info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-10-10

Дугаар 111

Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, холбогдох шүүгч Б.Алтанцэцэг /цахимаар/, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтдээ: Өмгөөлөгч А.Г нь өргөдөлдөө хавсаргаж ирүүлсэн сидинд шүүгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгч Б.Б-тай утсаар ярьсан дууны бичлэг байх бөгөөд шүүгч Б.Алтанцэцэг нь утсаар ярьснаа үгүйсгэдэггүй, энэ талаар  маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”, мөн зүйлийн 38.5 дахь хэсэгт ”нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж, мөн зүйлийн 38.9 дэх хэсэгт “...хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх...” мөн хэсгийн 2.2-т “бүрэлд нь нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ“, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “...хуулиар зөвшөөрөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж тус тус заасан.

Өргөдөл гаргагчийн өргөдөлдөө хавсаргасан сидинд буулгасан утсаар ярьсан дууны бичлэг нь гэрч Б.Б-ын “миний утас нь дээр дуудлага бүрийг бичдэг аппликейшн байдаг. Тухайн үед бичлэг хийснийг мэдээгүй, дуудлага хадгалагддаг талаараа би мартсан байсан. Тэгээд шүүгчтэй ярьсан талаар өмгөөлөгчтэйгөө утсаар ярьсны дараа бичлэг хийдгийг нь санаад хартал бичигдсэн байсан тул би хадгалж авсан юм. ...бичлэг хийж байсан тухай шүүгч Б.Алтанцэцэгт хэлээгүй” гэх мэдүүлгээс үзэхэд хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй баримт болох нь тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй...” гэж заасан тул сидиг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Түүнчлэн дахин шалгах ажиллагааны хүрээнд холбогдох шүүгч нь нэмэлт тайлбар ирүүлэх эрхтэй болохыг дурдсан гишүүний 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2023/0522 дугаар захирамжийг хүргүүлсэн боловч шүүгч Б.Алтанцэцэг нь өргөдөлд дурдагдсан үйл баримттай холбоотойгоор нэмэлт хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч А.Г-ын “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, хариуцагчаас нотлох баримт албадан гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2023/00817 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, хариуцагчаас нотлох баримтаар албадуулан гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Э.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 15 минутад тус шүүхэд гомдол гаргасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-д “шүүх хуралдааныг товлон зарласны дараа 7-оос доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах “Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” Баримт №8, №21-ийг үйлдэн хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”, 6.2.3-т “хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мэссэж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, №22-ыг тус тус үйлдэн, хэрэгт  хавсаргана...” гэж, тус шүүхийн 2022  оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 000/ЗТ2023/00001 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “...гомдол... хүлээн авсан шүүгчийн туслах нь шүүх бүрэлдэхүүнд оролцох 2 шүүгчийн нэрийг сугалж, Ерөнхий  шүүгчийн туслах энэ талаар бүртгэл хөтөлнө” гэж /с.х-ийн 40-44 тал/ тус тус заасныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагч нар хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал,

Шалгах ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхэд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн Тамгын газрын 2023  оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 269 дүгээр албан бичигт “...тухайн үед Ерөнхий шүүгчийн туслахын албан үүргийг эрхэлж байсан Б.А нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, харин Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар шүүгчийн туслах Г.Г-ийг Ерөнхий шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон...” гэх албан бичгээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-г шүүгчийн захирамжид гомдол гаргах үед Ерөнхий шүүгчийн туслахаар Г.Г ажиллаж байжээ.

Ерөнхий шүүгчийн туслах Г.Г, шүүгч Б.Алтанцэцэгийн туслах Г.М нар хариуцагч талын шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, мэдэгдээгүй болох нь шүүгчийн туслах Г.Гийн “...хариуцагчийн өмгөөлөгч Э.Дгийн гомдол болон уг гомдол нь өөр шүүгчид хуваарилагдан очсон тухай мэдээгүй, шүүх хурал нь зарлагдсаны дараа мэдсэн” гэх тайлбар,

шүүгч Б.Алтанцэцэгийн туслах Г.М-ын “...нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарт гомдол ирсэн болон гомдол хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй”, “зөвхөн гомдол гаргасан буюу хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-д мэдэгдсэн. Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Ц.Ц нарт мэдэгдээгүй” гэх тайлбар,

иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б “шүүхээс хариуцагч талаас шүүгчийн захирамжид гомдол гаргасан” талаар мэдэгдээгүй, над руу шүүгч Б.Алтанцэцэгийн туслах тогтоол гардуулах гэж 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орой ярьж байсан. Ерөнхий шүүгч Б.Х-гийн туслах н.Г гомдлын талаар яриагүй” гэх гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, мөн зүйлийн 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”, 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасан.

Дээрх хуулийн заалт нь нэхэмжлэл зохих журмын дагуу тодорхой шүүгчид хуваарилагдан, иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө бэлтгэл ажиллагааг үндсэн хоёр хэсгээс бүрдүүлэхээр заасан зохицуулалт юм.

Шүүгч Б.Алтанцэцэг хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “шүүгч шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.1.3-т “шүүгч шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг шүүгч хэрэгжүүлнэ” гэж зааснаар хяналт тавиагүй буруутай байх боловч энэ үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан ноцтой зөрчил биш гэж үзэв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-гийн гомдлыг 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар даргалагч шүүгчээр Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Э, Б.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 000/ШТ2023/00013 дугаар тогтоол гаргажээ.

Уг тогтоолын ТОГТООХ нь хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар энэ тогтоол эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан нь шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд нэхэмжлэгч өөрөө шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулахаар шүүхэд хүсэлт гаргах юм. Нэхэмжлэгч гэдэгт нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч нарыг ойлгодог.

Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч Б.Б дээрх хуульд заасны дагуу “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтээ шүүхэд гаргах эрх нь нээлттэй юм.

          Шалгах ажиллагааны хүрээнд иргэний хэргийн нэхэмжлэгч, өргөдөл гаргагч  Б.Б “2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим миний 9000000 дугаар луу шүүгч Б.Алтанцэцэг ....таны  хэрэг шүүх дээр байгаа юм байна. Таны гаргасан гомдлын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй захирамж гарсан. ...би гэр бүлийн маргаан дээр ажилладаг. Эмэгтэй хүний хувьд уулзъя. Чи ирсэн ч, ирэхгүй байсан ч болно. ...18 цагаас өмнө шүүхийн байранд ирээд 2 давхарт Алтаа шүүгчтэй уулзъя гээд ороод ирээрэй... гэж хэлсэн” гэх,

          гэрч шүүгч Б.Алтанцэцэгийн туслах Г.М-ын “...Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны дараа залгуулаад манай шүүгч өөр нэг шүүх хуралдаан зарласан байсан. Шүүгч тэр шүүх хуралдаанаас гарч ирээд надаас “чи ер нь нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байсан уу” гэж асуухад би “мэдэгдээгүй” гэсэн. Тэгтэл шүүгч “одоо нэгэнт товоо мэдэгдээгүй юм бол хэргийн оролцогч нарт Ерөнхий шүүгч Б.Х-гийн захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хэлээрэй” гэсэн. Тухайн үед цайны цаг болж байсан юм. Цайны цагийн дараа шүүгч дахин асуухад нь би хэлээгүй гэсэн. Гэтэл шүүгч “чи энэ 7 хоногийн шүүх хурлуудаа бэлд. Би Б.Б-д хэлье. Надад утасных нь дугаарыг олоод өг” гэсэн тул би шүүгчид дугаарыг нь өгсөн” гэх мэдүүлгүүд,

          шүүгч Б.Алтанцэцэгийн “миний дээрх яриа бол шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчийн мэдэх эрхийг хангах, шүүхийн тогтоолд гомдол гаргах эсэх, дахин хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөх зорилгоор ажлын байранд дээрээ, ажлын цагаар ярьсан яриа” гэх хариу тайлбараас үзэхэд шүүгч Б.Алтанцэцэг нь өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б-тай утсаар ярьж “хариуцагчаас гомдол гаргасан, тухайн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн” талаар товч мэдэгдсэн байх боловч “гомдол гаргах эсэх, дахин хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөх зорилгоор” утсаар холбогдон шүүхийн байранд дуудаж байгаа нь  зохисгүй үйлдэл юм.

          Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “шүүгчид дараах зүйлийг хориглоно”, гээд мөн зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан ба шүүгч Б.Алтанцэцэгийн тайлбараас харахад гуравдагч этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх зорилготой байсан гэж үзэх боломжтой байна.

          Гэхдээ гэрч Б.Б-ын “шүүгч Б.Алтанцэцэгтэй уулзаагүй. Би шүүгчийг ярьсны дараа гайхаад өмгөөлөгч рүүгээ залгаж асуухад өмгөөлөгч уулзаж болохгүй гэсэн тул шүүгчтэй уулзаагүй” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгч болон нэхэмжлэгч нар уулзаагүй, шүүгч Б.Алтанцэцэг нэхэмжлэгч Б.Б-д хууль зүйн зөвлөгөө өгөөгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

          Харин шүүгч Б.Алтанцэцэг нэхэмжлэгч Б.Б-тай шүүхийн тогтоолын агуулгыг танилцуулах зорилгоор утсаар холбогдон “таны хэрэг шүүх дээр байгаа юм байна. ...би шүүгч Б.Алтанцэцэг байна. ...би гэр бүлийн маргаан дээр ажилладаг. Эмэгтэй хүний хувьд уулзъя. Чи ирсэн ч ирэхгүй байсан ч болно. ...одоо би завтай байна. 18 цагаас өмнө шүүхийн байранд ирээд 2 давхарт Алтаа шүүгчтэй уулзъя гээд ороод ирээрэй” гэж хэлсэн үйлдэл нь гэрч Б.Б, Г.М нарын мэдүүлэг болон шүүгчийн хариу тайлбараар тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай ...харилцах” гэж шүүгчид хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан байх тул “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдэв.” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Б.Б-ын нэхэмжлэлтэй, Ц.Ц-т холбогдох иргэний хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2023/00817 дугаар "Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-гээс гаргасан гомдлыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад даргалагч шүүгчээр Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Э, Б.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд ...шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулсны хохирлын талаар нэхэмжлэл гарсан тохиолдолд хүсэлт гаргасан тал хариуцагчаар татагдах хуулийн зохицуулалттай тул өмгөөлөгчийн хүсэлтээр дээрх ажиллагааг хийх үндэслэлгүй тул шүүгчийн хөрөнгө битүүмжлэх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Уг өдөр шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслах Г.М-аас “чи ингэхэд хүсэлт гаргагчийн нөгөө тал болох нэхэмжлэгч Б.Б-д шүүгчийн захирамжийг хэлэлцэх гэж байгаа талаар хэлсэн юм уу” гэж асуухад туслах “шүүгч ээ, би хэлээгүй, мартчихсан байна” гэсэн. Тэгэхээр нь би “тэгээд шүүх хуралдаан болохоос өмнө надад энэ талаараа хэлэхгүй яасан юм бэ? Дараа нь хэргийн оролцогч нар чинь би оролцох байсан юм гэсэн юм ярина шүү дээ. Ядаж хэргийн оролцогчийн мэдэх эрхийг нь хангачих гэж  ер нь чамд хэлдэг шүү дээ. Шүүх хуралдаанд оролцох эсэх нь өөрсдийнх нь асуудал. Одоо нэгэнт хурал нь дууссан юм чинь нэхэмжлэгч тал руу нь залгаад захирамжийн шийдлийн талаар нь хэлчих гээд өнгөрсөн.

Тэгээд үдээс хойш шүүгчийн туслах Г.М-аас “нэхэмжлэгч талд нь ойлгуулаад ярьсан уу” гэж асуухад “яриагүй байгаа. Одоо ярина” гэхээр нь “за за чи дараагийн хурлуудаа бэлтгэ... ажил их байгаа... бол дугаарыг нь надад олоод өгчих би өөрөө л яръя” гээд Б.Б-ын 9000000 дугаар луу залгаад би өөрийгөө танилцуулаад захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулахад утасны цаанаас таатай биш харилцаа илэрхийлсэн тул ер нь ойлголцохгүй юм байна гэж бодоод “чи шүүх дээр ажил тарахаас өмнө ирээд уулзах боломжтой юу, амжихгүй бол уулзахгүй байсан ч болно” гээд “...чамтай эмэгтэй хүний ёсоор уулзмаар байна” гэж хэлээд яриаг дуусгавар болгосон.

Миний дээрх яриа бол шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчийн мэдэх эрхийг хангах, тухайн шүүхийн тогтоолд гомдол гаргах эсэх, дахин хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөх зорилгоор ажлын байран дээр, ажлын цагаар ярьсан яриа юм. Тэгтэл оролцогчийн эрхийг нь тайлбарлах гэсэн шүүгчийн яриаг “нөлөөлөл” болгоод Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасанд үнэхээр гайхаж байна.

Өргөдөл гаргасан тал шүүхийн албан тасалгаанд дуудаж, шүүхийн нэр хүндээр буюу шүүгч албан тасалгаагаар далайлган сүрдүүлэн шүүгч хүнд байхааргүй бүдүүлэг зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн байна. Өөр шүүгч дээр байгаа хэрэгт сонирхлоор хандсан гэх ойлголтоор хардсан байна.

Би ажлын цагаар, ажлын байр нь дээрээ хэргийн оролцогчийн санал, хүсэлтийг шийдвэрлэх гэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл би Б.Б-ын нэхэмжлэлтэй, Ц.Ц-т холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон боловч дахин хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Ийм байтал хэрэг шийдэж байгаа шүүгчид нөлөөлөөд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн юм шиг гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна.

Аливаа маргаан хуулийн дагуу шийдэгддэг. Утсаар ярьж, дуудаж, эрхийг нь ажлын цагаар, ажлын байр нь дээрээ тайлбарлана шүү дээ. Шүүгч утсаар ярьж, дуудаж болохгүй гэсэн хориглолт, хязгаарлалт байхгүй. Би хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргаагүй. Харин хуулиар хүлээсэн шүүхийн шийдвэрийг тайлбарлах үүргээ хэрэгжүүлэх л гэсэн.

Би нэхэмжлэгч, хариуцагч нарыг огт танихгүй. Тэдний хамаатан садан, төрөл төрөгсдийг нь ч танихгүй. Гомдол гаргасан өмгөөлөгч А.Г-ыг ч танихгүй. Аль алиныг нь өмнө нь харж, нэрийг нь ч сонсож байгаагүй. Яг ямар шалтгааны улмаас нөлөөлсөн гээд гомдоод байгаа юм бэ? Би хэн нэгэнд нөлөөлөөгүй, нөлөөлөл үзүүлэх ямар ч шаардлага  байхгүй. Хэрэг маргааныг шийдвэрлээгүй, оролцогчийн эрхийг нь тайлбарлаж өгөх гэсэн шүүгчид гомдоод нөгөө нь буруутгадаг ийм тогтолцоо байх ёсгүй. Бүх хүсэлт, нэхэмжлэл, хэрэг цахим программын дагуу эсхүл шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон дарааллын дагуу хуваарилагддаг.

Б.Алтанцэцэг би хувь хүний тал дээр шүүгч гэдэг ажил мэргэжлийг хийх ёс суртахуунтай, хувийн болон нийгмийн харилцааны хил хязгаарын бүсээ мэддэг, хувийн дархлаатай, хар цагааны заагаар хэрэг маргаанаа хуулийн дагуу шударгаар шийддэг, өөрийн дотоод итгэл үнэмшилтэй, гаргасан шийдвэртээ сэтгэлдээ сэвгүй, бодолдоо айдасгүй, бусдын өөдөөс нүд цавчихгүй зоригтой харж чадах, эр зоригтойгоор ажлаа хийдэг монголын зуу, зуун шударга шүүгчдийн нэг.

Хуульч, өмгөөлөгч, хууль зүйн ухааны докторант хүн ямар ч үндэслэлгүй хардлагаар гомдол гарган, ажлаа барахгүй ядаж байхад алтан цагаас минь хороож байгаад гомдолтой байна. Тус шүүхийн хувьд шүүгчийн туслахын орон тоо дутуу, ачаалал ихтэйгээс зарим тохиолдолд хүрэлцэхгүй, ажлаа явуулах үүднээс шүүгч ярихаас, дуудахаас өөр аргагүй байдалд ордог. Өдөр тутамдаа болдог ийм л нэг процесс ажиллагаа.

Иймд Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, хууль зүйн ухааны докторант А.Г-ын гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: өмгөөлөгч А.Г нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 15 минутын орчим 9500000 дугаарын утсаар над руу өөрөө холбогдон ярьсан ба уг яриандаа “манай үйлчлүүлэгч рүү ярилаа, нөлөөллөө яриаг чинь бичлэг хийсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргана гэж ажлаа хийсний төлөө дарамт үзүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд ёс зүйн дүрэмд захирагдах үүрэгтэй л байх” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч өмгөөлөгч А.Г-аас “...шүүгч Б.Алтанцэцэг нь өөрийн 9000000 дугаартай утсаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Б.Б-ын 9400000 дугаарын утсанд залгаж “Б мөн үү. Би шүүгч Б.Алтанцэцэг байна. Чи шүүх дээр ажил тарахаас өмнө ирээд уулзаач, чамтай эмэгтэй хүний ёсоор уулзмаар байна” гэх зэргээр шүүхийн албан тасалгаанд дуудаж шүүхийн нэр хүндээр буюу шүүгч албан тасалгаагаар далайлган сүрдүүлэн шүүгч хүнд байхааргүй бүдүүлэг ёс зүйн зөрчил гаргасан” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан.

 Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ГЗҮ/2023/0069 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Б.Б-аас Ц.Ц-т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс ноогдох хувь буюу 400,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүгч Б.Х нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 000/ШЗ2023/00563 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2023/00817 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г-аас гаргасан хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, хариуцагчаас нотлох баримтыг албадан гаргуулж хэрэгт хавсаргах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хариуцагч Ц.Ц-т нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг олгож, харин тухайн маргааны зүйлийг худалдах, бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, барьцаанд тавихыг хориглож шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-гээс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргажээ.

Тус гомдол шийдвэрлэх  хуралдааны товыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж, хуралдааны даргалагчаар шүүгч Б.Алтанцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Ж.Э, Б.Э нар оролцсон байх бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 000/ШТ2023/00013 дугаар шүүхийн тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан.

Дээрхээс үзвэл тухайн гомдол шийдвэрлэх хуралдаан болох буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шүүхээс хуульд заасан арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгч Б.Алтанцэцэг ирүүлсэн тайлбартаа “...Уг өдөр шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслах Г.М-аас “чи ингэхэд хүсэлт гаргагчийн нөгөө тал болох нэхэмжлэгч Б.Б-д шүүгчийн захирамжийг хэлэлцэх гэж байгаа талаар хэлсэн юм уу” гэж асуухад туслах “шүүгч ээ, би хэлээгүй, мартчихсан байна” гэсэн. ...Одоо нэгэнт хурал нь дууссан юм чинь нэхэмжлэгч тал руу нь залгаад захирамжийн шийдлийн талаар нь хэлчих гээд өнгөрсөн. Тэгээд үдээс хойш шүүгчийн туслах Г.М-аас “нэхэмжлэгч талд нь ойлгуулаад ярьсан уу” гэж асуухад “яриагүй байгаа. Одоо ярина” гэхээр нь “за за чи дараагийн хурлуудаа бэлтгэ... ажил их байгаа... бол дугаарыг нь надад олоод өгчих би өөрөө л яръя” гээд Б.Б-ын 9400000 дугаар луу залгасан” гэжээ.

Шүүгчийн туслах Г.М “...Зөвхөн гомдол гаргасан буюу хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-д мэдэгдсэн. Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Ц.Ц нарт мэдэгдээгүй. ...Тэр шүүх хуралдааны дараа гарч ирээд надаас “чи ер нь нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байсан уу” гэж асууж байсан. ...тухайн үед цайны цаг болж байсан юм. Тэгээд цайны цагийн дараа шүүгчийг дахин асуухад нь би “хэлээгүй” гэж хэлсэн. Тэгтэл шүүгч “чи энэ долоо хоногийн шүүх хурлууддаа бэлд, би Б.Б-д хэлье. Чи надад утасны дугаарыг нь олоод өг” гэж хэлсэн. Ингээд би Б.Б-ын утсыг шүүгчид өгсөн” гэж мэдүүлжээ.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-гээс шүүгчийн захирамжид гаргасан  гомдлыг бусад хэргийн оролцогчид мэдэгдээгүй болох нь шүүгчийн туслах Г.Г, Г.М нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг” аргачлалын 6.2 дахь хэсэгт 6.2.1-т “Шүүх хуралдааныг товлон зарласны дараа 7-оос доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах “шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас” баримт №8, №21-ыг үйлдэн хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”, 6.2.3-т “хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9, №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна”, 6.3.1-т “Шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна”, 7.4.3-т “...хуульд гомдол гаргахаар заасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хүлээн авсан өдөр нь, эсхүл нэг хоногийн дотор хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, гомдлын талаар тайлбар, гаргах эрхтэйг тайлбарлана” гэж заажээ.

Дээрх хуулийн заалт болон хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал зэргээс үзвэл гомдлыг хэргийн оролцогчид танилцуулж, хуралдааны тов мэдэгдэж, хуралдааны бэлтгэл хангах нь шүүгчийн туслахын үүрэг бөгөөд шүүгч дээрх ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар зохицуулсан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн захирамжид гаргасан гомдлын талаар болон 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Э.Д-гээс бусад оролцогчид мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгч захирамжид гарсан гомдлыг мэдэгдэх, хэргийн бусад оролцогчид хуралдааны товыг мэдэгдэх, хуралдаанд оролцох боломжоор хангах ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

          Мөн илтгэгч гишүүн “...шүүгч болон нэхэмжлэгч нар уулзаагүй, шүүгч Б.Алтанцэцэг нэхэмжлэгч Б.Б-д хууль зүйн зөвлөгөө өгөөгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, сахилгын хэрэгт авагдсан гэрч Б.Б-ын мэдүүлэг, холбогдох шүүгчийн тайлбар зэргээс үзвэл шүүгч Б.Алтанцэцэг нь Б.Б-тай уулзаж хууль зүйн зөвлөгөө өгсөн нь тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-т “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Харин шүүгч Б.Алтанцэцэгийн “...би өөрийгөө танилцуулаад захирамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулахад утасны цаанаас таатай биш харилцаа илэрхийлсэн тул ер нь ойлголцохгүй юм байна гэж бодоод “чи шүүх дээр ажил тарахаас өмнө ирээд уулзах боломжтой юу, амжихгүй бол уулзахгүй байсан ч болно” гээд “...чамтай эмэгтэй хүний ёсоор уулзмаар байна” гэж хэлээд яриаг дуусгавар болгосон. Миний дээрх яриа бол шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчийн мэдэх эрхийг хангах, тухайн шүүхийн тогтоолд гомдол гаргах эсэх, дахин хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөх зорилгоор ажлын байран дээр, ажлын цагаар ярьсан яриа юм” гэх тайлбар,

Б.Б-ын “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 40 минутын орчим миний 9000000 дугаар луу шүүгч Б.Алтанцэцэг гэж хүн ярьсан. Тэрээр ярихдаа “таны хэрэг шүүх дээр байгаа юм байна. Таны гаргасан гомдлын дагуу өнөөдөр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй захирамж гарсан” гэж хэлсэн. Тухайн үед би гэнэт шүүгчийн туслах юм болов уу гэж бодоод дахин лавлаж асуутал “би шүүгч Б.Алтанцэцэг байна” гэж хэлсэн. Шүүгч надад хэлэхдээ “би гэр бүлийн маргаан дээр ажилладаг. Эмэгтэй хүний хувьд уулзъя. Чи ирсэн ч ирэхгүй байсан ч болно” гэж хэлсэн. ...Би “тэгээд шүүгчид хэзээ очиж уулзах вэ” гэтэл шүүгч “одоо би завтай байна. 18 цагаас өмнө ирж уулзаж болно” гэж хэлсэн. Би “би хаана очих вэ” гэтэл шүүгч “18 цагаас өмнө шүүхийн байранд ирээд 2 давхарт Алтаа шүүгчтэй уулзъя гээд ороод ирээрэй” гэж хэлсэн. ...би шүүгчийг ярьсны дараа гайхаад өмгөөлөгч рүүгээ залгаж асуусан. Өмгөөлөгч уулзаж болохгүй гэж хэлээд уулзаагүй” гэх мэдүүлэг зэргээс үзвэл шүүгч Б.Алтанцэцэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр ...харилцах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, “харилцах” гэснийг Монгол хэлний тайлбарт хүмүүс хоорондоо аливаа хэлбэрээр холбоо барихыг хэлнэ гэж тайлбарласнаас үзвэл холбогдох шүүгч нь тухайн хэргийн нэхэмжлэгч болох Б.Б-ын 9400000 дугаар утас руу өөрийн эзэмшлийн 9000000 дугаар утаснаас холбогдон “чи шүүх дээр ажил тарахаас өмнө ирээд уулзах боломжтой юу, амжихгүй бол уулзахгүй байсан ч болно”,  “...чамтай эмэгтэй хүний ёсоор уулзмаар байна” гэж хэлсэн нь дээрх хуулийн хэргийн оролцогчтой харилцах гэх заалтад хамаарч байна.

          Түүнчлэн өргөдөлд хавсарган ирүүлсэн утасны ярианы бичлэгтэй сидиг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй” зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн тул түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4-т заасны дагуу  шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 57 дугаар зүйлийн 57.1.4-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

        ДАРГАЛАГЧ                                  Д.АРИУНТУЯА

                            ГИШҮҮН                              Ц.ДАВХАРБАЯР

                                                                         Г.ЦАГААНЦООЖ