info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-07-05

Дугаар 101

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

 сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч С.Г (цахимаар) нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар:

...  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ГНД/2023/00... дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

“1. Өргөдлийн “...Анх “П” ХХК нь тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг мөн С.Г шүүгч хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд үүнийг үндэслэлгүй талаар гомдол гаргахад мөн л шийдвэрлэлгүй удааж байсан. Ийнхүү дахин нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш одоогийн байдлаар 129 хоног өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэлгүй удааж, нэг ч удаа шүүх хуралдаан товлон хэргийг хэлэлцэх хуралдаан болоогүй...” гэх тухайд:

“П” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Ш.Б, Д.Г нарт холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг /сх-ийн 82-88х/, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШЗ2022/01... дугаартай шүүгчийн захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, мөн зүйлийн 62.1.4-т заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”, 62.1.5-д заасан “нэхэмжлэлийн үнэ” зэргийг тодорхой болгох шаардлагатай...” гэх үндэслэлээр /сх-ийн 89-95х/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу хуанлийн 7 дахь хоногтоо нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн ... 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг баримтлан, дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр[1] гаргажээ.

... аймгийн дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/19 дүгээр “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын хавсралтад /сх-ийн 142-144х/ зааснаар Ерөнхий шүүгч С.Г нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хуульд заасан ээлжийн амралттай байсан нь нотлогдож байна. Шүүгчийг амрахаас өмнө дээрх хүсэлт ирээгүй, харин амралттай байх хугацаанд ирсэн байх ба 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилдаа орсноор, амралттай байх хугацаанд өөрт хуваарилагдсан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн, өргөдөлд дурдсан хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр захирамжаар шийдвэрлэсэн нь хуанлийн 10 дахь хоногтоо шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул шүүгч хүсэлтийг  “...61 хоногийн дараа шийдвэрлэсэн...” гэж өргөдөлд дурдсан нь үндэслэлгүй, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна.

2. “П” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Ш.Б нарт холбогдуулан дахин шинээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу 14 хоногийн дараа шийдвэрлэсэн...” гэх тухайд:

“П” ХХК нь хариуцагч “Н” ХХК, Ш.Б, Д.Г нарт холбогдуулан дахин 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан /сх-ийн 12-15х/, ... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШЗ2022/03... дугаартай шүүгчийн захирамжаар /сх-ийн 16х/ иргэний хэрэг үүсгэжээ. Сахилгын хэрэг дэх, нэхэмжлэл дээрх шүүх хүлээн авсан дардас /сх-ийн 15 дахь хуудасны ар тал/ болон Иргэн-2014 нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс /сх-ийн 114-116х/ шүүх нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хүлээн авснаас хойш хуанлийн 7 хоногт багтаан, иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн ... 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасантай нийцсэн байна.

3. “...Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасныг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу 12 хоногийн дараа шийдвэрлэсэн. Мөн үзлэг хийлгэх хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасныг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу 12 хоногийн дараа шийдвэрлэсэн...” гэх тухайд:

Уг хүсэлтийг түүн дээрх дардсаар /сх 22-23, 24-25х/ 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хүлээн авсан болох тогтоогдох ба  2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШЗ2023/00342, 138/ШЗ2023/00338 дугаартай захирамжуудаар /сх 26-30, 31-36х/ хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэжээ. Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Ж.М 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тайлбарт, “Гишүүнээс: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний гаргасан хүсэлтийг шүүгч хүлээж аваад хангах тухай захирамж гаргасан. Хариуцагч гомдол гаргаад гомдлын хурлаар итгэмжлэлийн асуудлаас болж уг захирамж хүчингүй болгосон. Үүн дээр шүүгч ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ гэхэд өмгөөлөгч Ж.М “...Үүнд хууль зөрчсөн гэх асуудал яриагүй...” гэжээ /сх-ийн 190х/.

Шүүгч и-мэйл хаягт үзлэг хийлгэх болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтүүдийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу хуанлийн 7 дахь хоногт шийдвэрлэсэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж заасантай нийцсэн, хүсэлтийг шийдвэрлэлгүй удаасан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

4. “...Нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдүүлснийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх захирамж одоог хүртэл гараагүй. Мөн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх бөгөөд хариуцагчид гардуулах ажиллагаа болон хариу тайлбар, нотлох баримт гаргах хугацаа олгосон эсэх талаар аливаа захирамж гаргаагүй байна... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах эсэх талаар захирамж гаргах тухайлсан зохицуулалт хуульд тусгагдаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж зааснаар хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 7 хоногоор журамлажээ. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасныг /сх-ийн 37-39х/ шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулсан нь тус иргэний хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /сх-ийн 10х/ тогтоогдоно.

Харин, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч /сх 60 х/, хариуцагч Д.Г-т гардуулсан /сх-ийн 74х/ байх боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан баримтад гардаж авсан огноо тэмдэглээгүй байгаагаар хариуцагчид хэзээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан болох нь мэдэгдэхгүй, хугацааг тогтоох боломжгүй байна. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.1.1-д “...шүүгч, шүүгчийн туслах хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хариуцагчийн гарын үсгийн тайллын хамт зуруулж, ...нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, ...шаардлага гардуулсан тухай Баримт №4-ийг үйлдэн, хэрэгт хавсаргана” гэх заалтыг зөрчжээ.

Мөн дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “... хариуцагчид нэхэмжлэлийг ... орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна”, 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд шүүхээс хуульд заасан 14 хоногийн хугацаанд орон нутагт байгаа хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан эсэх, хариуцагч гардаж авсан өдрөөс 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнд хамаарах нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн эсэх хугацааг тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа нь энэхүү илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн болохыг харуулна. Гэхдээ энэхүү зөрчлийг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн байж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дах заалтын шаардлага хангагдана. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэзээ гардуулсан тодорхойгүй байгаа зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй, учир нь энэ нь 1/д, нэхэмжлэлийг гардуулах, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтыг хуульд нийцүүлэн үйлдэх үйл ажиллагаа шүүгчийн туслахын эрхлэх ажилд хамаарч байна, 2/т, нэгэнт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан хэргийн оролцогч тайлбараа хуульд заасан хугацаанд өгөх, эсхүл өгөөгүйгээс ч сөрөг үр дагавар үүсэхгүй тул ноцтой гэж үзэх үндэслэлгүй байна.

5. “... “П” ХХК нь өөрийн зөрчигдөөд буй эрхийг сэргээлгэх, хамгаалах зорилгоор нэн яаралтай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахыг 2023 оны 2-р сарын 10-ны өдөр хүссэн, мөн тус хэрэгт ач холбогдол бүхий баримт болон эд зүйлд үзлэг хийлгүүлэхээр 2023 оны 3-р сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд ... гэтэл мөн л одоог хүртэл шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөөр байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-т заасан 60 хоногийн хугацааг аливаа үндэслэл, шалтгаангүйгээр сунгаж 4 сар гаруй хугацаа болгож буй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн гэх тухайд:

.... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Г нь түр чөлөө авсан байсан /сх-ийн 145х/ тул түүний туслахаар түр ажиллаж байгаа гэх Г.О-д байсан хавтаст хэрэг болон  иргэний хэргийн системд үзлэг хийж, шалгав.  Ерөнхий шүүгчийн туслах Ч.Б нь энэхүү нэхэмжлэлийг шүүгч хүлээн авах үед шүүгчийн туслахаар ажиллаж байгаад ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар /сх-ийн 147х/ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл /7 сар/ албан тушаалаасаа түр чөлөө авч, тус шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар /сх-ийн 148х/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О-аар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ч.Б-ийн албан үүргийг гүйцэтгүүлжээ.

Эдгээр, түр хугацаанд солигдон ажилласан туслахуудаас дээрх хүсэлтийг хэзээ хүлээн авч, шүүгчид танилцуулсан хугацааг тодруулж, Ерөнхий шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Г.О-аас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрчийн тайлбар авсан. Тэрээр “ тухайн хүсэлт ирэх үед би ажлаа хийж байсан учраас ерөнхий шүүгчид танилцуулахад талуудаас ирсэн хүсэлтийг дахин нягталж, сайтар үзье гэсэн зүйл хэлсэн ... Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа Б-т хүлээлгэж өгсөн тул энэ хүсэлтийг үлдээсэн. ... “П” ХХК-ийн төлөөлөгч Н гэх хүн над руу утасдаад хүсэлт шийдвэрлэсэн эсэх талаар асууж байсан. Тэгэхэд нь манай шүүхийн нэг шүүгч давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон, нэг шүүгч сэлгэн ажиллахаар болоод хэргүүд нь бусад шүүгч нарт хуваарилагдаад ачаалал ихэссэн талаар тайлбарлаж хэлэхэд “за” гэж байсан...” гэжээ.

Шүүгчийн туслах Ч.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн тайлбартаа: “...Анх нэхэмжлэл гаргах үед туслахаар ажиллаж байсан, энэ хэргийн тухай мэднэ. Намайг буцаагаад ажлаа авахад шийдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан. Ажил авсны дараа Н гэж хүн яриад “хүсэлт өгсөн, хүсэлт шийдэгдсэн үү” гэх зүйл асуусан. Би “дөнгөж сая ажлаа авсан талаар хэлсэн. Манайх 4 шүүгчтэй байж байгаад 2 шүүгчтэй болсон байна. Танай хэрэг С.Г шүүгч дээр байгаа. Над дээр хэрэг байхгүй байгаа тул би тодорхой мэдэхгүй байна. Хэрэг шүүгчид байгаа, үзээд эргээд холбогдъё” гэж хэлсэн. Шүүгчтэй уулзахад “талуудаас өмнө нь хүсэлт гаргасан, түүнийг шийдсэн захирамж хүчингүй болсон. Одоо аль аль талаас хүсэлт гаргасан. Хариуцагчаас Германаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан байсан. Үүнийг судлах шаардлагатай байна” гэсэн. Удалгүй шүүгч “нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдээд, би захирамжаа бичнэ ээ, чи бусад хэргүүд дээр ажиллагаагаа хий” гэж хэлсэн ...” гэсэн тайлбараар хүсэлтийг шүүх хүлээн авснаар шүүгчид танилцуулагдсан байсан болох нь тогтоогдоно.

Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2023/01... дүгээр захирамжаар, хүлээн авснаас хойш 58 хоногийн дараа /сх-ийн 68-73х/ хангаж шийдвэрлэжээ. Мөн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “И-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт”-ийг шүүх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2023/01... дугаартай захирамжаар /сх-ийн 76-79х/ хангаж шийдвэрлэжээ. Ингэхдээ уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 35 хоногийн дараа шийдвэрлэсэн байна. Шүүх хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг хичээх ёстой байдаг нь нөгөө талаар талуудаас гаргасан хүсэлтийг даруй шийдвэрлэх шаардлагыг бий болгодог.

Иргэний хэрэгт хийсэн үзлэгээр, хүсэлт өгснөөс хойш өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байж байгаад 04 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн ба эхний хүсэлтийг гэхэд хуульд заасан хэрэг шийдвэрлэх хугацаатай адил хугацаанд шийдвэрлэжээ.  Энэхүү шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахтай холбоотой хүсэлт гаргах, шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хэрэг үүсгэсний дараа захирамжаар шийдвэрлэх, үр дагавар үүсвэл нэхэмжлэгч тал хариуцдаг онцлог нэгэн ажиллагаа болно.

Учир нь нэхэмжлэгч өөрийн шаардлагаа баталгаажуулах, зарим тохиолдолд нэн даруй хийгдэх ажиллагааг ч шүүхийн шийдвэр баталгаажуулах ажиллагаагаар дамжуулан хийж гүйцэтгэдэг. Тийм байдал ч уг хэргийн холбогдох хүсэлтэд тодорхой дурдагдсан, өргөдөл болон нэмэлт тайлбарт ч энэ талаар тодорхой бичсэн байдаг. Тухайлбал: “... нэхэмжлэгч “П”ХХК өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох нийт 11 машин, механизмыг хариуцагч нарт хадгалуулахаар тохиролцсон ... хариуцагч нар нь эдгээр эд хөрөнгийг одоог хүртэл зөвшөөрөлгүй ашиглаж, нэхэмжлэгч талд хохирол учруулсаар байх тул ... 69.1.5-т тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах эрхтэй гэж заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ... эдгээр машин механизмуудад үзлэг хийж, битүүмжлэх”-ээр хүсэлт гаргасан бол  өргөдөлд “ ... “П” ХХК нь өөрийн өмчлөлийн уул уурхайн машин техник болох 11 тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах, тэдгээрийг зөвшөөрөлгүй ашиглаж учирсан хохирлыг гаргуулахаар дээрх хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Эдгээр машин техникүүд нь маш өндөр үнэтэй буюу анх 6,5 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд эдгээрийг хариуцагч нар нь одоог хүртэл ашиглан ашиг олж өөрт болон бусдад давуу байдал бий болгосоор байгаа нь нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байгаа юм. Үүний дагуу өөрсдийн эд хөрөнгийг эзэмшилдээ авах, хамгаалах, учирсан хохирлыг арилгуулах болон цаашид учрах хохирлыг нэн даруй таслан зогсоохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хариуцагч нарт ашиглахгүй байхыг даалгах арга хэмжээ авахыг шүүхээс хүссэн. Гэвч тус шүүгч үүнийг одоог хүртэл шийдвэрлэхгүй өдийг хүрч энэ хугацаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг ашиглан ашиг олж эсрэгээрээ нэхэмжлэгч талын эрх, ашиг сонирхол зөрчигдөн бодит хохирол учирсаар байна ...” гэжээ.

Харин холбогдох шүүгч хүсэлтийг шийдвэрлээгүй удаасан шалтгаан, үндэслэлийг хэргийн ачаалалтай холбож, тайлбар өгчээ.

...  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 138/ЗТ2023/00... дугаартай “Иргэний нэхэмжлэл, хэрэг шилжүүлэх тухай” зөвлөгөөний тогтоолоор /сх-ийн 135-140х/ тус шүүхийн шүүгч Г.У нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар зарлигаар ...  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул түүний хүлээн авсан 3 нэхэмжлэл, 59 хэрэг, 1 гомдлыг Ерөнхий шүүгч С.Г, шүүгч Т.Б, шүүгч Г.Ж нарт тус тус шилжүүлжээ.

Мөн ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 138/ЗТ2023/00... дугаартай “Иргэний нэхэмжлэл, хэрэг шилжүүлэх тухай” зөвлөгөөний тогтоолоор /сх-ийн 131-134х/ тус шүүхийн шүүгч Г.Ж нь ШЕЗ-ийн 2023.03.16-ны өдрийн 92 дугаартай тогтоолоор О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах болсон тул түүний хүлээн авсан 2 нэхэмжлэл, 78 хэргийг шүүгч Ж.Б, Ерөнхий шүүгч С.Г нарт тус тус шилжүүлжээ. Гэрчүүдийн мэдүүлэг болон сахилгын хэрэг дэх баримтуудаар Ерөнхий шүүгч С.Г нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу бусад шүүгч нараас шилжиж ирсэн хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 334 хэрэг хүлээн авснаас, шалгах ажиллагаа явагдах үед 83 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нь Иргэн-2014 нэгдсэн системээс нотлох баримтаар татан авсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон шийдвэрлэсэн хэргийн жагсаалтаар нотлогдоно.

Иргэн-2014 системд үзлэг хийхдээ, тус шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэргийн жагсаалтыг хэвлэн авсан, хэвлэн авсан баримтад 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хэргийн жагсаалтыг орхигдуулсан боловч холбогдох шүүгч хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн баримтаас /сх-ийн 172х/ үзвэл 2022.07.01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэл 59, үүнээс иргэний хэрэг үүсгэсэн 26, шийдвэрлэсэн хэрэг 65, үлдэгдэл хэрэг 179, 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нэхэмжлэл 207, үүнээс иргэний хэрэг үүсгэсэн 194, шийдвэрлэсэн хэрэг 145, үлдэгдэл хэрэг 157 гэж ирүүлжээ. Мөн шүүгчийн туслах О “... шүүгч маш их ачаалалтай байсан ... У шүүгч 2023 оны 02 дугаар сард давж заалдах шатны шүүгчээр томилогдсон, У шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргүүд бусад 3 шүүгчид хуваарилагдсан ... Б туслахаас хэрэг авахад 30 орчим хэрэг ажиллагаанд, 10 гаруй хэрэг түдгэлзүүлсэн, нийт 40 орчим хэрэг хүлээн авсан ... тэгвэл 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б туслахад ажил хүлээлгэн өгөхөд ажиллагаанд байгаа 80 гаран хэрэг хүлээлгэж өгсөн ...” гэжээ.

Гэхдээ хэргийн ачаалал ихэссэн, шийдвэрлэх хүсэлт, гомдол их байсан зэрэг нь шүүгчийн хуульд заасан хугацааны дотор хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд энэ шалтгаанаар шүүгчийн хүсэлт шийдвэрлэх хугацаа хэтрүүлснийг зөвтгөх үндэслэлгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж журамласан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэдэг  практик ч тогтсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ... дотор ... шийдвэрлэнэ”, 71 дүгээр зүйлийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасанд зохигчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй удаасан зөрчил шууд байдлаар холбогдох ба хуульд заасан уг хугацаанд хэргийг шийдвэрлэх ёстой атал хүсэлтийг шийдвэрлэлгүй, ямар нэгэн ажиллагаа хийлгүй 58 хоног болсны дараа шүүгч нь хүсэлт шийдвэрлэсэн нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Энэхүү хүсэлт шийдвэрлэхгүй удаашруулсан нь “...Хүсэлтүүдийг шийдэхгүй удаасан. Тэгээд гэнэт танай хүсэлтүүдийг бүгдийг нь шийдлээ гэж шүүхээс ярьсан. Өөрөөр хэлбэл хүсэлтүүдийг шийдэхдээ хугацаа алдсан гэж үзэж байгаа, учир нь энэ хүсэлтийн дагуу хийгдэх ажиллагааны нэг нь 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажиллагаа байсан. Энэ нь бид нарт туйлын чухал байтал ингэж хугацаа алдаж байгаа нь нэг талд үйлчилж байгаа мэт итгэл төрүүлээд байгаа. ... Шүүгчийн туслах руу байнга утсаар холбогддог. 7 хоногт 1 удаа утсаар лавлаад асуудаг. Манай хүсэлтийг шийдсэн үү, яагаад шийдэхгүй байна вэ гэж асуудаг. Одоогоор шийдвэрлээгүй байна гэх хариуг өгдөг ...” гэж өргөдөл гаргагч үзэх нөхцөлийг бүрдүүлж байгааг ноцтой гэж үзнэ. 

Сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Ерөнхий шүүгч С.Г нь албан тушаалтын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглан өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдсонгүй.  Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглох заалтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ... дотор ... шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ....” гэжээ.

Холбогдох шүүгч С.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхэд 27 жил, шүүгчээр 23 жил /үүнээс анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 19 жил/ ажиллахдаа албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож байгаагүй. Шүүгч миний хувьд “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК, Ш.Б, Д.Г нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхэд хэргийн аль ч талтай ашиг сонирхлын зөрчил байхгүй болно.

Харин нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэл байна гэж үзвэл мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаагүй байна. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрхийн актуудтай талууд биечлэн болон цахим хаягаар танилцаж, хуульд заасан эрхийн хүрээнд гомдлоо гаргасныг тус шүүхийн бусад 3 шүүгч хэлэлцэн шийдвэрлэж ирсэн бөгөөд шүүгч миний хувьд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын төлөөлөгч нар өөрийн гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлт, холбогдох баримтуудыг шуудангаар ирүүлэх, шүүхээс гарсан эрхийн актууд, хариуцагч талын гаргасан тайлбарыг цахим хаягаар авч танилцах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэлээ дэмжин ирж эрх үүрэгтэй танилцах, хэргийн материалтай танилцах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно. Тус шүүх нь баталгаат шуудангаар ирсэн нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч дардас дарж, системд бүртгэсэн өдрөөс хугацааг тоолж эхэлдэг. Гэтэл өмгөөлөгч Ж.М нь өөрсдийн бичиж боловсруулсан хугацаанаас эхлэн тооцсоноос шийдвэрлэсэн хугацааны хувьд зөрүүтэй зүйл бичигдсэн байна.

1. Тус шүүх “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК, Ш.Б, Д.Г нарт холбогдох “Хариуцагчид хадгалуулсан Xugong.XE900D загварын механизмын зориулалттай технологийн механизм /эксковатор/, Forland.НҮS5070GJҮВ загварын тусгай зориулалттай тусгай зориулалтын техник /түлшний машин/, ХСМС.LW1100КV загварын механизмын зориулалттай авто ачигч 2 ширхэг, ХСМG.ТҮ320 загварын механизмын зориулалттай бульдозер, ХСМС.NХС5760DТ загварын ачааны зориулалттай өөрөө буулгагч 4 ширхэг, ХСМG.NХG5420 загварын цистернийн зориулалттай усны машин, Dong Feng.SNR200С загварын тусгай зориулалттай тусгай зориулалтын техник /өрмийн машин/ буюу нийт 11 ширхэг машин механизм, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийг гаргуулах, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх эд хөрөнгүүдэд учирсан хохирлыг гаргуулах, хариуцагч нар нь дээрх машин механизм, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийг ашигласны улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан байна.

Миний бие тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан. “П” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй гэсэн үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 138/Ш32022/01... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Шүүх хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 3 шүүгч ээлжийн амралтаа авсан учир миний бие 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ганцаараа ажиллаж байгаад мөн өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. /амрах хүртэл хугацааны ачааллын судалгааг гарган хавсаргав/ Ээлжийн амралтаа эдлээд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ороход нэхэмжлэгч “П” ХХК-иас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байсан.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 138/Ш32022/02... дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н нь дээрх захирамжид 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан бөгөөд өмгөөлөгчөөр Ж.М-ийг сонгосон тухай хүсэлтийг ирүүлсэн байдаг. Гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, өмгөөлөгч Ж.М нар цахимаар оролцсон бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШТ2022/00... дугаартай шүүхийн тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

2. “Н” ХХК, Ш.Б, Д.Г нарт холбогдох “Хариуцагчид хадгалуулсан Xunong.ХЕ900D загварын механизмын зориулалттай технологийн механизм /эксковатор/, Forland.НҮS5070GLҮВ загварын тусгай зориулалттай тусгай зориулалтын техник /түлшний машин/, ХСМG.LW1100КV загварын механизмын зориулалттай авто ачигч 2 ширхэг, ХСМG.ТҮ320 загварын механизмын зориулалттай бульдозер, ХСМG.NXG5760DТ загварын ачааны зориулалттай өөрөө буулгагч 4 ширхэг, ХСМG.NХG5420 загварын цистернийн зориулалттай усны машин, Dong Feng.SNR200С загварын тусгай зориулалттай тусгай зориулалтын техник /өрмийн машин/ буюу нийт 11 ширхэг машин механизм, тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслүүдийг гаргуулах” тухай “П” ХХК-ийн нэхэмжлэлийг тус шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан.

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 2.9-д “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсны дараа нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ дахин гаргасан тохиолдолд урьд нь хүлээн авсан шүүгчид системээс “Гараар” хуваарилах аргаар хуваарилна” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэл дахин надад хуваарилагдан ирсэн болно.

Шүүх нэхэмжлэлийг хянаж үзээд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 12 дугаар сарын 06-12-ны хооронд хариуцагч Д.Г, Ш.Б, “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б нарт нэхэмжлэлийн нэг хувийг гардуулах, эрх үүрэг танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь и-мэйлд болон 11 төрлийн машин механизм бүхий эд хөрөнгөд үзлэг хийлгэх, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг аливаа байдлаар захиран зарцуулахгүй, ашиглахгүй байхыг хариуцагч нарт даалгах, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх тухай хүсэлтүүдийг шуудангаар ирүүлснийг шүүх 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаж үзээд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 138/Ш32023/00..., 138/Ш32023/00... дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь хариуцагч нарт холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг шүүх 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хариуцагч Д.Г-т гардуулан, бусад хариуцагч нарыг дуудаж гардуулах ажиллагаа явагдаж байхад Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид тухайн шүүхэд гомдол гаргасан. Хариуцагч Д.Г-ын гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар хянан хэлэлцээд тус шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШТ2023/00... дугаартай шүүхийн тогтоолоор “...нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н-ыг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзсэн...” тул шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ авсан 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 138/Ш32023/00... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Г нь 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу Герман улсад байрлах К компани болон Герман улсын иргэн J... Friedrich8 Hildebrecht нараас ...компанийн захирал Х.М-т хувьцаа эзэмшигчийн ямар эрхийг шилжүүлсэн, Х.М нь компанийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэх, шүүхэд хэрэг маргаан үүсгэх эрхтэй эсэх, компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй эсэх, ХЭ-д тайлагнасан компанийн гүйцэтгэх захирлын тайлан /дүрмийн 7.12/, хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл /дүрмийн 6.3/, гүйцэтгэх удирдлагын газрын бүрэлдэхүүнийг томилсон шийдвэр зэргийг тодруулан нотлох баримтуудыг гаргуулах, мөн авто тээврийн үндэсний төвөөс “П” ХХК-ийн нэхэмжилж байгаа техникүүд болох 39.. УН, 10.. УАА, 31.. УБ, 36.. УБ, 92.. УНЛ, 89.. УБМ, 63.. УБР, 75.. УБХ, 63.. УНТ, 54.. УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хэдэн удаагийн гэрчилгээ олголттой, шилжилт хөдөлгөөний улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргасан.

Мөн өдөр нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 138/Ш32023/00..., 138/Ш32023/00... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ын гаргасан цахим хаягт болон 11 төрлийн машин механизм бүхий эд хөрөнгөд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь цахим хаягт болон 11 төрлийн машин механизм бүхий эд хөрөнгөд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг дахин гаргасныг шүүх 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.

Өмгөөлөгч Ж.М нь хариуцагч Д.Г-ын гаргасан хүсэлттэй холбоотой хариу тайлбарыг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд шуудангаар ирүүлэхдээ “П” ХХК-тай байгуулсан өмгөөллийн үйлчилгээний гэрээг хавсарган ирүүлсэн. Энэ үеэс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүхэд ирж хэрэг материалтай одоог хүртэл танилцаагүй байна. Өмгөөлөгч нь дээрх тайлбарыг ирүүлэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дахин гаргаж ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхэд судлах, хянах зүйлүүд гарч ирсэн учир шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 138/Ш32023/01..., 138/Ш32023/01..., 138/Ш32023/01... дугаартай захирамжуудаар талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн болно.

Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 138/Ш32023/01... дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгийг битүүмжлэх” тухай захирамжид хариуцагч Д.Г, Ш.Б нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргасан бөгөөд гомдол одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

3. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг болон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үед шүүгч миний ажлын ачаалал өндөр байсан. /Тухайн үеийн ачааллын судалгааг хавсаргав/. Одоо тус шүүх нь 2 шүүгчийн орон тоотой ажиллаж байна. Шүүгч Г.У нь ... аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 138/ЗТ2023/00... дугаар тогтоолоор шүүгчийн үлдэгдэл хэрэг болох 62 иргэний хэргийг 3 шүүгч хуваарилан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн шүүгч Г.Ж нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах болсонтой холбоотой тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 138/ЗТ2023/00... дугаар тогтоолоор шүүгчийн үлдэгдэл 80 хэргийг 2 шүүгч хуваарилан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Миний хувьд одоогийн байдлаар 142 иргэний хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна. Хэдийгээр ажлын ачаалал их байгаа ч гэсэн хуульд заасан журмын дагуу ажиллах ёстой гэдгээ сайн ойлгож байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэж өгнө үү .Сахилгын хорооны хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ж.М нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдуулан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчсөн, ...мөн шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 51 дүгээр зүйлийн 51.1.-т заасныг зөрчсөн...” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл илтгэгч гишүүн “П” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна,...дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргах үед шүүгч С.Г нь хуульд заасан ээлжийн амралттай байсан, шүүгчийг амрахаас өмнө дээрх хүсэлт ирээгүй, харин амралттай байх хугацаанд ирсэн байх ба 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилдаа орсноор хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр захирамжаар шийдвэрлэсэн нь хуанлийн 10 дахь хоногтоо шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй, “П” ХХК нь дахин 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хүлээн авснаас хойш хуанлийн 7 хоногт багтаан иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасантай нийцсэн байна, нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасныг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлтийг хуанлийн 7 дахь хоногт шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасныг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулсан, харин 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хариуцагч Д.Г-т гардуулсан байх боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан баримтад гардаж авсан огноо тэмдэглээгүй байгаагаар хариуцагчид хэзээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан болох нь мэдэгдэхгүй, хугацааг тогтоох боломжгүй байгаа нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн болохыг харуулах боловч энэхүү зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлгүй байна, мөн Сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Ерөнхий шүүгч С.Г нь албан тушаалтын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглан өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Харин шүүгч С.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, өргөдөл гаргагчаас “...П” ХХК нь өөрийн зөрчигдөөд буй эрхийг сэргээлгэх, хамгаалах зорилгоор нэн яаралтай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахыг 2023 оны 2-р сарын 10-ны өдөр хүссэн, мөн тус хэрэгт ач холбогдол бүхий баримт болон эд зүйлд үзлэг хийлгүүлэхээр 2023 оны 3-р сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд ... гэтэл мөн л одоог хүртэл шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөөр байна...” гэж өргөдөлдөө дурджээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан нь хуулийн илт тодорхой заалт мөн боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг “ноцтой”, “удаа дараа” зөрчсөн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч талаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг шүүх 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2023/01... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “И-мэйлд үзлэг хийлгэх” хүсэлтийг шүүх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2023/01... дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх хэдий ч тус хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд тухайн шүүхэд ажиллаж байсан шүүгч тэдгээрт оногдох хэргийн тоо, ажлын ачаалал болон шүүгч ээлжийн амралттай байсан, шүүгчийн туслах чөлөө авсан зэрэг  нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нөхцөл хангагдаагүй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Тодруулбал, шүүгч С.Г нь дээр дурдсан шалтгаануудын улмаас хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн байх хэдий ч  энэ нь ноцтой зөрчилд тооцогдохооргүй, мөн Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч ... хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ ...” гэж заасан байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар тусгайлсан зохицуулсан байхгүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд,  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хугацаанд зохигчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй удаасан зөрчил шууд байдлаар холбогдох ба хуульд заасан уг хугацаанд хэргийг шийдвэрлэх ёстой атал хүсэлтийг шийдвэрлэлгүй, ямар нэгэн ажиллагаа хийлгүй 58 хоног болсны дараа шүүгч нь хүсэлт шийдвэрлэсэн нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ГНД/2023/00... дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, .... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Г-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                   Х.ХАШБААТАР

      ГИШҮҮН                                   Д.АРИУНТУЯА

                                                                                                                                                                                                                       С.ЭНХТӨР

 

[1] Шүүх дээрх хүсэлтийг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус байх бөгөөд үүнийг тодруулах зорилгоор Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ирсэн баримт бичгийн бүртгэл /2022 оны/, Гомдол, хүсэлт хүлээн авсан бүртгэл /2022 оны/, Гомдол хүлээн авсан бүртгэл /2022 оны/, Өргөдөл, гомдлын бүртгэл /2022 оны/ гэх дэвтрүүдэд үзлэг хийхэд “П” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлт болон гомдол гэсэн бүртгэл бүртгэгдээгүй байна /сх-ийн 129х/. Иймээс дээрх хүсэлтийг гаргасан огноог 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөр тооцов.