info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-10-09

Дугаар 109

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0100 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Т-ын нэхэмжлэлтэй У.Г-д холбогдох иргэний хэргийг Б.Г шүүгч даргалан, ирцтэй холбоотой болон хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн нь 2766 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Тус хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... хариуцагчийн өмгөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийн хувьд н.Б өмгөөлөгч шүүх хуралдаан давхцаагүй шүүх хуралдаан явуулах боломжтой гэсэн хүсэл зоригоо илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. Мөн хүсэлтийн хувьд ямар нэгэн байдлаар шүүх хуралдаан давхацсан гэж үзэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болохгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү. Үл хөдлөх, эд хөрөнгө байрлаж байгаа газартай холбоотой захиргааны хэрэг үүссэн учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх тус бүрд нь шийдсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа учраас түдгэлзүүлэх асуудлыг дахин шийдэх ямар ч боломжгүй. Газар хэний нэр дээр байгаагаас үл хамааран захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ нэхэмжлэлд ямар ч уялдаа холбоо байхгүй. Тэр газар хэний эзэмшил хэний нэр дээр байгаа тэр эзэмшлийг олгосон засаг даргын шийдвэр зөв бурууг шийдсэн асуудал юм. Хэргийг түдгэлзүүлэх ямар ч боломжгүй газрын маргаан тусдаа эд хөрөнгийн маргаан тусдаа асуудал тийм учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Өмнө нь гаргасан түдгэлзүүлэх хүсэлтээс татгалзаж, өөр түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байна. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд У.Г-ын нэхэмжлэлтэй ... дүүргийн засаг даргад холбогдох н.Б-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай. Иймд уг хүсэлтээ татгалзаж байгаа тул уг хүсэлтийг хэлэлцэх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Харин уг захиргааны хэрэгт У.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар Б.Т-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 789 м.кв газрын эрх, гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Үүний дагуу Б.Т-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргыг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Т-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар 128/Ш32023/4055 дугаар Шүүгчийн захирамжийг тус тус гарсан байна. Захиргааны хэрэг нь уг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах газар У.Г-ынх уу, Б.Т-ынх уу гэдгийг, Иргэний хэрэг нь уг газар дээр баригдсан ... ширхэг агуулахын барилга У.Г-ынх уу, Б.Т-ынх уу гэдгийг шийдүүлэхээр тус тус маргаж байна. Хоорондоо холбоо хамаарал бүхий энэ 2 хэрэгт газрын маргааныг эхлэн шийдвэрлэсний дараа газраас салгамагц үнэ цэнэгүй болохоор байгаа агуулахын асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, захирамжаар түдгэлзүүлэхээр заасан байна. Иймд тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Б. Түвшинжаргалын нэхэмжлэлтэй У.Г-д холбогдох иргэний хэргийг Нийслэл Дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа У.Г-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр Б.Т татагдсан хэргийг үндэслэн, уг хэргийг хянан шийдвэрлэж дуусах хугацаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлж өгнө үү. Миний хувьд өмгөөлөгч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэй байна хүсэлтийг минь хангаж өгнө үү” гэж тайлбар гаргасан байна. Харин тухайн өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 9072 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ “Үл хөдлөх, эд хөрөнгө байрлаж байгаа газартай холбоотой захиргааны хэрэг үүссэн учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх тус бүрд нь шийдсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа учраас түдгэлзүүлэх асуудлыг дахин шийдэх ямар ч боломжгүй. Газар хэний нэр дээр байгаагаас үл хамааран захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ нэхэмжлэлд ямар ч уялдаа холбоо байхгүй. Тэр газар хэний эзэмшил хэний нэр дээр байгаа тэр эзэмшлийг олгосон засаг даргын шийдвэр зөв бурууг шийдсэн асуудал юм. Хэргийг түдгэлзүүлэх ямар ч боломжгүй газрын маргаан тусдаа эд хөрөнгийн маргаан тусдаа асуудал тийм учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг түүний хэлсэн мэтээр бичигджээ. Шүүх хуралдааны бичлэгийг шалгахад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү хэлсэн нь мөн тогтоогдож байна. Сахилгын хэрэг шалгах ажиллагаанд холбогдох шүүгчээс гэрч асуулгах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн туслах Ж.Т-аас гэрчийн мэдүүлэг авахад:  “захирамжийн төслийг би боловсруулсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлээ өгсөн бол тэмдэглэлээс хардаг, хэрэв бичээгүй бол бичлэг болон цаасаар өгсөн хүсэлтүүдийг харж байгаад төслөө боловсруулдаг. Ингэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн үг болгож бичсэн. Энэ бол миний алдаа огноог санахгүй байн, сүүлд хариуцагчийн өмгөөлөгч талуудын хэлсэн үгийг сольж бичсэн байна гэж хэлж байсан. Би тухайн үед ямар захирамж, хэний үг гэж тодорхой хэлээгүй болохоор ойлгоогүй. Хариуцагч талаас 2 удаа шүүгчийг татгалзсан. Сүүлийн хүсэлт дээрээ захирамжийн тодорхойлох хэсэгт хэлсэн үгийг сольж бичсэнийг үндэслэл болгож бичсэн байсан. Сүүлд 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр шүүгч өөрөө захирамждаа өөрчлөлт оруулж, засвараа хийсэн байсан” гэж тайлбар өгчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.  Энэхүү заалтын талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт  “тухайн зүйл нь захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт юм. Энэ эрх өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдоогүй, тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс өөр хэнд ч хамааралгүй болно. “Илтэд үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно гэж тайлбарласан байна. Дээрх зохицуулалтын хүрээнд захирамжийг өөрчлөх, хүчингүй болгохоор хэргийн оролцогч хүсэлт гаргадаг боловч захирамжийн тодорхойлох хэсгийн алдааны талаар нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хуралдаанд энэ талаар хэлэлцэгдээгүй, харин 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч энэ тухай дурдаж шүүгчийг татгалзжээ.  Татгалзлыг шийдвэрлэсэн 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн .../ЕШ2023/04474 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсний дараа 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд талуудаас шүүхэд ирэхгүй байгаа гэрчийн талаарх хүсэлтийг хэлэлцэн, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгч 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 14210 дугаартай захирамж гаргахдаа дээрх алдааг залруулж, өмнөх 9072 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал: тус захирамжийн үндэслэх хэсэгт “тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн .../ШЗ2023/09072 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бичихдээ техникийн алдаа гаргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сольж бичсэн байна. Иймд захирамжийн тодорхойлох хэсгийг зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг захирамжийн тодорхойлох хэсэгт оруулан өөрчлөх нь зүйтэй байна” гээд тогтоох хэсэгтээ зохих өөрчлөлт оруулжээ. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар шүүгч нь өөрийн гаргасан захирамжаа илт үндэслэл муутай гэж өөрчлөлт оруулсныг сахилгын зөрчил гэж үзэх, түүнийг буруутгах үндэслэл болохгүй байна. Түүнээс гадна, У.Г нь шүүгч Б.Г-д холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөн дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжтай холбогдуулан өргөдлийг гаргасан, гишүүний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0075 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 88 дугаартай магадлалаар тус саналыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.    Тийм ч учраас шүүгчийн туслах “ ...Хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргаад шүүгч хүсэлтийг хүлээн авсан. Гэхдээ гэрч нь хуралдаанд ирдэггүй. Мэдэгдэх хуудас хүргүүлэхээр авдаггүй. Энэ талаар шүүгчид танилцуулсан. Мэдэгдэх хуудас өг гээд шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлдэг, гэртээ оруулчхаад шүүхээс явж байна гэхээр манай бичиг хүргэгчийг хөөгөөд гаргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагч талаас удаа дараа хойшлуулдаг. Гэрчээ авчирна гэчхээд ирүүлдэггүй. Хариуцагч талын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 10 гаруй удаа хойшилдог. Удаа дараа ийм зүйл болж байгаа” гэж мэдүүлэгтээ хэлжээ. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “шүүгчийн захирамж гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт тайлбарыг эсрэг утгатайгаар гаргаж хэлээгүй үгийг хэлсэн болгож, эсрэг талын буюу нэхэмжлэгч талын байр сууринаас өөрийнхөө эсрэг зүйл хэлсэн мэтээр бичиж илт худал захирамж гаргасан” гэх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Б.Г тайлбартаа: “...Б.Т-ын нэхэмжлэлтэй У.Г-д холбогдох ... ширхэг агуулахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан. Тус хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хэргийг түдгэлзүүлэх, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 15-ны .../Ш32023/09072 дугаартай захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг түдгэлзүүлэх, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Гэвч шүүгчийн захирамжийг албажуулан гаргах явцад техникийн шинжтэй алдаа гарч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хэлсэн үгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-ийн хэлсэн үгээр сольж бичжээ. Шүүгчийн зүгээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бусад хэргийн нэгэн адил хуульд нийцүүлэн явуулах, хуульд заасан талуудын эдлэх эрхийг бүрэн хангаж, хэрэв зөрчил гарвал нэн даруй түүнийг арилгах, түүнээс шалтгаалан аль нэг талын эрх ашиг хөндөгдөхөөс сэргийлэн ажилладаг. Шүүхээс дээрх зөрчлийг арилгаж 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн .../Ш32023/14210 захирамжаар тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны .../Ш32023/09072 дугаартай захирамжид өөрчлөлт оруулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг захирамжид зөвтгөн оруулсан билээ. Хариуцагч талаас дээрх захирамжид заасан зөрчлийг арилгуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Харин тус зөрчилтэй холбогдуулан шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүгчээс татгалзах тухай дараах “Өөрөө хүсэлт гаргачхаад хүсэлтээ хэрэгсэхгүй болгоно гэдэг нь үндэслэлгүй асуудал. Тиймээс тэмдэглэлийг уншихад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үгийг оруулсан байна. Өнөөдрийн шинэ фактын хувьд шүүгчид дахин хүсэлт гаргана. Хүсэлтийг хангахгүй тохиолдолд дахин сахилгын хороонд дахин гомдол гаргана. Хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож хэлсэн худал зүйл зохиож, хүсэлтийн агуулга нь түдгэлзүүлэх хүсэлт өгсөн байхад түдгэлзүүлэхгүй талаар бичсэн. Нөгөө талаар энэ боломжийг ашиглаад хэлэхэд та ерөөсөө наад хэргээсээ татгалзчихаач. Заавал хүсэлт өгснөөр шийдэхгүй. Төрийн ажил явагдаж л байна. Та татгалзсан байхад дараагийн хүн шийдээд явчихна. Шүүгчээс татгалзаж байхад шүүгч өөрөө заавал шийднэ гээд зүтгээд байгаа асуудал, хүсэлтийг нэн даруй шийдэхгүй шүүх хуралдаан дээр шийднэ гээд зөрөөд байгаа факт хоёр таныг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэхэд хүргэж байна. Гэхдээ энэ эцэслэгдээгүй байгаа шүү. Бид заавал татгалзах үндэслэл гаргах бус та өөрөө татгалзаж болно. Ер нь мөрдөгч, прокурорыг татгалзах зохицуулалт байдаггүй. Шүүгчийг бол татгалзаж болно. Бид танаар шийдүүлэхгүй гээд байхад удаа дараа шийднэ гээд байх юм. Та энэ хэргийг шийдсэнийхээ төлөө шагнал бонус авдаг хүн биш шүү. Ажлаа хийснийхээ төлөө цалингаа л авдаг. Энэ хэрэг нөгөө тийш шилжлээ гэхэд дараагийн шүүгч аваал явна. Хэрэг шударгаар хянан шийдвэрлэхэд эргэлзээтэй асуудал тул өөр факт. Нэмэлтээр хэлэхэд шүүгч өөрөө татгалзчих манай гаргасан хүсэлтээс илүү татгалзах саналыг мэргэжлийн хуульчийн хувьд санал тавьж байна. Наадхыгаа та өөрөө татгалзвал энэ асуудал ингээд дуусчихна. Үгүй бол энэ хурал тэртээ тэрэнгүй хойшлоод давдгаараа даваад сахилгын хороо руу явна. Та өөрөө л мэд. Өөр ноцтой үндэслэлүүд бидэнд байгаа. Гаргаж тавих эсэх нь хэргийг яаж шийдвэрлэхээс хамаарна. Бидэнд байгаа гэдгээ танд дуулгачихъя” гэх хүсэлтийг гаргасан. Тус үндэслэл нь өмнө гарч байгаагүй үндэслэл гэж үзэн, хариуцагч талын эрхийг бүрэн эдлүүлэх үүднээс татгалзлыг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлсэн. Хариуцагч талаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны .../Ш32023/09072 дугаартай захирамжид гарсан алдааг залруулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгч өөрөө зөрчлийг арилгах үндэслэлтэй гэж үзэж захирамждаа өөрчлөлт оруулсан, өөрчлөлт оруулсан 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн .../Ш32023/14210 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн төлөөлөгчийн тайлбарыг зөвтгөсөн хэсэгт гомдол гаргаагүй, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Б.Б-ын гаргасан тайлбар хүсэлт шүүх хуралдаан дээр гаргасан байдлаараа зөв тусгагдсан, энэ талаар талууд мэдэж байсан, дээрх зөрчлийг арилгалгүйгээр ямар нэгэн эрхийн актыг шинээр гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг үзэхэд хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн шинж байхгүй, тэдэнд эрхээ хамгаалах боломжийг олгож байсан гэж үзэж байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн .../Ш32023/00072 дугаар шүүгчийн захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбарыг эсрэг утгатайгаар тусгаж, хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Б.Т-аас У.Г-д холбогдуулан ... ширхэг агуулахыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж, тус шүүхийн шүүгч Г.С-ын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШЗ2022/15293 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. /Сахилгын хэргийн 8-10, 11 дүгээр тал/

Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .../ЗТ2022/01895 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус иргэний хэргийг шүүгч Б.Г-д шилжүүлж, мөн сарын 10-ны өдрийн .../ЕШ2022/05861 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Г-г томилсон шийдвэрийг албажуулжээ. /Сахилгын хэргийн 13,14 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б “...хариуцагчийн өмгөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийн хувьд н.Б өмгөөлөгч шүүх хуралдаан давхцаагүй шүүх хуралдаан явуулах боломжтой гэсэн хүсэл зоригоо илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. Мөн хүсэлтийн хувьд ямар нэгэн байдлаар шүүх хуралдаан давхацсан гэж үзэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болохгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү, ...Үл хөдлөх, эд хөрөнгө байрлаж байгаа газартай холбоотой захиргааны хэрэг үүссэн учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх тус бүрд нь шийдсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа учраас түдгэлзүүлэх асуудлыг дахин шийдэх ямар ч боломжгүй. Газар хэний нэр дээр байгаагаас үл хамааран захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусдаа ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ нэхэмжлэлд ямар ч уялдаа холбоо байхгүй. Тэр газар хэний эзэмшил хэний нэр дээр байгаа тэр эзэмшлийг олгосон засаг даргын шийдвэр зөв бурууг шийдсэн асуудал юм. Хэргийг түдгэлзүүлэх ямар ч боломжгүй газрын маргаан тусдаа эд хөрөнгийн маргаан тусдаа асуудал тийм учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. Тус хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “...өмнө нь гаргасан түдгэлзүүлэх хүсэлтээс татгалзаж, өөр түдгэлзүүлэх хүсэлт гаргаж байна. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд У.Г-ын нэхэмжлэлтэй ... дүүргийн засаг даргад холбогдох н.Б-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай. Иймд уг хүсэлтээ татгалзаж байгаа тул уг хүсэлтийг хэлэлцэх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Харин уг захиргааны хэрэгт У.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар Б.Т-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 789 м.кв газрын эрх, гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Үүний дагуу Б.Т-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргыг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Т-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар .../Ш32023/4055 дугаар Шүүгчийн захирамжийг тус тус гарсан байна. Захиргааны хэрэг нь уг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах газар У.Г-ынх уу, Б.Т-ынх уу гэдгийг, Иргэний хэрэг нь уг газар дээр баригдсан ... ширхэг агуулахын барилга У.Г-ынх уу, Б.Т-ынх уу гэдгийг шийдүүлэхээр тус тус маргаж байна. Хоорондоо холбоо хамаарал бүхий энэ 2 хэрэгт газрын маргааныг эхлэн шийдвэрлэсний дараа газраас салгамагц үнэ цэнэгүй болохоор байгаа агуулахын асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, захирамжаар түдгэлзүүлэхээр заасан байна. Иймд тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Б.Т-ын нэхэмжлэлтэй У.Г-д холбогдох иргэний хэргийг Нийслэл Дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа У.Г-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр Б.Т татагдсан хэргийг үндэслэн, уг хэргийг хянан шийдвэрлэж дуусах хугацаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт .зааснаар түдгэлзүүлж өгнө үү. Миний хувьд өмгөөлөгч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэй байна хүсэлтийг минь хангаж өгнө үү ...” гэсэн тайлбар хэлсэн болох нь мөн өдрийн 2766 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /Сахилгын хэргийн 19, 20, 38-40 дүгээр тал/

Харин тус өдрийн .../ШЗ2023/09072 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийн оронд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-ийн хэлсэн тайлбарыг бичсэн байна.

Энэ талаар гэрч Ж.Т шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... захирамжийн төслийг би боловсруулсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлээ өгсөн бол тэмдэглэлээс хардаг, хэрэв бичээгүй бол бичлэг болон цаасаар өгсөн хүсэлтүүдийг харж байгаад төслөө боловсруулдаг. Ингэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн үг болгож бичсэн. Энэ бол миний алдаа, огноог санахгүй байна” гэжээ.

            Тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2023/14210 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар дээрх .../ШЗ2023/09072 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг захирамжийн тодорхойлох хэсэгт оруулан өөрчилсөн байх ба захирамжлах хэсэгт өөрчлөлт оруулаагүй байна. Ийнхүү хуульд заасан журмын дагуу шүүгч өөрийн гаргасан эрх зүйн актын бичилтийн алдааг залруулсан үйл баримт нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон              ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0100 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, У.Г-ын өргөдлөөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                        Д.АРИУНТУЯА

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН