info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-07

Дугаар 80

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ...аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... 1.Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Х, Г.Ц нарт яллах дүгнэлт үйлдэж, улмаар 2022.11.23-ны өдрийн 4/7947 тоот албан бичгээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэг шүүгч Т.Ц-д хуваарилагдсан боловч тэрээр 2022.12.12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргажээ. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022.12.15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүсэлтийг хангасан байх ба хэрэг шүүгч Б.М-д хуваарилагдсаныг албажуулсан, Ерөнхий шүүгчийн 2022.12.23-ны өдрийн 15 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна. Шүүгчийн 2023.01.12-ны өдрийн 38 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, хэргийн оролцогчдод мэдэгдэж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, энэ тухай баримт үйлдсэн байна. ... аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор 2023.01.17-ны өдөр тус газрын ахлах прокурор Э.А-ыг энэхүү хэрэгт прокуророор оролцуулахаар томилолт олгожээ. Шүүгчийн 2023.01.18-ны өдрийн 43 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байна. Тус  шүүхийн  2023.01.30-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Г шүүгч Б.М-г татгалзан гаргах хүсэлт гаргасан тул шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан, Ерөнхий шүүгчийн 2023.02.01-ний өдрийн 42 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны тов тогтоосон, өмгөөлөгч Х.Б-ийн хүсэлтийг хангаж, 2023.03.02-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогджээ. 2023.03.20-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Г шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг дахин гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдаан хойшлогдсон байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тус аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023.05.02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

2. Шүүгч Б.М 2023.01.30-ний өдөр шүүгдэгч О.Х, өмгөөлөгч Б.Г нарт холбогдуулан нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023.02.15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор уг нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. ... аймаг дахь Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас нөлөөллийн мэдүүлгийн дагуу шалгалт явуулж, 2023.03.07-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрт шүүгч гомдол гаргасан, прокурорын 2023.04.21-ний өдрийн тогтоолоор дээрх шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, улмаар 2023.05.05-ны өдөр шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлжээ. Шүүгч Б.М эрүүгийн хэргийг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, улмаар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан нь хууль зөрчөөгүй байна. Харин холбогдох  шүүгч нь нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Шүүх хуралдааны явцад “...та нарт арга хэмжээ авхуулна...” гэж зохисгүй үг хэлж, дарамталсан” гэх гомдлын талаар:

1.1. 2023.01.30-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл, 

...Даргалагч: Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэнэ. Шүүгч татгалзлын талаар тайлбар хэлэх эрхтэй, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр хүндийн асуудал яригдаж байна. Шүүгдэгч О.Х намайг гүтгэж байна гэж үзэж байна. Г.Ц, О.Х нарыг хэргийн материалтай танилцахад анх удаа туслахын өрөөнд харсан. Энэ асуудлыг тусдаа шалгуулна. Хэргийн оролцогчтой нэг талыг байлцуулахгүйгээр уулзаж байна гэдэг нь шүүгчийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлд тооцогдох том хэмжээний зөрчилд ордог. Г.Ц гэдэг хүн манай өрөөнд орж гар барьсан тохиолдол байгаа бол би сахилгын зөрчил гаргасан гэдгээр арга хэмжээ авхуулах ёстой. Хэрвээ та миний мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа бол өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Би ... аймгийн прокуроруудтай ихэнхтэй нь фейсбүүкийн найзууд, фейсбүүк олон нийтийн харилцааны хэрэгсэл, фейсбүүк найз болгонтойгоо найзлаад  нөхөрлөөд байдаг гэж ойлгож болохгүй. Мэргэжлийн хүрээнд өмгөөлөгч нар, цагдаагийн албан хаагч нарын хувьд фейсбүүк найзууд байдаг. Ийм л нөхцөл байдал байдаг ш дээ. Хувийн сонирхол шүүгчийн хувьд байхгүй. Хэргийг шилжиж ирсэн цагаас өргөсөн тангарагтаа үнэнч байж хэргийг хуульд нийцүүлэн шийднэ гэх итгэл үнэмшилтэй өнөөдрийг хүртэл байгаа гээд, шүүгдэгч Г.Цаас тодруулъя та миний өрөөнд орсон уу?...гэжээ.

Шүүх хуралдааны явцад яригдсан дээрх яриа шүүгчийн тайлбарын агуулгаас зөрөөгүй, өөрөөр хэлбэл шүүгч нь “...та нарт арга хэмжээ авхуулна” гэж хэлсэн, айлган сүрдүүлсэн, дарамталсан гэх байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн  4-т зааснаар татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох тул өмгөөлөгчийн татгалзах хүсэлтийн талаар шүүгч Б.М хэргийн оролцогчдоос асуулт асууж, энэ талаар тайлбар хийснийг буруутгах, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.  ... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023.02.01-ний өдрийн 42 дугаар захирамжаар шүүгч Б.Мг татгалзан гаргах тухай шүүгдэгч О.Х, өмгөөлөгч Б.Г нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 2. “...Шүүгдэгч Г.Ц нь шүүгч Б.М-ийн өрөөнд орж, гар барьж мэндэлсэн...” гэх гомдлын талаар: 

  Шүүхээс дуудсаны дагуу О.Х, Г.Ц нар 2022.12.08-ны өдөр шүүгчийн туслах Ш.Далхаасүрэнтэй уулзсан нь тогтоогдож байгаа ба “...энэ үед Г.Ц нь шүүгч Б.М-тай уулзаж, гар барьж, мэндэлсэн” гэх байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдохгүй байна. Өргөдөлд дурдсан энэ гомдол нь шүүгчийг татгалзан гаргах  үндэслэл болсон бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тодорхой  яригдсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт тусгагджээ. Шүүгчийн өрөө байрладаг давхрын коридорт камер байрладаг боловч тус шүүхийн байрны фасадын засварын ажил хийгдэж байсан тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрүүдэд камер ажиллахгүй байсан талаар ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023.05.10-ны өдрийн 5/244 тоот албан бичигт дурдсан байна.

Түүнчлэн Зөрчлийн хэрэг шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө шүүгчийн туслах Ш.Д /одоо өндөр насны тэтгэвэрт гарсан/ “...тухайн өдөр Ж.У шууд дагуулж өрөөнд орж ирээд шүүгчийн өрөөнд хэргээ бариад орсон. Би тэр 2 хүнээс хувийн баталгаа гаргах баримт дээр гарын үсэг зуруулаад утсаа нээлттэй байлгаарай дуудна шүү гэж хэлээд явуулсан. Уранцэцэг гарч ирээд хэргээ надад өгчхөөд явсан. Г.Ц шүүгч Б.М-ийн өрөөнд орж мэнд мэдсэн гэх асуудлыг би мэдэхгүй...” гэсэн, гэрч Ж.У “...2022.12.08-ны өдөр прокурор хэрэг авчирсан, эхлээд О.Х ирсэн байсан, дараа нь би Г.Ц-ыг дуудаад хэргийг программ дээр бүртгэж аваад хуваарилалт хийхэд Ерөнхий шүүгч Т.Ц-д хуваарилагдсан, шүүгчийн туслах Ш.Д рүү тэр 2-г дагуулаад  2 давхарт гараад Ерөнхий шүүгч рүү ороод даргалагч томилсон шүүгчийн захирамж дээр гарын үсэг зуруулаад хэргээ шүүгчид хүлээлгэж өгөөд гарч ирээд өрөө рүүгээ явсан. ...Ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарч ирэхэд Г.Ц, О.Х нар Ш.Д-ийн өрөөнд байсан. Г.Ц шүүгч Б.М-тай мэнд ус мэдэлцсэн талаар мэдэхгүй...” гэжээ. Дээр дурдсанаар шүүгч Б.М нь хэргийн оролцогч Г.Ц-тай уулзаж,  мэнд мэдэж, хувийн дотно харилцаа тогтоосон гэх байдал тогтоогдоогүй болно.  

3. “...Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, ...нэр хүндэд халдсан” гэх гомдлын талаар:

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1-т “тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд нь хэрэг, маргаан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шан харамж, бэлэг сэлт өгөх, өгөхөөр завдах, дарамт шахалт үзүүлэх, дарамтлах, заналхийлэх, доромжлох, гүтгэх, бие болон орон байр, аюулгүй байдалд нь халдах, шийдвэрийг урьдчилан хэлэхийг санал болгох, зааварчилгаа өгөх зэргээр нөлөөлсөн тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ба Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг.

Шүүгч Б.М нөлөөллийн мэдүүлэг хөтлөхдөө “..шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Б.Г нарын шүүгчийг татгалзан гаргах хүсэлтдээ дурдсан үндэслэл болон үйл баримт нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилготой, шүүгчийн нэр хүндэд халдсан, илт худал үйл баримт, мэдээллийг хэргийн оролцогч бусад хүмүүст өгч байгаа” гэжээ. Шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39-т заасан зөрчилд тооцдог. Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчийн гаргасан нөлөөллийн мэдүүлгийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаад зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна. Шүүгч энэхүү шийдвэрт гомдол гаргасан, прокурор дээрх шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулаад 2023.05.05-ны өдөр шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд шилжүүлсэн, шүүх уг зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч хуулиар хүлээсэн үүргийн дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд үүнийг өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан гэж үзэхгүй.

4. “...Шүүгдэгч Б.Г гэж дуудаж, нэр төр, ажил хэргийн нэр төрийг гутаасан...” гэх гомдлын талаар:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.М 2023.03.20-ний өдрийн шүүх хуралдааныг нээж, улмаар бүрэлдэхүүнийг танилцуулаад  хэргийн оролцогч нараас татгалзал байгаа эсэхийг асуусан, ингэхдээ шүүгдэгч Б.Г гэснээ залруулан шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч Б.Г нарт татгалзан гаргах хүсэлт байна уу гэхэд өмгөөлөгч Б.Г: Би шүүгдэгч биш өмгөөлөгч гэхэд шүүгч андуурсан байна, уучлаарай гэж хэлсэн нь мөн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагджээ. Шүүгч нь өмгөөлөгчийг санаатайгаар шүүгдэгч гэж хэлсэн нь тогтоогдоогүй харин андуурсан, энэхүү алдаагаа залруулж тухайн үед уучлалт гуйсан байна.

5.“...Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан, хариу ирүүлээгүй...” гэх гомдлын талаар: 

Өмгөөлөгч Б.Г 2023.03.14-ний өдөр гаргасан хүсэлтдээ “...шүүгч нь 2023.01.30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч О.Х, өмгөөлөгч Б.Г-т нарт хандаж, та хоёрт арга хэмжээ авхуулна гэж хэлснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж өгнө үү” гэжээ. Шүүгчийн 2023.03.16-ны өдрийн 117 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...тэмдэглэлд тусгасан шүүх хуралдаан даргалагчийн тайлбар нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдож байна, тодруулбал, дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлд тусгагдсан шүүх хуралдаан даргалагчийн тайлбар агуулгын зөрөөгүй байна...” гэжээ. Үүнээс үзвэл, өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч зохих журмын дагуу шийдвэрлэсэн бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Б.М сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

1. “Шүүгдэгч бөгөөд хохирогч О.Х, түүний өмгөөлөгч Б.Г нарт хандаж “та нарт арга хэмжээ авхуулна” гэж айлгаж, зүй бус авирлах байдал гаргаж дарамт үзүүлсэн” гэх, нөлөөллийн мэдүүлэг /үндэслэлгүй/ бичиж биднийг гүтгэж, цагдаагийн байгууллагаар шалгуулж нэр хүндэд халдсан” гэх гомдлын талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г дээрх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шүүгчийн захирамжаар “...хүсэлтийн дагуу шүүгдэгч О.Х, Г.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг харьцуулан хянахад шүүх хуралдаан даргалагчийн зүгээс татгалзалтай холбогдуулан “...Шүүгдэгч О.Х намайг гүтгэж байна гэж үзэж байна. Г.Ц, О.Х нарыг хэргийн материалтай танилцахад анх удаа туслахын өрөөнд харсан. Энэ асуудлыг тусдаа шалгуулна. ...Г.Ц гэдэг хүн манай өрөөнд орж гар барьсан тохиолдол байдаг бол би сахилгын зөрчил тооцуулах ёстой. Хэрвээ та миний мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа бол өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэх агуулгатай тайлбар гаргасныг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлд тусгажээ. Уг тэмдэглэлд тусгасан шүүх хуралдаан даргалагчийн тайлбар нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр давхар тогтоогдож байна. Тодруулбал “шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлд тусгагдсан шүүх хуралдаан даргалагчийн тайлбар агуулгын зөрөөгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй болно” гэх дүгнэлт хийж өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Тус захирамжийн хуулбарыг болон 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг хавсаргав. Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Б.Г нарын шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд эрүүгийн 2202004390302 хэргийг хүргүүлсэн. Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Б.Г нь намайг шүүгдэгч Г.Ц, улсын яллагчаар оролцож буй ... аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.А-той найз нөхөд гэж, мөн прокурор Э.А-той фейсбүүкээр байнга харилцдаг, шүүгдэгч Г.Ц-ыг миний өрөөнд орж гар барьдаг мэтээр гүтгэж шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан асуудлыг шалгуулахаар буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөө илэрхийлсэн. Түүнээс биш шүүгдэгч О.Х, Б.Г нарыг заналхийлсэн айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Уг асуудлаар хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл ... аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд зөрчлийн гомдол мэдээллээр тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад н.Д шалгаад зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасныг ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П хүлээн авч хянаад зөрчлийн 2336000148 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн.

2. “...Өмгөөлөгчөөр оролцож байсан намайг хэргийн оролцогч болон хурал ажиглагч нарын дэргэд “шүүгдэгч Г” гэж нэрлэн дуудаж миний эрхэлсэн ажил нэр хүндэд халдан гадуурхаж дарамт үзүүлсэн” гэх гомдлын талаар:

2023 оны 03 дугаар сарын 20-ны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г-ыг “шүүгдэгч Б.Г” гэж андуурч дуудсан бөгөөд өмгөөлөгчийг доромжлох, ялгаварлан гадуурхах, нэр төрд нь халдах зорилгоор дуудаагүй. Тэр даруй би уг алдаагаа засаж өмгөөлөгчөөс уучлал гуйж зөвтгөж дуудсан болно. Энэ нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагч: Шүүгдэгч Б.Г гэснээ залруулан шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч Б.Г нарт татгалзан гаргах хүсэлт байна уу? Шүүгдэгч О.Х-ы өмгөөлөгч Б.Г: Би шүүгдэгч биш өмгөөлөгч гэв. Даргалагч: Андуурсан байна, уучлаарай” гэж бүрэн эхээрээ тусгагдсан. Энэхүү тэмдэглэл хэргийн хамт ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд байх тул хуулбарлан хүргүүлэх боломжгүй байна. Мөн энэхүү тэмдэглэл нь эрүүгийн цахим системд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталгаажсан болно. Миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэж, 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж тус тус заасныг зөрчөөгүй болно. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгч Б.М нэмэлт тайлбартаа: “...Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗТ/13 дугаартай тогтоолоор Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, шүүгч Б.Гантөгс нарын эрүүгийн 2202004390302 дугаартай хэргээс татгалзан гарах хүсэлтийг хангасан тул уг хэрэг надад хуваарилагдаж ирсэн. Уг хэрэг надад хуваарилагдаж ирэхээс өмнө болон дараа нь шүүгдэгч О.Х, Г.Ц нартай хувийн болон албаны ямар нэгэн харилцаа холбоо тогтоож байгаагүй, ганцаарчлан харилцаж байгаагүй болно. Шүүгдэгч Г.Ц, О.Х нарыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн туслахын өрөөнд хэргийн материалтай танилцаж байхад тэдгээрийг харж хэргийн оролцогч гэдгээр нь мэдэх болсон. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц надтай ямар нэгэн харилцаа холбоогүй, мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний өрөөнд орж гар барьж мэндэлсэн зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүгдэгч О.Х нь татгалзан гаргах хүсэлтэд дурдсан агуулгыг үгүйсгэж “өрөөний үүдэн дээрээс мэнд мэдсэн” гэх агуулгатай тайлбар гаргасан. Миний хувьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн сэлгэн ажиллаж байна. Тухайн үеэс эхлэн тус хэрэгт улсын яллагчаар оролцож байгаа ... аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.А-ыг албан үүргийн хүрээнд таних болсон бөгөөд ямар нэг хувийн харилцаагүй, найз нөхдийн холбоогүй болно. Мөн прокурор Э.А-той 2022 оны 11 дүгээр сараас кибер орчинд буюу фейсбүүкт “найз” гэх статустай болсон ба фейсбүүкээр түүнтэй албаны болон хувийн асуудлаар харилцаж байгаагүй болно.

Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүгч надаас болон улсын яллагчаар оролцож байгаа прокурор Э.А-ыг татгалзан гаргах хүсэлт, мөн “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Ч.Б нь энэ хэрэгт хяналт тавьж улмаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 316 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх тул Г.Ц, О.Х нарын эрүүгийн хэргийг нийслэлийн зохих шүүхэд харьяалуулахаар хүсэлт гаргаж” гэх агуулгатай хүсэлт ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн асуудлыг хянан шийдвэрлэж байгаа шүүх буюу шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлэхээр заасан тул прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг хянан хэлэлцээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн харьяаллыг өөр өөр журмаар шийдвэрлэдэг. Тухайлбал шүүхийн харьяаллын хувьд уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэдэг бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллын хувьд дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл уг хэрэгт шүүхийн харьяалал зөрчсөн асуудал байхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Г, О.Х нараас ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан өргөдөл гаргаж, үндэслэлээ “... шүүх хуралдаан дээр та нарт арга хэмжээ авхуулна гэж айлгаж, зүй бус авирлан дарамт үзүүлсэн, нөлөөллийн мэдүүлэг бичиж биднийг гүтгэн цагдаагийн байгууллагаар шалгуулж нэр хүндэд халдсан, шүүгдэгч Б.Г гэж нэрлэн дуудаж өмгөөлөгчийн эрхэлсэн ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэх агуулгаар тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгдэгч О.Х, Г.Ц нарт холбогдох эрүүгийн 2202004390302 дугаартай хэргийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 0:17:05 минутаас: Даргалагч: “...шүүгдэгч О.Х намайг гүтгэж байна гэж үзэж байна. Г.Ц, О.Х нарыг хэргийн материалтай танилцахад анх удаа туслахын өрөөнд харсан. Энэ асуудлыг тусдаа шалгуулна. Хэргийн оролцогчтой нэг талыг байлцуулахгүйгээр уулзаж байна гэдэг нь шүүгчийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлд тооцогдох том хэмжээний зөрчилд ордог. Г.Ц гэдэг хүн манай өрөөнд орж гар барьсан тохиолдол байгаа бол би сахилгын зөрчил гаргасан гэдгээр арга хэмжээ авхуулах ёстой. Хэрвээ та миний мэргэжлийн нэр хүндэд халдаж байгаа бол өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж хэлж байгаа нь, мөн шүүгч Б.М нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дээрх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээж, шүүх бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа хэргийн оролцогч нараас татгалзал байгаа эсэхийг асуусан, ингэхдээ шүүгдэгч Б.Г гэснээ залруулан шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч Б.Г нарт татгалзан гаргах хүсэлт байна уу гэхэд

 Өмгөөлөгч Б.Г: Би шүүгдэгч биш, өмгөөлөгч гэхэд

 Даргалагч: Андуурсан байна, уучлаарай гэж хэлсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 0:05:30 минутаас тус тус бичигдэн үлджээ.

Иймд шүүгч Б.М-г “...та нарт арга хэмжээ авхуулна” гэж хэлсэн, айлган сүрдүүлсэн, дарамталсан гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн  4-т зааснаар татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргах эрхтэй тул өмгөөлөгчийн татгалзах хүсэлтийн талаар шүүгч Б.М хэргийн оролцогчдоос асуулт асууж, энэ талаар тайлбар хийснийг буруутгах боломжгүй, өмгөөлөгчийг шүүгдэгч гэж андуурч хэлсэн алдаагаа залруулж тухайн үед уучлалт гуйсан нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд сахилгын зөрчилд тооцохгүй.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө”, 45.5-д “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлсөн гэж үзсэн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлж эрх бүхий албан тушаалтнаар шалгуулах хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй, харин нөлөөллийн мэдүүлэгт дурдсан зөрчлийг тухайн этгээд гаргасан эсэхийг шалгах нь цагдаагийн байгууллагын эрх хэмжээ тул шүүгч Б.М-г нөлөөллийн мэдүүлэг хөтөлж гомдол гаргагч нарын нэр хүндэд халдсан гэж үзэхгүй.

Дээрх болон өргөдөлд дурдсан шүүгч Б.М нь хэргийн оролцогч Г.Ц-тай хувийн дотно харилцаа тогтоосон гэх байдал тогтоогдоогүй талаар, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч зохих журмын дагуу дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийг хянах эрхгүй талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2023/0067 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                    ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                           Д.Мягмарцэрэн  

                                                                       Х.Хашбаатар