info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2023-06-23

Дугаар 12

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл

оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, шүүгч Ц.Мөнхзулын өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалыг шүүгч Ц.Мөнхзул эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Б-ийн өргөдлөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзулд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 551 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт гарчээ.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзулд нээлттэй сануулах сахилгын шийтгэл шийтгэл оногдуулж, тус магадлалд холбогдох шүүгч гомдол гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолоор магадлалд хууль хэрэглээтэй холбоотой найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Уг хяналтын тогтоолд холбогдох шүүгч гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Сахилгын хэргийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/СХХТ2022/0003 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар хяналтын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Улмаар Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 дугаар хяналтын тогтоолоор 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд холбогдох шүүгч гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Сахилгын хэргийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/СХХТ2022/0001 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, тус хяналтын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч Ц.Мөнхзулын гомдлыг дахин хянан хэлэлцэв.

Холбогдох шүүгч Ц.Мөнхзул магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус заасныг үндэслэж өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс баримт авхуулсан. Энэ нь мөн хуульд заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчээс заавал гүйцэтгэх ажиллагаа бөгөөд миний бие уг ажиллагааг хуулиар зөвшөөрөгдсөн журмын дагуу хэрэгжүүлсэн байхад сахилгын зөрчил гэж дүгнэсэн үндэслэлгүй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлж, 54 дүгээр зүйлийг 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 54.18-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасан. Хуульд ийнхүү “...татгалзана" гэж заасан нь нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн бол уг нэхэмжлэлээр хэрэг үүсгэхгүй, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хариуцагч болон гуравдагч этгээдийг шүүхэд дуудахгүй, нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх, хэрэг үүсгэх үндэслэлгүй байхад хэрэг үүсгээд хариуцагч болон гуравдагч этгээдийг татан оролцуулахгүй байх үүргийг шүүгчид ногдуулсан агуулгатай. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан зохицуулалт нь нэхэмжлэлийг анх хүлээж авах үед нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал илэрвэл мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй гэсэн агуулгатай. Ийнхүү миний бие хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулсан байхад сахилгын зөрчил гэж үзсэн нь мөн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасныг Сахилгын хороо анхаарсангүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг шүүгч гаргахдаа хэргийн оролцогчдыг заавал оролцуулахаар хуульчлаагүй. Гэтэл Сахилгын хороо тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан заалтыг хэрэглэж шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь шүүгчид хуулиар хүлээлгээгүй үүргийг биелүүлээгүйд буруутгасан агуулгатай, үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь “С У” ХХК нь анх Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “... лицензүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ...лицензүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгож өөрчилсөн ба 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан байдаг. Өөр хэргээс авсан баримтууд нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхийг тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх баримтууд байсан бөгөөд миний бие 9538 дугаартай захирамжид уг баримтуудын агуулгыг дүгнээгүй, харин уг баримтуудыг шүүхэд ирүүлсэн болон уг баримтуудтай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн танилцсан хугацааг дүгнэсэн байдаг. Сахилгын хорооны магадлал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 49 дүгээр зүйлийн 49.3-д заасныг тус тус зөрчлөө. Миний зүгээс “С У" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулах баримтыг шүүгчийн туслахаар зөвлөлдөх тасалгаанд байхдаа авчруулсан нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх нэг төрлийн ажиллагаа юм. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг хэрэгжүүлсэн үйлдэл юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу гэж миний зүгээс асуусан болон ...хүсэлтийг шийдвэрлэхээр хуралдаан завсарлая" гэж мэдэгдсэнээр бичигдсэн байдаг. 188 дугаартай магадлалд “Шүүгч Ц.Мөнхзул нь шүүх хуралдаан завсарлаж буйгаа хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тэрээр зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан өөр шүүгчийн нь “...зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах”-ыг хориглосон нь хуулийн заалтыг зөрчсөн...” гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан “Хэрэг хэлэлцэж эхлэх" ажиллагаа эхлээгүй байсныг анхаарч үзээгүй нь бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулсан бөгөөд ингэхдээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгч хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан. Миний бие хуулиар тодорхойлсон энэхүү процессыг хуульд заасанчлан мөрдсөн байхад сахилгын хороо "хурлаа хойшлуулаад шийдвэрлэх боломжтой байсан" гэх байдлаар хандаж сахилгын зөрчил гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шүүх нэн даруй шийдвэрлэх боломжтой байсны зэрэгцээ шүүгчээс шүүх хуралдаан нээснийг мэдэгдсэн нь хэргийг хэлэлцэж эхэлсэн гэсэн үг биш байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр буюу захирамж гаргах процессыг хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх анхан шатны шүүхийн шийдвэр гаргах процесстой хольж тайлбарласан тул Сахилгын хорооны магадлал нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй болно. Сахилгын хороо магадлал гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг зөрчсөн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна:”, 22.4.1-т “анхан шатны шүүхийн шийдвэр”, 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана....” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг”, 3.1.7-д “шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг” гэж, 87 дугаар зүйлийн 87.1-д “Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана” тус тус заасан. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар 9538 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг төрөл мөн боловч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж буюу хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр болохоос бус Шүүхийн тухай хуулийн 6.1.6, 22.6-д заасан заавал зөвлөлдөх тасалгаанд гаргах шийдвэр биш байхад сахилгын хороо уг шийдвэрийг “шүүгч зөвлөлдөх тасалгаанд ганцаараа байхдаа, хэнтэй ч уулзахгүйгээр гаргах ёстой байсан” гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Иймд магадлалд “Зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан гэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчилд хамаарахгүй хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа байхад зөрчил гэж үзсэн нотлох дүгнэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь “хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд шүүгч болон шүүгчийн туслах нь тухайн хэргийг хуульд заасан журмын дагуу түргэн шуурхай хянан шийдвэрлэх бүхий л анхаарлаа чиглүүлж ажилладаг. Сахилгын хорооны хуралдаанд илтгэгч гишүүнээс нотлох дүгнэлтийн хүрээг “туслахыгаа дуудаж оруулсан нь зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцахыг хориглох" гэснийг зөрчсөн зөрчил гэж үзэж нотлох дүгнэлт үйлдсэн” тодруулсан. Миний зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах” гэдэгт тухайн шүүгчийн туслах хамаарахгүй талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн. Гэтэл 188 дугаартай магадлал нь Сахилгын хорооны хуралдааны мэтгэлцээгүй асуудлаар, нотлох дүгнэлтэд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байна” гэж дүгнэсэн асуудлаар гарсан тул шударга бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Сахилгын хорооны 188 дугаартай магадлал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч Ц.Мөнхзулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын лицензийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 9538 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 822 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгожээ.

Өмгөөлөгч Л.Б-ээс “...шүүгч Ц.Мөнхзул 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан завсарласны дараа туслахаараа дамжуулан өөр шүүгчийн хянаж байгаа хэргээс нотлох баримтуудыг авчруулж хэргийн оролцогчид танилцуулалгүйгээр уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн нөлөөнд орсон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар оролцсон байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах болон хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг тус тус гаргаж, шүүгч уг хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарласан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3284 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, дууны бичлэгээр тогтоогдсон.

Тодруулбал, сахилгын хэрэгт авагдсан сидиний Z00001518 нэртэй файлд хадгалагдсан тус өдрийн шүүх хуралдааны 01:07:57 минутын дууны бичлэгийн 00:14:20-00:15:19 минутад, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Эм эмнэлгийн зохицуулалтын газраас өөрсдийнх нь гэрээлсэн компанийн баримтыг гаргуулж жишүүлж үзэх хүсэлт гаргаж байна, ...“Ч Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгтэй нэгтгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэж, мөн 0:57:03-0:57:35  минутад “...сая шүүгч тодруулсан чинь захиргааны акт болох сертификатыг 2019 онд мэдсэн гэж байна. Тэгэхээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тиймээс нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж хэлсэн, 00:21:30-0:23:24 минутад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс баримт гаргуулах хүсэлтэй байна гэж хэлсэн, 01:07:53-01:07:56 минутад шүүгч За хүсэлт шийдвэрлэхээр хуралдаан завсарлана” гэж хэлж алх цохих чимээ гарснаар бичлэг дууссан байна. Мөн Z0001520 нэртэй файлд 0:04:22 минутын дууны бичлэг хадгалагдсан байх ба 0:00:19-0:00:42 минутад, Шүүгч: “За шүүгчийн захирамж танилцуулъя. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжлах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С-У ХХК-аас Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна” гэжээ.  Дээрх бичлэгүүдийг шалгах ажиллагааны явцад тэмдэглэл хэлбэрээр бэхжүүлжээ. /сахилгын хэргийн 23-33, 91-95/

Шүүгч Ц.Мөнхзул хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж зохицуулсны дагуу өөр хэргээс нотлох баримт гаргуулах, тухайн хэрэгтэй нэгтгүүлэх, бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин зөвлөлдөх тасалгаанд байхдаа өргөдлийн үндэслэлд дурдсан, хэрэгт авагдаагүй байсан 80 гаруй хуудас нотлох  баримтуудыг “Ч Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргээс хуулбарлан авчрахыг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дамжуулан, шүүгчийн туслах У.П-д даалгаж, тэрээр тус шүүхийн шүүгч О.О-ийн хянаж байгаа дээрх хэргээс тухайн баримтуудыг хуулбарлаж шүүхийн тэмдэг даруулан зөвлөлдөх тасалгаанд авчирч өгснөөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт болсон нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн гишүүний нотлох дүгнэлт, сахилгын хорооны магадлал үндэслэлтэй.

Учир нь, шалгах ажиллагааны явцад, шүүгчийн туслах У.П-аас “...шүүх хуралдаан завсарлаад шүүгч зөвлөлдөх тасалгаанд байх үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э над дээр ирээд манай шүүгч, н.О шүүгчийн хянан хэлэлцэж байгаа Ч компанийн нэхэмжлэлтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт холбогдох захиргааны хэргээс лицензүүд байгаа, тэр лицензүүд хэрэгт хэзээ авагдсан, н.Б гэдэг хүн тухайн хэргийн материалтай хэзээ танилцсан тэр талаарх баримтуудыг хэргээс нь хараад канондоод аваад ир гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би н.О шүүгчид байгаа хэргээс шаардлагатай гэсэн 80 гаруй хуудас баримтуудыг нь шүүхийн зөвлөлдөх тасалгаа руу Н.Мөнхзул шүүгчид хүргэж өгсөн, ...энэ баримтууд манай хавтаст хэрэгт байгаагүй. н.О шүүгчийн хянан хэлэлцэж байгаа захиргааны хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байсан учраас түүнээс канондоод манай шүүхийн тэмдэг дараад авсан...” гэх гэрчийн мэдүүлэг, түүний үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нотлох баримт хуулбарлан авч, хэрэгт хавсаргах тухай” тэмдэглэл, өргөдөл гаргагч Л.Б-ийн “...шүүгч зөвлөлдөж байхдаа 80 хуудас баримтуудыг авсан, ...шүүгчийн туслах гаднаас баахан канондсон баримтууд аваад зөвлөлдөх тасалгаа буюу арын өрөө рүү орж гараад гүйгээд байсан. Тэрийг сүүлд нь шийдвэрээ бичгээр гардаж аваад уншсаны дараа н.О шүүгчийн хянан хэлэлцэж байгаа хэргээс баримт авсан гэдгийг ойлгосон.” гэх тайлбар, холбогдох шүүгч Ц.Мөнхзулын “...өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс баримт авхуулсан” гэж бичсэн Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9538 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс О шүүгч дээр хянагдаж байгаа хэргээс баримтуудыг гаргуулж харьцуулах шаардлагатай, эсхүл уг хэргээс авч болно гэсэн тайлбарыг тодруулж шалгахад ... “С У” ХХК нь гуравдагч этгээдээр татагдан оролцсон үйл баримт тогтоогдов” гэж бичигдсэн зэргээр шүүгч дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэхээр зөвлөлдөх явцдаа бусадтай харилцсан үйл баримт тогтоогдож байна. /сахилгын хэргийн 34, 80-83, 88,89/ Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг авчруулахаар шүүх хуралдааныг түр завсарласан болон энэ хугацаанд хүсэлт шийдвэрлэхээр зөвлөлдөөгүй гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Нөгөө талаар, шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд, хэргийн оролцогч талуудаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр завсарлаж, зөвлөлдөх явцад нарийн бичгийн даргаар дамжуулан шүүгчийн туслахаар өөр шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэргээс нотлох баримтыг хуулбарлуулж, шүүхийн тэмдэг даруулж авчруулсан талаар шүүгч Ц.Мөнхзул үгүйсгээгүй байна.

Шүүгч нотлох баримтыг хэрхэн цуглуулах талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэж өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс баримт авхуулсан. Энэ нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчээс заавал гүйцэтгэх ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хуулиар зөвшөөрөгдсөн журмын дагуу хэрэгжүүлсэн гэх агуулгаар гомдол гаргасан байх боловч шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүгч үзвэл дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, мөн зүйлийн 96.2, 96.3-т заасан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, уг хугацаанд нотлох баримтыг цуглуулахаар зохицуулжээ.

Гэтэл шүүгч дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэхээр завсарлаж, зөвлөлдөх явцдаа, нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулж буюу нарийн бичгээр даргаар дамжуулан шүүгчийн туслахаар өөр шүүгчид байгаа хэргээс нотлох баримтыг хуулбарлуулан, тэмдэг даруулан авчруулсан үйл баримт нь шүүгчид хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэх болсонд анхаарах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн ажиллагааг тухайн цаг хугацаанд явуулах нь хуульд нийцэх эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Сахилгын хорооны хуралдааны магадлалаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулсан үйлдлийг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын зөрчил гэж дүгнэж, шийтгэл оногдуулаагүй. Хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн энэ хүрээнд дүгнэлт гаргасан болно. Харин бусадтай аливаа хэлбэрээр харилцаж болохгүй цаг хугацаа, нөхцөл байдалд байхдаа буюу шүүх хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөх явцдаа нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах...” гэсэн хориглосон зохицуулалтыг зөрчих үндэслэл болжээ.

Хуулийн уг хориглосон хэм хэмжээ нь шүүх хуралдаан завсарлаж зөвлөлдөхөөс өмнө шүүгч хэргийн оролцогч нарын танилцсан, хэрэгт цугласан баримтын хүрээнд тухайн асуудлын хувьд шийдвэр гаргахдаа хэн нэгэнтэй ямар нэг байдлаар харилцаж болохгүй гэсэн агуулгатай байна. Энэ нь шүүх хуралдаан завсарлаж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн аливаа асуудлаар шийдвэр гаргахаар зөвлөлдөж байх явцад шүүгчид хийхийг хориглосон үйлдлийг хуулиар тусгайлан зохицуулжээ. Үүнийг зөрчих нь сахилгын зөрчилд тооцогдоно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдсан байна.

Шүүгчийн гаргасан гомдолд “...энэхүү шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэг төрөл мөн боловч хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр болохоос бус зөвлөлдөх тасалгаанд гаргах шийдвэр биш..., хэрэг хэлэлцэж эхлээгүй байсныг анхаараагүй ” гэснийг хангах үндэслэлгүй. /сахилгын хэргийн 141/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "шүүгчийн захирамж  гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг ойлгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.” гэж тус тус заажээ. Нөгөө талаар, шүүхээс гаргах бусад шийдвэрийн талаар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тодорхойлсноос үзвэл, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангах эсэх шийдвэр нь захирамж, тогтоол хэлбэртэй байна.  Түүнчлэн, нийт шүүгчид хориглосон дээрх хуулийн зохицуулалт нь шүүх хуралдааны ямар шатанд завсарлаж, юуг шийдвэрлэхээр зөвлөлдөж байгаагаас үл хамааран хэрэглэгдэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргахаар мөн хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу завсарлаж, зөвлөлдөх явцад тухайн хуулийн хориглосон заалт хамаарна, бусад тохиолдолд буюу хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөх явцад хамаарахгүй гэх шүүгчийн гомдол, тайлбар үндэслэлгүй.

Шүүгч хэрэг хэлэлцэж эхлээгүй байхдаа хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөх явцад тухайн хориглосон зохицуулалт хамаарахгүй буюу бусадтай харилцахыг зөвшөөрсөн агуулгагүй байна.  Иймд шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд гаргах эрхийн акт буюу шийдвэрийн нэг хэлбэр болох шүүгчийн захирамж гаргаж буй үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтад нэгэн адил хамаарна. Мөн шүүгч Ц.Мөнхзул гомдолдоо “...зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах гэдэгт шүүгчийн туслах хамаарахгүй” гэж тайлбарлажээ. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх гэж буй асуудалд хамааралгүй шалтгаанаар шүүгчийн туслахтай харьцдаг тохиолдлуудыг энэ хэргийн үйл баримттай адилтган үзэх боломжгүй.

Илтгэгч гишүүн хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны магадлалаар цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, шүүгч Ц.Мөнхзул нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчлийг гаргасан буруутай гэж дүгнэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар нээлттэй сануулах шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагаварт тохирсон гэж бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгч хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлсэн, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй ба уг үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж тус хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн үзээгүй. Мөн нотлох дүгнэлт, сахилгын хорооны магадлалд зааснаас өөр зөрчилд холбогдуулан шүүгчийг буруутгаагүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГАЛАГЧ                           С.ЭНХТӨР

                    ГИШҮҮН                           Д.МЯГМАРЦЭРЭН

                          Б.СУГАР                           

 

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.