info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-10-18

Дугаар 112

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч  Ч.Д, ажиглагч Ж.Г нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ж.Г өргөдөлдөө: “... шүүгч Ч.Д удаа дараагийн шүүх хуралдаануудыг даргалахдаа талуудын байр суурийг сонсож талуудаас тодруулга хийх, хуралд оролцох үедээ хэт нэг талыг барьж хариуцагчийн гаргаагүй, мэдэгдээгүй, тайлбаруудыг өмнөөс нь тавьсан, хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлийг өөрөө шууд үгүйсгэх байдлаар шүүх хуралдаан дээр мэтгэлцэж өөртөө урьдчилсан дүгнэлт хийж  байгаагаа илэрхийлсэн. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэр заан дурдсан гэрээний гүйцэтгэл болон тус гэрээгээр арилжааны журмаар ... байрны хэд хэдэн тоотуудыг бусад этгээдүүдэд өгсөн эсэх талаар мэдээллийг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг эрс үндэслэлгүй, хүлээж авахгүй, хэрэгт хамааралгүй байдал үүсгэж, хариуцагчийн байр суурийг илэрхийлж байна.

Талууд цаг хугацааны хувьд өөр өөр байдлаар нэг асуудлаар хүсэлт гаргахад шүүгч зохигч талуудад харилцан эсрэг байр суурь баримталж байна. Тухайлбал:

А. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 1...6 тоот захирамжаар нэхэмжлэгч талаас “хариуцагч компанийн захирал Х.Г-ийн Хаан банкны дансны хуулга гаргуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэсэн атлаа 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч “М” ХХК-аас захирал Г.Г-ээс Ж.Г зээлсэн 90.000 төгрөг бүхий гэх үнийн дүн багтсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Шүүгчийн дээрх байдал нь Ж.Г-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасан “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг хөндөж байна.

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “...тэгэхлээр хэрэг маргааныг ... дүүргийн шүүхэд шилжүүлэх ямар ч шаардлагагүй ба энэ хэрэг маргаантай холбоотой бүх нотлох баримт энэ дүүргийн шүүхэд цугларсан байгаа. Тийм байхад хэргийг дахин өөр дүүргийн шүүхэд шилжүүлж, энэ хэрэг маргааны талаар ямар нэгэн ойлголтгүй байгаа өөр шүүгч томилж, хэргийг шийдвэрлүүлэх шаардлагагүй” гэж тайлбар хэлсэн нь шүүгч уг хэргийн талаар ойлголтой болчихсон байгаа гэсэн бидний хардлагыг улам батлах үйлдэл болсон хэмээн үзэж хэргийг шударгаар шийдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 1...6 тоот захирамжид нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг хангасан байдаг бөгөөд уг хангасан хүсэлтүүдэд “...барилгын үйлчилгээний 132 айлын хаалга тус бүрийн орон сууцны худалдаа арилжааны жагсаалтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг” хангаж захирамж гаргасан байдаг. Гэтэл уг захирамжийн биелэлт хангагдахгүй байгаа талаар хурал болгонд хүсэлт гаргаж захирамжийн биелэлтийг хангуулахаар оролдоход 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1../Ш32023/0...4 дугаар захирамжид “Хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул хариуцагч “М” ХХК-аас шүүгчийн захирамжид заасан нотлох баримтуудыг гаргуулах нь зүйтэй болохыг дурдаж байна” хэмээн үндэслэх хэсэгтээ бичсэн.

 Гэтэл уг нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 1...6 тоот захирамж хангагдаагүй байсныг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1../Ш32023/0...4 дугаар захирамжаар хангуулахаар болсон байхад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хангагдаагүй байх талаар дурдаж дахин хүсэлт гаргатал тус хуралд “хариуцагч тийм баримт бичиг байхгүй” гэх тайлбарыг хүлээн авч захирамжийн биелэлтээ хангуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Зүй нь талуудын хөрөнгө оруулж барьсан ... байрны аль аль тоотыг худалдсан, арилжсан гэх мэдээллийг тус мэдээлэл бүрэн байгаа “М” ХХК-аас гаргуулж авах тухай захирамж атал тийм жагсаалт байхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Гэтэл энэ талаарх захирамжийн биелэлтийг хангахаас татгалзсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлоо хамгаалах боломж эрхийг хязгаарлаж хариуцагчид үйлчилсэн. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5..3 тоот захирамжийн тодорхойлох хэсэгт энэ талаар дурдсан боловч үндэслэх нь болон захирамжлах хэсэгт тус асуудлаар огт дурдаж шийдвэрлээгүй.

Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хуулийн заалтыг илт зөрчиж байх талаар:

 “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх албан хаяг болох ... дүүргийн ..-р хороо, ...тоот гэх хаяг нь тухайн дүүрэгт байхгүй талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний 6/4..9 тоот албан бичгээр, мөн ...дүүргийн ...-р хороо, ...тоот гэх хаяг ...дүүргийн ...хороонд байхгүй тус хороонд үйл ажиллагаа явуулдаггүй тухай ...дүүргийн ..-р хорооны Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны 2..5 тоот албан бичгүүдийг хавсарган харьяалал шилжүүлэх хүсэлт гарсныг 2023 оны 05 дугаар сарын 10-ны 1..4 тоот захирамжаараа илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170-д заасныг ноцтой зөрчиж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн үйлдэл юм.

Шүүгч нотлох баримтыг бодит байдлаар нь дурдах үүрэгтэй, харин тус баримтыг бусад баримттай харьцуулсны үндсэн дээр үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх нь шүүгчийн шийдвэрлэх асуудал юм. Гэтэл шүүгч байгаа баримтыг эсвэл шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргаж буй нотлох баримтуудыг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх замаар хэт нэг талыг барьж байгаа нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн тул шалгаж холбогдох шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч Ч.Д тайлбартаа:   Ж.Г-ын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... хотхоноос дараах орон сууц болон үйлчилгээний зориулалт бүхий талбайн өмчлөх эрхийг Ж.Г-т шилжүүлэн өгөх, түүнтэй холбоотой шаардагдах баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэг ... дүүргийн ... шатны шүүхээс ... шатны шүүхэд шилжин ирсэн.

Ж.Г-ын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, гэрч Н.Б, А.Э, нарийн бичгийн дарга Б.А нар оролцсон.

Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нь: “М” ХХК-ийн нэр бүхий 13 компанитай байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн акт, шилжүүлж өгсөн баримт зэргийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулах, мөн “М” ХХК-ийн нягтлан бодогч н.О-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдийг,

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Ж.Г-аас нийт 180.837.123 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын гаргасан гэрчээр “М” ХХК-ийн нягтлан н.О-ийг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагч “М” ХХК-иас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гомдол гаргасан байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч тал нь хүсэлтийнхээ үндэслэлээ Ж.Г болон “М” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. “М” ХХК нь бусадтай ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Уг гэрээнүүдийнхээ ажлын хөлсөнд ...байрны орон сууц, зогсоол зэргийг шилжүүлэн өгсөн. Ж.Г нь 02 тоот гэрээний дагуу өөрийн авах орон сууц, авто зогсоолуудаас ажлын хөлсөнд шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад ач холбогдолтой шаардлагатай баримтууд тул хариуцагч “М” ХХК-иас гаргуулах гэж тодруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд харин нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч “М” ХХК-ийг өөр бусад компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад нь Ж.Г-ын оролцоо байсан эсэх, гэрээний дагуу авах орон сууц, авто зогсоолуудыг ажлын хөлсөнд өгөхийг зөвшөөрсөн гэх боловч түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шаардсан нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, Ж.Г нь манай компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан тул уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан: Монгол улсын Хөгжлийн банкны зээлийн шимтгэл, хүүнд төлсөн 148.922.123 төгрөг, манай компаниас Ж.Г нь 150.000.000 төгрөгийг зээлсэн. 90.000 төгрөгийг н.Г гэж бичиж зээлсэн боловч н.Г нь тухайн мөнгийг “М” ХХК- иас зээлсэн тул “М” ХХК-иас буцаан авсан. Тиймээс түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөд нотлоод явах учраас нэхэмжилж байна гэж тайлбарласан учраас хариуцагч “М” ХХК-иас нэхэмжлэгч Ж.Г-т холбогдуулан гаргасан 180.837.123 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байх тул хүлээн авч шийдвэрлэсэн.

Иймд зохигчоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхийн тулд хэргийн оролцогч талуудаас гаргасан хүсэлттэй нь холбогдуулан асуулт асууж тодруулсны үндсэн дээр хүсэлтүүдийг шийдвэрлэсэн болно.

Ж.Г нь гомдолдоо ... хэт нэг талыг барьж хариуцагчийн гаргаагүй, мэдэгдээгүй тайлбаруудыг өмнөөс нь тавьж буй мэт хурал даргалах, хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлийг үгүйсгэх байдлаар нэхэмжлэгч талтай мэтгэлцэж өөртөө урьдчилсан дүгнэлт хийсэн байгаагаа нуулгүй илэрхийлсэн... гэжээ.

Түүний гомдолдоо дурдсан дээрх үйлдлийг шүүгч Ч.Д миний бие гаргаагүй болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэг зэргээс харагдах болно.

Ж.Г-ын нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцсон.

Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч талаас ...барилга нь үйлчилгээтэй 132 айлын орон сууц бөгөөд тухайн барилгын хаалга тус бүрийн нийт орон сууцны худалдаа, арилжааны жагсаалт, “М” ХХК-ийн 2017 оны 07 сараас 2022 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх арилжааны банкнууд дахь дансны хуулга Хаан банк -5........6 тоот төгрөгийн, “М” ХХК-ийн захирал Г.Г-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулга Худалдаа хөгжлийн банк дахь 4.......0, Хаан банк дахь 5........6, ...барилгыг барьсан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээнүүд, Барилгын хөгжлийн төвөөс ...дүүргийн ...дүгээр хороонд баригдаж байгаа ...хотхоны 2-р ээлжийн 144 айлын орон сууцны барилгын төсөв гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргасан.

Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1../Ш32022/1...6 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтүүдээс “М” ХХК-ийн захирал Г.Г-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулга /Худалдаа хөгжлийн банк дахь 4......0, Хаан банк 5........6/ гаргуулах хүсэлт нь тус хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, мөн хүсэлтэд бичигдсэн Худалдаа хөгжлийн банк дахь 4.......0, Хаан банк дахь 5.......6 данснуудыг Г.Г эзэмшдэг гэсэн баримт байхгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд бусад хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн болно.

Дээрх шүүгчийн захирамжийн биелэлттэй холбогдуулан хариуцагч “М” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1.. дугаартай “Тайлбар гаргах нь”, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1.. дугаартай “Тайлбар гаргах нь” гэх албан бичгүүдийг ирүүлсэн.

Тиймээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1../Ш32022/1...6 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэж үзэх боломжгүй юм.

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нар нь ... дүүргийн ... шатны шүүх рүү хэргийг шилжүүлэх, хариуцагчийн өмгөөлөгч Д.М нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нарын гаргасан хэргийг ... дүүргийн ... шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлтийн тухайд:

... шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1../Ш32022/1...1 дугаартай “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар иргэний хэрэг тус шүүхэд шилжин ирсэн.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2.. дугаартай ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ... тус хороонд дээрх хаяг байхгүй “М” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй...,

3 дугаар хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 9.. дугаартай ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ...“М” ХХК-ийн ...тоот нь ... тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно... гэжээ.

Иймд дээрх тодорхойлолтуудаас үзэхэд ...дүүргийн ...дугаар хороо, ... тоот нь ...тоот болон өөрчлөгдсөн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д ...Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20.1-д заасны дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй... гэж заажээ.

Иймээс шилжүүлэн ирсэн хэргийг шийдвэрлэхээс татгалзах, буцаан шилжүүлэх зэргийг хориглосон байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг ...шатны шүүх рүү шилжүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээр үндэслэлгүй захирамж гаргаж, хуулийг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.

Шүүгч миний бие зөвхөн хуульд захирагдан, шүүгчийн ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд нэхэмжлэгч Ж.Г-ын гомдолд дурдсан баримтыг эсвэл шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргаж буй нотлох баримтуудыг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрийн байр суурийг илэрхийлэх замаар хэт нэг талыг барьж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж буй үйлдэл, зохисгүй байдал гаргасан зүйлгүй бөгөөд ёс суртахуунгүй авирлан шүүгчийн нэр хүндийг унаган хуульд харш үйлдэл хийгээгүй болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ.

  

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

Ж.Г нь “М” ХХК-д холбогдуулан “... орон сууц болон үйлчилгээний зориулалт бүхий талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, түүнтэй холбоотой шаардагдах бичиг баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. ... дүүргийн шүүхийн шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр захирамж гарган хэргийг ... шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийн шүүгч Ч.Д хэргийг хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшлогдсон,  өргөдөл гаргагч зарим шүүх хуралдааны талаар гомдол гаргажээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд талууд шинээр нотлох баримт гаргаж өгч, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан даргалагч нотлох баримтыг гаргаж өгөх боломж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлтийг аль барилга дээр хийлгэх, энэ нь ямар ач холбогдолтой талаар хэргийн оролцогчоос асууж тодруулжээ.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд талууд шинээр нотлох баримт гаргаж өгсөн, мөн “ ... маргааны гол зүйл болсон 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгө оруулж хамтран ажиллах 02 тоот гэрээний 3.2.2 болон хавсралтад зааснаар Ж.Г-ын өмчлөлийн орон сууц, үйлчилгээний талбай авто гражаас Ж.Г-ын хэсгийг ягаан өнгөөр, “М” ХХК-ийн хэсгийг ногоон өнгөөр тэмдэглэсэн ...ажил гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч, барилгын материал худалдагч ... 12 компани, 1 иргэнтэй байгуулсан гэрээний дагуу арилжааны журмаар шилжүүлэн өгсөн объектын тоо, хэмжээ, байршлыг ... ” тодруулахаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргажээ. Эдгээр хүсэлттэй холбогдуулан шүүх хуралдаан даргалагчаас нотлох баримтыг гаргаж өгөх боломж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой зэргээр хэргийн оролцогчоос тодруулсан.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд талууд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан, шүүгч  нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, мөн өмнөх захирамжийн биелэлтийн талаар хэргийн оролцогчоос тодруулсан. 

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай захирамжийн биелэлтийг шаардсан, энэ талаар талууд мэтгэлцсэн, шүүх хуралдаан даргалагчаас тодруулсан. 

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0...8 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

... шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0....6 дугаартай захирамжаар шүүгчийг татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-ын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт тусгагдсан, энэ талаар илтгэгч гишүүний саналд тодорхой тусгажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээр дурдсан шүүх хуралдаанд талуудын гаргасан хүсэлт, түүний үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагатай нь уялдуулж тодруулах зорилгоор шүүгч хэргийн оролцогчоос асуулт асуусныг “... хэт нэг талыг барьж хариуцагчийн гаргаагүй, мэдэгдээгүй, тайлбаруудыг өмнөөс нь тавьсан, хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч талтай шүүх хуралдаан дээр мэтгэлцэж өөртөө урьдчилсан дүгнэлт хийсэн, ... хариуцагчийн байр суурийг илэрхийлсэн..., нэг талд үйлчилсэн” гэж буруутгах боломжгүй.

2. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  “М” ХХК-ийн захирал Г.Г-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулгыг гаргуулах” хүсэлт гаргажээ. Шүүгч энэ талаар хэргийн оролцогчдоос тодруулахад хариуцагч “хэрэгт хамааралгүй”, нэхэмжлэгч “Г.Г захирал энэ барилгын барих ажиллагаанд оролцохдоо өөрийнхөө болон компанийнхаа дансаар хөрөнгө оруулалтуудыг авсан. Өнөөдөр өгсөн хуулга дээр Г.Г-ийн данс бүгд төлбөрийн зориулалттай орсон” гэх тайлбар өгчээ.

Шүүгч хүсэлтийг хангахаас татгалзахдаа “ ...“М” ХХК-ийн захирал Г.Г-ийн арилжааны банкнууд дахь дансны хуулга хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, мөн хүсэлтэд бичигдсэн ...данснуудыг Г.Г эзэмшдэг гэсэн баримт байхгүй...” гэх үндэслэлийг захирамжид дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох  үүрэгтэй бөгөөд шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч “М” ХХК 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хэд хэдэн шаардлага гаргасан, үүнийг шүүх хуралдаанд тодруулсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд  “... хариуцагч компанийн захирал Г.Г-ийн Хаан банкны дансны хуулга гаргуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон, хариуцагч “М” ХХК-аас захирал Г.Г-ээс Ж.Г зээлсэн 90.000 төгрөг бүхий гэх үнийн дүн багтсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.      

3. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас “...барилга үйлчилгээтэй 132 айлын орон сууц бөгөөд тухайн барилгын хаалга тус бүрийн нийт орон сууцны худалдаа, арилжааны жагсаалт”-ыг гаргуулах хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч гаргаж өгөх боломжтой  гэсэн тул шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

2023 оны 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 10, 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч уг баримтыг шаардсан. Шүүгч энэ талаар тодруулахад  хариуцагч нь “уг баримт байхгүй”, “ ... байгаа баримтуудаа өгсөн,...хувь иргэнд байр борлуулсан баримт байгаа бол нэхэмжлэгч өөрөө олж өгөх үүрэгтэй. жагсаалт гэх  баримтыг үйлдэж байгаагүй тул  гаргаж  өгөх  боломжгүй байна...” гэсэн тайлбар өгсөн нь тэмдэглэлд тусгагдсан байна.   

Түүнчлэн энэ талаар хариуцагч “М” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/16 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/18 дугаар албан бичгүүдийг ирүүлсэн нь хэрэгт авагджээ.

Иймд шүүгчийг “...нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлоо хамгаалах боломж, эрхийг хязгаарлаж хариуцагчид үйлчилсэн...” гэж үзэхгүй. 

4. Тухайн иргэний хэргийг ...шатны шүүхэд шилжүүлэхдээ ...шатны шүүхийн шүүгч “...хариуцагч “М” ХХК ...дүүрэгт оршин байрлаж, үйл ажиллагаа явуулдаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0.......8 дугаартай гэрчилгээний хуулбар, ... дүүргийн ... дугаар хорооны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 9.. дүгээр тодорхойлолт зэргээр тогтоогдож байна”  гэсэн үндэслэл дурдсан, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1../ШЗ2022/1...1 дугаар захирамж хүчинтэй байна.

Хэргийн оролцогч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн харьяалал өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд шүүгчийн 1../ШЗ2023/0...0 дугаар захирамжаар татгалзахдаа “ ... нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн ... ... дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт “ ... тус хороонд дээрх хаяг байхгүй “М” ХХК үйл ажиллагаа явуулдаггүй ... ”,  ... дүүргийн ..дугаар хорооны засаг даргын тодорхойлолт “ ... М ХХК ...тоот нь ...тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно ... ”, ... дээрх тодорхойлолтуудаас үзэхэд ...дүүргийн ..дугаар хороо, ...тоот нь ...тоот болж өөрчлөгдсөн байна ... ” гэж үзжээ.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан хаяг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор “М” ХХК нь ... дүүрэгт харьяалах хаягтай, гагцхүү гудамж тоотын дугаар зөрүүтэй болох нь тогтоогдох ба шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хүсэлтийг хангахгүй орхисныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно” гэж заасан.

Холбогдох шүүгч тухайн иргэний хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй тул “... хүсэлтийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170-д заасныг ноцтой зөрчиж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд ... шатны шүүхийн шүүгч Ч.Д нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Ч.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                  Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                         Х.ХАШБААТАР