info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-03

Дугаар 117

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2023/0097

дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“...1. Өргөдөл гаргагч Т.Д “хариуцагч Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний хариуцагч бус байхад төлбөр гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Г” ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч З.У-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг З.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-д 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гардуулжээ.

... шүүх 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд 182/ТМ2023/00532 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 24 дүгээр талд шүүхийн шийдвэрийн агуулгыг тусгахдаа “...ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд З.У-с 229.120.084,52 төгрөг гаргуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 163.997.247 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийг З.У төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах”-аар шийдвэрлэсэн болох нь тусгагдсан байна.

Тухайн шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц эс зөвшөөрч, гомдол гаргасныг ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00792 дугаар магадлалаар “...З.У, Т.Д нараас 311.120.084 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 81.997.247 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц магадлалыг эс зөвшөөрч,  хяналтын журмаар гомдол гаргахдаа гомдлын 2 дахь үндэслэлдээ “зээлийн гэрээг З.У  байгуулсан байхад магадлалд З.У, Т.Д нараас гаргуулахаар шийдвэрлэсэн буюу Т.Д-д үүрэг ногдуулсан байдлаар шийдвэрлэсэн” гэж гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2023/00639 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн 2023  оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/0792 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Д 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “тайлбар хүсэх тухай” хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч 2023  оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Магадлал тайлбарлуулах тухай” хүсэлтийг тус тус ... давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Т.Д-н хүсэлтэд шүүгч Д.Ц 2023  оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 210/АБ2023/01382 дугаар албан бичгээр “...магадлалын хянавал хэсэгт “Г” ХХК, З.У нарын хооронд 2018  оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгч З.У-с зээлийн гэрээний үүрэгт 311.120.084 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ уг зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох Т.Д-с гаргуулахаар бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа болсон байна. Учир нь “Г” ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа З.У-с ... гаргуулах шаардлага гаргасан “Г” ХХК нь Т.Д-д холбогдуулан шаардлага гаргаагүй байх тул магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...З.У, Т.Д нараас” гэснийг “З.У-с” гэж зөвтгөх боломжтой...” гэх хариуг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч-н хүсэлтэд шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210/АБ2023/02004 дүгээр албан бичгээр “... давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00792 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч З.У, Т.Д нараас 311.120.084 төгрөг гаргуулж...” гэсэн нь техникийн шинжтэй алдаа болжээ. Тодруулбал, а/. Нэхэмжлэгч Т.Д нь “Г”ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нэг тал биш бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. б/. Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгч З.У-с зээлийн гэрээний үүрэгт 393.117.331,48 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. в/.Тус магадлалын агуулгыг танилцуулахдаа “...нэхэмжлэгч З.У-с 311.120.084 төгрөгийг гаргуулж" гэж уншиж сонсгосон. Иймд ...210/МА2023/00792 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч З.У, Т.Д нараас 311.12.0084 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...нэхэмжлэгч З.У-с 311.12.0084 төгрөгийг гаргуулж...” гэж ойлгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах нь зүйтэй” гэх хариуг тус тус өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр магадлалын хууль зүйн үндэслэлийг бичгийн хэлбэрээр тайлбарлах замаар зөрүүтэй бичигдсэн техникийн шинжтэй алдааг залруулсан тухай 210/АБ2023/02004 дүгээр албан бичгийн хувийг ... анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч “Г” ХХК -д хүргүүлсэн байна.

Мөн сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагч магадлалыг танилцуулж, үндэслэлийг тайлбарлаж байхдаа “...түүнчлэн кредит картын зээлийн гэрээг З.У, Г хооронд байгуулагдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд 16.458.882 төгрөг гаргуулсан. Энэ нь бол зөв болсон... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийтдээ 311.120.084 төгрөг хангагдаж, үлдэгдэл 81.997.247 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна...” гэж хэлж байгаа нь бэхжүүлэгджээ.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нар нь шүүх хуралдаанаар магадлалын агуулгыг танилцуулсныг бичгийн хэлбэрээр буулгахдаа техникийн шинжтэй алдаа гарган буулгаж, хэргийн оролцогч нарт гардуулагдсаныг тус шүүх бүрэлдэхүүн “Шүүхийн магадлалыг тайлбарлах тухай” 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210/АБ2023/02004 дүгээр албан бичгээр тайлбарласан байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч Т.Д 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “... давж заалдах шатны шүүхийн ...210/АБ2023/02004 дүгээр албан бичгээр ...магадлалын 1 дэх заалтыг ... гэж тайлбарласан. Энэ нь иргэн Т.Д миний танай газарт гаргасан гомдлын үндэслэл бүрэн арилсныг илтгэж байна. Миний бие миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, гомдол саналгүй байх тул танай Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг буцааж, гомдол гаргаагүйд тооцож өгнө үү. Хэрэв миний гаргасан гомдлыг буцаах боломжгүй нөхцөлд гомдлыг минь хэрэгсэхгүй болгож, шүүгч нарт ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн болно. Иймд шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарыг дээрх үндэслэлээр буруутгахгүй болно.

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар давж заалдах гомдлыг бүрэн хэлэлцээгүй, гомдол гаргаагүй мэтээр дүгнэсэн гэх тухайд:

... шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/00531 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц эс зөвшөөрч, 2023  оны 3 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах гомдол гаргажээ. Уг гомдлоо “...З.Ун “Г” ХХК нарын хооронд байгуулагдсан ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүх ...нөхцөл байдалд дүгнэлт өгөхгүйгээр нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн”, “нотлох баримтыг бүрэн судлахгүйгээр зөвхөн үндсэн зээлийг шилжүүлж авсан гэж тооцооллыг буруу хийсэн..., Г-ийн шаардлагын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шийдвэрлэсэн нь алдаатай болсон”, “анхан шатны шүүх З.У-г мөнгө аваагүй болохоо нотолсонгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна... ЗГ/330800734 тоот Кредит картын гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2.925.571 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байгаа. Харин бусад хэсгийг дээр дурдсаны дагуу Г-ийн алдааны улмаас аваагүй бөгөөд уг санал гомдлыг шийдвэрлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд ...182/ШШ2023/00531 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс 2.925.571 төгрөгийг л хангаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх гурван үндэслэлээр гаргасан байна.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны “mainfeed_dual_512” нэртэй дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд:

  • нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч давж заалдах шатны шүүхийн гомдлоо 9 минут 56 секундээс 23 минут 46 секунд хүртэл нийт 13 минут 50 секунд,
  • нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я нэмэлт тайлбараа 23 минут 58 секундээс 24 минут 52 секунд хүртэл нийт 54 секунд тус тус ярьж байх ба
  • нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я хариуцагчийн талын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан бичлэгийн 38 минут 38 секундээс 41 минут 27 секунд хүртэл,
  • нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч нь бичлэгийн 41 минут 32 секундээс 48 минут 53 секунд хүртэл тус тус тайлбар хэлж байна.

Тэдгээрийн яриа тухайн өдрийн 210/ТМ2023/00912 дугаартай тэмдэглэлд агуулгаараа бүрэн тусгагдсан байна.

Мөн ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00792 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсгийн

3 дугаар зүйлд хэргийн үйл баримтыг тогтоож,

4 дүгээр зүйлд “Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх ба гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй...” гэж,

5-6, 8 дугаар зүйлд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгч,

7 дугаар зүйлд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийж,

9 дүгээр зүйлд шүүхийн журмаар шинжээчээр томилогдсон Монгол банкны зээлийн гэрээнүүдийн үлдэгдлийг тооцсон дүгнэлтийг болон тухайн шинжээчийн дүгнэлтэд талууд гомдол гаргаагүй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.316.722,14 төгрөгөөр багасгаж байгаа зэрэг дүгнэлтийг хийж, мөн зүйлийн 9.4-т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй талаар,

10 дугаар зүйлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулахаар тогтсон тухай,

11 дүгээр зүйлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай тус тус тусгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт” нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, шийдвэрлэх хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл болон магадлалаас үзвэл холбогдох шүүгч нарыг “анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад гомдлыг бүрэн хэлэлцээгүй” гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хэргийг хэрхэн шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүйг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

2. Холбогдох шүүгч нар болох ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нар бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч З.У, Т.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/0531 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, зохигч талуудын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус шүүх 2023  оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 210/МА2023/00792 дугаар магадлал гаргасан.

Тодруулбал, ... анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/0531 дүгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, мөн “...нэхэмжлэгч З.У-с 311.120.084 төгрөгийг гаргуулах...”-аар шийдвэрлэсэн. Энэ нь давж заалдах шатны шүүхээс магадлалын агуулгыг уншиж сонсгосон аудио бичлэгээр нотлогдоно. Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар “Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй” болсон. Өөрөөр хэлбэл “...нэхэмжлэгч З.У-с 311.120.084 төгрөгийг гаргуулах...”-аар танилцуулан сонсгосноор дээрх заалт хүчинтэй болсон юм.

Харин давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар магадлалын агуулгыг бүрэн эхээр нь үйлдэж, албажуулахдаа “...нэхэмжлэгч З.У, Т.Д нараас 311.120.084 төгрөгийг гаргуулж...” гэж техникийн алдаа гаргажээ. Хууль тогтоогч шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдаа гарах тохиолдол гарч болзошгүй хэмээн үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно” гэж хуульчилсан.

Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд зааснаар магадлалын хууль зүйн үндэслэлийг бичгийн хэлбэрээр тайлбарлах буюу магадлалын агуулгыг уншиж сонсгосон хэлбэрээр тайлбарлаж техникийн алдаагаа залруулах боломжтой юм. Давж заалдах шатны шүүх дээрх техник алдаатай шийдвэрт тайлбар хийж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх замаар залруулсан болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0083 дугаар захирамжаар ... заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарт холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0097 дугаартай санал гаргасан байна.

Тус саналыг  Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн үндэслэл бүхий гэж бүрэлдэхүүн үзэж, саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд, даргалагч магадлалыг танилцуулж, үндэслэлийг тайлбарлан хэлсэн нь тогтоогдож байна.

Магадлалыг шүүх хуралдаан дээр танилцуулсныг бичгийн хэлбэрээр гаргахдаа техникийн шинжтэй алдаа гарган албажуулсан, хэргийн оролцогчийн хүсэлтээр тухайн шүүх бүрэлдэхүүн магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж техникийн алдааг залруулж, энэ тухай 210/АБ2023/02004 дүгээр албан бичгийн хувийг ... анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч "Г” ХХК -д хүргүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заасныг баримтлан техникийн шинжтэй алдааг залруулсан байх тул сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт” нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, шийдвэрлэх хуулиар олгогдсон бүрэн эрхийг эдэлдэг тул илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.

Мөн өргөдөл гаргагч иргэн Т.Д 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан үндэслэл бүрэн арилсан болохыг мэдэгдэж тус өргөдлөөсөө татгалзаж байгаа тухай хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлсэн байна.

Дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгчид буюу ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д, Ш.О, Д.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл гаргагч болон сахилгын хэргийн оролцогчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

   ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                              Б.СУГАР

                        ГИШҮҮН                                             Ц.ДАВХАРБАЯР

                                                                                    Х.ХАШБААТАР