info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-20

Дугаар 126

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2023/0110 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

       Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан хугацаандаа гараагүй, мөн шүүх хуралдааны тэмдэглэл 40 орчим хоногийн дараа гарсан гэх тухайд: ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоол нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албажиж, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хохирогч В.Б-т мэдэгдэж, 2023  оны 8 дугаар сарын 30-ны өдөр түүнд гардуулсан болох нь тус шүүхийн “Цагаатгах тогтоол танилцуулсан, гардуулсан, хүргүүлсэн тухай” баримт болон өргөдөл гаргагчийн “...тогтоолыг шүүгч нэг сарын дараа гаргасан” гэх нэмэлт өргөдөл, шүүгчийн туслах М.О-ийн тайлбар, тухайн эрүүгийн хэргийн “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгээр тус тус нотлогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж  шүүгчид хориглосон зүйл, заалт болно. Шүүгч С.О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, ...тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж ...хохирогч, ...гардуулан өгнө” гэж зааснаар 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор шүүхийн цагаатгах тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргаж, гардуулах байжээ. Гэхдээ шүүгч С.О-ийг шүүхийн цагаатгах тогтоолыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь шүүгч шүүхийн цагаатгах тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 21 хоногийн дараа гарсан байх ба тухайн шүүхийн шүүгч нар амарч тус шүүх цөөн шүүгчтэй ажиллаж, ачаалал ихтэй байсан болон тэрээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэж байсан болох нь түүний хариу тайлбар болон  ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичгээр тогтоогдож байна. Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасныг зөрчөөгүй байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасан. Дээрх 2023  оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дотор бичгийн хэлбэрээр гаргаж, албажуулах байсан боловч 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албажуулж,  2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Б.М нарт танилцуулсан болох нь В.Б-ын өргөдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э-ын “...тус шүүх 5 нарийн бичигтэй бөгөөд тухайн үед Хөнжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга нар хурлын тэмдэглэл гаргахаар шүүх хуралдаанаас чөлөөлөгдсөн байсан. Үүнээс үүдэн 5 сарын хугацаанд 3 нарийн бичгийн дарга өглөөнөөс орой хүртэл шүүх хуралдаанд оролцож байсан тул хурлын тэмдэглэлээ ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар сууж, зарим тохиолдолд ажлын байран дээрээ хонож гаргаж байсан. Ажлын ачаалал хэт их байсны улмаас Б.Ү, Х.Э нарт холбогдох хэргийн тэмдэглэлийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гарган шүүгчид хянуулахаар өгсөн боловч шүүгч тэмдэглэлийг хянаж үзээд хурлын бичлэгийг дахин сонсож байж тэмдэглэлийг дахин бичих шаардлагатай гэсэн тул бичлэгийг дахин нягтлан сонсож тэмдэглэлийг бичээд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албажуулсан” гэх тайлбар, тайлбарт хавсаргасан “Шүүх хуралдааны тэмдэглэлийн бүртгэл”-ийн хуулбар, гэрч М.О , Б.Э нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Түүнчлэн өргөдөл гаргагч нь нэмэлт өргөдөлдөө “...нарийн бичиг, туслахаас асууж лавлахаар шүүгч гарын үсгээ зурж өгөхгүй байна гэсэн хариуг өгсөн” гэж дурджээ. Шалгах ажиллагааны явцад тухайн шүүх хуралдаанд оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э-аас гэрчийн мэдүүлэг авахад “тэмдэглэлийг ажил дээрээ 2 хоног хоноод бичсэн, гаргаад шүүгчид хянуулахаар өгөх гэтэл хагас, бүтэн сайны амралтын өдөр таарсан. Шүүгч уншаад 2 хоног байх аа удаагүй хянаад өгсөн” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгч гарын үсгээ зурж өгөхгүй байна гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад 7 яриа хураасан 3 ширхэг сидиг бүхэлд нь шинжлэн судлуулахыг хүссэн боловч 2 бичлэгийг нь л судалсан, бүтэн судлуулъя гэж хэлсэн боловч шүүгч С.О бүгд болчихлоо гэж худал хэлсэн гэх тухайд: Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бүхий “Б.Ү, Х.Э нар” гэх нэртэй фолдер дотор байх дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд өргөдөлд дурдагдсан “...шүүгч С.О бүгд болчихлоо гэж худал хэлсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт буюу 35.1-35.27 дугаар зүйлд шүүх хуралдааны дарааллыг тогтоосон байдаг ба мөн хуулийн 35.7 дугаар зүйлийн 1-д “шүүх хуралдаан даргалагч талуудаас шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтын хүрээнд хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоож,...” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх хуралдааны “recording (1)” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_400” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 4 минут 00 секундээс 11 минут 00 секундийн хооронд даргалагч хэргийн оролцогчдоос ямар байр суурьтай оролцох, ямар нотлох баримт шинжлэн судлуулах талаар асууснаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэсэн дарааллаар шинжлэн судлуулах нотлох баримтуудаа тэмдэглүүлж, бичлэгийн 11 минут 03 секундээс даргалагч шүүгдэгч нараас шинжлэн судлуулах материал байгаа эсэх, өмгөөлөгч нартайгаа санал нэг байгаа эсэхийг тодруулахад тус бүр “байхгүй” гэж хариулав.    Мөн бичлэгийн 11 минут 21 секундээс даргалагч хохирогчоос бүрэлдэхүүнээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуугаад эрх, үүргийг нь тайлбарлаж, “судлуулах саналтай баримт байгаа юу, өмгөөлөгч нартайгаа санал нэг үү?” гэхэд хохирогч В.Б “өмгөөлөгч нартайгаа санал нэг” гэж хариулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1-д “нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна” гэж зааснаар талууд нотлох баримтыг шинжлэн судалж, тухай бүр тайлбар хэлж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бэхжүүлэгджээ. Шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 3 сидинд хэдэн хэсэг бичлэг байгааг тогтоохоор үзлэг хийхэд 1 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 6 хэсэг аудио бичлэг, 2 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 2 хэсэг аудио бичлэг, 3 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 3 хэсэг аудио бичлэг, 15 фото зураг байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 10-т “...өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шүүгдэгч, хохирогч, ...-д дахин асуулт тавих, шинжлэн судалсан нотлох баримтыг дахин судлуулахаар шүүхэд санал, хүсэлт гаргаж болно”, 35.19 дүгээр зүйлийн 2-т “эд мөрийн баримт, бичмэл нотлох баримттай танилцсан оролцогч, ...холбогдох зарим асуудлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 4-т “шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шалгаж, түүнийг уншин сонсгож болно” гэж тус тус заасан.  Шүүх хуралдааны “recording (2)” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_400-2” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 13 минут 33 секундээс хохирогчийн өмгөөлөгч Т.Э шүүгдэгч Б.Ү-аас эд мөрийн баримт шинжлэн судалсантай холбоотой нэмж асуулт асууж хариулт авч байх боловч эд мөрийн баримтаар авагдсан 3 сидиний талаар асуугаагүй ба хохирогчийн өмгөөлөгч Б.М “би асуулт байхгүй” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч, түүний өмгөөлөгч нар эд мөрийн баримтыг гол нотлох баримт гэж үзсэн бол тухайн сидиг шинжлэн судлуулахаар тэмдэглүүлэх эсхүл эд мөрийн баримт шинжлэн судлах явцад бүхэлд нь дахин судлуулах хүсэлтээ гаргах боломж байсан боловч хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Б болон түүний өмгөөлөгч Т.Э,  Б.М нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлын хуулбарыг авч сахилгын хэрэгт хавсаргасан.Тэдний давж заалдах журмаар гаргасан гомдолд анхан шатны шүүх хуралдаанаар эд мөрийн баримтаар авагдсан 3 сидиг бүхэлд нь шинжлэн судлаагүй талаар дурдаагүй байсныг тэмдэглэж байна. Иймд шүүгч С.О-ийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгчээс шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохоор талуудын шинжлэн судлуулах нотлох баримтуудыг тодруулахад хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нарын зүгээс сиди болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлуулах санал гаргаагүй болно. Хэрвээ гол нотлох баримт гэж үзсэн бол шинжлэн судлуулахаар тэмдэглүүлэх ёстой. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр эдгээр сидинүүдийг шинжлэн судалсан...” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. Тухайн эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан болон В.Б-ын өргөдөлдөө дурдсан 3 сидинд үзлэг хийхэд тэдгээрт хуулагдсан аудио бичлэгүүд нь эрүүгийн хэрэгт авагдсан Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ч-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”-тэй тохирч байсныг дурдах нь зүйтэй. Дээрхээс дүгнэхэд шүүх хуралдааны явцад эд мөрийн баримтаар авагдсан 3 сидиг шинжлэн судлахдаа 6 хэсэг аудио бичлэгтэй сидиг бүрэн гүйцэт судлаагүй боловч хэргийн оролцогчдоос эд мөрийн баримтуудыг дахин судлуулах хүсэлт гаргаагүй байх тул уг үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй. Гэхдээ шүүгч С.О нь цаашид нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судлахдаа бүрэн судлах тал дээр анхаарч, хяналттай ажиллавал зохино. Шүүгч гэрээ хүчин төгөлдөр гэж иргэний хуулийг баримталж цагаатгах тогтоол гаргасан гэх тухайд: Өргөдөлд “...ингэж нэг талд илт давуу үйлчилж буй мэт үйл явдал болж, гол нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй тул цагаатгах тогтоол гарах үндэслэлийн нэг хэсэг болсон гэж хардах үндэслэлтэй байна. …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хурлын процесст шүүгдэгч нар “бид нарын хооронд хүчин төгөлдөр гэрээ байхгүй” гэсэн ч шүүгч гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж иргэний хуулийг баримталж цагаатгах тогтоол гаргасан…” гэжээ. Шүүгч С.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “шүүх, ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “шүүх, ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн Х.Э, Б.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-т “шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараах зүйлийг шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасан байна. Шүүхийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолд “Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “...бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж, эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч нар хохирогчтой байгуулсан гэрээний дагуу түүний эд хөрөнгийг засаж сайжруулан өөрсдийн нэр дээр шилжүүлэн тээвэрт явуулж, тодорхой ашгийг өгч байсан нь нотлогдсон хохирогч нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу үлдэх тээврийн хэрэгслүүд болон олох байсан ашгаа нэхэмжлэн авах эрх нь нээлттэй байна. …шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тэднийг цагаатгасан тул хохирогч В.Б-ын нэхэмжлэл болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заасны дагуу хохирогч В.Б болон түүний өмгөөлөгч Т.Э,  Б.М нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, ...гаргаж болно” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс гарах магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй байна. Шүүхийн сахилгын хороонд шүүхээс гаргасан цагаатгах тогтоолын үндэслэлийг хянах, өөрчлөлт оруулах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.26-д заасныг зөрчсөн гэх үйл баримт нотлогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч С.О тайлбартаа: “... 1. Шүүгдэгч Б.Ү, Х.Э нарт холбогдох хэргийн цагаатгах тогтоолыг ажлын ачааллаас шалтгаалан 7 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Ачаалалтай байсан шалтгаан нь тус шүүхэд 10  шүүгч ажиллахаас Ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч А.М, Б.Б, З.Б, Б.Д нар 2023 оны 7, 8 дугаар саруудад ээлжийн амралттай байсан. Мөн шүүгч Б.М нь 4 дүгээр сард ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлэн гадаадад суралцахаар чөлөө авсны гадна сэлгэн ажиллаж байсан шүүгч Б.О, Д.О нарын хугацаа 7 дугаар сарын 17-ны өдөр дуусаж, өөрсдийн шүүх рүүгээ буцсан. Миний бие 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс ээлжийн амралтаа авах хуваарьтай байсан боловч Ерөнхий шүүгчийг орлон ажилладаг тул “Хөгжлийн банк”-ны хуралдааныг эхэлсэн үеэс буюу 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түүний ээлжийн амралтыг дуусах хүртэл хугацаанд буюу 8 дугар сарын 25-ны өдрийг дуустал Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх ажлыг хавсран хийсэн. Дээрх хугацаанд цөөн шүүгч ажиллаж байсан учир ямар нэг хөнгөлөлтгүй, шүүхийн ажлыг хэвийн үргэлжлүүлсэн. Би дан ганц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэггүй бөгөөд тухайн өдөрт товлосон шүүх хуралдаанаас гадна зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, прокурорын ял солиулах дүгнэлтийг хэлэлцэх, цагдан хорионы шийдвэрт гаргасан гомдлыг хэлэлцэх, бусад хүсэлт гомдолд хариу өгөх зэргээр өдөржин ажиллаж, ажлыг цаг хүрэлцээгүйгээс ажлын бус цаг болон амралтын өдрүүдэд тогтоолоо бичих нь шүүгч бидний хэвшсэн зүйл болно.                           2. В.Б-ийн гомдолд дурдсанаар 7 яриа хураасан 3 ширхэг сиди гэх боловч прокуророос дээрх хэргийн хамт 3 ширхэг сиди ирүүлсний 2 ширхэг сидиг хохирогч В.Б, 1 ширхэг сидиг Б.Ү-аас тус тус өгснийг мөрдөгчийн тогтоолоор хэрэгт хавсарган ирүүлсэн. Дээрх сидинүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгчээс шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохоор талуудын шинжлэн судлуулах нотлох баримтуудыг тодруулахад хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нарын зүгээс сиди болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлуулах санал гаргаагүй болно. Хэрвээ гол нотлох баримт гэж үзсэн бол шинжлэн судлуулахаар тэмдэглүүлэх ёстой. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр эдгээр сидинүүдийг шинжлэн судалсан ба хохирогч В.Б-ын өгсөн гэх 2 ширхэг сидиг үзэж, шүүгдэгч Б.Ү-ын өгсөн 1 ширхэг сидиг үзэхээр эхлүүлсэн боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар судлуулахаас татгалзсан учраас бүрэн судлаагүй. Учир нь дээрх сидинд анх хохирогч В.Б-аас хүлээн авсан техник эвдрэлтэй байсныг харуулахаар зургуудыг авсан байсан ба дээрх зургаар эвдрэл гэмтэл нь харагдахгүй байсан болно. 3. Шүүгч миний бие шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хэн нэгэнд давуу байдал олгоогүй, шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасан нотлох баримтуудыг бүрэн судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэжээ.

Шүүгч С.О нэмэлт тайлбартаа: “Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судлахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосноор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх баримтын нэг гэж үзэж, нотлох баримтаар хэрэгт хавсаргасан 3 ширхэг сидиг судалсан. Ингэж судлахдаа хохирогч В.Б-ын өгсөн 2 ширхэг сидиг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга уншуулж дууссаны дараа В.Б “7 voice байгаа” гэснээс бус бүрэн үзье гэсэн хүсэлт гаргаагүй болно. Хэрэгт авагдсан 2 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл нь бичлэгтэй тохирдог бөгөөд нэгэнт хэрэгт тэмдэглэл хийсэн байгаа учраас заавал бүрэн үзнэ гэсэн хуулийн заалт байхгүй.  Дээрх сидинд 2 хүний яриа бичигдсэн байдаг бөгөөд хэрвээ гол нотлох баримт гэж үзсэн бол шинжээч томилж дээрх ярилцагч этгээд хэн болохыг тогтоосны эцэст нотлох баримтаар үнэлэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д “энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан. Мөн Б.Ү, Х.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг улсын яллагч болон дээд шатны прокуророос эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичээгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас “шүүхийн цагаатгах тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гараагүй, шүүх хуралдаанд нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан,  шүүгч иргэний хуулийг баримталж цагаатгах тогтоол гаргасан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэг. Цагаатгах тогтоолыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор Б.Ү, Х.Э нарыг гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасан.

Дээрх цагаатгах тогтоолыг цагаатгагдсан этгээд Б.Ү болон түүний өмгөөлөгч Б.О, улсын яллагч нарт 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, цагаатгагдсан этгээд Х.Э-д мөн сарын 25-ны өдөр, түүний өмгөөлөгч Г.Н-т 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, хохирогч В.Б 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, түүний өмгөөлөгч Т.Э-д 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, Б.М-т мөн сарын 31-ний өдөр тус тус гардуулсан болох нь тус шүүхийн цагаатгах тогтоол гардуулсан тухай баримт №126-аар тогтоогдож байна.

Мөн “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д дээрх цагаатгах тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баталгаажуулсан болохыг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн үзлэгээр баримтжуулсан байх ба гэрч М.О  гэрчийн мэдүүлэгтээ “...цагаатгах тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албажиж, баталгаажуулсан шалтгаанаа тухайн үед шүүгч С.О ерөнхий шүүгчийг  орлож байсан ба хажуугаар нь зөрчлийн хэрэг бас авдаг байсан, маш их ачаалалтай ажиллаж байсан тул үүнээс болж хугацаа хэтэрсэн” гэжээ.

Шүүгч С.О нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Ерөнхий шүүгч Ж.Б-ыг орлон ажиллаж байсан болох нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ЕШЗ/331 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаар албан бичгээр нотлогдож байна.    

Шалгах ажиллагааны явцад цугласан баримтаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоол 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр буюу хуульд заасан хугацааг 6 хоногоор хэтрүүлж албажсан болох нь тогтоогдож байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан сахилгын зөрчилд тооцогдохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Хоёр. Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Дээрх 2023  оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэж заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дотор албажуулж гаргах ёстой байжээ.

Шалгах ажиллагааны явцад уг тэмдэглэлийг  2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр албажуулж,  2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч В.Б, түүний өмгөөлөгч Б.М нарт танилцуулсан болох нь гэрч Б.Э, М.О  нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулсан баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд дээрх хуульд заасан тэмдэглэл гаргах хугацааг 28 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ.

Энэ талаар гэрч Б.Э мэдүүлэгтээ “...шүүх хуралдааны тэмдэглэл хугацаа хэтрүүлж албажсан нь ажлын ачааллаас болсон. Хоёр шүүгчийн дунд нэг нарийн бичгийн дарга байдаг. Тухайн тэмдэглэлийг ажил дээрээ 2 хоног хоноод бичиж байсан, ...шүүгч тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байх, хянаж өгөхгүй удаасан зүйл байхгүй, 2 хоног байх аа удаахгүй өгсөн” гэжээ. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.11.3-т “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг даргалагч шүүгчээр хянуулж, албажуулсны дараа прокурор, оролцогч танилцсан тохиолдолд Баримт №14-д гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана, 1.3-т “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний удирдлага, хяналтыг шүүгч хэрэгжүүлнэ” гэж заасан.

Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй боловч шүүгч С.О нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг баримталж, шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гарч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллавал зохино.  

     Гурав. Шүүх хуралдаанд нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: 

     Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд даргалагч хэргийн оролцогчдоос ямар байр суурьтай оролцох, ямар нотлох баримт шинжлэн судлуулах талаар асууснаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэсэн дарааллаар шинжлэн судлуулах нотлох баримтуудаа тэмдэглүүлж, даргалагч шүүгдэгч нараас шинжлэн судлуулах материал байгаа эсэх, өмгөөлөгч нартайгаа санал нэг байгаа эсэхийг тодруулахад тус бүр “байхгүй” гэж хариулсан, даргалагч “судлуулах саналтай баримт байгаа юу, өмгөөлөгч нартайгаа санал нэг үү”  гэхэд хохирогч В.Б “өмгөөлөгч нартайгаа санал нэг” гэж хэлсэн байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч Т.Э хавтаст хэргээс шинжлэн судлуулах баримтуудаа нэрлэн хэлж, тухай бүрд тайлбар хэлсэн байна.

     Мөн шалгах ажиллагааны явцад тус эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 3 сидинд үзлэг хийхэд 1 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 6 хэсэг аудио бичлэг, 2 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 2 хэсэг аудио бичлэг, 3 гэсэн тэмдэглэгээтэй сидинд 3 хэсэг аудио бичлэг тус тус авагдсан байх бөгөөд шүүх хуралдааны явцад даргалагч 3 сидиний 5 бичлэгийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1-т “шүүх хуралдаан даргалагч талуудаас шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтын хүрээнд хэрэг хэлэлцэх дарааллыг тогтоож,...” гэж, 35.8 дугаар зүйлийн 10-т “...өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шүүгдэгч, хохирогч, ...-д дахин асуулт тавих, шинжлэн судалсан нотлох баримтыг дахин судлуулахаар шүүхэд санал, хүсэлт гаргаж болно”, 35.19 дүгээр зүйлийн 2-т “эд мөрийн баримт, бичмэл нотлох баримттай танилцсан оролцогч, ...холбогдох зарим асуудлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 4-т “шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шалгаж, түүнийг уншин сонсгож болно” гэж тус тус заасан.

          Шүүх хуралдааны явцад даргалагч нь нотлох баримтаар авагдсан 3 сидинд бичигдсэн 11 бичлэгээс дээрх дурдсан хэсгүүдийг судалж, бусад бичлэгүүдийг хэргийн оролцогчоос нотлох баримтаар дахин судлуулах хүсэлтийг гаргаагүй тул нэмж шинжлэн судлаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Дөрөв. Шүүгдэгч нар хүчин төгөлдөр гэрээ байхгүй гэж хэлсэн ч шүүгч гэрээ хүчин төгөлдөр байна гэж иргэний хуулийг баримталж цагаатгах тогтоол гаргасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

2023/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолд “...шүүгдэгч нар хохирогчтой байгуулсан гэрээний дагуу түүний эд хөрөнгийг засаж сайжруулан өөрсдийн нэр дээр шилжүүлэн тээвэрт явуулж, тодорхой ашгийг өгч байсан нь нотлогдсон хохирогч нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу үлдэх тээврийн хэрэгслүүд болон олох байсан ашгаа нэхэмжлэн авах эрх нь нээлттэй байна. …шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тэднийг цагаатгасан тул хохирогч В.Б-ын нэхэмжлэл болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 36.3 дугаар зүйлийн 2-т “шүүх цагаатгах тогтоол гаргахдаа дараах зүйлийг шийдвэрлэнэ” 2.1-т “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж тус тус заасан.

Цагаатгах тогтоолд хохирогч нь гэрээгээ цуцалж, гэрээнд заасны дагуу үлдэх тээврийн хэрэгслүүд болон олох байсан ашгаа нэхэмжлэн авах эрх нь нээлттэй гэж дурдсан нь гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар цагаатгагдсантай холбогдуулан В.Б-ын нэхэмжлэл болон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Шүүгч С.О нь дээрх хуульд заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэж, цагаатгах тогтоол гаргасан нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд В.Б болон түүний өмгөөлөгч Т.Э,  Б.М нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргасан болох нь сахилгын хэрэгт авагджээ.

Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй. 

Иймд өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ГС/2023/0110 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, В.Б-ын өргөдлөөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                 С.ЭНХТӨР

                                           ГИШҮҮД                              Ц.ДАВХАРБАЯР

                                                                                             Д.МЯГМАРЦЭРЭН