info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-13

Дугаар 135

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 ... шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2023/0124  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“ 1.“...шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1898 дугаар захирамж, мөн өдрийн 1898 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч Д.Ж намайг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан гэж илт гүтгэж, ... шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт, санал гаргаагүй байхад өөрт олгогдсон давуу байдлаа ашиглаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хавтас хэрэгт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ... ” гэх гомдлын тухайд.

Нэр бүхий шүүгдэгчид холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн  2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “ ... өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулж, мөн хугацаанаас үргэлжлэн явагдахыг оролцогч нарт  мэдэгдсэн” талаар тусгагдсан байх ба тэмдэглэлд нарийн бичгийн дарга Л.Х, даргалагч шүүгч Ж.Б гарын үсэг зурж албажуулжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах ба шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.

Шүүх хуралдаанд оролцогч нь тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй ба энэ талаар гаргасан санал, хүсэлтийг шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр мөн хуулийн 11.8 дугаар зүйлд тодорхой зохицуулсан.

Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хэргийн оролцогч, өмгөөлөгч засвар оруулахаар хүсэлт гаргах эрхтэй ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ талаар хүсэлт гаргаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байна.

2. “... өмгөөлөгч миний бие шүүх хуралдааныг завсарлуулах тухай санал, хүсэлт гаргаагүй харин шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлт гаргасан гэтэл шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасан гэж илт гүтгэж, хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, эрүүгийн хэрэгт хуурамч нотлох баримт бүрдүүлж, ...хуулийг ноцтой зөрчсөн” гэх гомдлын тухайд.

Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт зохицуулсан.

Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзвэл, даргалагч шүүх хуралдааныг нээж, ирц, хэргийн оролцогчдын эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч, энэ талаар хүсэлт байгааг тодруулж, улмаар шүүх  хуралдааны дэгийг танилцуулж,  хэргийн  оролцогчийн  эрх үүргийг тайлбарлан өгч шүүх хуралдааны дарааллыг тогтоож, шүүхийн хэлэлцүүлэг явагдсан байна. 

              Даргалагч шүүх хуралдааны дэгийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийг дуусгах уу гэхэд / Бичлэгийн 0:18:22-0:18:28 /

              Улсын яллагч Э.У: Тэгье гэв. /Бичлэгийн 0:18:29/

              Даргалагчаас: Шүүгдэгчийн гэм буруу болон ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг 2 үе шатаар явуулах уу эсхүл 1 үе шатаар явуулах уу. Санал байна уу гэхэд /Бичлэгийн 0:18:31-0:18:41/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Нэг үе шаттай явуулъя гэв. /Бичлэгийн 0:18:42-0:18:43/

              Улсын яллагч Э.У: Нэг үе шаттай явагдахад татгалзах зүйлгүй гэв. /Бичлэгийн 0:18:44-0:18:46/

              Даргалагчаас: Дүгнэлтээ танилцуулъя гэхэд /Бичлэгийн 0:18:47/

              Улсын яллагч Э.У: Дүгнэлтээ танилцуулав. /Бичлэгийн 0:18:48-0:0:20:35/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: ...Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв. /Бичлэгийн 00:20:38-0:26:15/

Даргалагчаас: Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс асууя. Та хүүхдийнхээ хүмүүжилд хараа хяналт тавьдаг уу? гэхэд /Бичлэгийн 0:26:17-0:26:30/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Хараа хяналт тавьдаг. Тухайн өдөр би амралтын газар ажилтай байж таараад шөнө мэдээгүй. Гэртээ өглөө үүрээр ирсэн. Ийм асуудал боллоо гэж Г над руу ярьсан гэв. /Бичлэгийн 0:26:31-0:26:45/

Даргалагчаас: Энэ охинтой үерхсэн талаар нь мэдсэн үү гэхэд /Бичлэгийн 0:26:46-0:26:48/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Мэдсэн. Хичээлээ таслаад сар гаруйн хугацаанд энэ охиныг дагаад явсан. Бид болиулахын тулд ээж нь ээжийнх нь дүү нар уулзахад тэр охин одоо би уулзахгүй гээд явдаг. Шөнө болохоор тэр охин залгадаг. Юу болсон гэхэд би баарны гадаа очсон, хүргэж өгье гэхэд би явахгүй гээд нүүр ам самардаад байхаар нь би алгадаад цас руу түлхчхээд явсан. Миний араас манай гэр рүү ирсэн гэсэн. /Бичлэгийн 0:26:49-0:27:30/

Даргалагчаас: Одоо тэгээд үрт хүн үрээрээ биет хүн биеэрээ гэдэг. Эмэгтэй хүүхдийг харгис хэрцгийгээр зодож хамрын хугалж биед нь гэмтэл учруулаад нүүр нүдгүй зодох нь зөв үү гэхэд /Бичлэгийн 0:27:31-0:27:50/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Буруу, эцэг эхийнх нь зүгээс хэлэхэд бид хоёрын мөн буруу байна. /Бичлэгийн 0:27:52-0:28:00/

Даргалагчаас: Хохирогч А миний хамар хугарсан учраас хамрын хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. Хохирогчтой холбогдсон зүйл байна уу? гэхэд /Бичлэгийн 0:28:01-0:28:17/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Эгч нь над руу яриад хамар нь хугарсан гэж хэлсэн. Ийм зүйл болсон учраас бид тусалъя гэхэд эргээд ярина гэсэн. Дараа нь ярихдаа та нар энэ хэргийг удаашруулж, цагдаа, прокурорт нөлөөлж байна. Бид солиулсныхаа дараа ярина гээд алга болсон. Тэр охин болон эгчийг нь хаана амьдардгийг бид мэдэхгүй. Найз охин нь дотуур байранд амьдардаг гэсэн. Эмэгтэй хүүхэд хамар нь муухай болсон бол эмчлүүлье гэж эгчид нь хэлсэн. Түүнээс хойш өөрсдөө чимээгүй болсон. /Бичлэгийн 0:28:18-0:29:08/

Даргалагчаас: Мэдээж бие эрхтэнд нь хохирол учирсан учраас эрүүл мэндэд нь гэм хор учирсан нь ойлгомжтой. Та нарын зүгээс ямар хандлагатай байхыг шүүх харж үзье гэж бодож байна. Та нарт хэд хоногийн хугацаа өгвөл хохирогчтой холбогдоод эрүүл мэндийн байдалд нь анхаараад гэхэд  /Бичлэгийн 0:29:20-0:29:48/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Хохирогчоос байцаалт авч байсан эмэгтэй мөрдөн байцаагчид хохирогчтой ирэхээр нь уулзъя гэхэд за гэсэн хэр нь утасдахаар утсаа салгаад ирэхгүй байна. Эгч нь дагуулж ирсэн гэж хэлсэн. Бид уулзмаар байна хамар нь зүгээр юм уу гэхээр зүгээр явж байсан гэх юм. Эмнэлэгт үзүүлээд эмчилгээг нь хийлгэж өгье гэсэн. /Бичлэгийн 0:29:49-0:30:28/

            Даргалагчаас: Энэ хэрэгт та нарын зүгээс ямар хандлага гаргахыг шүүх анхаарна. Тэгэх үү прокуророо гэхэд /Бичлэгийн 0:30:30-0:30:38/

            Улсын яллагч Э.У: Тэгье гэв. /Бичлэгийн 0:30:39/

            Даргалагчаас: Эмэгтэй хүний эрүүл мэнд, гоо сайхны асуудал байна. Тийм үү өмгөөлөгчөө гэхэд /Бичлэгийн 0:30:40-0:30:48/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Би хэрэгтэй танилцаад шүүхэд байхдаа хохирогчтой ярьсан. Би гомдол саналгүй гэдгээ бичгээр гаргаад өгчихсөн. Манай эгч ч гэсэн гаргасан гомдлоосоо татгалзсан. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал, хохирол байхгүй гэдгээ бичгээр бичээд өгсөн гэх хариу өгсөн. /Бичлэгийн 0:30:49-0:31:26/

            Даргалагчаас: Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн байна гэхэд /Бичлэгийн 0:31:27-0:31:30/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Нэхэмжилж байгаа зүйл, хохирол гомдол саналгүй гэдгээ бичгээр өгсөн учраас шүүх хуралдаанд оролцохгүй над руу дахиж битгий залгаарай гэсэн. /Бичлэгийн 0:31:31-0:31:45/

            Даргалагчаас: Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн байна. Сэтгэлийн мухарт гомдолтой байна гэсэн үг хэдийгээр нэхэмжлэх зүйл байхгүй байгаа боловч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх баримт нь хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан байна гэхэд /Бичлэгийн 0:31:45-0:32:08/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Сүүлд гараар бичиж өгсөн байсан. /Бичлэгийн 0:32:10-0:32:13/

            Даргалагчаас: Энэ хэрэгт ямар хандлагатай байна, хохирогчид ямар тусламж дэмжлэг үзүүлж энэ асуудалд хандаж байна гэдгээр шүүх шийдлээ хийе гэж бодож байна. /0:32:24-0:32:40/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Эгчтэй нь хууль ёсны төлөөлөгч холбогдож ярьсан. /Бичлэгийн 0:32:41-0:32:44/

            Даргалагчаас: Тэгэх үү прокуророо гэхэд /Бичлэгийн 0:32:45/

             Улсын яллагч Э.У: Тэгье гэв. /Бичлэгийн 0:32:46/

            Даргалагчаас: Гэм буруугийн асуудалтай холбоотой нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:32:51-0:32:55/

            Улсын яллагч Э.У: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:32:56/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ж: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:32:57/

            Даргалагчаас: Хууль ёсны төлөөлөгч хохирогчид ямар туслалцаа дэмжлэг үзүүлье гэж бодож байна вэ хэлэх зүйл байна уу. Хүүхдийнхээ хараа хяналтыг яах вэ гэхэд /Бичлэгийн 0:33:04-0:33:23/

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Мөрдөн байцаагчид би тэднийхэнтэй уулзахгүй. Гомдол, саналгүй гэдгээ бичиж өгсөн гээд явсан байсан. Бид нар дахин утсаар залгаж ярья гэв. /Бичлэгийн 0:33:35-0:33:47/

            Даргалагчаас: За уулзаарай гэв. /Бичлэгийн 0:33:49/

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г: Тэр охин Г-д хэлэхдээ би санал байхгүй ээ эгч нар намайг цагдаад өг гэж загнаад байна гэсэн. /Бичлэгийн 0:33:50-0:34:00/

            Даргалагчаас: Үр хүүхэдтэй хүмүүс өөрийнхөө үр хүүхэдтэй жишиж бодох хэрэгтэй. Өөрийн тань хүүхдүүдийн хэн нэгнийг ч юм уу тухайлбал Г-г хэн нэгэн этгээд зодож, догшин авирлаж эрүүл мэндэд нь гэм хор учруулахад ингээд орхисон бол яах вэ гээд өөрсдийн хувиар бодох хэрэгтэй. Г-д хэлэх зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:34:01-0:34:35/

            Шүүгдэгч Г.Г: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:34:39/

Даргалагчаас: Хурал завсарлая гэв. /Бичлэгийн 0:34:43/

Recording фолдерт mainfeed_dual_400 6 минут 28 секундийн шүүх хуралдааны бичлэгт:

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай байна...гэжээ. 

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх ба гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирол нөхөн төлөх талаар санал хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагдаагүй боловч шүүгч  хэргийн нөхцөл байдлыг харгалзан хохирол нөхөн төлөх хугацаа олгож, шүүх хуралдааныг завсарлуулсан байна. Тодруулбал, шүүгч “...гэмт хэргийн улмаас хохирогч А-н биед хамрын нурууны хугарал, баруун дээд зүүн доод зовхи баруун сарвуунд цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирч эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан байна. Хохирогч А мэдүүлэгтээ хамрын нурууны хугарал гэх онош тогтоогдсон цаашид хамар тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хэдэн төгрөгөөр хагалгаанд орохоо мэдэхгүй байна. Миний хагалгаанд орох төлбөрийг энэ хүн гаргах ёстой гэж бодож байна гэжээ. Тиймээс хамрын хагалгаанд орох мөнгийг нь гаргаж өгөх шаардлагатай байгаа. Та ойлгож байгаа юу гэхэд /0:00:01-0:06:0:01:25/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г:  Ойлголоо, бид холбогдъё гэв. /Бичлэгийн 0:01:30-0:01:33/

Даргалагчаас: Холбогдоорой, та нарт ажлын 5 хоног буюу 7 хоногийн хугацаа өгье. Энэ хугацаанд хохирогчтой холбогдоод хамар тэгшлэх хагалгаанд орох зардлын гаргаж өгөөрэй. Үүний дараа шүүх энэ хэрэгт ял, эрүүгийн хариуцлагын асуудлаар хурлаа хийж шийдвэрээ гаргана. 7 хоногийн дараа гэхээр 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулж, хуралдаан хаасныг мэдэгдэв  /Бичлэгийн 0:01:34-0:06:30/ гэжээ.

Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр 3-т “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэжээ.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирол нөхөн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй боловч шүүгч Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсныг “...хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх боломжгүй байна... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0116 дугаар захирамжаар ... шүүгч Ж.Б-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2023/0124  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан байна.

Тус саналыг хянан хэлэлцэж, үндэслэл бүхий байна гэж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн  2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлуулж, мөн хугацаанаас үргэлжлэн явагдахыг оролцогч нарт  мэдэгдсэн” талаар тусгагдсан байх ба нарийн бичгийн дарга Л.Х, даргалагч шүүгч  Ж.Б нар гарын үсэг зурж албажуулсан байна. Хэрэв шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хэргийн оролцогч, өмгөөлөгч засвар оруулахаар хүсэлт гаргах эрхтэй ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ талаар хүсэлт гаргаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзвэл, даргалагч шүүх хуралдааныг нээж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч, хүсэлт байгаа эсэхийг тодруулж, улмаар шүүх  хуралдааны дэгийг танилцуулж,  хэргийн  оролцогчийн  эрх үүргийг тайлбарлан өгч шүүх хуралдааны дарааллыг тогтоож, шүүх хуралдаан хуульд заасан дэг, дараалал, журмын дагуу явагдсан байна.  

              Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох нь Эрүүгийн хуулийн зорилго нь байдаг. Тийм учраас шүүгч зөвхөн шүүгдэгчийн гэм бурууг тогтоогоод зогсохгүй, тухайн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хууль ёсны эдлэх эрхийг хамгаалах шаардлагатай.

Шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсоны дараа тухайн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөлд нь тохирсон ямар төрөл хэмжээний эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг тусад нь хэлэлцдэг. Хэдийгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирол нөхөн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй боловч даргалагч шүүгч хохирогчийн  мэдүүлэгт дурдсан “... миний хагалгаанд орох мөнгийг энэ хүн гаргах ёстой гэж бодож байна...” гэж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэл зоригоо илэрхийлснийг харгалзан яллагдагчид хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлөх хугацаа олгож байгааг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болох аав нь хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд холбогдох   ... шүүгч Ж.Б-г тухайн үйл баримттай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглосон зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

              ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                           Б.СУГАР

                         ГИШҮҮН                                                 Д.АРИУНТУЯА

                                                                                            Ц.ДАВХАРБАЯР