-ны хурлаар хариуцагч 777,500,000 төгрөг авчихвал болно гэж хэлсэн ба нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ энэ тохиролцоог хүлээн зөвшөөрсөн бол маргаан дуусах байтал шүүгч өөрийн санаачлагчаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдэж шүүх хурлыг 2 сарыг хугацаагаар хойшлуулж, хэргийн оролцогч нар харилцан тохиролцсон байхад дундуур нь орж ирж хэргийг будилаантуулсан...” гэх гомдлын тухайд:

2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх зорилгоор шинжээч томилуулж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт, хариуцагч Ц.Б-ийн гадаад паспортын хуулбар гэх 4 хуудас баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаантай байдал нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудад эвлэрэх санал хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч нь ...сөрөг нэхэмжлэлийн 1-4-т дугаарлагдсан хөрөнгөнүүдийг ногдох хөрөнгө гэж үзээд хариуцагчид өгөхийг, нэмээд зуслангийн байшинг өгөөд эвлэрэх санал гаргасныг... хариуцагч нь эвлэрэх боломжгүй гэснээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны өмчлөгчийн талаарх  баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 777,500,000 төгрөг хэдэн төгрөг болоод байгаа нь ойлгомжгүй байна гэх хариу тайлбарыг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд тусгасан хэмжээнд зөвшөөрч байгаа, нэмэгдүүлсэн шаардлагаа 163,952,000 төгрөг гээд хураамжаа ч 163,952,000 төгрөгөөс тооцож төлсөн байна. Тийм учир энэ хэмжээнд нь зөвшөөрч байна гэх хариу тайлбар гаргасан, хариуцагчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт гаргаагүй тул хариуцагч талын гаргасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлтийг хангаж, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж зохицуулсан.

Хэргийн оролцогчид хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой шаардлага дээр харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй боловч хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Э.Хачиунд ногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд гэрлэгчид эвлэрэн хэлэлцээгүй, энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй болно.

“...эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн...” гэх гомдлын тухайд Нэхэмжлэгч Э.Э нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн .../Ш32023/...06 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн агуулгад хүүхдүүд бүгд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй гэж дурдсанаар Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж болохыг, нэхэмжлэлд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг хавсаргасан байх боловч нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлээ татан авсан, 2023 оны 05 дугаар сарын 29- ний өдөр дахин гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн агуулгаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дурдсан.

Харин 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 6..7 дугаартай тэмдэглэлийг хавсаргасан байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нөхцөл байдал нэхэмжлэлийн агуулгаас тогтоогдохгүй байна гэж үзэн мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

“...манай хүү 18 нас хүрээгүй байхад захиргааны журмаар салах хуулийн боломжгүй байхад захиргааны журмаар салах боломжоо ашиглаагүй гэж дурдсан нь өөрөө хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа болсон. Шүүгч намайг хууль зөрчихийг даалгаж шийдвэрлэсэн...” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч Э.Э нь 2023 оны 5 дугаар сарын 29, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлд бидний хүүхдүүд насанд хүрсэн гэж дурдсан боловч хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч Э.Э-ны нэхэмжлэлийн агуулгад хүүхдүүд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй гэж дурдсан үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах үндэслэл байгаа болохыг тайлбарлаж, уг журмыг хэрэглэх боломжтой болохыг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид тайлбарлаж, дурдсан бөгөөд гэрлэгчид ямар хугацаанд хамт амьдарсан, ямар хугацаанд тусдаа амьдарсан болон эвийн журмаар гэрлэлтээ цуцлуулах боломжтой эсэх зэрэг нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хэлэлцэгдэх хэргийн үйл баримтын асуудал байна.

Шүүгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн хувийн эрх зүйн маргаанд оролцох нэхэмжлэгчийн онцгой эрхийг хязгаарлаагүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг арилгаж, хэдийд ч нэхэмжлэлийн шаардлага гаргах, гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, багасгах зэрэг эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм. Дурдсан үндэслэлүүдээр шүүгч Д.Я миний бие уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гомдолд дурдсанчлан хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

Иймд шүүгч Д.Я надад үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч иргэн Э.Э нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж 1 жил  гаруй хугацаанд хэргийг дарсан; хариуцагчийн гаргасан хүсэлтийг бүгдийг хүлээн авч шийдвэрлэдэг, харин миний гаргасан хүсэлтийг огт харгалзан үздэггүй, нэг талыг баримталдаг; шүүгч өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 2 сараар хойшлуулсан буюу хэргийн оролцогч нар харилцан тохиролцсон байхад дундуур орж хэргийг будилаантуулсан; шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргахад шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба зохих ажиллагаануудыг явуулсан боловч дахин иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан зэрэг нь шүүгч Д.Я нь хэт нэг талд үйлчилдэг, хэрэг маргааныг шийдвэрлэлгүй удааж дардаг, захирамжаа хууль зөрчиж гаргадаг, өөр өөрийгөө үгүйсгэн шийдвэр гаргадаг” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /1 дүгээр с.х-ийн 1-2 тал/

Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа өргөдлийг хүлээн авч, сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад “...шүүгч Д.Я нь тус хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 01 жил 28 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Гэхдээ сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй; шүүгч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан холбогдох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг нэг талыг баримталсан, хууль зөрчсөн, хэрэг будилаантуулсан гэж буруутгахгүй; иргэний хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдоос эвлэрлийн гэрээг ирүүлээгүй болох нь тогтоогдож байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй; шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Мөн Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт хийх эрхгүй...” гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна. /1 дүгээр с.х-ийн 239-250 тал/

1. Илтгэгч гишүүний “шүүгч Д.Я нь тус хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 01 жил 28 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж үзсэн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ...хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нь тус шүүхийн шүүгч Б.Ц-д хуваарилагдаж, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2019/...55 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /1 дүгээр с.х-ийн 35-37 тал/

Шүүгч Д.Я нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар зарлигаар тус шүүхэд шилжин томилогдсон тул ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .../ЗТ2021/...51 дүгээр тогтоолоор тухайн иргэний хэрэг нь шүүгч Д.Я-д хуваарилагдсан байна. /1 дүгээр с.х-ийн 38-39 тал/

Улмаар шүүгч Д.Я-ын явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналын 7-8 дугаар талуудад нэг бүрчлэн тоочин дэлгэрэнгүй бичжээ. /1 дүгээр с.х-ийн 239-250 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “нотлох баримт хасуулах тухай” хүсэлт, шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2021/...93 дугаар болон 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2021/...95 дугаар захирамжуудыг эс зөвшөөрч гомдлууд гаргаж байсан буюу1 хүсэлт, 2 гомдол гаргаж байсан байна. /1 дүгээр с.х-ийн 44-45, 120, 143-146 тал/

Харин хариуцагч талаас “шинжээч томилуулах тухай” хүсэлт 2, “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай” 1, “ковидын шинж тэмдэг илэрсэн тул шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт 1, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ийн “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт 1, хариуцагч Ц.Б өмгөөлөгч Б.Э-ээс татгалзан, өмгөөлөгчөөр С.О-ийн авсан бөгөөд өмгөөлөгч С.О-ийн “хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт 1 нийт 6 хүсэлт гаргаж байжээ. /1 дүгээр с.х-ийн 51-52, 60, 79-87, 128-129, 131-132, 139-142 тал/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ковид-19 цар тахлын улмаас шүүх хуралдааны товыг 3 удаа өөрчилж байсан байна. /1 дүгээр с.х-ийн 49-50, 73-74, 75-76 тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд иргэний хэрэг нь шүүгч Д.Я-д 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжин, Ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн .../ЕШ2021/...39 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Я-ыг албажуулснаас хойш 9 удаа шүүх хуралдааныг товлон зарлаж тухай бүр хүсэлтүүдийг хэлэлцэн, шүүх хуралдаануудыг хойшлуулж байсан ба 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. /1 дүгээр с.х-ийн 49-50, 58-59, 70-72, 73-74, 75-76, 115-118, 128-129, 139-142, 165-168 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуульчилсан байх ба мөн зүйлийн 25.1.3-т “...шинжээч томилуулах ...нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 25.1.6-д “шүүхийн шийдвэрт гомдол гаргах”, 25.1.8-д “хуульд заасан бусад эрх” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь дээрх эрхийхээ хүрээнд нотлох баримт хасуулах тухай хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжуудыг эс зөвшөөрч, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байсан бол хариуцагч тал мөн зүйлийн 25.1.3, 25.1.8-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг гаргаж байжээ.

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, ...эрхтэй”, мөн зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь ...сөрөг нэхэмжлэл гаргах, ...эрхтэй”, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус зааснаар сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан байна.

Иймд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгчээс шалтгаалан удаашраагүй байна гэх илтгэгч гишүүний санал нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий болжээ.

2. Илтгэгч гишүүний “2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулснийг нэг талыг баримталсан, хууль зөрчсөн, хэрэг будилаантуулсан гэж буруутгахгүй” гэх дүгнэлтийн тухайд:

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг бүгдийг нь хүлээн авч шийддэг хэрнээ миний гаргасан  хүсэлтийг огт харгалзан үздэггүй хэт нэг талыг баримталдаг...” гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, мөн зүйлийн 6.4 дэх хэсэгт “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасан.

Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч, хариуцагч талуудаас гаргах хүсэлтийг хязгаарлах эрхгүй боловч тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх хуулиар олгогдсон эрх юм.

Иймд шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг нэг талыг баримталсан, мөн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн дээр дурдсанчлан иргэний хэргийн хариуцагч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар 2019  оны 12 дугаар сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан байна.

Өргөдөлд дурдагдсан 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч нь “сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах бөгөөд нэрлэн заасан зарим үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, ...нэр заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийн талаарх лавлагаа баримтыг холбогдох байгууллагаас нэмж нотлох баримтаар гаргуулах нь ...ач холбогдолтой байх тул ...шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй байна” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн .../ШЗ2021/...93 дугаар захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулж, нэр заасан баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр с.х-ийн 115-118 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Энэхүү заалт нь нотлох баримт гаргуулах, цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээ, түүний явуулах ажиллагаатай холбоотой заалт бөгөөд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох хуулийн зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд шүүхээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг хуулиар олгосон зохицуулалт юм.

Иймд шүүгч Д.Я нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох нэр дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаарх лавлагааг холбогдох газраас гаргуулахаар нотлох баримт бүрдүүлсэн үйлдлийг нэг талд давуу байдал олгосон гэж үзэхгүй.

3. Илтгэгч гишүүний “иргэний хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчдоос эвлэрлийн гэрээг ирүүлээгүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэх тухайд:

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч 777.500.000 төгрөг авчихвал болно гэж хэлсэн ба нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрхээ энэ тохиролцоог хүлээн зөвшөөрсөн бол маргаан дуусах байтал шүүгч өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 2 сарын хугацаагаар хойшлуулсан. Хэргийн оролцогч нар харилцан тохиролцсон байхад дундуур орж ирж хэргийг будилаантуулсан гэж хэлж болно...” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан өргөдөлд дурдагдсан тухайн өдрийн 8...3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 3 дахь догол мөрөөс даргалагч “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал хүсэлт байна уу?” гэхэд нэхэмжлэгч “сөрөг нэхэмжлэлийн 1-4-т дугаарлагдсан хөрөнгөнүүдийг ногдох хөрөнгө гэж үзээд хариуцагчид өгөхийг зөвшөөрч байна” гэв. Харин хариуцагч “нэхэмжлэгчийн санал дээр эвлэрэх боломжгүй. Эвлэрэх саналаа ярилцаж байж хэлэхгүй бол яг одоо шууд хэлэх боломжгүй байна. Энэ асуудлаар нэхэмжлэгчтэй ярилцах хүсэлттэй байна” гэхэд нэхэмжлэгч “саяны дөрвөн эд хөрөнгө дээр нэмээд сөрөг нэхэмжлэлд дурдаагүй зуслангийн байшин байгаа. Тэрийг нэмж өгөөд эвлэрэх хүсэлттэй байна” гэсэн байна. Даргалагч “...та хоёр уулзаж ярилцсан уу?” гэхэд нэхэмжлэгч “уулзаагүй, сая хэлсэн нөхцөлөө хариуцагчид санал болгочихсон байсан” гэж хариулахад хариуцагч “сая хэлсэн зуслангийн гээд байгаа байрын суурь нь л босгосон. Дотроо юучгүй хоосон байшин байгаа. Хоёрдугаарт энэ эд хөрөнгүүдийг нада санал болгож байгаагүй. Сая хэлсэн таван хөрөнгө дээр эвлэрэх боломжгүй байна” гэж хариулснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн болох нь тэмдэглэгдсэн байна. /1 дүгээр с.х-ийн 88-111 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “...зохигч эвлэрсэн, ...тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна”, 74.6 дахь хэсэгт “зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна”, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ...гаргана. Эдгээр ...захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанаар даргалагч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж зааснаар талуудаас эвлэрэх боломжтой эсэхийг асуусан боловч хариуцагч “...эвлэрэх боломжгүй...” гэж хариулсан болох нь 2023  оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 8...3 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд шүүгч Д.Я-ыг хэргийн оролцогч нар харилцан тохиролцсон байхад дундуур орж ирж хэргийг будилаантуулсан гэж үзэхгүй.

4. Илтгэгч гишүүний “шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэсэн тухайд:

Э.Э нь өргөдөлдөө “нэхэмжлэлээ буцаан авч 2023 оны 6 дугаар сард дахин нэхэмжлэл гаргасан. Энэ үед шүүгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдээгүй, тэмдэгтийн хураамжаа төлөөгүй гэх үндэслэлээр хэргийг буцаасан. Үүний дараа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэж, өөрөө тэмдэгтийн хураамжаа төлсөн боловч 8 дугаар сард дахин хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ удаад эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагчийг биечлэн оруулаагүй, мөн захиргааны журмаар гэр бүл цуцлуулах боломж байсан ч түүнийг ашиглаагүй гэж дурдсан. Гэтэл хариуцагч нь өмнөх 2 жил шүүх хуралд ирдэггүй, гэр бүл салахыг зөвшөөрдөггүй, хэргийг шүүх дээр аль болох удаах сонирхолтой байсан гэдгийг шүүгч сайн мэдэж байсан. Яг энэ шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлагч энэ талаар тэмдэглэл үйлдсэн байхад заавал оролцуулахыг шаардсан нь ойлгомжгүй. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд албадан ирүүлэх зохицуулалт байхгүйг шүүгч мэдэж байгаа. Гэтэл ийм шалтаг хэлж хариуцагчийг заавал оролцуул гэж захирамж гаргасан нь хууль бус юм” гэжээ.

Э.Э нь Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргахад шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2023/....06 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр с.х-ийн 29-31 тал/

Шүүгч захирамждаа “...нэхэмжлэгч нь хүүхдүүд бүгд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй талаар нэхэмжлэлийн агуулгад дурдсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрлэлтийг захиргааны журмаар цуцлуулахаар харьяа төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжгүй ямар нөхцөл байгаа нь тодорхойгүй байна... Түүнчлэн... нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3..2 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг хавсаргасан байх боловч тэрээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид авахыг хүссэн нэхэмжлэлээ татан авсан байх боловч 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дахин гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж ажиллагаа явуулсны дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой байна” гэж үзсэн байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 62, 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгах үүрэгтэй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө хууль зүйн агуулгаар нь зөв илэрхийлэн тодорхойлох, энэ талаарх нотлох баримтуудыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Шүүгчийн дээрх захирамжаас үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “хүүхдүүд насанд хүрсэн, эд хөрөнгийн маргаангүй” талаараа дурдсан боловч энэ талаарх холбогдох баримт /хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг/-аа нэхэмжлэлд хавсаргаагүй байсан байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллага, ...-т гаргана” гэж зааснаар эд хөрөнгийн маргаангүй, хүүхдүүд хуульд заасан насанд хүрсэн бол шүүхэд бус төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

Мөн гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, ...нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ”, мөн зүйлийн 14.4 дэх хэсэгт “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна”, мөн зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж тус тус заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамт байгаа нь нотлогдвол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүй, харин бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж зааснаар  шүүгч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр .../ШЗ2023/....06 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргажээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн маргааныг ямар тохиолдолд шүүхээр шийдвэрлэхгүйгээр харьяа төрийн захиргааны байгууллагад хандах болон ямар тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, эсхүл явуулахгүйгээр иргэний хэрэг үүсгэхээр  хуульчилсан талаар шүүгч захирамждаа тодорхой дурдсаныг нь шүүгч зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Мөн иргэний хэргийн нэхэмжлэгч Э.Э нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргахад шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2023/...84 дүгээр захирамжаар “...шүүгчийн 2023  оны .../ШЗ2023/....06 дугаар захирамжид заасан зөрчлийг нэхэмжлэгч арилгасан гэж үзэхээргүй байна...” гэж үзсэн байхаас гадна “Түүнчлэн нэхэмжлэлд шүүх дэр Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлд аль нэг тал ...оролцоогүй, талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна...” гэж дурдаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр с.х-ийн 14-16 тал

Шүүгчийн 2023 оны .../ШЗ2023/...17 дугаар захирамжид талууд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачилгагүй хандсан талаар дурдсан байгааг өргөдөлд дурдсанчлан “...эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагчийг оролцуулахыг шаардсан, ...заавал оролцуул гэж захирамж гаргасан” гэж үзэхгүй.

Түүнчлэн шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, .../ШТ2023/...38 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч нь хуульд зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байна. Улмаар гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй буюу захиргааны журмаар цуцлах боломжтой гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ...” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүгч Д.Я нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...17 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Тухайн иргэний хэрэг нь одоо шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа болно. /1 дүгээр с.х-ийн 17-20 тал/

Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхийг олгоогүй бөгөөд тухайн шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хянан хүчингүй болгосон байх тул илтгэгч гишүүний “шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.Я нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2023/....11 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Х.ХАШБААТАР

                                                                               Г.ЦАГААНЦООЖ